Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 123/ШШ2021/0023

 
 

 

 

 

 

 

 

 

 

                       Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ч.Одсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням, нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Т, хариуцагчийн өмгөөлөгч Л.М нарыг оролцуулан,  “Ю” ХХК-иас Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Т, хариуцагчийн өмгөөлөгч Л.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэж байгаа тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

нэхэмжлэгч нь Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, газрын тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэх,

хариуцагч нь Монгол Улсын Засгийн газраас 2010 оны 140 , 2016 оны 154 дүгээр тогтоолд нэмэлт оруулж тусгай хэрэгцээний газрын хэмжээг өргөтгөх төлөвлгөөтэй. Үүнийг Засгийн газар шийдвэрлэсний дараа Сумын газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын хэмжээг багасгаж 2022 онд багтаан газар эзэмшүүлэх”-ээр талууд эвлэрэн тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 21/24 дугаар итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Мд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 заасан бүрэн эрхээс эвлэрэх эрхийг олгожээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт “нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, мөн зүйлийн 68.4 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж гэж тус тус заасантай нийцсэн, хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын “нэхэмжлэгч Ю” ХХК  нь Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, Газрын тухай хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэх, хариуцагч  С сумын Засаг дарга сумын газрын зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын хэмжээг багасгаж 2022 онд багтаан газар эзэмшүүлэх”-ээр эвлэрснийг баталж, “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Ч.ОДСҮРЭН