Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 5

 

З.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00942/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1241 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч З.Л-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Ц-д холбогдох

          “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Л.Ц-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Л-, хариуцагч Л.Ц-, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Л-гаас:

            Л.Ц-тэй 2010 онд танилцаж, 2011 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр охин Л.Үүрийнцолмон, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Л.Энхцолмон нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. 2013 оноос эхлэн бидний хооронд аар саар зүйлээр шалтгаалан хэрүүл маргаан гарах болсон. 2016 оны 03 дугаар сараас эхнэр Л.Ц- ажилд орсноос хойш гэр бүлдээ анхаарал халамж тавихаа байж гадуур явах, худлаа ярих, намайг болон миний төрсөн ээж, эгч, дүү нарыг элдвээр доромжлох болсон. Л.Ц- гэр бүлээс гадуур бусадтай харилцаа тогтоосон. Дээрх байдлаас шалтгаалан цаашид гэрлэлтээ үргэлжлүүлж, хамт амьдрах боломжгүй болсон учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр охиноо өөрийн асрамжид авна гэжээ.

Хариуцагч Л.Ц-ээс:

Миний бие 2010 онд нөхөр З.Л-тай танилцаж, 2011 онд охин Л.Үүрийнцолмон, 2014 онд охин Л.Энхцолмонг эрүүл саруул төрүүлээд өсгөж хүмүүжүүлж байна. Миний хувьд салах бодол байхгүй. Яагаад гэвэл би 2 охиноо өнчин өрөөсөн өсгөнө гэж төрүүлээгүй. Эцэг, эхийн үл ойлголцлоос болоод үр хүүхэд хохирно гэж байж болохгүй зүйл. 2016 онд Дархан-Уул аймагт ажилдаа ороод оройтдог байсан нь үнэн. Гэхдээ миний хувьд энэ амьдралыг болгохын төлөө дэм болох гэж зүтгэж байсан. Тэр үед жинхлээгүй байсан тул өөрийн ажилтай танилцаж мэдэх, харилцагчаа таньж мэдэх болон ажлын хувьд ачаалал их байсан. 2016 онд ажилд орсноос хойш хэрүүл маргаан гарах болсон. Нөхөр орой охидоо аваад намайг очтол хоол ундаа хийгээд байж байдаг байсан. Намайг ирсэн үед ажилтай гээд гараад шөнө шахуу ирдэг болсон. Ийм амьдралын хэв маягаар сүүлийн 1 жил гаруй хугацаанд амьдарч байна. Намайг гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон гэдэг нь хий хоосон хардалт гэж үзэж байна. Миний хувьд салах бодол огтхон ч байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1241 дүгээр шийдвэрээр:

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар нэхэмжлэгч Өөлд овгийн Зоригтын Л-, Цогнууд овгийн Лхагважавын Ц- нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Л.Үүрийн цолмон, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Л.Энхцолмон нарыг эх Л.Ц-ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Л.Үүрийнцолмон, 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Л.Энхцолмон нарыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Л-гаас тэтгэлэг сар болгон гаргуулан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс Хаан банк, Төрийн сан, 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тушаасан тэмдэгтийн хураамж 70.200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Л.Ц-ээс 70.200  төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Л-д олгож, нэхэмжлэгч З.Л-, хариуцагч Л.Ц- нараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.616 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, зохигчид гэрлэлт цуцалсны бүртгэлд бүртгүүлж болохыг дурдаж.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн  талаар  шүүх хуралдаанд ...гэрлэгсдийн хэн алины нь оролцоо орсон гэх ипотекийн зээлийн барьцааны зүйл болсон  хариуцагч Л.Ц-, хүүхдүүд Л.Үүрийнцолмон, Л.Энхцолмон нарын амьдарч байгаа Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар  хороолол, Парк Таун хотхоны 49 дүгээр байр 605 тоот орон сууцанд Л.Ц- хүүхдүүдийн хамт амьдарч, зээлийг үргэлжлүүлэн төлөх, нэхэмжлэгч З.Л-гийн нэр байгаа газрыг нэр, өмчлөлд нь хэвээр үлдээхээр харилцан тохиролцсоныг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Ц- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх миний өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг эрх ашгийг маань зөрчиж шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр явуулсан. Шүүх бид гурвыг орон сууцандаа амьдарч, зээлийг үргэлжлүүлэн төлнө гэснээс өөрөөр өмчлөлийн асуудлыг шийдвэртээ тусгаагүй нь бидний өмчлөх эрхийг хязгаарлаж байна гэж ойлгож байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч З.Л- хариуцагч Л.Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Анхан шатны шүүх зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг тогтоож,  нэхэмжлэгчээс тэтгэлгийг гаргуулсан ба Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар  хороолол, Парк Таун хотхоны 49 дүгээр байр 605 тоот орон сууцанд Л.Ц- хүүхдүүдийн хамт амьдарч, зээлийг үргэлжлүүлэн төлөх, нэхэмжлэгч З.Л-гийн нэр дээр байгаа газрыг өмчлөлд нь хэвээр үлдээхээр харилцан тохиролцсоныг дурдаж шийдвэрлэжээ.

   Хариуцагч анхан шатны шүүх миний өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг эрх ашгийг маань зөрчиж шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр явуулсан. Шүүх өмчлөлийн асуудлыг шийдвэртээ тусгаагүй нь бидний өмчлөх эрхийг хязгаарлаж байна гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хуульд зааснаар хэргийг бүхэлд хянахад гэрлэгчдийн дундын эд хөрөнгийг тодруулж Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар  хороолол, Парк Таун хотхоны 49 дүгээр байр 605 тоот орон сууц болон газарт холбогдох үл хөдлөх хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн үнэлгээ, мөн зээлийн баримтууд бүрдээгүй байхад хэргийг талууд эд хөрөнгийн талаар эвлэрэн хэлэлцснээр шийдвэрлэсэн байна.

           Өөрөөр хэлбэл  маргаж буй орон сууц болон газрын талаарх холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж шүүх эд хөрөнгийн талаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх журмыг зөрчжээ.

            Түүнчлэн хариуцагч Л.Ц-ийн ...бид нэгэнт гэрлэлтээ цуцлуулж байгаа тул дундын хөрөнгөө хуваалгах хүсэлтэй. Дундын өмч хөрөнгө хуваах тухай харилцан тохирохгүй бол шүүхээр шийдүүлье... гэсэн тайлбарыг анхааралтай авч үзээгүй байна. /хэргийн 52 дахь тал/

            Зохигчид буюу гэр бүлийн гишүүдийн дундын ямар ямар эд хөрөнгүүд байгаа эсэхийг тодруулахгүйгээр шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаад орхисон нь учир дутагдалтай гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийг гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамтатган нэг мөр шийдвэрлээгүй иргэний эрх зүйн эрх тэгш байх, шударга байх зарчимтай нийцээгүй байна гэж үзнэ.

          Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлээр хангаж нотлох баримтыг бүрдүүлсний эцэст зохигчдын дундын эд хөрөнгийн асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧИД                                              С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ