Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           А.Эын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэртэй

А.Эын нэхэмжлэлтэй

Архангай аймгийн ус суваг ашиглалтын “У” ХХК болон түүний төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдох

тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолууд болон захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгч А.Эын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “А.Э миний бие 2014.11.03-ны өдөр ус суваг ашиглалтын "У” ХХК-д тоолуурын инженерийн ажилд орсон. “У” ХХК-ийн захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл 2017.06.30-ны өдөр “У” ХХК-ийн захирлын б/49 тоот тушаалаар орон тооны цомхтгол хийж ажлын байргүй болсон гэсэн шалтгаанаар намайг ажлаас халсан. Энэ компанид тоолуурын инженерийн орон тоо зайлшгүй байх ёстой. Яагаад гэвэл “У” ХХК нь хэрэглэгчдэд цэвэр ус түгээх мэргэжлийн компани бөгөөд чиг үүрэг нь гүний усыг хэрэглэгчдэд түгээж, усны тоолуураар хэрэглэгчидтэй төлбөр тооцоо хийдэг байгууллага юм. Хэрвээ орон тоог цомхтговол түгээж байгаа усыг тооцох боломжгүй учраас тусгай зөвшөөрөлгүй болж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм. Иймд тухайн үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгж болон иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Энэ орон тоо байх ёстой учраас орон тооны цомхтгол хийсэн нь үндэслэлгүй байна. Хэрвээ би ажлын нөхцөл шаардлагыг биелүүлээгүй, эсхүл хөдөлмөрийн гэрээг зөрчиж ажлаас халагдсан бол энэ маргааныг үүсгэхгүй. Энэ орон тоо байхгүй болно гэдэг нь “У” ХХК-ийн үндсэн чиг үүргийн үйл ажиллагааг зөрчиж байгаа юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Намайг ажлаас халахдаа “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолуудыг үндэслэсэн бөгөөд уг тогтоолууд нь Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн. Иймд “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолууд болон тус компаний захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/49 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, “У” ХХК-ийн тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “У” ХХК болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Ус суваг ашиглалтын “У” ХХК нь орон нутгийн өмчит аж ахуйн нэгж бөгөөд өөрийн орлогоос зардлаа нөхөх зарчмаар ажилладаг ашгийн төлөө байгууллага юм. Манай компаний орон тооны хязгаарыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас байгуулагдсан удирдах зөвлөл тогтоож өгдөг. Захирлын тухайд бол удирдах зөвлөлийн тогтоосон уг орон тоонд ямар бүтэцтэй ажиллахаа шийдвэрлэж, компаний дүрэмд заасан үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар ханган ажилладаг. “У” компаний удирдах зөвлөлийн 2017.02.17-ны өдрийн хурлаар тус компанийн орон тоог 71 байхаар урьд оноос бууруулан шинэчлэн баталсан. Ийнхүү орон тоог цөөрүүлэхдээ инженерүүдийг цөөрүүлэх чиглэл өгсөн. Энэ тогтоолын дагуу захирлын тушаал гаргаж бүтцээ баталсан. Шинэчлэн баталсан бүтцээр тоолуурын инженерийн орон тоо хасагдсан учир А.Эод нэг сарын өмнө буюу 2017.05.30-нд ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдэж мэдэгдэл өгсөн. Өөрөө мэдэгдлийг гардаж авсан. Мөн А.Эыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх заалтуудыг удирдах зөвлөлийн тогтоолын хамт үндэслэл болгосон. Иймд “У” ХХК-ийн захирлын б/49 дүгээр тушаалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзнэ. Мөн “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 03, 07 дугаар тогтоолууд нь удирдах зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд гарсан тул хууль зөрчөөгүй. Тус компани нь Архангай аймгийн хэрэглэгчдийг усаар хангах системийг нэвтрүүлж байгаа тусгай зөвшөөрлийн байгууллага, энэ хүрээнд тоолууртай холбоотой үйл ажиллагаа явуулдаг гэдэгтэй маргах зүйл байхгүй.” гэжээ.

 

Хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: ““У” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг тусгасан бөгөөд 6.4.1-д “компаний зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах” гэжээ. Энэ эрхийн хүрээнд төлөөлөн удирдах зөвлөл 2017 оны хоёр дахь удаагийн хуралдаанаар тус компанийн бүтэц орон тоог хэлэлцэж, 78 орон тоог 71 болгож мэргэжлийн бус, шаардлагагүй, ажиллахгүй байгаа илүү орон тоог цомхтгохоор шийдвэрлэсэн. Иймд “У” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, иргэн А.Эыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотой бүхий л зардлыг шийдвэрлэсэн тул түүний хуулиар хамгаалагдсан хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчид шууд хохирол учраагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Компаний тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ХХК болон тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч А.Эын “У” ХХК-ийн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолууд болон мөн компаний захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Эын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Иргэн А.Э миний бие “У” ХХК болон тус компаний удирдах зөвлөлд холбогдуулан нэхэмжлэл гаргаж удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг үндэслэл болгосон захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүссэн. Шүүх хуулийг буруу хэрэглэн хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. “У” ХХК-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 тоот тушаал нь удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоолыг үндэслэл болгосон байдаг. Гэтэл удирдах зөвлөлийн бүтэц баталсан өмнөх тогтоол хүчингүй болоогүй байгаа.

2. Удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот тогтоол нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.17.1 дэх заалтыг зөрчсөн талаарх тайлбарыг шүүх авч хэлэлцээгүй.

3. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 67 дугаар тогтоол, энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 184, 1999 оны 320 тоот тушаалуудыг зөрчсөн тухай тайлбарыг авч хэлэлцээгүй.

4. Тоолуурын инженерийн ажлыг ерөнхий инженер болон бусад инженерүүд хавсран гүйцэтгэх боломжгүй байдаг. Учир нь Хэмжлийн нэгдмэл байдлын тухай хуулийн 10 дугаар зүйл, Монгол Улсын MNS-6358:2012 стандартын 12.5.1 дэх заалтыг зөрчсөн нь ажлын байрны тодорхойлолтод заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болно.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Архангай аймгийн ус суваг ашиглалтын “У” ХХК болон түүний төлөөлөн удирдах зөвлөлийн даргад холбогдуулан тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолууд болон захирлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулж, тоолуурын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Э нь Архангай аймгийн ус суваг ашиглалтын “У” ХХК-ийн захирлын 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/66 дугаар тушаалаар лабораторын тоолууржуулалтын инженерээр томилогдон ажилласан, ажил олгогчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/49 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

А.Э нь тоолуурын инженерийн ажлаас чөлөөлөгдсөнийг үндэслэлгүй гэж үзэж 2017.07.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “У” ХХК нь А.Эыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн б/49 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг баримталжээ.

 

Хэрэгт байгаа баримтаар “У” ХХК-ийн тоолуурын инженерийн орон тоо хасагдсан нь тогтоогдсон, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5-д нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Архангай аймгийн ус суваг ашиглалтын “У” ХХК нь тоолуурын инженерийн орон тоог хассаны улмаас тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болоогүй, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан нь “У” ХХК-ийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, Засгийн газрын 1995 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаар тогтоолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг нотолж чадаагүй байна.

 

Иймд А.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг үгүйсгэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлын агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/ШШ2017/00562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДАВААСҮРЭН

                            ШҮҮГЧИД                                       М.МӨНХДАВАА

                                                                                   Д.БЯМБАСҮРЭН