Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/709

 

 

 

 

                                                   

 

 

 

 

 

   2022            5            17                                       2022/ШЦТ/709

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Н.Өнөрбаяр,

иргэдийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т ,

шүүгдэгч Д.Г , түүний өмгөөлөгч Х.Ургаа нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох эрүүгийн 2206 00000 0309  дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 0  тоот иргэн Н.Б-н гэрийн гадна хохирогч Г.Л-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зүүн гараараа баруун чамархай хэсэгт цохиж, гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр би Баярмагнайгийн хаалгыг тогшоход Магнай ирээд хаалгаа тайлсан. Тэгээд нэг жижиг 0.5 литрийн архи бас ундаатай ороод тэрийгээ уучихаад “доошоо хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь талийгаач “мөнгө өгчих” гэж хэлэхээр “үгүй” гэж хэлсэн. Тэгээд муудалцаад эхлэсэн. Талийгаач гэнэтхэн над руу дайраад хоолой бооход миний толгой эргээд дотор сонин болсон. Тэгээд би нэг цохисон чинь газар уначихсан. Тэгээд Магнайд “хоёулаа өргөөд босгоё” гэсэн чинь “яах юм наадах чинь тэгж байгаад босно биз” гэсэн. Ийм л зүйл болсон.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Яг 23-ны өдрийн орой би ажлаасаа тараад гэртээ очсон. Тэгээд над руу цагдаагаас залгаад ийм хүн өгөөд явуулсан, ар гэрийнхэн утас эмчид нь байгаа гэж хэлээд явуулсан. Тэгээд эмч руу залгасан чинь одоо Гэмтлийн эмнэлэг рүү явж байна, яаралтай ирээрэй гэсэн. Тэгээд очоод харахад манай аав ямар ч тийм ухаан байхгүй, нүд нь хөхөрчихсөн янз бүр болчихсон байсан. Гайгүй юм байх гэж бодсон чинь хүнд хагалгаанд орох болчихсон байсан. Тэгээд энэ хүн манай аав энэ хүнийг дээрэмдэх гээд байсан гэж яриад байна. Хамгийн гол нь утас, мөнгө, түрүүвчийг тэр цүнхэнд байгааг нь яаж мэдсэн юм бэ, манай аав тийм авир гаргаад байдаггүй. Би ярьж байгаа зүйлд нь итгэхгүй байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 0 байх ба ... улбар шар өнгийн дэлгэдэг төмөр хаалгатай хашааны ертөнцийн зүгээр урд хэсэгт байна... ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх зорилгоор үзлэг хийхэд урд талын хашаанаас 1.60см зайд 8х5см цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тухайн газарт шинээр цас орсон, хэрэгт ач холбогдолтой ул мар, эд мөрийн баримт үгүй байна. ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-11 дэх тал),

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн: “... Үзлэгийг цааш үргэлжлүүлэн уг гудамжаар хийхэд хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй ба газрын хөрс тээврийн хэрэгсэл явах хэсэгт цасаар хучигдсан. Газрын хөрс хатуу, чулуу байхгүй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Амь хохирогчийн унасан гэх газар ертөнцийн зүгээр хойд талд блокон хашааны доод талд илүү гарсан цеметен гадаргуу байх ба хэрэгт ач холбогдолтой ул мөр илрээгүй болно...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16 дахь тал),

 

Цогцост үзлэг хийсэн: “Цогцос нь 172см урт, толгойд үсгүй, биеийн ерөнхий хөгжил зөв, булчин өөхөн эдийн хөгжил дунд, 47 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Үзлэгээр хоёр нүдний зовхи хаалттай, амины салст цайвар шаргал, хүүхэн хараа жигд өргөссөн, эвэрлэг бүдэг хамрын яс, мөгөөрс бүтэн, чих, ам хамраас гарсан зүйлгүй, дээд, доод үзэгдэх шүдгүй, цогцос бүлээн, хөшилтгүй, хүүрийн толбо биеийн ар дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн, дарахад цайж 10 секундын дараа хэвэндээ орно, өтгөн, шингэний сүвээс гарсан зүйлгүй, цээжний хэлбэр зөв, хэвлийн баруун доод хэсэгт 9х1 см хэмжээтэй цайвар бор өнгийн сорвитой, баруун зулай чамархай хэсэгт 10х10см талбайд тал хэлбэрийн мэс заслын шархтай, шархны харалдаа гуурстай, гуурсаар 30мл орчим усархаг шингэн гарсан, зүүн нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хоёр гарын шуу сарвуунд тарианы зүүний ором бүхий цус хуралтуудтай, зүүн нүдний алимны салстийн гадна буланд улаан ягаан өнгийн цус харвалттай.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-20 дахь тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав Гэмтлийн эмнэлэг дээр очоод толгойдоо гэмтэлтэй буюу баруун талын чамархайдаа гавлын ясны гэмтэлтэй гээд тархины хүнд хагалгаанд 2022 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө орсон. Хагалгаанаас 03:00 цаг өнгөрч байхад гараад ухаан орохгүй 24, 25-ны өдөр байж байгаад 26-ны өдрийн 07:00 цагийн үед нас барсан. ...Миний хувьд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-27 дахь тал),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Зөвхөн оршуулгын зардал болох 13.588.600 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

 

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамт ажилладаг 1 хүн нь манай гэрийн ойролцоо буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд байдаг. Нэрийг нь Магнай гэдэг.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-34 дэх тал),

                             

Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ажил тараад хамт ажилладаг хүмүүс болох Лхагвасүрэн, Жасаа нартай 1 шил 0.75 литрийн Хараа архи уучхаад Лхагвасүрэнгийн хамтаар 15 цагийн үед гэртээ буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 05 дугаар хэсэг 83 дугаар гудамжны 2869 тоотод ирсэн...Х , Л бид 3 манай гэрт орсон...Бид 3 манай гэрт архиа уугаад сууж байтал 18 цаг өнгөрч байхад Х , Л 2 согтуу, хоорондоо хэрэлдэж муудалцаад, улмаар хоорондоо зодолдоод, дээр, доороо гараад бие биеэ цохиод байсан. Тэгэхээр нь би “Та нар манай гэрт битгий зодолдоод бай гаръя” гэж хэлээд бид 3 гэрээс гартал Х  Л 2 хашаан дотор дахиад хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би салгаад хашаанаас гартал хашааны гадна талд дахиад тэр 2 хоорондоо зодолдоод байхаар нь би салгатал тэр 2 дахиад хоорондоо барилцаж аваад зодолдоод байхаар нь би орхиод гэрээсээ ертөнцийн зүгээр зүүн зүгт доош уруудаад ганцаараа алхаж байтал Х  ганцаараа араас хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “Яасан бэ” гэж асуутал Л намайг боогоод байхаар нь би цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би Мөнхөөгийн гэрт орсон ба тухайн үед цаг 21 цаг болж байсан...Х  араас хүрч ирээд “Миний цохилт байгаа юм байна, цохилтоо хийчихлээ" гэж хэлж байсан. Х г багаас нь солгой Х  гэдэг байсан, солгой гараараа их хүчтэй цохидог залуу байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

Гэрч Ж.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр талийгаач Г.Л бид хоёртой хамт ажиллаж байсан Магнай гэх залуу өчигдөр архи уусан болохоор дотор муу байна гээд ярьж байсан юм. Тэгсэн талийгаач Г.Л н.Магнай хоёр нэг шил архины мөнгө олох хэрэгтэй байна гээд хүмүүс рүү залгаад байгаад 14.00 цагийн үед архины мөнгө олчихлоо гээд надад хэлсэн. Тэгээд бид гурав 0.75 литрийн “Цагаан” нэртэй архи дэлгүүрээс аваад ажлынхаа гадаа гудамжинд уусан...ахынхаа гэрийн гадаа 18:00 цаг өнгөрч байхад буусан...Биед нь ил харагдах гэмтэл шарх анзаарагдаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

                                                                                        

Гэрч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18:00 цагийн үед байх гадаа харанхуй болж байхад манай төрсөн ах Н.Баярмагнай найз Г.Лхагвасүрэнгийн хамт манай гэрт гэрийнхээ түлхүүрийг авахаар орж ирсэн. Ах Н.Баярмагнай гэрийнхээ түлхүүрийг аваад гарахдаа манай гэрт түрүүлж орж ирсэн нөгөө тал шил архитай залууг таниад цуг гэрээс гараад явцгаасан... Г.Л ахын хамт орж ирэхдээ ямар нэгэн байдлаар биедээ ил харагдах гэмтэл шархгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дэх хуудас),

 

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Д.Г  эхнэр Жагаатай хамт манай гэр буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 0 тоотод ирэхдээ 2 шил 0.75 литрийн “Цагаан” нэртэй архитай , ундаатай ирсэн...Орой хэдэн цагт Д.Г , Жагаа хоёр явсан талаар надад мэдэх зүйл байхгүй, нэг мэдсэн орой харанхуй болсон байхад би сэрээд хартал тэр хоёр явсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал),

 

Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 21:00 цаг өнгөрч байхад би хадам ээж Х.Хандсүрэн, өөрийн том хүү болох Б.Цэлмэг нарыг... 0 тоот хашаанаас ертөнцийн зүгээр зүүн тийш 3 хаалганы зайтай гудамжны гол хэсэгт 50 орчим насны эрэгтэй хүн дээш харсан, амнаас уур гарсан байдалтай хэвтэж байсан. Би автомашинаасаа буугаад гудамжинд хэвтэж байсан эрэгтэй хүний хажууд нэг хоёр алхмын зайд очоод харахад ам, хамар хоёроос нь цус гарсан байдалтай ухаангүй газарт хэвтэж байсан...хүү болох Б.Цэлмэгийн 86655673 дугаарын утсаар цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд...дуудлага өгчхөөд...дагуулж очсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

 

Гэрч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн...оройны 21 цаг 47 минутын үед...н.Олонбаяр гэх албан хаагчаас...дуудлага мэдээллийг хүлээн авч...22 цаг 09 минутад очиход гудамжны гол хэсэгт амнаас цустай зүйл гарч, архи үнэртсэн байдалтай, ухаангүй эрэгтэй хүн газарт хэвтэж байсан. Би тухайн өвчтөний биед гадна үзлэг хийхэд баруун нүд хөхөрсөн, хиймэл шүд амны хөндийнөөс гарч газарт унасан, цустай шингэн зүйл амнаас гарсан байдалтай, осголт хөлдөлтийн шинжгүй байсан...23:00 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн...өвчтөний биеийн байдал хүнд ухаангүй, орчны харьцаа байхгүй, амнаас архи үнэртсэн, баруун нүд хөхөрсөн, хоёр нүдний хүүхэн харааны гэрлийн урвал сул, уушги хоёр талд цулцангийн сулавтар амьсгалтай, амьсгал туслах булчингууд оролцохгүй, амьсгалын тоо нэг минутад 18 цадаа артерийн даралт 120/80 мм, зүрхний авиа тод, хэм жигд, 1 минутад 70 удаа цохилжбайсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

 

Шүүгдэгч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Харин би нөгөө Л гэх залуутай зууралдаж байхдаа чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд Л гэх залуу миний өмсөж байсан хувцасны захнаас хоёр гараараа боогоод цүнхнээс мөнгө авах гээд байсан. Тухайн үед уур хүрээд боолтыг нь салгах гэж баруун гараараа Л гэх залуугийн эрүүн доороос нэг удаа өлгөж цохиход газарт унасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

 

Шүүгдэгч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... нэг удаа гараа саваад цохисон. Тэгсэн Л гэх залуу доошоо саваад газарт унасан. Л гэх залууг цохих үед бид хоёрын хажууд хүн байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 142-144 дэх тал),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 457 дугаар: “...1. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас баржээ...2. Талийгаачийн биед баруун зүүн дух, хоёр нүдний ухархайн ханууд, баруун чамархай, суурь яс, баруун дагз ясыг хамарсан нийлмэл хугарал, дух, баруун зулай чамархай, суурь хэсгийн хатуу хальс дээрх, доорх цусан хураа, баруун чамархай, зүүн дагз, хоёр талын духны дэлбэнгийн орой, үзүүр, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, хоёр талын духны дэлбэнгийн орой, үзүүр, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, хоёр талын духны дэлбэнгийн үзүүр болон суурь хэсгийн тархины эдийн няцрал, духны хөндий, этмойд хөндий, суурийн хөндий, зүүн хоншоорын хөндийнүүд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, алимын салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдов. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...З. Талийгаачид учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдсэн гэмтлүүд байх ба гавал тархины нийлмэл гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1 болон 3.3.2-т зааснаар амь биед аюултай, үхэлд хүргэсэн хүнд гэмтэл болно. Зүүн дээд, доод зовхи, алимын салстад цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гавал тархины гэмтэл нь хатуу хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн цохилтын улмаас үүсэх ба цохилтын хүч үйлчилсэн цэг баруун дух чамархай хэсэг байна." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 87-93 дахь тал),

 

Д.Г ийн биед үзлэг хийсэн: “... хүзүүний баруун урд хэсэгт 0.2х1 см зулгаралттай, баруун гарын сарвуунд дунд хурууны эхний үеэнд 0.8х1 см тав тогтсон зулгаралттай, зүүн далан дээр 3.2х3 см хуучин сорвитой, зүүн гарын шууны гадна талд өргөст тор барьсан гарын зураг бүхий шивээстэй, өөр биеийн ил харагдах хэсэгт яман нэгэн гэмтэл шархгүй байв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 150-154 дэх тал),

 

Шүүх Сэтгэц Эмгэг судлалын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаар: “...Д.Г  нь хэрэг хариуцах чадвартай байна." гэх 246 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 131-132 дахь тал),

 

2022 оны 01 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1 дэх тал),

Д.Г т шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 114 дэх тал),

Зардлын баримтууд (хавтаст хэргийн 184, 186-197 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118, 164 дэх тал),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 158 дахь тал),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 159 дэх тал),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 202-205 дахь тал), Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/530 тоот албан бичиг (нэг хуудас) зэрэг болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 0  тоот иргэн Н.Б-н гэрийн гадна хохирогч Г.Л-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зүүн гараараа баруун чамархай хэсэгт цохиж, гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа “Юуны өмнө амь хохирогчийн хүүгээс уучлал хүсэж байна. Г үйлдлээс болж нас барсан гэдэг дээр өмгөөлөгчийн хувьд маргахгүй байгаа. Яг үйлдэл дээр хэргийн зүйчлэлийг хийж оруулж ирсэн дээр өмгөөлөгчийн хувьд санал нэгдэхгүй. Яагаад гэвэл анх Д.Г  гэрчээр мэдүүлэг өгсөн. Д.Г  бол яг болсон процессыг яг ярьдаг. Тухайн үед архины мөнгө нэхээд муудалцаад тэгээд Д.Г ийг амь хохирогч боосон байдаг. Яагаад энэ зүйлийг ярьж байна гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэсэн зохицуулалт орж ирсэн. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах бол бусдад хүчээр дарлагдсан, бие махбодид нь халдаж хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хариу үйлдэл үзүүлэхийг ойлгоно гэж зохицуулсан. Тэгэхээр Д.Г ийн энэ үйлдэл тухайн үед хоолой нь боогдоод ирэхээр нь би нэг удаа цохисон гэдэг.Тухайн үед энэ хүн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчджээ гэж ойлгож байгаа. Эрүүгийн эрх зүйд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах ойлголт бус зөвхөн анагаахын шинжлэх ухаан ойлголт юм гэж тайлбарласан.Талийгаачийн зүгээс бооход тэр үйлдэлд нь автаад хариу үйлдэл үзүүлсэн байгаа. Амь хохирогчийг нэг удаа цохисон үйлдлүүд байдаг. Амь хохирогч боосон тэр үйлдлийг шалгасан гэрэл зураг, бас Д.Г ийн биед үзлэг хийсэн баримтууд байна. Ийм нөхцөл байдлууд байна.  Шүүх бүрэлдэхүүн зүйчлэлийг анхаарч, зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Тиймээс хэргийн зүйчлэлийг зөвтгөж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 0  тоот иргэн Н.Б-н гэрийн гадна шүүгдэгч Д.Г  нь согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ амь хохирогч Г.Л-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зүүн гараараа баруун чамархай хэсэгт цохисон байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 457 дугаар дүгнэлтээр амь хохирогч Г.Л “баруун зүүн дух, хоёр нүдний ухархайн ханууд, баруун чамархай, суурь яс, баруун дагз ясыг хамарсан нийлмэл хугарал, дух, баруун зулай чамархай, суурь хэсгийн хатуу хальс дээрх, доорх цусан хураа, баруун чамархай, зүүн дагз, хоёр талын духны дэлбэнгийн орой, үзүүр, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, хоёр талын духны дэлбэнгийн орой, үзүүр, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, хоёр талын духны дэлбэнгийн үзүүр болон суурь хэсгийн тархины эдийн няцрал, духны хөндий, этмойд хөндий, суурийн хөндий, зүүн хоншоорын хөндийнүүд цус хуралт...” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.1 болон 3.3.2-т зааснаар зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Амь хохирогч Г.Л нь дээрх гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Г ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Хүнийг алсан” гэж хуульчилжээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Д.Г  нь зүүн гараараа амь хохирогчийн баруун чамархай хэсэгт цохисны улмаас амь хохирогчид гавал тархины нийлмэл гэмтэл үүсэж, улмаар гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний явах эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд амь хохирогч Г.Л Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 457 дугаар дүгнэлтээр “баруун зүүн дух, хоёр нүдний ухархайн ханууд, баруун чамархай, суурь яс, баруун дагз ясыг хамарсан нийлмэл хугарал, дух, баруун зулай чамархай, суурь хэсгийн хатуу хальс дээрх, доорх цусан хураа, баруун чамархай, зүүн дагз, хоёр талын духны дэлбэнгийн орой, үзүүр, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, хоёр талын духны дэлбэнгийн орой, үзүүр, суурь хэсгийн аалзан хальсан доорх цус хуралт, хоёр талын духны дэлбэнгийн үзүүр болон суурь хэсгийн тархины эдийн няцрал, духны хөндий, этмойд хөндий, суурийн хөндий, зүүн хоншоорын хөндийнүүд цус хуралт” гэмтэл учирч гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас нас барьсан болох тогтоогдож байх тул хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.Г  нь амь хохирогчийг зүүн гараараа баруун чамархай хэсэгт цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл,  хохирогчид учирсан хохирол буюу амь насаа алдсан хоёр шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүд байхгүй байна.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Сэтгэл санаа хүчтэй цочирдон давчдаж хүнийг алсан” гэмт хэргээр зүйлчилж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол” гэж заасан.

 

Сэтгэл санаа хүчтэй цочирдон давчдах гэдэг нь хүний сэтгэцийн ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болж, маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал ба хохирогчийн зүгээс гаргасан хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг ба “Хүнийг алах” гэмт хэргээс сэтгэл санаа цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур үүсдэгээр ялгаатай.

           

Шүүгдэгч Д.Г  нь амь хохирогч Г.Л-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хоорондоо зодолдсон байх ба шүүгдэгч Д.Г ийн сэтгэл санаа хүчтэй цочирдон давчидахуйц үйлдлийг амь хохирогч Г.Л гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

                                              

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Г ийн үйлдэл нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд санаатай үйлдлээр амь хохирогчид халдсан байна.

Иймд шүүгдэгч Д.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч “шүүгдэгч Д.Г ийг гэм буруутай” гэсэн санал гаргасан болно.

 

            Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо үл ялих зүйлээс болж маргалдаж, удаа дараа харилцан ноцолдон зодолсны улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.          

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Г  нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож буй /хавтаст хэргийн 186-197 дахь тал/ гэм хорын хохиролд шүүгдэгч Д.Г аас 5,175,037 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөр төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлах хүсэлт гаргасан бөгөөд уг хугацаанд шүүгдэгчээс 7.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т д төлсөн болохыг дурдав.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т  нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохиролтой холбоотой бусад баримтаа нотлох баримтын шаардлага ханган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Г т гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Д.Г т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх”,

Шүүгдэгч Д.Г ийн өмгөөлөгч Х.Ургаа “Хохирлыг нөхөн төлсөн, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн амь насыг хохироосон, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгөх талаар дүгнэлт гаргаж буй боловч шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирч, хор уршиг арилаагүй тул шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Д.Г т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г ийн цагдан хоригдсон 111 хонгийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Д.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т 8  жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г ийн цагдан хоригдсон 111 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

                                                            

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т  нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохиролтой холбоотой бусад баримтаа нотлох баримтын шаардлага ханган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т д 7.000.000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Д.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.ТҮМЭННАСТ

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ

 

 

                                                    ШҮҮГЧ                          Ц.МӨНХТУЛГА