Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

2022        09           12                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч С.А******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А*******т холбогдох эрүүгийн 2215000000168 дугаартай, 163/2022/0203/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М Улсын иргэн, Б******* овогт *******ын А*******, Булган аймаг, ******* суманд 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 35а дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 47 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А******* нь 2022 оны 06 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Н*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000168 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.А******* нь 2022 оны 06 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт гэртээ архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ч.Н*******ийн бие, эрх чөлөөнд халдсан энэ үйлдлээрээ түүний биед зүүн зовхи, шанаа, зүүн чихний ар, баруун хацар, эрүү, цээж, хэвлий, нуруу, хоёр гар, мөр, хоёр гуя, зүүн тахимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Н*******ийн өгсөн: ...Архи уугаад сууж байснаа С.А******* чи муу янхан гээд над руу дайраад эхэлсэн. Тэгээд би зугтаах гэсэн чинь барьж аваад намайг хаа хамаагүй цохиод унагаад дээрээс өшиглөөд эхэлсэн. Тухайн үед би ханиа байж бай, ханиа гэх зэргээр худлаа аргалж байгаад зугтаагаад гараад явчихсан юм. Тэгэхэд миний бие хөх няц болчихсон арай гэж зугтаасан. Орой болохоор нь ажлынхаа өрөө рүү ороход тэнд А******* унтаж байсан. Тэгснээ сэрээд чи муу янхан хаагуур яваад ирэв гээд ахиад намайг баахан зодсон. Түүний дараа манай охин хотоос ирээд байж байхад намайг бас зодоод охин бид хоёр арай гэж зугтаасан. ...Цагдаа нар ирээд А*******ийг авч яваад миний бие өвдөөд эмнэлэгт ирсэн. ...Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8, 12-13 дахь тал/,

3. Насанд хүрээгүй гэрч Н.Ш*******ийн өгсөн: 2021 оны 03 дугаар сарын үед манай сургууль амарчихсан байхад би ******* суманд байх ээж Н******* дээрээ ирсэн юм. Тэр үед манай ээжтэй хамт А******* ах архи хувааж уугаад манай ээжийг хардаад нүүр хэсэгт нь алгадаад янхан, гичий гээд зодоод байсан. Тухайн үед цохиулаад ээжийн хамраас нь цус гарсан. Тэр үед А******* ах, ээж бид гурав байсан. ...Манай ээжийг зодоод үсдэж чирээд тэгснээ гадаа гаргаад архины шилээр цохиод зодоод байсан. Тухайн үед А******* ахын дүүгийнх нь хашаанд ээж, А******* ах нар амьдарч байсан. Саяхан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ******* суманд хичээл амраад ээж дээрээ ирсэн юм. Ирэх үед ээжийн зүүн гуя хэсэг нь хөхөрсөн, мөн гэдэс нь аймар хөхөрчихсөн байсан. Тэр үед манай ээж уйлаад надад хандан намайг А******* ийм болгочихлоо ээж нь ямар хүний гарт оровоо гэж хэлж байсан. Намайг ирсэн өдөр А******* ах манай ээжийг үхэж байсан пизда, янхан, гичий гэх зэргээр доромжлоод шууд үсдэж аваад газар унагаагаад толгой дээр нь 4 удаа дэвссэн. Одоо нүүр нь хавдсан байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

4. Гэрч Ч.С*******ийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед байх ажил дээр байж байхад манай дүү над руу утсаар залгаад Н*******ийг А******* нь зодоод аймар болгоод хаячихсан байна гэсэн. Одоо Н******* сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн эгчийг аваад ******* сум руу явсан. Ирээд Н******* дүүгээ ирээд харахад хамаг бие нь хөх няц болчихсон, өөрөө сайн ярьж чадахгүй байсан. Тухайн үед А******* намайг зодоод ийм болгосон гэж хэлж байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

5. Гэрч Б.З*******ын өгсөн: Очиход бол хоёр гар нь мурийж таталт өгөөд өөрөө бас согтууруулах ундаа хэрэглэчихсэн урдаас уйлаад өмдөө шувталж гуяа хөх няц болсон зэргээ харуулж байсан. Тухайн үед манай нөхөр А******* зодсон гэж ярьж байсан. Удаа дараа зодож байна гэж хэлж байсан. Тэгээд би энэ талаар сумын цагдаад мэдэгдсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

6. Гэрч Ч.Мын өгсөн: Бие хаа нь хөх алаг болчихсон, А******* намайг зодлоо гэчихсэн явж байдаг. Аллаа гээд орилж байхад нь би нэг удаа орж салгаж байсан. Мөн 3-4 хоногийн өмнө Ч.Н******* эгч орой согтуу аллаа гэж манайд орж ирээд сууж байгаад гараад явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 9052 дугаартай: Ч.Н*******ийн биед зүүн зовхи, шанаа, зүүн чихний ар, баруун хацар, эрүү, цээж, хэвлий, нуруу, хоёр гар, мөр, умдаг, хоёр гуя, зүүн тахимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

8. Мөрдөн шалгах ажиллагаанд С.А*******ийн яллагдагчаар өгсөн: 2022 оны 06 дугаар сарын сүүлчээр өдрийг сайн санахгүй байна. Булган аймгийн ******* сумын Наран үсчинд хамтран амьдрагч Ч.Н*******тэй хоёулаа 1 ширхэг Хараа нэртэй 0.5 литрийн архи хувааж уусан. ...Маргааш өглөө архиндаа тасраад сэрэхэд хамтран амьдрагч маань гэрт байхгүй болохоор нь хүнээс асууж сураглахад сумын эмнэлэгт хэвтэж байгаа гэж байсан. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд 2020 оноос нэг гэрт хамт амьдарч байгаа. Хэдэн удаа хамтран амьдрагчаа зодож цохиж байсан. 2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр гэртээ агсам тавьж улмаар 10 хоног баривчлагдаж байсан. Хамтран амьдрагчийнхаа хохирлыг барагдуулж бэлнээр 900.000 төгрөг төлсөн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ч.Н*******ийн өгсөн болсон үйл явдал хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Ш*******, гэрч Ч.С*******, Б.З*******, Ч.М нарын өгсөн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.А*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад дээрх үйл баримтаар шүүгдэгч С.А******* нь 2022 оны 06 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд архидан согтуурсан үедээ Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ч.Н*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжлон маргалдаж, улмаар түүний биед зүүн зовхи, шанаа, зүүн чихний ар, баруун хацар, эрүү, цээж, хэвлий, нуруу, хоёр гар, мөр, умдаг, хоёр гуя, зүүн тахимын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл хөдөлбөргүй нотлогдож байна.

Шүүгдэгч С.А*******ийн хохирогчийг цохисон, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

Шүүгдэгч С.А*******ийн гэр бүлийн гишүүний бие, эрх чөлөөнд удаа дараа халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч Ч.Н*******, насанд хүрээгүй гэрч Н.Ш*******, гэрч Ч.С*******, Б.З*******, Ч.М нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч С.А******* нь гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримт нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч С.А*******ийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.А*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Ч.Н******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй байна.

Харин шүүгдэгч С.А******* нь эхнэр Ч.Н*******ийн эмчилгээний зардалд 900.000 төгрөгийг зарцуулсан гэх тайлбарыг өгсөн байна.

Шүүхээс хохирогч Ч.Н*******т шүүх хуралдааны товыг мэдэгдэж залгахад тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.А*******ийг бусдад төлөх төлбөргүй тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.А*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.А*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 45-89 дэх талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд, зөрчлийн 2115000534 дугаартай хэргийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.А******* нь Булган аймаг, ******* суманд 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймаг, ******* сум, 4 дүгээр багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 35а дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, 47 настай зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.А*******ийн хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, түүний оршин суугаа газар буюу Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч С.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон хараат овогт *******ын А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжтэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А*******ийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А*******т оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт хийлгэхээр зааж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С.А*******т сануулсугай.

 

4. Шүүгдэгч С.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч С.А******* нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ОТГОНБААТАР