| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2022/0178/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/206 |
| Огноо | 2022-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
хохирогч С.Х*******,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Э*******,
иргэний нэхэмжлэгч Ж.А*******,
шүүгдэгч П.Б******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б*******т холбогдох эрүүгийн 2115002370164 дугаартай, 163/2022/0178/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт П*******ын Б*******, ******* аймаг, Идэр суманд 1987 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, Булагийн 3 дугаар гудамж, 2 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 35 настай, эрэгтэй, РД: .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б******* нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Галтай гэх газарт Toyota Prius 10 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.3 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклтой мөргөлдөж, улмаар тус мотоциклийн жолооч Ж.А, зорчигч С.Х******* нарын биед хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115002370164 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Жолооч Б******* нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Галтай гэх газарт Toyota Prius 10 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.3 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклтой мөргөлдөж, улмаар тус мотоциклийн жолооч Ж.А, зорчигч С.Х******* нарын биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Х*******гийн өгсөн: Шүүгдэгч надад эмчилгээний зардалд 2.300.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдсэн төлбөрийг хэрхэн барагдуулах талаар гэрээ байгуулсан. Залуу хүн учраас өөрийн гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийх байх. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. гэх мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.А*******ийн өгсөн: Миний зүгээс талийгаачийн оршуулгын зардалд 3.000.000 төгрөг гарсан үүнийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардал гэж төлбөр, мөнгө гарсан. гэх мэдүүлэг,
4. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,
5. Зам тээврийн осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
6. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Х*******гийн өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б ахын эхнэр Ганцэцэгийн хамт үхрээ сааж дуусаад байж байхад 14 цагийн үед ахын хадланд явж байсан А гэх залуу ирсэн. Тэгээд хадлан дээр өвс бухалдах хүн хэрэгтэй байна гэхээр нь би Атай мотоциклтой очоод Хангал сумын Галтайн ам гэх газарт өвс бухалдсан. Тухайн үед Ганцэцэг эгч хоол болчихсон, хоолоо ирж аваарай гэхээр нь Атай мотоцикл дээр нь сундалдаж суугаад Б ахынд очих гээд явсан. Тэгээд туслах замаас төв зам руу хөндлөн гарах гээд явж байхад хажуу талаас суудлын жижиг тэрэг орж ирээд мөргөсөн. Нэг сэрэхэд түргэн тусламж ирсэн байсан. Тухайн эмч надад тариа хийгээд Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны эрүүл мэндийн төвд ирж ковид-19 цар тахлын шинжилгээ авсан ба түргэн тусламжийн машинаар ******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирж үзүүлээд гэмтлийн тасагт хэвтсэн юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал/,
7. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Аын өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед Баяраа гэх айлын хадлан хадаж байсан. ...Тэгээд би сайжруулсан замтай нийлдэг уулзвар дөхөөд ирэхээр нь хурдаа хасаад хоёр тал руугаа машин байгаа эсэхийг харахад миний зүүн талаас нэг жижиг тэрэг нэлээд хол зайтай ирж байсан. Тэгэхээр нь би амжаад зам хөндлөн гарч чадах юм байна гэж бодоод сайжруулсан зам руу нийлээд замын нөгөө талд гарахын өмнөхөн уг машин ирээд мөргөсөн. Тэр үед миний зүүн талын хөл хугарсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг П.Б******* гэх залуу бүгдийг нь төлсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бы өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед хадлан дээр өвс хадаж байгаад А, Х******* хоёр хоол авах гээд манай зуслангийн гэрийн зүг явсан. Манай зуслангийн гэр хадлан хийж байгаа газраас ертөнцийн зүгээр хойд зүгт ******* аймгаас Хялганат тосгон гардаг сайжруулсан зам хөндлөн гараад 2 орчим км зайд байдаг юм. Тэгээд А өөрийнхөө мотоциклоо унаад Х*******г ардаа суулгаад зам хөндлөн гарах гэж байгаад машинтай мөргөлдсөн гэсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
9. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.П*******ын өгсөн: Би өөрийн хүү Б*******, Батцоож нарын хамт ******* аймгаас Хялганат тосгонд дүүгийндээ очих гээд Батдоржийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хангал сум өнгөрөөд явж байсан юм. Тухайн өдөр 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байсан. Бид нар төв замаар явж байхад баруун гар талаас мотоцикл орж ирээд мөргүүлсэн. Тухайн мотоциклийг манай хүү Б******* хараад дуут дохио өгсөн чинь тухайн мотоциклийн жолооч зогсох гэж байгаа бололтой хөлөө унжуулаад зогсох маягтай болсон. Яг тэр үед замын эгнээнд үхэр зогсож байсан бөгөөд тухайн үхрүүдийг манай хүү Б******* машинаараа тойроод гарахад цаанаас нь гарч ирээд машин мотоцикл хоёр мөргөлдсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
10. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай: Ж.Аын биед зүүн шилбэ, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 482 дугаартай: С.Х*******д сээрний 5 дугаар нугалмын их биеийн дарагдсан хугарал, баруун нум арын сэртэнгийн хугарал, 8 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авто ослын үед үүссэн байна. Сээрний 5 дугаар нугалмын их биеийн дарагдсан хугарал, баруун нум арын сэртэнгийн хугарал, 8 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Сээрний их биеийн дарагдсан хугарал нь багана нурууны дагуу шахагдах, баруун нум, арын сэртэнгийн хугарал, 8 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал нь цохигдох үед голчлон хугардаг. Эдгээр гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 621 дугаартай шинжээчийн дүгнэлт гэмтлийн зэргийг хүндэвтэр гэж тогтоосон нь үндэслэлтэй байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 114-116 дахь тал/,
12. Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаартай: Жолооч П.Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болжээ. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
13. Мөрдөн шалгах ажиллагаанд П.Б*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумаас аав П*******, ах Батцоож нарын хамт Булган аймгийн Сэлэнгэ сум руу аавын дүүгийнд очихоор явсан. Бид хэд явахдаа миний машинтай явсан ба би өөрийнхөө машиныг барьж явсан. Өдөр 15 цаг өнгөрч байхад Булган аймгийн Хангал сумын 01 дүгээр багийн нутагт Галтай гэх газрын ойролцоо явж байхад туслах замаас мотоциклтой 2 хүн ирж харагдсан. Би тэр мотоциклтой хоёр хүмүүс рүү анхааруулж дуут дохио өгсөн. Тэгтэл замын урдуур гурав, дөрвөн үхэр цуваад ороод ирэхээр нь би замын эсрэг урсгал руу орж үхрийг тойрч гарахад эсрэг урсгал дээр нөгөө мотоциклтой 2 хүн хажуугаас орж ирээд машины баруун тал руу мөргөсөн. Мөргөх үед би машины жолооны хүрдийг зүүн гар тал руу дарж машиныг замаас гаргаж зогсоосон. Харин мотоциклтой 2 хүн машин, мотоцикл мөргөлдсөн газартаа баруун гар тал руу мотоциклтойгоо унасан. Тэгээд би шууд буугаад эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхөд 30 гаруй минутын дараа эмнэлэг болон цагдаагийн хүмүүс ирсэн. Би хохирогч Ад 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн. А ямар нэгэн гомдол саналгүй гэж надад хэлсэн. Хохирогч Х*******д 1.100.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 148-149 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Х*******, Ж.А нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б, Г.Пүрэвжаргал нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, П.Б******* нь Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн магадлагаа, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр Ж.Аын биед хүндэвтэр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 482 дугаартай С.Х*******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч П.Б******* нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн Галтай гэх газарт Toyota Prius 10 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 11.3 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклтой мөргөлдөж, улмаар тус мотоциклийн жолооч Ж.А, зорчигч С.Х******* нарын биед хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч П.Б*******ийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Х*******, Ж.А нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд тээврийн хэрэгсэл ирж мөргөх үед хатуу мохоо зүйлд цохигдох байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч П.Б*******ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч П.Б******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Б*******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч П.Б*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Х*******, Ж.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч С.Х******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгч П.Б******* мөрдөн шалгах ажиллагаанд надад эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг, шүүхийн шатанд 2.300.000 төгрөгийг тус тус өгсөн. Одоо шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.840.316 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Аын өгсөн: ...Тэр үед миний зүүн талын хөл хугарсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг П.Б******* гэх залуу бүгдийг нь төлсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч П.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогч С.Х*******гийн нэхэмжилсэн үнийн дүнгээс зохих хувийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 1.840.316 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогч С.Х*******тай харилцан тохиролцож, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн. Харин шүүгдэгч П.Б******* нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Аын эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Хохирогч Ж.А нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зуурдаар нас барсан бөгөөд уг эрүүгийн хэрэгтэй хамааралгүй болох нь иргэний нэхэмжлэгч Ж.А*******ийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон.
Хохирогч Ж.А нас барсан тул хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс түүний төрсөн ах Ж.А*******ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно.
Иргэний нэхэмжлэгч Ж.А******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогч Ж.Аын эмчилгээний болон оршуулгын зардалд 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй байна гэжээ. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс талийгаачийн оршуулгын зардал нь уг хэрэгт хамааралгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин уг хэрэгт хамаарал бүхий хохирогч Ж.Аын эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч П.Б*******аас 1.840.316 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х*******д олгож шийдвэрлэлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Б*******ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 152-157 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Б******* нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг, ******* сум, 2 дугаар баг, Булагийн 3-2 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зохих хэсгийг төлсөн, шүүхээс тогтоогдсон хэмжээнд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Б*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт П*******ын Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч П.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Б*******аас гэм хорын хохиролд нийт 1.840.316 /нэг сая найман зуун дөчин мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч ******* аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-1656 тоотод оршин суух Сэнгээгийн Х******* /ФА65060283/-д олгож, иргэний нэхэмжлэгч Ж.А******* нь хохирогч Ж.Аын эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч П.Б******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР