Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0450

 

 

 

 

 

 

 

 

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Гуравдагч этгээд Ч.С

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр тушаалын Ч.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0315 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2022/0872/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулж “Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр тушаалын Ч.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0315 дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 39 дүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ”Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б давж заалдах гомдолдоо:

“...Сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус тушаалыг гаргах болсон үндэслэлийг тушаалд “Соёмбот Уулын тэмдгийн унаган төрхийг хамгаалах зорилгоор гэж тусгасан. Бид үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж, маргасан. Анхан шатны шүүх бидний тус үндэслэл, тайлбарыг хүлээж авсан. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 11 дэх тал, 4.1.4 дугаартай хэсэгт “Дээрх нотлох баримтуудаас үзэхэд ... Соёмбот уулсын тэмдэг бүхий гэрэлт байгууламжид ноцтой хохирол, сөрөг нөлөө үзүүлсэн гэх нөхцөл байдал нотлогдохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийн тайлбар үндэслэл бүхий байна” хэмээн дүгнэсэн. Гэвч маргаан бүхий захиргааны актад дурдагдаагүй, талуудын маргаагүй асуудалтай холбогдуулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн хэрэг боллоо.

Шүүхийн шийдвэрийн 4.1.5-4.1.9 дугаартай хэсгүүдэд газрыг Аялал жуулчлалын зориулалтаар олгосонтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар тайлбарласан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь заалтыг зөрчсөнөөс гадна дараах байдлаар тус тус үндэслэлгүй дүгнэлт юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д зааснаар Дархан цаазат газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах талаар заасан. Нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрчилгээнд газрын зориулалтыг аялал жуулчлал гэж бичсэн нь аялагчдад зориулсан орон байр барих, ашиглах зориулалтыг тусгасан явдал гэж бид ойлгож байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д заасан зориулалтыг зөрчсөн зүйл байхгүй. Мөн байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй тул шүүхийн шийдвэрийн энэ талаарх дүгнэлт (4.1.7) үндэслэлгүй юм. Газар ашиглах гэрчилгээнд газрын зориулалтыг дээрх байдлаар тэмдэглэсэн нь алдаа гэж үзэж байгаа бол яам түүнийг өөрөө залруулах боломжтой. Нэхэмжлэгч компани үүнийг эсэргүүцэхгүй байгаа. Мөн нэхэмжлэгч компанид анх газар ашиглах эрх олгох тухай Тушаал гаргахдаа хуулийн 11.7 дахь заалтыг үндэслэсэн тул хуулийн тус заалт, газрын зориулалт зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн 4.1.10-4.1.16 дугаартай хэсгүүдэд нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх хугацааны хувьд дуусгавар болсон талаар дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, “анх 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/719 дугаартай тушаалаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон тул 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус эрх дуусгавар болсон” гэх агуулга бүхий дүгнэлтийг шүүх хийсэн. Гэвч газар ашиглах эрхийн 5 жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө Сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дугаартай тушаал гарч, тус тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон юм. Иймд “нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь 2021 онд дуусгавар болсон” гэх шүүхийн дүгнэлт огт үндэслэлгүй юм. Нэгэнт газар ашиглах эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2017 онд Сайдын тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул газар ашиглах эрх 2017 онд дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Иргэн Т.Ганбатын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамд холбогдох захиргааны хэрэгт яг дээрхтэй ижил нөхцөл байдалтай байсан. Тодруулбал, газар ашиглах эрхийн 5 жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө Сайдаас газар ашиглах эрхийг хүчингүй болгох” тушаал гарсан. Тус тушаалыг нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн хугацаа нь дуусгавар болсны дараа мэдэж маргасан. Тус захиргааны хэрэгт би гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож, дээрх байдлаар буюу энэхүү хэргийн шүүхийн шийдвэрийн дүгнэлттэй ижил агуулгаар маргасан. Гэвч анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх бидний тус үндэслэлийг хүлээж аваагүй. Иймд хууль хэрэглээ, тайлбарын хувьд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй юм. Мөн энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5 дахь заалтыг зөрчсөн, тушаалын үндэслэлд хамааралгүй асуудлыг дүгнэж, шийдвэр гаргасан хэрэг.

Гуравдагч этгээд иргэн Ч.С-т газар ашиглах эрх олгосон Сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дугаартай тушаалын хувьд Газрын тухай хуулийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч ... шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрын эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүссэн. Гэтэл үүний дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сайдын дээрх тушаалаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газарт гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсэж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад бусдад газар ашиглах эрх олгосон. Тухайн үйл баримтын талаар талууд маргаангүй болно. Энэ нөхцөлд Сайдын тушаал нь Газрын тухай хуулийн 40.5 дахь заалтыг зөрчсөн болох нь ойлгомжтой, маргаангүй юм. Иймд Сайдын дээрх тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар “Б” ХХК-д Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам, Богдхан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалтаар 0.07 га газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах зөвшөөрөл олгож, уг захирамжийг үндэслэн 2016/*** дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгожээ.  

          3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын зориулалтыг аялал жуулчлал гэж бичсэн, компанийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д заасныг зөрчөөгүй, газар ашиглах эрхийн 5 жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө Сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээртэй тушаал гарч, тус тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй хэмээн маргажээ.

          4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалаар “...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 3, 39 дүгээр зүйлийн 2, 40 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 366 тоот саналыг тус тус үндэслэн... Ардын хувьсгалын 15 жилийн ой, 1936 оны их баяр наадмын өмнө бүтээсэн Соёмбот Уулын тэмдэг нь Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэгдэлийг илэрхийлдэг бөгөөд 80 гаруй жилийн түүх, соёлын өвийн дурсгалт газар учраас түүнийг ирээдүй хойч үедээ уламжлан өвлүүлэх, унаган төрхийг хамгаалах зорилгоор ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 14 дэх хэсгийн “Б” ХХК-д холбогдох газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

   5. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний 12/** дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан толгойн баруун талд байрлах Соёмбот толгойг Хан-Уул дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн бөгөөд уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, уг дурсгалын цогцолборын хил зааг, эргэлтийн цэгийн солбицлууд кадаС-трын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.  

          6. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/** дүгээр Шинжээчийн дүгнэлтээр “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар “Б” ХХК-д олгогдсон 2016/226 дугаар гэрчилгээ дээрх солбицлоор олгогдсон талбайн зүүн доод захаас үзэхэд Хувьсгалын 100 жилийн ой мандтугай хүртэл 228.52 метр, Соёмбын доод хэсэг хүртэл 252.24 метрийн зайтай” болох нь тогтоогджээ.

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл  Хамгаалалтын бүсийн дэглэм “Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлнэ.”, 11 дүгээр зүйлийн 7-д дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”, 12 дугаар зүйлийн 5-д дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаанд “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;” гэж тус тус заасан.

          8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/*** дугаар “Дотоод бүсийг шинэчлэн батлах тухай” тушаалаар “Б” ХХК-ийн ашиглаж байсан газар нь хязгаарлалтын бүсээс хамгаалалтын бүсэд хамаарагдах болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

          9. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрх зүйн харилцаа дуусгавар болсныг харгалзан үзээд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

          10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болсон ба Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим сиС-темээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж зааснаар хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан эсэх болон тухайн газраа ашиглаж байсан  талаарх баримт хэрэгт авагдаагүй, газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлт гаргаж байснаа нотлоогүй байна.  

          11. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “түүх соёлын дурсгалт газар” энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг ойлгох бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т соёлын өвд хохирол учруулж болзошгүй “палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан С-танц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох”-ыг хориглохоор тус тус зохицуулжээ. 

          12. Гуравдагч этгээд Ч.С-т “...тухайн газартаа он удаан жил амьдарч байгаа...үндэслэлээр газар ашиглуулахыг дэмжсэн” Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр “Газар ашиглах эрх олгох тухай” тушаалын хавсралтаар Хан-Уул дүүрэг, Зайсангийн ам, Богдхан Уулын дархан цаазат газарт, 976.8 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар ашиглах зөвшөөрөл олгож, уг захирамжийг үндэслэн 02***** дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгосон байна.

          13. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.3-т “энэ хуулийн 45.5-д зааснаас бусад зорилгоор гэр, сууц, барилга, байгууламж барих” үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-д түүх соёлын дурсгалт газар үйл ажиллагаа явуулахыг хориглох зорилгоор газар ашиглах эрхийг дуусгавар болгосон атлаа ийнхүү гуравдагч этгээд Ч.С-т тухайн газарт /ертөнцийн зүгээр нэхэмжлэгчийн ашиглаж байсан газрын зүүн талд залгаа байршилд/ ашиглуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

   14. Нөгөө талаас нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа болох нь нэгэнт холбогдох баримтаар нотлогдож байгаа, хэдийгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний 12/35 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын Соёмбот толгойг Хан-Уул дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн, уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, уг дурсгалын цогцолборын хил зааг, эргэлтийн цэгийн солбицлууд кадаС-трын мэдээллийн санд бүртгэгдээгүй боловч агаарын зураг, шүүхээс хийсэн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тухайн Соёмбот толгойн талдаа байршиж байсан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй, мөн Ч.С-т газар ашиглах эрх олгосон шийдвэрийг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрх сэргэх боломжгүй юм.    

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар зөв дүгнэсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0315 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 39 дүгээр зүйлийн 2” гэсний дараа “10 дугаар зүйл,  Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 38 дугаар зүйлийн 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.3” гэж нэмж өөрчлөн, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА