Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1344

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

 

    2022          9           14                                           2022/ШЦТ/1344

 

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2206 00000 2509 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, магистрын дипломын хэлэлцүүлэгт орох гэж байгаа тул яаралтай зөөврийн компьютер хэрэгтэй байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны 2 дугаар байрны гадна хохирогч Д.Б-н Делл инспирон маркийн зөөврийн компьютерыг залилан авч 3.192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Залуус хотхон 2 дугаар байр 9 тоот гэртээ байхад миний зүс ганих, урьд өмнө Монгол Улсын Их сургуулийн IT ангид дээд курст суралцаж байсан Б.Б гэх залуутай сургуулийн нэг клубт явж байгаад танилцсан. Тэгээд тэр өдөр Б.Б нь над руу өөрийн фейсбүүкээр чат бичээд надад магистрын дипломын хэлэлцүүлэгт орох гэж байгаа, яаралтай нөүтбүүкийн хэрэг байна, маргааш буцааж өгнө гэж хэлсэн тул би тухайн үедээ сайн танихгүй ч хэрэгтэй байгаа юм байна гэж итгээд өөрийн эзэмшлийн зөөврийн нөүтбүүкийг авахыг зөвшөөрсөн чинь тэр өдрөө манай гэрээс ирж миний нөүтбүүкийг авсан. ...манай дүү аваад явчихсан авч чадахгүй байна, эхнэр төрсөн тул өгч чадахгүй байна гэх мэт худлаа үнэн мэдэгдэхгүй зүйл хэлж байгаад сүүлдээ шинийг авч өгнө гэж хэлээд одоог хүртэл хүлээсэн боловч өгөөгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дүгээр хуудас),

 

            Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн, Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Бат-Эрдэнийн “Банбан ХХК-ийн ажилтан Г.Б-тай холбогдон сангаас шүүлгүүлэхэд Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18 цаг 33 минутад Дэлл загварын I7 дугаар үед 8 рам, 512 gb-тай 15 инчийн нөүтбүүкийг 14 хоногийн хугацаатай 1.500.000 төгрөгт 7 хувийн хүүтэйгээр барьцаалан зээл авсан, түүнээс хойш ямар нэг сунгалт хийлгээгүй, зээлийн сунгалт хийх, эд зүйлээ авах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч ирээгүй тул 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээж байгаад гэрээний дагуу барьцаалан зээл авсан эд зүйлийг худалдан борлуулж, зээлийн мөнгийг гаргуулж авсан, одоо тухайн нөүтбүүк байхгүй, хэн гэдэг хүнд худалдсан болохыг мэдэхгүй гэснийг тэмдэглэл болгов.” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

 

            Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Д.Б-тай 2017 оны 10 дугаар сарын эхээр МУИС-ын Вест клубын элсэлтийн үеэр танилцаж мэддэг болсон. Тэр өдрөөс хойш Д.Б-тай клубын шугамаар харилцдаг байсан. Ингээд би 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр оройн 17 цагийн орчимд Д.Б-н ... фэйсбүүк хаяг руу холбогдож нөүтбүкээ хэд хоног хэрэглүүлээч гэж асуутал надад зөвшөөрөөд би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн урьд очоод Д.Б-н Dell inspiration загварын саарал өнгийн нөүтбүүкийг Сансарын тунелийн хажууд байдаг “Бан бан” гэх ломбардад тухайн нөүтбүкийг 1.600.000 төгрөгөөр барьцаалан зээл авсан. Тэр өдрөөс Д.Б-тай 1 дүгээр сард биеэр уулзах үедээ ломбардад байгаа гэдгийг нь хэлэхгүй. Харин байгаа удахгүй өгнө гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш 4 дүгээр сарын эхээр уулзаад Д.Бд нөүтбүкийг нь алга болгосон гэж хэлтэл миний хохирлыг барагдуулж өг гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Д.Баас Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 50, 51, 52, 53, 54, 59 дүгээр хуудас)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Зээлийн мэдээллийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дугаар хуудас)

Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, магистрын дипломын хэлэлцүүлэгт орох гэж байгаа тул яаралтай зөөврийн компьютер хэрэгтэй байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны 2 дугаар байрны гадна хохирогч Д.Б-н Делл инспирон маркийн зөөврийн компьютерыг авсан үйл баримт тогтоогдож байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “... зохиомол байдлыг зориудаар бий болгож ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хотхоны 2 дугаар байрны гадна урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Д.Б-д магистрын дипломын хэлэлцүүлэгт орох гэж байгаа тул яаралтай зөөврийн компьютер хэрэгтэй байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний Делл инспирон маркийн зөөврийн компьютерыг авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг “зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

           

Хохирогч Д.Б нь хэргийн материал танилцуулсан баримтад “санал, хүсэлт байхгүй” мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтдээ “... хохирлын мөнгө болох 3.192.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Богд банкны 8160001317 тоот дансанд 2022 оны 8 дугар сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан. Одоо ямар нэгэн гомдол, саналгүй...” гэж дурдсан байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

                                                         ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ