Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
Хэргийн индекс | 185/2022/0126/Э |
Дугаар | 2022/ШЦТ/139 |
Огноо | 2022-02-15 |
Зүйл хэсэг | 20.17.1., |
Улсын яллагч | Э.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/139
2022 03 22 2022/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Э.Булганчимэг,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, З овогт Э-ийн Э-д холбогдох эрүүгийн 2.... дугаартай 1 хавтас хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... Сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, ............... аймгийн ............ 0 дүгээр баг, ...... байрны 0-0 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 0000 тоотод түр оршин суух хаягтай, З овогт Э-ийн Э /РД:ЖЖ00000000/
2. Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод “Ёндоотой азтан” гэх фэйсбүүк хаягаар буюу мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх тайлбар байхгүй....” гэжээ.
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Э.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, 000 дүгээр байрны 00 тоотод “Ёндоотой азтан” гэх фэйсбүүк хаягаар буюу мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь:
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11/1313 дугаартай “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр цахим орчинд бооцоот тоглоом зохион байгуулсан иргэдийн мэдээлэл 000000000 дугаартай дансны дансны эзэмшигч Э-н Э ЖЖ00000000, Сүхбаатар дүүргийн ...... 0 дүгээр баг, ...... байр 0-0 тоот...” гэх албан бичиг /хх-ийн 15-16/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Г гийн өгсөн “...Манай том охин Э нь над руу цагаан сарын үед шиг санагдаж байна, залгаад цагдаагаас ярьж байна, цахим тоглоом тоглуулсан гэж байна, би их айгаад байна гэхээр нь чи яах гэж тоглуулсан юм бэ гэж асуухад хүмүүс тоглуулаад мөнгө олоод байдаг гэхээр нь би сонирхож үзээд тоглуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/-р тал,
2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №102 дугаартай Хаан банкны албан бичгээр 00000000” тоот дансыг Э овогтой Э /ЖЖ00000000/ эзэмшдэг ба 00000000 утасны дугаартай, ............ аймаг ................ сум 0 дүгээр баг, ........... хороололд амьдардаг бөгөөд мобайл банканд 00000000 дугаарын утас бүртгэлтэй болохыг тодорхойлов...” гэх албан бичиг /хх-ийн 38/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Эгийн яллагдагчаар өгсөн “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд цахим хэрэгсэл ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5/-р тал зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогджээ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч Э.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүйн дээр, шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бодит хохирол шаардахгүй, хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд хуулиар хамгаалах эрх, ашиг нь олон нийтийн ашиг, сонирхол, мөрийтэй тоглоомын талаар хуулиар тогтоосон журам байдаг.
Шүүгдэгч Э.Эгийн хувьд хуульд заасан мөрийтэй тоглоом, түүнтэй адилтгах аливаа хэлбэрийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон хууль тогтоогчийн санаачлан Эрүүгийн хуульд тусгалаа олсон хууль бус үйл ажиллагааг ашиг олох зорилгоор зохион байгуулсан гэм буруутай үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Эг мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Тухайн гэмт хэргийн улмаас хэн нэгэнд шууд бодит хохирол учраагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Эг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэж шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хуулийн ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зармыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Эгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож нийт 134.200 төгрөгийг гаргуулж, төрийн санд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Э-ийн Э-г мэдээллийн технологи ашиглаж, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эгаас гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож, нийт 134.200 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
4. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж, сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР