| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2022/1361/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1383 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1383
2022 9 26 2022/ШЦТ/1383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Ч-ийн Ут холбогдох 2206 03689 2778 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.У нь 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед халдаж тархи доргилт, хамрын яс, хамрын таславчийн хугарал, хэнгэргэн хальсны цооролт, баруун талд 6 дугаар хавирганы зөрүүтэй далд хугарал, дух, хоёр зовхи, хацар, шанаа, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Т.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хоолны дараа буюу 15 цагийн үед ажлын байран дээрээ ажлаа хийгээд байж байхад Ч.У нь гаднаас согтуу орж ирсэн би тэгэхээр нь бас хүмүүсээс санаа зовоод бушуухан Уыг аваад гарсан 13-т хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ санаа зовоод Ут машинд чинь очиж ярилцъя гэж хэлээд бид хоёр машинд нь суугаад Улиастайн гол руу явсан. Хэсэг явж байгаад хүнгүй газар очоод “муу янхан гичий минь чиний машины байршил өөрчлөгдсөн байна, чи муу машинаа унаад хаагуур явж байгаад ирсэн янхан бэ, утсаа авахгүй яадаг гичий вэ" гээд миний нүүр толгой хэсэг рүү гараараа олон удаа цохиж зодсон. Намайг цохиж зодож байхдаа төмөр аяга гаргаж ирээд “энийг ал руу чинь чихэж ална” гээд орилоод байсан. Тэгээд бас хутга гаргаж ирээд одоо чамайг алчихъя гээд байсан. Хэсэг намайг зодож байгаад ядарсан юм уу унтах шиг болохоор нь би машинаас нь гараад зугтаатал араас гарч ирээд хөөж байгаад барьж аваад ахиад үсдэж чирч байгаад машиндаа оруулаад ахиад нүүр нүдгүй цохиж зодсон. Тэгтэл манай туслах байлдагч Х ирээд намайг машинаас буулгах гэтэл Ч.У нь машинаа асаагаад зугтаасан. Би явдал дунд нь буух гэсэн боловч зориг хүрэлгүй ахиад л тайвшруулах гэж үзсэн. Тэр хооронд манай туслах байлдагч Х цагдаад дуудлага өгсөн байсан Удалгүй цагдаа нар ирээд Ч.У бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ...2022 оны 07 сарын 22-ний өдрийн хоолны дараа буюу 15 цагийн үед ажлын байран дээрээ ажлаа хийж байтал У нь гаднаас согтуу орж ирсэн. Би 2020 оны 11 дүгээр сард Ч.Уаас байшиндаа засвар хийх гэж 800.000 төгрөг зээлж авахдаа 1 сарын дараа буцааж өгнө гэж авсан боловч тухайн үед надад мөнгөний боломж муу байсан учраас 6 сарын дараа боломж гарахаар нь 2 хуваагаад өгье гэж Ч.Ут хэлэхэд хэрэггүй чи боломж гарахаараа өгөөрэй гэж хэлсэн. Ерөнхийдөө бол Ч.У бид хоёрын хоорондох маргаан бол миний зээлсэн мөнгөнөөс болсон. Би зээлсэн мөнгөө өгөхгүй удсанаас болж Ч.У мөнгө нэхэж 2021 оны 11 дүгээр сард миний ажлын байран дээр ирэхэд нь би мөнгөтэй болохоороо өгье гээд явуулсан. Дараа нь буюу ажлын байран дээр Ч.У согтуу тээврийн хэрэгсэлтэй ирээд намайг нэг удаа цохисон. Гэхдээ намайг цохисон асуудлаар би цагдаагийн байгууллагад хандаагүй орхисон. Түүний дараа 2022 оны 06 сард Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо **** хотхоны **** тоот гэртээ байхад Ч.У согтуу ирээд миний “Субару Форестер” маркийн **** УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж байсан. Тэрнээс бол ямар нэгэн байдлаар хүчиндэхийг завдсан үйлдэл гаргаж байгаагүй. Заналхийлсэн гэх асуудлын хувьд сүүлд У нь намайг зодож байхдаа бэлэг эрхтэнд төмөр аяга чихнэ гэж заналхийлсэн гэж би мэдүүлсэн. Тэрнээс бол намайг хүчиндэхийг завдаж бэлгийн харьцаанд орох үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9,11 дүгээр хуудас),
Гэрч О.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сонсогч дагуулан шалганаар гараад очтол цагаан өнгийн машин шалганаас 100м орчим зайд зогсож байсан. Би тэр цагаан өнгийн автомашин дээр очиход тухайн тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалга дотор талаасаа нээгдэхээр нь хартал хошууч Т.Зийн нүүр нь нэлэнхийдээ хавдаж, айсан, сандарсан байдалтай байж байсан ба тухайн үед ахлагч Ч.У нь жолооны хүрдэн дээр сууж байсан ба намайг машинд орж ирээд суучих гээд байхаар нь би суухгүй гадна талд нь зогсож байхад ахлагч Ч.У нь машинаа асаагаад шууд хөдлөөд явсан тэгэхэд хошууч Г.З нь гараараа утсаар ярьж байгаа юм шиг биеийн хэлэмж үзүүлэхээр нь би цагдаад хандах ёстой юм байна гэж ойлгоод цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд цагаан өнгийн автомашин тэр хавиар их хурдтай эргэлдэж байгаад Шархад чиглэлд явсан. Удалгүй цагдаа нар ирээд хошууч Т.З ахлагч Ч.У нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 10274 дугаар: “... Т.Зийн биед тархи доргилт, хамрын яс, хамрын таславчийн хугарал, хэнгэргэн хальсны цооролт, баруун талд 6-р хавирганы зөрүүтэй далд хугарал, дух, хоёр зовхи, хацар, шанаа, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн нйцрал, хүзүүний цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдоо... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-24 дүгээр хуудас),
Шүүгдэгч Ч.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би Шархадны эцсээс хойш сургалтын төв дээр **** УНТ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа 0.75 литрийн архи ууж дуусаад Т.Зтай утсаар ярьж дуудахад гарч ирэхгүй байсан учраас сургалтын төв рүү явж ороод сургалтын төвөөс дагуулж гарч ирээд хоорондоо 800.000 төгрөгөөс болж маргалдсан байгаад согтуудаа Т.Зийг зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 71, 72, 77, 78 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Ч.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.У нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Ч.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар биед халдаж гэмтэл учруулсан байна.
Хохирогч Т.Зд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10274 дүгээр дүгнэлтээр “тархи доргилт, хамрын яс, хамрийн таславчийн хугарал, хэнгэргэн хальсны цооролт, баруун талд 6-р хавирганы зөрүүгүй далд хугарал, дух, хоёр зовхи, хацар, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Шүүгдэгч Ч.У нь хохирогч Т.Зийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Т.Зд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10274 дүгээр дүгнэлтээр “тархи доргилт, хамрын яс, хамрийн таславчийн хугарал, хэнгэргэн хальсны цооролт, баруун талд 6-р хавирганы зөрүүгүй далд хугарал, дух, хоёр зовхи, хацар, шанаа, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ч.У нь хохирогч Т.Зийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Т.З нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ 2.450.000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ч.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ч.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ч.У уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Ч.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.У нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ч-ийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.У нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.У нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ