Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
Хэргийн индекс | 139/2018/00668/И |
Дугаар | 700 |
Огноо | 2018-11-01 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 700
2018 оны 11 сарын 01 өдөр Дугаар 139/ШШ2018/00700 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б би М.М, П.О, М.Э, О.Н нарын нэхэмжлэлтэй Ж ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгч О.Н нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч, Д.Д, нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.М, П.О, М.Э, О.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Ж ХХК-ний үндсэн ажилчид, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 7 сарын 1-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ ямар нэгэн алдаа зөрчил дутагдалгүй гүйцэтгэж ирсэн. Гэтэл Ж ХХК нь өмнөх хувьцаа эзэмшигчтэй хийсэн маргаантай асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэх шалтгаанаар 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс сул зогсолт зарлаж Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ж ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалын дагуу бид сул үогсолтын олговроо авч эхэлсэн ба уурхайн үйл ажиллагаа эргэн сэргэхгүйгээр өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байгаагаас бидний эрх зөрчигдсөөр байна. Бид 2017 оны 07 сард сул зогсолтын олговроо авсан. Гэтэл шүүхийн маргаантай асуудлаас шалтгаалж биднийг ажиллуулж байсан компаний өмчлөгч өөрчлөгдсөн болохыг хожим мэдсэн ба ажилчдын цалин хөлс нйигмийн болон эрүүл мэндийн даатгалаа цаг хугацаанд нь төлөхийг шаардахаар шинээр томилогдсон компаний гүйцэтгэх захиралтай уулзахаар удаа дараа хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, заримдаа бидэнтэй уулзахаас татгалзах зэргээр элдвээр хуурч мэхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд бидний эрх ашгийг зөрчиж байна. Ажил олгогчоос бидэнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй ба бид одоо ч энэ компаний үндсэн ажилтан хэвээр байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Ажил албан тушаал нь хэвээр хадагалагдаж байгаа ажилтаны хөдөлмөрийн гэрээг аж ахуй нэгж байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” 40.4 дэх хэсэгт “Аж ахуй нэгж байгууллагын харъяалал өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байх ба ажилчид бидний ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэгчид бид дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т зааснаар “Ажилтны цалингийн хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног дутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж ажилтанд олгоно” гэж заасан тул сул зогсолтын олговорт дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:
Ж ХХК-ний гүйцэтгэх захирлын 2017 оны 7 сарын 01-ний өдрийн 17/53 тоот тушаалаар “Сул зогсолт” зарлаж ажилтануудад үндсэн цалингийн 60 хувиар сул зогсолтын үеийн олговор олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 7 сард л ажилтануудад сул зогсолтын олговорыг олгосон. Сул зогсолтын олговрыг сар бүр олгохоор шийдвэрлэснээс хойш олгоогүй тул хоногийн 0.3 хувиар тооцож алданги гаргуулна гэж хуульчилсан тул сарын 22 хоногийг 0.3 хувиар тооцоход 6.6 хувийн алдангийг нийт 14 сарын хугацаанд сул зогсолтын олговрыг олгоогүй байна гэж үзэж дараах байдлаар алданги гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:
Нийт нэр бүхий 4 нэхэмжлэгчийн сул зогсолтын олговорт 24.049.200 төгрөг алдангид 1.587.222 төгрөг нийт 25.636.422 төгрөг гаргуулах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 сард ажил зогссон тэгээд үндсэн цалингийн 60 хувийг олгосон нийт 2017 оны 8 сараас 2018 оны 09 сарыг дуустал хугацааны сул зогсолтын олговор, алдангийг нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж ХХК-ны уулын баяжуулалт салхит үйлдвэрийн уурхайн тогоочоор ажилладаг байсан 2017 оны 06 сард ажилд орсон бөгөөөд үндсэн цалин буюу сарын цалин 460.000 төгрөгөөр ажиллаж ирсэн 2017 оны 07 сарын 1-нээс манай компани сул зогсолт зарлаж одоог хүртэл ажиллахгүй хохирч байна. Иймд үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх 14 сарын олговор 3.864.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нар нь сул зогсолтын үеийн олговор 24049200 төгрөг, алданги 1587222 төгрөг, нийт 25636422 төгрөгийг хариуцагч Ж ХХК- иас гаргуулах, нэхэмжлэгч нарт олгох олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч М.М, П.О, М.Э, О.Н нар нь Ж ХХК-н ажилтнууд мөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, Ж ХХК-н захирлын 2015 оны 15/25, 2016 оны 16/5/108, 16/121 дугаартай тушаалын хуулбаруудаар нотлогдож байна. /ХХ- 4-7, 11-13, 19-22, 24-27-рт/
Нэхэмжлэгч М.Мөнхучрал, П,О, М.Э нар нь сарын 801000 төгрөгийн, нэхэмжлэгч О.Н нь 460000 төгрөгийн үндсэн цалинтай байсан болох нь хэрэгт авагдсан “Ж” ХХК-ийн захирлын 2015 оны 150907 дугаартай “Үндсэн цалингийн сүлжээ, жишиг тогтоож батлах тухай” тушаалын хуулбараар нотлогдож байна. /ХХ-29-38-рт/
Хариуцагч нь 2017 оны 07 дугаар сарын 01 нээс эхлэн сул зогсолт зарласан болох нь, сул зогсолтын хугацаанд ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /ХХ-41-рт/
Нэхэмжлэгч нар нь 2017 оны 08 дугаар сараас эхлэн сул зогсолтын олговроо аваагүй болох нь нэхэмжлэгч нарын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна. /ХХ-3, 9-10, 17-18, 39-рт/
Хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч С.Оюунбатад 2018 оны 10 сарын 11 өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж 2018 оны 10 сарын 25 дотор хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн байна.
Хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг бүрэн хангахаар шийдвэрлэлээ.
Хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч С.Оюунбатад шүүх хуралдааны товийг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчын эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.
Хариуцагч “Ж” ХХК-иас нийт 24049200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуусталх хугацааны олговор 6728400 /801000*60%=480600 , 480600*14 сар=6728400/ төгрөг, нэхэмжлэгч П.От 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуусталх хугацааны олговор 6728400 /801000*60%=480600 , 480600*14 сар=6728400/ төгрөг, нэхэмжлэгч М.Эд 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуусталх хугацааны олговор 6728400 /801000*60%=480600 , 480600*14 сар=6728400/, нэхэмжлэгч О.Нд 2017 оны 8 сараас 2018 оны 9 сарыг дуусталх хугацааны олговор 3864000 /460000*60%=276000, 276000*14=3864000/ төгрөг олгох нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дугаар зүйлийн 141.4-д зааснаар хариуцагч
“Ж” ХХК-с 255024 /03%*22 хоног=6,6%, нэг сарын олговор 276000*6,6%=18216 төгрөг, 18216*14 сар= 255024/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Нд, тус бүр 444066 /03%*22 хоног=6,6%, нэг сарын олговор 480600*6,6%=31719 төгрөг, 31719*14 сар= 444066/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.М, П.О, М.Э нарт олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нарт олгох олговор, алдангиас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Ж” ХХК-д даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нарын УТХ-д төлсөн 286.133 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 286.133 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 141.4-д зааснаар хариуцагч Ж ХХК-иас 7172466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд, 7.172.466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.От, 7172466 /долоон сая нэг зуун далан хоёр мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эд, 4.119.024 /дөрвөн сая нэг зуун арван есөн мянга хорин дөрвөн / төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Нд тус тус олгосугай.
2. Нэхэмжлэгч нарт олгох олговор, алдангиас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж , эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ж ХХК-д даалгасугай.
3. ИХШХШТХ-н 57 дугаар зүйлийн 57.1, УТХ-н тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын УТХ-д төлсөн 286.133 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж ХХК-иас 286.133 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Мд 71.533 төгрөг, нэхэмжлэгч П.От 71.533 төгрөг, нэхэмжлэгч М.Эд 71.533 төгрөг, нэхэмжлэгч О.Нд 71.533 төгрөг тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.Б