Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 770

 

 

 

Х.Я-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч Х.Я,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Я-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1807 0061 10003 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х.Я, 1961 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......................... дүүргийн ..... дугаар хороо, ..... дугаар байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

 

Х.Я нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” худалдааны төвд Б.Эрдэнэманалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: Х.Я-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Я-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Я-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Яд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Яд мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 2 ширхэгийг хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Х.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Я давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрдэнэмандал нь миний талийгаач дүүгийн эхнэр байсан. Манай дүү нас барсан. Ах, дүү нараараа нийлээд дэлгүүр ажлуулж байсан. Үүнээс үүдэлтэй өмчийн маргаантай байгаа. Уг маргааны улмаас бэр Эрдэнэмандал намайг удаа дараа гүтгэсэн. Манай эгчийг хүртэл урд нь хүүхэд зодсон гэж худлаа цагдаад дуудлага өгсөн байдаг. Дараа нь би шүүхийн шийдвэрийг үзүүлэх гээд очиход “чиний юм гэж юу байгаа юм, зайл” гэж харааж, доромжилсон. Тухайн үед бид хоёр маргалдсан болохоос би гар хүрээгүй. Өөрөө намайг өшиглөчихөөд хойшоо суусан. ...” гэв.  

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэрчээр Цэрэндулам, Мөнхнаран, Ичинхорлоо, шинжээч эмч Номинцэцэг нараас хууль сануулж мэдүүлэг авсан тул худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гэрч Цэрэндулам мэдүүлэхдээ “Эрдэнэмандал эгчийг гараараа баруун нүдний доод хэсэгт цохисон. Дараа нь бичиг баримтаараа цохисон. Эхлээд гараараа цохисон нь үнэн” гэсэн байдаг. Гэрч Цэрэндуламаас 4 удаа мэдүүлэг авахад уг мэдүүлгийг тогтвортой өгдөг. Гэрч Мөнхнаран мэдүүлэхдээ “Эрдэнэмандалын аль хацрыг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг шанаа нь улаасан байдалтай харагдсан. Толгой өвдөөд байна, шинжээч эмчид үзүүлэнэ гэж байсан” гэсэн байдаг. Гэрч Ичинхорлоо мэдүүлэхдээ “барьж явсан цаасаараа нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ цаасаа ширээ рүү шидээд баруун гараараа шанааны хэсэгт нь цохисон” гэсэн байдаг. Мөн гэрч Ичинхорлоогоос 4 удаа байцаалт авсан бөгөөд тогтвортой мэдүүлэг өгдөг. Сүүлд шүүгдэгч Х.Я-гийн гаргасан хүсэлтийн дагуу 550 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулахад шинжээч эмч Номинцэцэгийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж гарсан байдаг. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Х.Я-гийн үйлдэл хангалттай нотлогдон ногтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

 

Х.Я нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” худалдааны төвд Б.Эрдэнэманалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Эрдэнэманалын “...Я орж ирээд “компанийн юм зөөлөө, чиний юм гэж энд байхгүй” гээд барьж явсан хайрцагтай кофег цохиж унагаад цамцнаас татаад чирч баруун нүдний доод хэсэгт цохисон. ...надад гаргаж өгөх хохирол, төлбөрийн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” /хх 9-10/,

 

гэрч Н.Цэрэндуламын “...Эрдэнэманал эгчийг нэг эрэгтэй хүн нүүр рүү нь цохиод авахаар нь манай дэлгүүрийн худалдагч нар гайхаад зогсож байтал худалдагч нар бөөндөө гүйгээд иртэл нөгөө эрэгтэй хүн гараад явсан. Тэгээд намдаад гайгүй байж байтал нэг эгч орж ирээд гар утсаараа бичлэг хийхээр нь Эрдэнэманал эгч “та яагаад намайг зодож байгаа юм” гэсэн чинь “Эрдэнэманал эгчийг, би чамайг зодоогүй” гээд нөгөө эрэгтэй хүн хэлээд байсан. ...” /хх 15-16/,

 

гэрч А.Мөнхнарангийн “...тухайн орой Эрдэнэманалаас мэдүүлэг авах үед түүний баруун шанааны орчимд улайсан байдалтай байсан ба баруун шанаа болон толгойгоор өвдөөд байна. Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна гэж байсан. Өөр биед нь ил харагдахаар бэртэл нүдээр харахад ажиглагдаагүй. ...” /хх 79/,

 

гэрч О.Ичинхорлоогийн “...бид хоёрыг холдуулангуутаа баруун, зүүн гараараа ээлжлээд Эрдэнэманалын нүүр толгой руу нь цохисон. Тэгснээ хувцаснаас нь зулгаагаад шалан дээгүүр чирсэн. Тэгээд байхаар нь Оюундарь бид хоёр дундуур нь орж салгасан. ... /хх 70-71/,

 

гэрч Г.Оюундарийн “......барьж явсан цаасаараа Эрдэнэманалын нүүр рүү нь гуядаад барьж байсан хайрцагтай кофег нь газар цохиж унагаасан. Тэгээд хувцаснаас нь татаад 2 тийш нь чирч гулдчаад байсан. ...гараараа цохихыг нь хараагүй, барьж байсан хавтастай бичгээрээ нэг удаа цохиж аваад зууралдаад байсан. ...” /хх 21/,

 

гэрч Б.Өлзийсүрэнгийн “...Я Эрдэнэманалын хувцаснаас нь барьчихсан зогсож байхаар нь би голоор нь орж салгасан. ...” /хх 22/,

гэрч Х.Энхцэцэгийн “...Эрдэнэманал эгчийг барьж явсан хавтастай юмаар нүүрэнд нь цохиж аваад чиний юм энд байхгүй, гуйлгачин минь гээд хувцаснаас нь татаж заамдаж аваад нааш цааш нь чирч гулдраад байсан. ...намайг явж орохоос өмнө нүүрэнд нь цохисон шинжтэй Эрдэнэманал нүүрэндээ цохиулчихлаа гээд нүүрээ дараад суугаад байхад нь Я “битгий маяглаад бай” гээд байсан. ...” /хх 23/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Эрдэнэманалын биед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 08шэ/550 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжээч эмч С.Төгсбуянгийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан 08шэ/550 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Б.Эрдэнэманалын биед тухайн үед тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн 392 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 137/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Яг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Х.Я-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд, шүүгдэгч Х.Я-гийн “...надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08шэ/550, 392 дугаартай дүгнэлтүүд зэргээр хохирогч Б.Эрдэнэманалын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Х.Я-гийн цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “...торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд шүүх заавал хугацаа тогтооно гэсэн ойлголт биш юм.

Шүүх торгуулийн ялыг заавал 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагатай гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногоос дээш хугацаагаар тогтоосон тохиолдолд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж байх нь зүйтэй.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр...” гэснийг “ ...90 хоногийн дотор төлөхөөр...” гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Яд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Я нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Я-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ