Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар   2022/ШЦТ/1137

 

2022         07         26                                          2022/ШЦТ/1137

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******юушжав даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, 

улсын яллагч Ч.Батзориг,

иргэдийн төлөөлөгч Б.Анхбаяр,

хохирогч Б.Д,

гэрч Ж.У, М.Э,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 01497 1425 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

М овогт *******

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.А нь “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Жаргалантын 3 дугаар гудамжны .... тоот өөрийн гэртээ архидан согтуурах үедээ хохирогч Б.Д-той тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирлыг санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Анх гэртээ орж ирэхэд У-г шинэ мах авсан ирж хоол ид гээд дуудсан байсан. Тэгээд 0.330 граммын шилтэй архинаас 2 татчихаад хүн утсаар яриад байна гээд гараад явчихсан. Даваа эд нартай архи уусан юм шиг байна лээ. Орой 22 цагийн үед танайд хоноё гэж ирсэн. Тэг тэг гээд оруулсан. Бид нар хааяа хамт шатар тоглодог. Би эд нарыг ирнэ гээд 1 шил архи авчихсан байсан. Бид нар дуулж хуурдаад байж байсан чинь “найздаа муу архи гаргаж ирлээ” гээд маргалдсан. Тэгэхээр наадах чинь үйлдвэрийн архи шүү дээ гэж хэлсэн. Тэгээд өмнө 2 татсан байсан учраас миний толгой эргээд байсан. Би Онцгой байдалд 10 гаран жил ажилласан. Надад Онцгой байдлын 100 жилийн медаль өгсөн. Би энэ хоёрт үзүүлсэн чинь шидчихсэн. Ямар гавьяа байгуулсан юм бэ? гээд байсан. Тэгэхээр нь “чи одоо согтсон байна, яв” гэж хэлсэн. Тэгээд явах гэж гараад бие засаад ороод ирсэн. Тэгээд гарах гэж байгаад миний гутал хувцсыг өмсөх гээд байхаар нь өөрийнхөө гутлыг өмс гэж хэлсэн. Би хутга шөвөгний талаар яриагүй. Тэгээд медаль аваад шидэнгүүт нь цочирдоод хутга барьж босч ирсэн. Тэгсэн чинь Буриадууд дүрдэг гэсэн гээд байсан. Тэгээд намайг цохих гэж байна гэж бодоод биед нь хүрсэн. Би хүн хутгалчихлаа гээд орон гаран болсон байсан. Би яаж эрүүлжүүлэхэд очсоноо санахгүй байна. Тэгээд эрүүлжүүлэхээс гарч ирэхэд надаас мэдүүлэг авсан. Би өмнө ийм хэрэгт холбогдож байгаагүй гэв.

Хохирогч Б.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 05 дугаар сарын 08-ны орой Ж.У ахыг хөдөө явах гэж байна гэхээр нь уулзсан. Бид нар уулзаад 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд А ахын гэрт очиж хононо гэхээр нь хамт очсон. Манай гэртээ ойрхон байдаг. Хамт архийг нь хувааж ууж ярьж суусан. Би Буриадын хүү хутгалчихдаг гэж хэлсэн нь үнэн. Тэрэнд эмзэглээд огцом уурлаад хутга аваад боссон. Түрхэн зуур ийм үйл явдал болсон. Бид нар хамт таксинд явдаг хүмүүс. Дараа нь одон медалиа үзүүлэхээр нь авч шидсэн. Миний бодлогогүй үгнээс болж ийм үйл явдал болсон” гэх мэдүүлэг,  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-11-р тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Д-ийн “...таних ах Ж.У-тай ...Жаргалантын 3 дугаар гудамжны ... тоотод байх ******* ахынд очиж, 0,75 граммын “Ерөөл” нэртэй архийг хувааж уучхаад, ...гэрлүүгээ явахаар хувцсаа өмсчхөөд сууж байхад ******* ах согтуурхаж, хутга шөвөг яриад байхаар нь “буриадын хүүхэд хутгалчихдаг гэсэн шүү" гэж хэлэхэд, би буриадын хүүхэд гэж хэлээд хар өнгийн иштэй том хутгаар миний зүүн талын хэвлий хэсэгт нэг удаа хутгалахад нь Ж.У ах голоор орж болиулсан. ...Ж.У ахын эхнэр Билэгээ эгч цаад өрөөнөөсөө гарч ирээд, миний гэр бүлийн хүмүүсийг дуудахад, удалгүй эхнэр Л.Дэлгэрхишиг, хүү Д.Гүндсамба нар ирж цагдаа болон эмнэлэг дуудсан. Тухайн газар өөр ямар нэгэн маргаан зодоон болсон зүйл байхгүй. ...Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирэхэд, эмч нар үзээд хэвлий хэсэгт гүн шархтай цус их алдсан учир хагалгаанд орох шаардлагатай гээд хагалгаанд оруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 17- 18-р тал/,

-Гэрч Д.Г-ын өгсөн “...би яаралтай очиход, А аав Д-г хутгаар хэвлий хэсэгт нь хутгалчихсан, аав орон дээр нь шархаа дараад хэвтэж байсан. Би шууд 103-т дуудлага өгсөн. ...ямар шалтгааны улмаас аавыг хутгалсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

- Гэрч М.Э-н өгсөн “...маргалдаж байгаад хоорондоо барьцалдах шиг болохоор нь өрөөнөөс гарч очиход, Даваа ширээний хажуу талд дээшээ харчихсан гэдсээ дарчихсан сууж байхаар нь юу болсон талаар асуухад, Уртбаяр нөхөр *******-г хутгалсан талаар хэлсэн учир Д-г хойш нь хэвтүүлж цамцыг нь сөхөж үзэхэд, 3 см орчим хэмжээтэй шарх үүсчихсэн, цус гарч байхаар нь маск болон алчуураар дарж, эхнэрийг нь дуудахад, эхнэр нь хүүгийнхээ хамт ирж хүү нь эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Нөхөр С.А, Д-тай маргалдсаны улмаас хүзүү хэсэг нь бага зэрэг улайсан байдалтай, цамц нь урагдсан байсан, өөр гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй. Миний хувьд хажууд нь байгаагүй учраас яг ямар үйлдэл гаргаж, юу болсон болохыг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

- Гэрч Ж.У-ын өгсөн “...22 цагийн үед А-ийн гэр лүү Даваатай хамт очсон. Даваа нь А-ийн гэрт очоод, А-д “чи муу архи авч өглөө, мөнгөгүй” гэх мэтээр дорд үзсэн өнгө аясаар яриад байсан. ...Д-ийн биед А гэмтэл учруулсан ба ...хэвлий хэсэгт хутгалж гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хх- ийн 26-27-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 5380 дугаартай “1. Б.Д-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд сул цус /мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар, амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 76-77-р тал/,

- Шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Цэргийн төв эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 254 дугаартай албан бичиг, хавсралт баримт болон бусад баримтууд зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч Ч.Батзориг  “шүүгдэгч С.А нь “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Жаргалантын 3 дугаар гудамжны 21 тоотод өөрийн гэртээ архидан согтуурах үедээ хохирогч Б.Д-той тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд сул цус /мэс заслын дараах байдал/ бүхий” хүнд хохирлыг санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгч *******-ийн өмгөөлөгч Л.М “Шүүгдэгч нь хохирогчийн биед гэмтэл учруулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Гэм хорын хохиролд 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй гэж байгаа боловч цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлдэг. Шүүгдэгч, гэрч, хохирогч нар найз нөхдийн холбоотой байна. Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ гэмт хэрэг нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн. Ажлын газрын тодорхойлолт, хувийн байдал зэргээс өс санасан гэдэг зүйл харагдахгүй байна. Шүүгдэгч А нь медалиа бахархан үзүүлтэл авч шидсэн, уурлахад нь буриадын хүү буцдаггүй дүрдэг биз дээ гэх зэргээр маргаснаас болж уур нь хүрсэн. Үндэс угсаагаар доромжилсон гэж мэдүүлж байна. Өөрийнх нь хувьд бахархалтай зүйл байна. Тухайн хугацаанд нэр төр алдар хүндийг гутаан доромжилсоноос болж гэнэтийн цочролд орж гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Хэргээ хүлээн мэдүүлсэн гэж байгаа боловч 01 цагт эрүүлжүүлэгдсэн. Эрүүлжүүлэхээс гаргаж ирээд шууд мэдүүлэг авсан. Өмгөөлөгч авахгүйгээр та ярь гэж мэдүүлэг авсан. Тэр аяар нь хуулж аваад дурдсан байна. Хэргээ хүлээж байгаа гэх үндэслэлгүй байна. Хууль зүйн үүднээс холбогдуулан прокуророос 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”-аар зүйлчилснийг хөнгөрүүлж “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” буюу 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.А нь “2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Жаргалантын 3 дугаар гудамжны ....тоот өөрийн гэртээ архидан согтуурах үедээ хохирогч Б.Д-той тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирлыг санаатай учруулсан болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-11-р тал/,

- Хохирогч Б.Д-ийн өгсөн “......гэрлүүгээ явахаар хувцсаа өмсчи                                                хөөд сууж байхад ******* ах согтуурхаж, хутга шөвөг яриад байхаар нь “буриадын хүүхэд хутгалчихдаг гэсэн шүү" гэж хэлэхэд, би буриадын хүүхэд гэж хэлээд хар өнгийн иштэй том хутгаар миний зүүн талын хэвлий хэсэгт нэг удаа хутгалахад нь Ж.У ах голоор орж болиулсан. гэх мэдүүлэг /хх-ийн 17- 18-р тал/,

- Гэрч М.Э-ийн өгсөн “...маргалдаж байгаад хоорондоо барьцалдах шиг болохоор нь өрөөнөөс гарч очиход, Даваа ширээний хажуу талд дээшээ харчихсан гэдсээ дарчихсан сууж байхаар нь юу болсон талаар асуухад, У нөхөр *******-г хутгалсан талаар хэлсэн учир Д-г хойш нь хэвтүүлж цамцыг нь сөхөж үзэхэд, 3 см орчим хэмжээтэй шарх үүсчихсэн, цус гарч байхаар.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

- Гэрч Ж.У-ын өгсөн “...Д-ийн биед А гэмтэл учруулсан ба ...хэвлий хэсэгт хутгалж гэмтээсэн.” гэх мэдүүлэг /хх- ийн 26-27-р тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 5380 дугаартай “1. Б.Д-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч сэмж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд сул цус /мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүсэх боломжтой. З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар, амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 76-77-р тал/,

- Шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Цэргийн төв эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 254 дугаартай албан бичиг, хавсралт баримт болон бусад баримтууд зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичмэл нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхыг хуульчилжээ.

Шүүгдэгч *******, хохирогч Б.Д нар урьдын танил харилцаа холбоотой бөгөөд  тухайн цаг хугацаанд хэн аль нь согтуурхаж Д нь *******-д хандан муу архи авч өглөө гэснээс эхлэн маргалдаж хувийн таарамжгүй байдал бий болсон байх бөгөөд хохирогч нь хувцсаа өмсөөд гарч явах гэж байхад цаана мах эвдэхээр тавьсан байсан хутгаа авч  хутгалсан байгааг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Д-ийг хутгалсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 Иймд *******-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг ухамсарлан мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.    

******* нь хүний эрүүл мэндэд хутга хэрэглэн халдаж хүнд хохирол санаатай учруулсан тул зэвсэг хэрэглэсэн үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3 дахь хэсэгт “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргах” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заажээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Анхбаяраас шүүгдэгч *******-г гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч ******* гэм хорын хохиролд 2.000.000 төгрөг төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хохирогч Б.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ  “шүүгдэгч *******-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгчийг нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүний эрүүл мэндийн байдал, хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар 3/2-с багагүй ял шийтгэл оногдуулж өгөөч” гэх дүгнэлт гаргасан болно.  

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой бөгөөд шүүгдэгч ******* гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай хүнд гэмт хэрэгт хамаарна. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хутга хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн,  хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үг хэллэг бас нөлөөлсөн зэрэг байдал, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгчид 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан *******-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх ба шүүгдэгч ******* нь хохирогчид 2.000.000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******-д 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хохирогч Б.Д нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                *******ЮУШЖАВ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ОДОНТУУЛ

                                                ШҮҮГЧ                                   Ц.МӨНХТУЛГА