Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

  2021         12          30                                 2022/ШЦТ/35

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Ц.Чулуунчимэг

Улсын яллагч: С.Болорзул,

Шүүгдэгч И.Н (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И. Нд холбогдох эрүүгийн 2109011831386 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .......... ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар ........... тоотод оршин суудаг, урьд улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И. Н /РД: /,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч И.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны автомашины зам дээр хохирогч Б.Нтай зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд “баруун чамархай хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цээжний зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч И.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байна. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчоос эмчилгээтэй холбоотой зардлаа нэхэмжилвэл төлнө.” гэв.

Эрүүгийн 2109011831386 дугаартай хэргээс:

Яллагдагч И.Нийн “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өдөр 12-14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11-р хорооны дэвсгэрт машинтай явж байгаад 100 айлын тийшээ явах гээд эргэтэл хажуу талаар урсгал сөрөөд приус маркийн автомашинтай хүн давхар эргэсэн. Би тэр хүн лүү уурлаад үхсэн хар писда вэ гэхэд тэр хүн машинтайгаа миний урд зогсоод машинаасаа буугаад ирсэн би бас машинаасаа буугаад очиход тэр залуу намайг барьж зүүн талын хөл рүү хавирч намайг газар унагаасан. Тэгээд машиндаа суугаад явах гээд байхаар нь би урд нь хааж зөгсөж байгаад машиных нь цонхоор тэр залуугийн баруун талын завжруу нь 2 удаа гараараа цохисон. Тэгтэл тэр залуу гартаа самсунг маркийн гар утас барьсан байсан намайг цохих үед тэр залуу утсаа газар унагаасан. Тэгээд тэр залуу цагдаа дуудахаар болоод цагдаа дуудсан ... Миний зүүн хөл рүү хавирч унагаагаад газар унасан байсан зүүн хөлөөрөө дарсан намайг цохиогүй ...Би тэр залуугийн баруун талын завж руу нь 2 удаа гараараа цохисон ...” гэх мэдүүлэг /хх- ийн 7-8 дугаар хуудас/

Хохирогч Б.Нгийн “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн үед би өөрийн 9553 УНП улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинтай Хангай хотхоны уулзвараас зүүн тийш явж байхад Саарал өнгийн машин урдаас баруун эргэх гээд зогсож байсан би уг машины урдуур явсан чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь уулзвараа нэвтэрчхээд чиний зөв юм уу машинаасаа буугаад ирсэн. Тэгээд би тэр залуутай барилцаж аваад миний хүзүүнээс заамдаад байхаар нь би тэр залууг баруун хөлөөрөө хавсарч газар унагаасан тэгтэл тэр залуу намайг тавихгүй байсан хажууд байсан хүмүүс залгаад тавиулаад би машин руугаа яваад машиндаа суугаад байж байхад тэр залуу ирээд цонхоор миний толгой нуүр орчим хэсэг гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл тэр залууг нэг залуу салгаад авсан тэгэхээр нь би цагдаа дуудна гээд утсаа гаргаж ирэхэд тэр залуу миний гар утас руу цохиход миний гар утас машин дээгүүр даваад засмал зам дээр унасан. Би бууж утсаа авахад утасны дэлгэц хагарсан тг байсан би утсаараа цагдаад дуудлага өгсөн. Миний баруун шанаа руу, уруул орчим хэсэг, хамар луу гараараа 3-4 удаа цохисон. Бас миний хоолойг өмсөж явсан цамцны захаар боогоод миний баруун гарын алганы ард тал руу гараа 1 удаа цохисон. Миний баруун шанаа руу, уруул орчим хэсэг, хамар луу гараараа 3- 4 удаа цохисон. Бас миний хоолойг өмсөж явсан цамцны захаар боогоод миний баруун гарын алганы ард талруу гараараа 1 удаа цохисон. Би тэр залууг цохисон зүйл байхгүй. Нэг удаа хавсарч газар унагаасан. Надад учруулсан гэмтлийг надтай маргалдсан саарал өнгийн машинтай залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №8559 дугаартай дүгнэлт:

1 Б.Нгийн биед баруун чамархай хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цээжний зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги, алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54 дүгээр хуудас/

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч И.Н нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны автомашины зам дээр хохирогч Б.Нтай зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зодож, түүний эрүүл мэндэд “баруун чамархай хуйх, хамрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд язрал, цээжний зүүн доод хэсэгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч И.Нийн шүүхийн шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Нгийн “...Миний баруун шанаа руу, уруул орчим хэсэг, хамар луу гараараа 3-4 удаа цохисон. Бас миний хоолойг өмсөж явсан цамцны захаар боогоод миний баруун гарын алганы ард тал руу гараа 1 удаа цохисон. Миний баруун шанаа руу, уруул орчим хэсэг, хамар луу гараараа 3-4 удаа цохисон. Бас миний хоолойг өмсөж явсан цамцны захаар боогоод миний баруун гарын алганы ард талруу гараараа 1 удаа цохисон. Би тэр залууг цохисон зүйл байхгүй. Нэг удаа хавсарч газар унагаасан. Надад учруулсан гэмтлийг надтай маргалдсан саарал өнгийн машинтай залуу учруулсан...” гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №8559 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч И.Н нь хохирогч Б.Нгийн Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэж гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч И.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч И.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Н нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээний баримтыг гаргаж ирүүлээгүй тул  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой  эмчилгээний зардлаа цаашид  нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,  хохирогчийн биед гэмтэл учрах үед түүний биедээ авч явсан Самсунг-А50 маркийн гар утас газар унаж хагарсан талаар хохирогч шүүгдэгч нар мэдүүлж байх тул “Дамно” хөрөнгийн үнэлгээний байгууллагаас тогтоогдсон үнийн дүнгээр дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Нд олгох нь  зүйтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч И.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна.  

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон  хувийн байдал, орлого олох боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч И.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6.  8,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч И. Нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 / тав / сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч И.Ннь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Нээс 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Нд олгон, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой эмчилгээтэй  зардлаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН