Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
Хэргийн индекс | 105/2022/1239/Э |
Дугаар | 2022/ШЦТ/820 |
Огноо | 2022-06-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/820
2022 6 03 2022/ШЦТ/820
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох 2206 00000 1550 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Миракли” нэртэй караоке дотор үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.О-г зодож, улмаар хохирогчийн биед зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, суга, нуруу, зүүн тохойн цус хуралт, баруун гарын чигчий хурууны өндгөнд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хайлаастад байдаг найз Чын гэрт нь Б, Холбоо, З бид дөрөв уулзаад Ч, Б, Холбоо бид дөрөв “Эдэн” нэртэй 1 литр архи, 0.75 литрийн архи хоёр шилийг хувааж уусан. Тухайн үед З жирэмсэн тул уугаагүй. Тэгээд бид нар тэндээсээ 19 цаг өнгөрч байхад караокед орохоор болсон. Тэгээд Холбоо караоке орохгүй гээд гэр лүүгээ явсан. Ч эхнэр З нь Б, бид дөрөв Б-н эхнэр М-гийн найзынх нь караоке орохоор болоод М-г Баянзүрх захаас ажлаас нь аваад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Миракли” нэртэй караокед 3 билүү 4 тоот өрөөнд ороод “Эдэн” нэртэй 0.75 литрийн савлагаатай архи, пиво авсан. Тэгээд тэрийгээ ууж байгаад манай найз З, Ч 2 тамхи татахаар гарсан М найзтайгаа уулзахаар гарчихсан байсан. Өрөөндөө Б бид 2 үлдсэн тэгээд байж байхад Б ямар нэг шалтгаангүй намайг шууд зодсон тэгээд би ухаан алдаад унасан нэг сэрэхэд З, Ч, М, Б нарын хамт таксинд дотор явж байсан тэгэхэд Б дахиад намайг зодсон. Тэгээд би дахиж ухаан алдаж унаад гэмтэл дээр очоод ухаан орсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),
Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ээмэгний мөнгөө нэхэмжлэхгүй. Б томографикийн мөнгө болох 220.000 төгрөгийг хэрэг гарсан өдрийн орой өгсөн. Би 1.000.000 төгрөг нэхэмжилснийг Б гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 5308 дугаар: “... ДҮГНЭЛТ Д.О-н биед зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, суга, нуруу, зүүн тохойн цус хуралт, баруун гарын чигчий хурууны өндгөнд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),
Шүүгдэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би уурандаа О-г баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Тэгээд О-г өөрөөнөөс зайл гээд түлхээд гаргасан. Би Гэмтэл дээр очоод О-гийн КТГ-ийн шинжилгээний мөнгө болох 280.000 төгрөгийг нь төлсөн. Мөн эхнэр М-н дансаар 1.000.000 төгрөгийг О-н данс руу шилжүүлсэн. Би өөрийн хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүмүүсээс мөнгөө өгч хохирлыг нь барагдуулсан. Цаашид ийм төрлийн асуудал гаргахгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Д.О-н Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 2, 3 дугаар хуудас),
Хохирол барагдуулсан баримт (хавтаст хэргийн 46, 47 дугаар хуудас),
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 31, 52, 53 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хаМ-гаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миракли” нэртэй караоке дотор шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.О тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдан, нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна.
Хохирогч Д.О т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5308 дугаар дүгнэлтээр “зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, суга, нуруу, зүүн тохойн цус хуралт, баруун гарын чигчий хурууны өндгөнд язарсан шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.О-н эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хаМ-гаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Д.О-т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5308 дугаар дүгнэлтээр “зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, суга, нуруу, зүүн тохойн цус хуралт, баруун гарын чигчий хурууны өндгөнд язарсан шарх” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.О-н эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хохирогч Д.О нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй, мөрдөн шалгах ажиллагаанд “Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би ээмэгний мөнгөө нэхэмжлэхгүй. Б томографикийн мөнгө болох 220.000 төгрөгийг хэрэг гарсан өдрийн орой өгсөн. Би 1.000.000 төгрөг нэхэмжилснийг Б гаргаж өгсөн” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ