Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Б.Пунцаг нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пунцагт холбогдох эрүүгийн 2215000000167 дугаартай, 163/2022/0202/Э индекстэй хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ванжаа овогт Бүрэнтогтохын Пунцаг, Булган аймаг, Сайхан суманд 1994 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Таван цохио гэх газарт оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 28 настай, эрэгтэй, РД: ГЗ94032219.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Пунцаг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн Цахар гэх газраас иргэн Л.Дуламсүрэнгийн хаваржаанаас 30 ширхэг дүнз модыг Bongo Frontier загварын 28-26 БУЛ улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж 2.175.000 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215000000167 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Пунцаг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн Цахар гэх газраас иргэн Л.Дуламсүрэнгийн хаваржаанаас 30 ширхэг дүнз модыг Bongo Frontier загварын 28-26 БУЛ улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж 2.175.000 төгрөг хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пунцагын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-17 дах тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-22 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Дуламсүрэнгийн өгсөн: Би Булган аймгийн Сайхан сумаас газар авахаар 2017 онд газрын өргөдөл өгч байсан. Тухайн үед Сайхан сумын 6 дугаар багийн Цахар гэх газраас Сайхан сумаас хаваржааны газар олгож байсан. Тэр газар дээрээ би 2018 онд 8 метрийн урттай 50 ширхэг модыг 380.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг худалдаж авсан модыг 4 метрээр хувааж нийт 100 ширхэг дүнзэн мод болгож байсан. Тэгээд хаваржааны газар дээрээ хашаа барьсан. 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Цахар гэх газар байх хаваржаанаас 30 ширхэг дүнзэн мод хулгайд алдсан. ...Манайх 2021 онд 15 ширхэг 4 метрийн урттай гуалинг голоор нь хуваагаад 30 ширхэг болгож хаваржааны газар дээрээ хашаа барьсан байсан. Би хулгайд алдсан модоо 15 ширхэг гуалин модоор тооцож 1 ширхэг гуалинг 180.000 төгрөгөөр үнэлж, нийт 15 ширхэг гуалинг 2.700.000 төгрөгөөр үнэлж байна. Дээрээс нь модоо хулгайд алдаад машин тэргээр хайсан замын шатахууны зардал болох 379.000 төгрөг гаргуулж авмаар байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Г.Отгончимэгийн өгсөн: Миний эзэмшилд 28-26 БУЛ улсын дугаартай Kia Bongo Frontier загварын тээврийн хэрэгсэл байдаг. 2021 оны 04 дүгээр сард байсан санагдаж байна. Б.Пунцаг нь бөхийн бэлтгэлд явган болохоор болохгүй байна гэж хэлээд надаас машиныг маань түр авч ашигласан юм. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

6. Гэрч Б.Хишигдүүрэнгийн өгсөн: 2021 оны 05 дугаар сарын эхээр өглөөний 09 цагийн үед Б.Пунцаг нь өвөлжөөн дээрээ цагаан өнгийн Kia Bongo Frontier загварын машинаас 4 метрийн урттай дүнзэн модыг Буянхишигийн хамт буулгаж байсан. Би очиж хараад хашаа барих гэж байгаа юм уу? хаанаас юун мод олоод ирэв гэж асуусан. Тэгэхэд Пунцаг нь хүнээс худалдаж авсан гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

7. Гэрч Л.Буянхишигийн өгсөн: 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед манай найз Б.Пунцаг над руу залгаад мод буулгаад өгөөч гэсэн. Би өглөө малаа бэлчээрт гаргаад гэрт нь яваад очиход машин дээрээ тал дүнзэн мод ачсан байсныг буулгаж өгсөн. Тухайн мод нь 4 метрийн урттай, хар өнгийн бүтэн гуалин модны тал буюу 21 ширхэг мод байсан. Уг модыг бүгдийг нь өвөлжөөн дотор нь буулгаж өгсөн. Пунцагийн унаж явсан машин нь бөхийн бэлтгэлд унаж яваад байсан эгчийнх нь машин байсан санагдаж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

8. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №22241 дугаартай: гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан өнгийн 28-26 БУЛ улсын дугаартай, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол Улсад орж ирсэн, Kia Bongo Frontier загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 2.645. 420 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-60 дахь тал /

9. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №22238 дугаартай: 30 ширхэг, 4 метрийн урттай дүнзэн мод зах зээлийн үнэ 1.950.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-69 дэх тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Пунцагийн яллагдагчаар өгсөн: Би прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 04 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би Сайхан сумын 6 дугаар багийн малчин Мягмарсүрэн ахын гэрт очиж мод зарах эсэхийг асуугаад буцаж гэр рүүгээ явж байхад замд Мягмарсүрэн ахын хаваржааны хажууд эзэнгүй 4 метр орчмын урттай, тал дүнзэн моднууд байхаар нь хараад явсан. Дараа нь хэд хоногийн дараа бөхийн бэлтгэл тараад нагац эгчийн ачааны машинтай очиж нөгөө Мягмарсүрэн ахын хажууд эзэнгүй байсан тал дүнзэн моднуудыг ганцаараа зөөж Булган аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг Таван цохио гэх газарт байх өөрийн өвөлжөөн дээр аваачиж машинтай буулгасан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.Дулмасүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Отгончимэг, гэрч Б.Хишигдүүрэн, Л.Буянхишиг нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Б.Пунцаг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Сайхан сумын 6 дугаар багийн Цахар гэх газраас иргэн Л.Дуламсүрэнгийн хаваржаанаас 30 ширхэг дүнз модыг Bongo Frontier загварын 28-26 БУЛ улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, 2.175.000 төгрөг хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Пунцаг нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан, түүнийг зөөж тээвэрлэн өөрийн эзэмшилд оруулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.Пунцагийн үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн машин механизмыг ашигласан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Пунцагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Пунцагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Дуламсүрэнд 30 ширхэг модны үнэ 1.950.000 төгрөг, уг модыг эрж хайхад зарцуулагдсан шатахууны зардал 379.000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Шүүгдэгч Б.Пунцаг нь 30 ширхэг модыг биет байдлаар хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн, мөн шатахууны зардлыг төлж барагдуулсан байна.

Шүүхээс хохирогч Л.Дуламсүрэнд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж холбогдоход за ойлголоо, хохирлоо бүрэн авсан ба надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Б.Пунцагийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Пунцагийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизмыг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Пунцагийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Пунцагт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 85-93 дугаар талд авагдсан эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Пунцаг нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Таван цохио гэх газарт мал маллан амьдардаг, урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, уг ялыг төлж барагдуулсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Пунцагийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг хуульчилсан бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасан байна.

Шүүгдэгч Б.Пунцагийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа болох 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Пунцагийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчллөл, эзэмшилд байгаа нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан өнгийн 28-26 БУЛ улсын дугаартай, “Kia Bongo Frontier” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Булган аймаг, Сайхан сум, 4 дүгээр багт оршин суух Даржаа овогт Гомбодоржийн Отгончимэг /РД: ГЗ74081600/-ийн өмчлөл эзэмшилд үлдээж, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 2.645.420 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Пунцаг нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ванжаа овогт Бүрэнтогтохын Пунцагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Пунцагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Пунцагт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Пунцагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пунцагийг оршин суугаа газраас буюу Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хязгаарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пунцаг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Пунцаг нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пунцагт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Пунцагт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 28-26 БУЛ улсын дугаартай, цагаан өнгийн “Bongo Frontier” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Булган аймаг, Сайхан сум, 4 дүгээр багт оршин суух Даржаа овогт Гомбодоржийн Отгончимэг /РД: ГЗ74081600/-ийн өмчлөл эзэмшилд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.645.420 /хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг шүүгдэгч Б.Пунцагаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Шүүгдэгч Б.Пунцаг нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОТГОНБААТАР