Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2024/0418

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

“УС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий Шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г

Нэхэмжлэгч: “УС” ХХК

Хариуцагч: БОАЖС, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл

Гуравдагч этгээд: ДСН ТББ

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0384 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0934/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “УС” ХХК-иас БОАЖС, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлд тус тус холбогдуулан “БОАЖСын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0384 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан УС ХХК-иас гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар: Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан УС ХХК-иас гаргасан БОАЖСын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “УС” ХХК-д БОАЖСын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд 12.45 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 2016/400 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон. 

Мөн БОАЖСын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/416 дугаар тушаалаар дээрх газрыг сэргээн олгож, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22/019 дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг нөхөн байгуулж, 0211911 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр газар ашиглах эрхийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгасан.

БОАЖС нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, БОАЖСын  2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн ...нэхэмжлэгчид олгосон 124498 м.кв газраас Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу орц, гарц нээж 1442 м.кв талбайг хэсэгчлэн цуцалсан. 

Нэхэмжлэгч “УС” ХХК нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...БОАЖС нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр тушаалыг хүчингүй болгох”, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлд холбогдуулан “...тус зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус гаргасан. 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хянаж, тус өдрийн 0384 дүгээр шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг нэхэмжлэгч “УС” ХХК эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах;” гэж заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий тушаалыг гаргахдаа нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа огт хийхгүй хууль зөрчсөн байтал анхан шатны шүүх хариуцагчийн дээрх ажиллагааг хэрхэн хийсэн эсэхийг тодруулаагүй, энэ талаар дүгнээгүй нь хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.

3.1. Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим зөрчигдсөн тухай: 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “... /захиргааны үйл ажиллагаа нь/ зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”-ыг; мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа “бодит нөхцөл байдлыг тогтоох”-ыг хууль тогтоогч тус тус шаардсан бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий тушаалын үндэслэл, бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон зэргээ баримтаар нотлох үүрэгтэй байтал хариуцагч уг үүргээ биелүүлээгүй ба хамгаалалтын захиргаанаас уг ажиллагааг хийсэн байх гэж тайлбарладаг боловч тэрхүү баримт хэрэгт авагдаагүй, захиргааны шүүх ч энэ талаарх баримтыг хэрэгт цуглуулаагүй тул маргаан бүхий тушаалыг хууль зүйн үндэслэлтэй, бодит байдалд тохирсон гэж үзэх боломжгүй юм.

Захиргааны байгууллагаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, зөрчсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангаж байж гарах ёстой байтал манай компанийн газар ашиглах эрхийг зөрчсөн шийдвэр гарахдаа эдгээрээс алийг нь ч үндэслэл болгоогүй, шалгаж тогтоогоогүй. Дээрхийг шалгаж тогтоогоогүй, захиргааны актад тавигдах ёстой шаардлагыг хангаагүй хууль бус захиргааны актыг захиргааны хэргийн шүүх хамгаалж байгаад гомдолтой байна. 

Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь захиргааны актыг амаар гаргах шаардлагыг хангаагүйгээс гадна уг акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэсэн. 

Гэтэл захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах зайлшгүй нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байтал Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл байгуулагдсан гэх боловч ямар ч шийдвэр гараагүй, ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлэх зүйл болоогүй байна. 

Гэтэл уг зөвлөл нь албан ёсоор хуралдаж, шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн газрын байршил, онцлог, зураг төсөл, өмнө нь орц, гарц гаргаж өгсөн талаарх дүгнэлт, болон нэхэмжлэгчийн газраас яг хэдий хэр хэмжээний газрыг яаж, хэрхэн цуцлах нэн шаардлага үүсээд байгаа талаар нарийн дүгнэлтүүдийг гаргаж, түүнийг үндэслэж шийдвэр гаргах ёстой боловч ямар ч тийм шийдвэр, зөвлөлийн тогтоол гараагүй байхад анхан шатны шүүх түүнийг мэдсээр байж сайдын тушаалын үндэслэл болсон зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хэрнэ түүнийг үндэслэж гарсан сайдын А289 тушаалыг эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөрүүтэй, алдаатай болсон байна. 

Тухайлбал Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 0384 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.8-д “Хариуцагчийн энэхүү үйл ажиллагаа нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх;” хуулийн зүйл заалттай нийцэж байх бөгөөд тус хуулийг хэрэгжүүлэх байдлаар маргаан бүхий актыг гаргасан нь зөв байна..” гэж хэт явцууруулж, маргаан бүхий актын үндэслэлд дурдагдаагүй хуулийн заалтыг шүүх өөрөө гаргаж ирж, хариуцагчийн хууль бус тушаалыг зөвтгөж байгаа үйлдэл нь хэргийн оролцогчдын маргаагүй, маргааны зүйлээс хэтэрсэн дүгнэлт өгсөн байна гэж үзэж байна. 

Мөн анхан шатны шүүхээс “ДСН” НҮТББ-д бодит байдал дээр төв замтай холбогдох орц, гарц гаргах зайлшгүй шаардлага үүссэн, цаашилбал гал, онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжгүй буюу тухайн учрах гамшгийн эрсдэлээс хамгаалах аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад хүндрэл учрах эрсдэлтэй байна” гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг анхан шатны шүүх бус хариуцагч захиргааны байгууллага өөрөө буюу сайдаас, түүний ажлын алба, хэлтсээс, тухайн байгуулагдсан хариуцагч зөвлөлөөс уг дүгнэлтийг гаргах ёстой, эсвэл мэргэжлийн байгууллагаас уг аюул учирч болох талаар дүгнэлт гаргах ёстой байтал шүүх дур мэдэн хэтэрхий нэг талын ашиг сонирхлыг хамгаалж гаргах ёсгүй дүгнэлтийг гаргаж, шийдвэрийн үндэслэл болгосон байна. 

 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь гуравдагч этгээдээс өмнө газар ашиглах эрхтэй болсон, нэхэмжлэгч нь гуравдагч нарт орц, гарц гаргаж өгч, газрынхаа цэгийг өөрчлүүлж байсан байхад нэхэмжлэгч нь бусдын орц гарыг хаасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй, гуравдагч этгээдийн орц, гарц үнэхээр хаалттай байсан бол өөрийнхөө газрын цэгийг мөн өөрчлүүлэх боломжтой.  Мөн нэхэмжлэгчийн газраас яг энэ хэмжээний газрыг цуцалснаар энэ асуудал шийдэгдэх үү гэдэг нь тодорхой бус,  харин ч гуравдагч этгээдийн зүгээс ахин даварч нэхэмжлэгчийн газраас гуравдах удаагаа авахаар ажиллах болно. 

Хэрэв үнэхээр дээр дурдсан аюул учрах эрсдэл гарах аюултай болсон бол мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, газрын цэгийг өөрчлөх, гуравдагч этгээдийн өөрийнх нь газраас хэсэгчлэн цуцлах,  газрын солилцлыг өөрчлөн шилжүүлэх, нөхөн олговортойгоор буцаан авах зэрэг олон сонгох боломж байсан боловч хариуцагч захиргааны байгууллагын зүгээс сонгох боломжоо хэтрүүлэн хэрэглэж, шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.  

Түүнчлэн хавтаст хэргийн 139 дүгээр талд авагдсан албан бичигт бусад этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэрлэхээр бичигдсэн байх боловч үнэн хэрэгтээ газраа зориулалтын дагуу ашиглаад явж байгаа компанийн газрын зарим хэсгээс үндэслэлгүйгээр хэсэгчлэн цуцалсан нь бодит нөхцөлд тохироогүй, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд мөн нийцэхгүй байна. 

3.2. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжээгүй тухай: 

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “... /захиргааны үйл ажиллагаанд/ хууль ёсны итгэлийг хамгаалах /зарчмыг баримтлах/”-аар заасан, ингэхдээ уг зарчмын агуулгыг “... Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй” хэмээн тодорхойлжээ.

Үүнээс үзвэл, “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ын ерөнхий агуулга буюу хэрэглээ нь захиргааны үйл ажиллагаа буюу тодорхой актын улмаас тухайн чиглэсэн этгээдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавартай “итгэл” үүссэн тохиолдолд, уг актын “хууль бус” байдал хожим тогтоогдсон ч нэгэнт үүссэн итгэлийг “хууль ёсны” гэж үзэж хамгаалах, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан онцгой үндэслэлүүдээс бусад тохиолдолд, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байх, өөрөөр хэлбэл хууль бус байсан ч түүнийг хүчингүй болгохгүй, ингэснээр тухайн захиргааны актын хандсан этгээдийн итгэл хамгаалагдах ойлголттой байхаар байна. 

Манай компанийн хувьд тухайн газраа бүрэн ашиглахаар төлөвлөгөө боловсруулж, Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, загвар зураг зуруулж авсан боловч орц гарц гаргаж өгөх шаардлагатай болж дахин энэ бүгдийг шинээр хийлгэж олон сая төгрөг зарцуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ямар ч судалгаа, тооцоолол хийлгүйгээр манай газрыг хэсэгчлэн цуцалснаас болж манай байгууллага олон зуун сая төгрөгөөр дахин хохирохоор байх тул манай байгууллагын хувьд маш их гомдолтой байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0384 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгчээс “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах”, “БОАЖСын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

2.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасантай нийцсэн байна.

2.2. Хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаж, “... “УС” ХХК-ийн  Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Богинын аманд ашиглаж буй 124498.0 м.кв газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 670 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу орц, гарц нээх зорилгоор 1442.0 м.кв талбайг хэсэгчлэн цуцлах ...” шийдвэрийг хамтын зарчмаар гаргасан гэх боловч тус зөвлөл энэ талаар бичгээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.

            2.3. Хэдийгээр уг зөвлөл ийнхүү бичгэн бус хэлбэрээр асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэсэн байх боловч уг шийдвэр нь тухайн асуудлаар эцэслэн гарсан шийдвэр биш буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан заавал биелэгдэх шинжтэй захирамжилсан шийдвэр биш байх тул захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн тус шаардлагыг харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв байна.

            3. Нэхэмжлэлийн “БОАЖСын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/289 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

3.1. Маргаан бүхий дээрх тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” мөн зүйлийн 1/-т “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасныг баримтлан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 670 дугаар албан бичгээр ирүүлсэн саналд үндэслэн “орц, гарц нээх” зорилгоор нэхэмжлэгч “УС” ХХК-д олгосон 124498.0 м.кв газраас 1442.0 м.кв газрыг хэсэгчлэн цуцалж шийдвэрлэжээ.

3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн тус шаардлагатай холбогдуулан хэрэгт авагдсан баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна. Тухайлбал,  

Хэрэгт авагдсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04/3820 хариу хүргүүлэх тухай албан бичгээр “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд хан уулын дархан цаазат газар, Богинын аманд БОАЖСын 2021 оны А/416 дугаар тушаалаар “УС” ХХК-д 12,45 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн 2022 оны мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн Аялал жуулчлалын цогцолбор зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Аялал жуулчлалын цогцолборын зориулалттай загвар зураг батлагдсан байна. Тус загвар зурагт зүүн тийш нийтэд үйлчлэх орц, гарцтай байхаар төлөвлөн батлагдсан байна” гээд ерөнхий төлөвлөгөөний зургийг хавсаргасан талаар дурдсан, мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09/6399 “Санал авах тухай” албан бичгээр “... иргэн Н.Чинбат болон “ДСН” ТББ-аас 2017 онд ... дүүргийн Засаг дарга, ... хамгаалалтын захиргаатай зөвшилцөн өөрсдийн хөрөнгөөр авто замын орц, гарц нээж сайжруулсан авто замтай болсон боловч төрийн захиргааны байгууллагаас ... “УС” болон “Атилла трэвел” ХХК-д дээрх зам талбайг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь бусад газар ашиглагч нарын орц, гарцыг хаагаад байгаа тул асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол ирүүлсэн ... иймд... тухайн асуудлаар ... хуулийн хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар санал, газар дээр нь авч хэрэгжүүлсэн ажлын тайлан дүгнэлт гаргаж ирүүлнэ үү” гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн байна.

3.2.1. Уг албан бичгийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд Богд хан уулын дархан цаазат газар, Богины аманд газар дээр нь очиж ажиллан, “... “ДСН” НҮТББ-ийн орц гарцыг “УС” ХХК-ийн ашиглалтын талбайн зүүн талаар өгсөж байгалийн үерийн усны жалгатай хэсгийг суваг шуудуу болгон тохижуулж бусад газар ашиглагч нарын газартай давхцал үүсгэлгүйгээр шийдвэрлэх боломжтой болохыг газар дээр нь зөвлөлдөж шийдвэрлэсэн” нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1649 албан бичгээр тус тус тогтоогдсон байна.

3.2.2. Улмаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 670 дугаар албан бичгээр “... “ДСН” НҮТББ-ийн ашиглаж байгаа газарт орц гарц гаргах шаардлагыг харгалзан үзсэн” гэсэн агуулгаар “УС” ХХК-ийн ашиглаж байгаа ашиглалтын талбайн хэмжээг 123056 м.кв болгож өөрчлүүлэх, талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн байна.

3.2.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан.

3.2.4. Хэрэгт авагдсан “УС” ХХК-ийн Аялал жуулчлалын цогцолборын загвар зургаас үзвэл үйлчилгээ, сургууль зэрэг цогцолбор барилгууд барихаар төлөвлөсөн болох нь тогтоогдож байна.

3.2.5. Түүнчлэн анхан шатны шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хэргийн оролцогчдын маргаж буй газарт шүүхийн үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж фото зургаар баримтжуулсан баримт, хэрэгт авагдсан “Дулаан сэтгэл” НҮТББ-ын эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хандаж гаргасан хүсэлтүүд, Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн 2016 оны дүгнэлт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 50, 136 дугаар албан бичгүүд зэргээс үзвэл “Дулаан сэтгэл” НҮТББ нь газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл хэрэгжүүлэх хүрээнд ашиглаж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зорилго агуулгатай зөрчилдөөгүй, түүнчлэн өөрийн хөрөнгөөр Богины ам дахь уулын гуу, жалганы үерийн ус урсах голдирлын дагуу ус урсах, үерийн ус зайлуулах инженерийн байгууламж барьж байгуулсантай гуравдагч этгээд маргаагүй, мөн хэрэгт авагдсан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах хүсэлт гаргаж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын байршлын зураг[1] зэргээс үзвэл уг газарт орц гарц зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдсон байна.

3.2.6. Энэ талаар анхан шатны шүүх “... гуравдагч этгээд болох “ДСН” НҮТББ-д бодит байдал дээр төв замтай холбогдох орц, гарц гаргах зайлшгүй шаардлага үүссэн, цаашилбал, гал, онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжгүй буюу тухайн учрах гамшгийн эрсдэлээс хамгаалах аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад хүндрэл учрах эрсдэлтэй байна. Уг асуудлыг зөвхөн нэхэмжлэгчийн ашиглаж буй газраас хэсэгчлэн цуцлах байдлаар шийдвэрлэхээс өөр байдлаар шийдвэрлэх боломжгүй байх ба гуравдагч этгээдийн объект руу тээврийн хэрэгсэл нэвтрэх орц, гарцыг нээж өгснөөр цаашид түүний хувьд бодитойгоор газар ашиглах эрхээ эдлэх боломж нээгдэж байгаа юм … хэрэгт авагдсан баримтуудын дагуу орц гарц гаргахад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

3.2.7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс өмнө газар ашиглах эрхтэй болсон, ... гуравдагч этгээдийн орц гарч хаалттай байсан бол өөрийнхөө цэгийг өөрчлүүлэх боломжтой ... үнэхээр аюул учрах эрсдэл гарах аюултай бол мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, ... газрын солбицлыг өөрчлөн шилжүүлэх нөхөн олговортойгоор буцаан авах боломж байсан боловч захиргааны байгууллагын зүгээс сонгох боломжоо хэтрүүлэн хэрэглэж, шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            3.2.8. Түүнчлэн анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс ... сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй хэмээн тайлбарлан маргах боловч үүссэн нөхцөл байдал, захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажиллагааг мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан “УС” ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/16 дугаар албан бичгээр Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан баримтаар тогтоогдсон” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0384 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ерөнхий ШҮҮГЧ                                               д.баатархүү

   ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

   ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас, 43 дахь тал