Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

   2021       12          30                                   2022/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч П.Дэлгэрмаа,

хохирогч Б.У,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овогт Э-ын Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2103004060391 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт .............................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ... Б, /РД: ......./;

Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээр “Мерседес бенз Жи 500” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан “Тоёота Ациа” маркийн ........, “Тоёота приус” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, “Тоёота Ациа” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Оын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Т.Аын эрүүл мэндэд хүнд, Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Т.Аын “...араас автомашин хурдтай ирж мөргөөд түс хийх чимээ гараад би амьсгал авч чадахгүй, юм ч хэлж чадахгүй байсан.. Бүх юм харанхуйлаад ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжпэгч Г.Мын “...Тухайн үед би Тоёота приус 20 маркийн 00-00 УНО улсын дугаартай автомашинийг жолоодоод явж байтал хойноос хар өнгийн Мерседес бенз Жи 500 маркийн автомашин хурдтай орж ирээд миний жолоодон явж байсан машины баруун гар тал хэсэгт шүргээд миний баруун гар талд явж байсан хар өнгийн Тоёота Ациа маркийн автомашиныг мөргөөд цааш явчихсан. Миний зүгээс автомашины эвдрэл, гэмтлийн үнэлгээ гарсан 745.000 төгрөг, үнэлгээний ажпын хөлс 50.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэний 8.000 төгрөг, нийт 803.000 төгрөгийг буруутай жолоочоос нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53, 80 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч И.Бийн “...Тоёота Ациа маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. ...Үнэлгээгээр гарсан зардал мөнгийг буруутай жолоочоос нэхэмжилнэ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бын “...автомашины хойд талаас машин мөргөх шиг болоод пад гээд явчихсан. Би нэг хэсэг балмагдаад найз Аыг дуудахад юм дуугарахгүй байсан. ...Миний дотор муухай оргиод толгой өвдөөд байхаар нь өөрийгөө үзүүлэхэд биед ил гэмтэл байхгүй, толгойны томографийн зураг авахуулах шаардлагатай гэхээр нь тэр оройноо авахуулаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61,63 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Оын “...Би цаашид гарах эмчилгээний зардал мөнгөө гаргуулна. Тоёота Ациа маркийн ........ улсын дугаартай автомашин нь манай ээжийн нэр дээр байдаг тул ээж Б нэхэмжлэх байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11629 дугаартай шинжээчийн:

  1. Т.Аын биед хүзүүний 2,3-р нугалмын их бие, шүдлэг сэртэнгийн хугарал, хүзүүний 2,3-р нугалмын түвшинд нугасны эдийн няцрал, хүзүүний 5,6-р нугалмын мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 98-100 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11623 дугаартай шинжээчийн:

1.Ц.Оын биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 128-130 дугаар хуудас/,

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-15 дугаар хуудас/,

"Итгэлт Эстимэйт” ХХК №449 “...Эзэмшигчийн нэр: З- ХХК ...Үйлдвэр загвар: "Тоёота приус 20” Улсын дугаар: .............Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 745.000...” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 150-153 дугаар хуудас/,

“Итгэлт Эстимэйт” ХХК №450 “...Эзэмшигчийн нэр: И.Б ...Үйлдвэр загвар: “Тоёота Ациа” Улсын дугаар: ........ ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 9.670.000..” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 141-145 дугаар хуудас/.

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл "...Э- овогтой Бийг драйгер багаж ашиглан шалгахад 2,26% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, 2.26%-ийн согтолттой үедээ 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээр “Мерседес бенз Жи 500” маркийн 00-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас урдаа явсан “Тоёота Ациа” маркийн 00-00 УНР, “Тоёота приус” маркийн 00-00 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, “Тоёота Ациа” маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Оын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Т.Аын эрүүл мэндэд хүнд, Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Аын “...араас автомашин хурдтай ирж мөргөөд түс хийх чимээ гараад би амьсгал авч чадахгүй, юм ч хэлж чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжпэгч Г.Мын “...Тухайн үед би Тоёота приус 20 маркийн 00-00 УНО улсын дугаартай автомашинийг жолоодоод явж байтал хойноос хар өнгийн Мерседес бенз Жи 500 маркийн автомашин хурдтай орж ирээд миний жолоодон явж байсан машины баруун гар тал хэсэгт шүргээд миний баруун гар талд явж байсан хар өнгийн Тоёота Ациа маркийн автомашиныг мөргөөд цааш явчихсан... ” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч И.Бийн “...Тоёота Ациа маркийн 00-00 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. ...Үнэлгээгээр гарсан зардал мөнгийг буруутай жолоочоос нэхэмжилнэ... ” гэсэн мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Бын “...автомашины хойд талаас машин мөргөх шиг болоод пад гээд явчихсан. Би нэг хэсэг балмагдаад найз Аыг дуудахад юм дуугарахгүй байсан. ...Миний дотор муухай оргиод толгой өвдөөд байхаар нь өөрийгөө үзүүлэхэд биед ил гэмтэл байхгүй, толгойны томографийн зураг авахуулах шаардлагатай гэхээр нь тэр оройноо авхуулаагүй...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Оын “...Би цаашид гарах эмчилгээний зардал мөнгөө гаргуулна. Тоёота Ациа маркийн 00-00 УНР улсын дугаартай автомашин нь манай ээжийн нэр дээр байдаг тул ээж Б нэхэмжлэх байх...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №11629, №11623 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, "Итгэлт Эстимэйт” ХХК №449, №450 үнэлгээний тайлангууд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Бийг гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн зүйлийн  3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх боловч жолооч Э.Б нь уг гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэргээс үзэхэд тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

         Шүүгдэгч Э.Б нь  хохирогч Т.Ад 50.000.000, иргэний нэхэмжлэгч Б.Бд 380.000 төгрөг, Ц.От 345.700 төгрөг, И.Б 14000.000 төгрөг, Г.Мд 805000 төгрөг тус тус төлж барагдуулсан, хохирогч иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй хохирлоо бүрэн хүлээн авсан талаарх санал хүсэлтээ хэргийн материал танилцсан тэмдэглэлд  илэрхийлсэн байх тул Э.Бийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Шүүх шүүгдэгч Э.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.Аын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Б.Б- гаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлүүд хангагдсан байх тул хүсэлтийг хангаж хурлыг даруй үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч Э.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо бүрэн барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзээд прокурорын саналыг хүлээн авч  шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн Ерөнхийн ангийн 6.7 дугаар 1 дахь хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж,  шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ. 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

          Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2,  38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1. Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Боржигин овогт Э-ын Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассугай. 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Бийг шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа  өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Б нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ДАРЬСҮРЭН