Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1216

 

2022        08         17                                   2022/ШЦТ/1216

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн Д.Нямсүрэн,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт *******-т холбогдох эрүүгийн 2106 02938 1918 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Б овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр, өндөр настай иргэн Ц.Ц-ийн тухайн үед болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэхгүй байдлыг далимдуулан, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ /автомат тооцоолуурын машин/-аас түүний дэргэд картаар нь данснаас нь 620,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн зүйлдээ маш их харамсаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:   

- Хохирогч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би өөрөө мөнгө хийж чаддаггүй тул миний өмнө зогсож байсан залууг гуйгаад миний хүү энэ 320,000 төгрөгийг эмээгийнхээ дансанд хийгээд өг гээд өөрийн Хаан банкны виза картаа өгөөд нууц кодоо хэлэхэд за гээд миний виза картыг аваад уншуулж байгаад таны карт болохгүй байна гээд дахиж оролдоод байсан тэгж байтал АТМ-с мөнгө гараад ирсэн тэр гарч ирсэн мөнгийг тэр хүн авсан. Тэгээд миний карт дахиж хийж үзээд таны карт болохгүй байна гэж хэлээд миний картыг буцааж өгөөд гараад явсан...миний ач хүү А.Хүрэлбаатар орж ирэхээр нь виза картаа өгөөд шалгуулахад та хэдхэн минутын өмнө 620,000 төгрөг авчихсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,

- Ц-ын Ц-ийн Хаан банкны 5039101838 дугаарын харилцах дансны хуулга /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

- Хаан банкны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 50/11719 дугаартай албан бичиг /хх-ийн 18 дугаар хуудас/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:  

Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өндөр настай иргэн Ц.Ц-ийн тухайн үед болж байгаа үйл явдлыг ойлгож мэдэхгүй байдлыг далимдуулан, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ /автомат тооцоолуурын машин/-аас дансанд мөнгө хийгээд өг гэж гуйхад нь түүний картаар данснаас нь 620,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авчихаад таны карт болохгүй байна гэж худлаа хэлэн орхин явсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй тогтоогдсон, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 620.000 төгрөгийн хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх ашиг хөрөнгөнд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.  

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.   

Шүүгдэгч *******-ын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,  300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж цагдан хоригдсон хоногийг хасч тооцуулъя гэсэн саналыг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд шүүгдэгч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа хохирол төлсөн байдлыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж өгнө үү гэсэн санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч *******-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн тул 2022 оны 08 сарын 13-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг 8 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас дүйцүүлэн хасах нь зүйтэй байна.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь хохирлыг бэлэн мөнгөөр нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон хасч нийт эдлэх ялыг 268 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 268 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. *******-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ