Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00039

 

          “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02503 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох

Түрээсийн үлдэгдэл төлбөр 3 911 158 495,29 төгрөг, алданги 1 955 579 247,65 төгрөг, нийт 5 866 737 742,94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний дагуу төлсөн 1 898 816 267 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.А, Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В” ХХК нь “Б” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр RPO15/02-02 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр RPO15/03-01 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр RPO15/05-03 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-06 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-07 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр RPO15/09-06 тоот түрээсийн гэрээ тус тус байгуулж, сериал дугаартай 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг нэг сарын хугацаатай түрээслүүлсэн юм. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр тус бүр нэг сарын 773E (KEG00146) 50 000 000 төгрөг, 773E (KEG00129) 50 000 000 төгрөг, 385C (KGB00422) 72 000 000 төгрөг, 773E (KEG00266) 50 000 000 төгрөг, 336DL (KKT01064) 18 676 350 төгрөг, 980H (KZL00665) 26 045 250 төгрөг, 773E (KEG00165) 50 000 000 төгрөг, 773E (KEG00167) 50 000 000 төгрөг, 773E (KEG00174) 50 000 000 төгрөг /НӨАТ ороогүй/ байхаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний 7.4-д заасны дагуу түрээслэгч нь түрээсийн хугацааны эцэст түрээслүүлэгчид төлбөртэй гарвал нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Манай компани түрээсийн техникийг түрээслэгч талд гэрээнд заасан нөхцөл, хугацаанд шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөхгүй удсан юм.

Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 60 гаруй нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд түрээсийн төлбөр болон сэлбэг, засвар үйлчилгээ нийт 3 911 158 495,29 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн гэрээний талууд түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг гэрээний 7.4-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон тул түрээсийн гэрээний дагуу алданги төлөх үндэслэлтэй. Иймд RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/05-03, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06 тоот түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл 3 911 158 495,29 төгрөг, алданги 1 955 579 247,65 төгрөг, нийт 5 866 737 742,94 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас худалдах гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулах зорилго техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авах учраас түрээсээс худалдах гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь манай компанийг төөрөгдүүлэн тухайн гэрээг байгуулсан байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь “В” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр RPO15/02-02 тоот, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр RPO15/03-01 тоот, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр RPO15/05-03 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-06 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр RPO15/08-07 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр RPO15/09-06 тоот түрээсээс худалдах гэрээ байгуулж нийт 9 ширхэг машин механизм тоног төхөөрөмжүүдийг тус бүрийг нь өөр өөр үнээр сар бүр тодорхой хуваарийн дагуу урьдчилгаа үнэ төлөхөөр тохиролцсон. Манай компаниас уг автомашинуудыг худалдан авах сонирхолтой байсан боловч урьдчилгаа нэг дор бөөнөөр төлөх боломжгүй байсан. Машины урьдчилгаанд төлөх төлбөрийн хэмжээ тухайн машины үндсэн үнийн 15-30 хувь байдаг. Гэтэл энэ байдлыг “В” ХХК ашиглан дээрх түрээсээс худалдан авах гэрээнүүдийг байгуулах санал тавьсан бөгөөд тайлбарлахдаа түрээсийн гэрээнүүд нь ерөнхийдөө танай компани урьдчилгаанд төлөх мөнгөө техник тоног төхөөрөмжөө ашиглан бүрдүүлж байгаа хэлбэр юм, хугацааны эцэст танай түрээсэнд төлсөн мөнгийг тоног төхөөрөмжийг худалдах үнийн дүнгээс хасаад танай байгууллагатай лизингийн гэрээ байгуулна гэж ойлгуулан дээрх түрээсээс худалдах гэрээнүүдийг байгуулсан. Бид тэдний хэлснээр дээрх тоног төхөөрөмжүүдийг худалдан авахаар урьдчилгаа мөнгөө төлж байна гэж ойлгож байсан. “В” ХХК тоног төхөөрөмжүүдийг манай уурхайн талбайгаас хүчээр авч, шүүхэд нэхэмжлэл гаргахад хууртсанаа ойлгосон. Хэрвээ бид худалдан авах сонирхолгүй байсан бол хэзээ ч ийм өндөр түрээс төлж дээрх гэрээг байгуулахгүй байсан.

Иймд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн RPO15/02-02 тоот, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн RPO15/03-01 тоот, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн RPO15/05-03 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн RPO15/08-06 тоот, 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн RPO15/08-07 тоот, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн RPO15/09-06 тоот түрээсээс худалдах гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн дээрх түрээсээс худалдах гэрээний дагуу буюу бидний хувьд худалдан авч буй машин механизмын үнийн урьдчилгаанд төлсөн 773E (KEG00146) 415 320 842 төгрөг, 773E (KEG00129) 376 354 417 төгрөг, 385C (KGB00422) 595 772 229 төгрөг, 773E (KEG00266) 272 973 319 төгрөг, 336DL (KKT01064) 81 503 142 төгрөг, 980H (KZL00665) 88 549 050 төгрөг, 773E (KEG00165) 68 343 268 төгрөг нийт 1 898 816 267 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Бид 190 956 060 төгрөгийг авто засварын үнэд төлсөн бөгөөд ашиглалтын зардал тул нэхэмжлэхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2015 онд “В” ХХК болон “Б” ХХК-иудын хооронд 6 ширхэг түрээсээс худалдах гэрээ бичгээр байгуулан тус гэрээнүүдийн нөхцөл, хугацаа, төлбөр, эрх үүрэг хариуцлагыг харилцан тодорхойлсон байдаг. Тус гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч 9 ширхэг техник тоног төхөөрөмжийг хариуцагчид нэг жил буюу 12 сарын хугацаатай түрээслүүлсэн бөгөөд гэрээнд тохиролцсон түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээслэгч “Б” ХХК тухайн техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд худалдах, худалдан авах эсхүл лизингийн гэрээ байгуулж, улмаар түрээслэгчийн төлсөн түрээсийг төлбөрүүдийг тоног төхөөрөмжийн үнээс хасаж тооцохоор талууд харилцан тохиролцсон. Гэтэл “Б” ХХК нь гэрээний үүргээ зөрчин түрээсийн төлбөрүүдийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүйгээс гадна гэрээгээр тохиролцсон хугацаанд тоног төхөөрөмжүүдийг худалдан авах болон лизингийн гэрээ байгуулаагүй. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаас харахад хариуцагч нь хугацааны эцэст тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд түрээсэнд шилжүүлсэн төлбөрүүдийг тоног төхөөрөмжүүдийн үнийн урьдчилгаанд тооцохоор заасныг зөв ойлгосон буюу ямар нэгэн байдлаар төөрөгдөөгүй нь илэрхий байна. Харин өөрөө гэрээнд заасан болзлоо биелүүлээгүй, тоног төхөөрөмжүүдийн түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөн, мөн түүнийг түрээсийн хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжүүдийг худалдан аваагүй зэрэгт түрээслүүлэгч буруугүй. Манай компани тоног төхөөрөмж худалдан авах бэлэн мөнгөгүй аж ахуйн нэгжүүдтэй түрээсээс худалдан авах гэрээг байгуулснаар түрээслэгч нь 12 сарын турш тоног төхөөрөмжүүдийг түрээсээр ашиглаж, улмаар энэ хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжүүдээ худалдан авах эсхүл лизингийн гэрээгээр өөрийн болгохдоо түрээсэнд төлсөн төлбөрөө худалдах үнээс хасуулан тооцуулах нэн таатай нөхцөл бий болгож байгаа. Үүнийг түрээслэгч буюу “Б“ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд ойлгож, харилцан санамж бичиг байгуулсны дараа түрээсээс худалдах гэрээ байгуулсан бөгөөд түрээслүүлэгчийн техникүүдийг үйл ажиллагаандаа хангалттай ашигласан. Гэтэл өөрсдийн сайн дураар хийсэн хэлцлээ хууран мэхэлж хийсэн хэлцэл, хууртагдсан гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх түрээсээс худалдах тухай 6 ширхэг гэрээнүүд нь дээрх шинжийг огт агуулаагүйн дээр урьдчилан санамж бичиг үйлдсний үндсэн дээр байгуулагдсан байна. Хэлцэл хийх зорилгоор хуурч мэхэлж хийсэн хэлцэл нь аль нэг талын хууран мэхлэх субъектив санаа зорилгоор үүдэлтэй байх учиртай байтал энэхүү гэрээн дээр талуудын санаа, хүсэл зорилго нэгдмэл байгаа нь байгуулсан гэрээ, солилцсон албан бичгүүд, санхүүгийн баримтууд зэргээр нотлогдож байна. Түрээслэгч нь түрээсийн төлбөрт төлж байсан төлбөрүүдээ урьдчилгаанд төлсөн гэж худал бичжээ. Хэрэгт авагдсан тус компаний 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01/65 тоот, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/33 тоот албан бичгүүдээр түрээсийн төлбөр төлж байснаа хүлээн зөвшөөрч, илэрхийлж байсан. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, ямар нэгэн урьдчилгаа авах, өгөх асуудал үүсээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 5 866 737 742,94 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, эдгээр гэрээнүүдийн дагуу төлсөн 1 898 816 267 төгрөгийг буцаан гаргуулах тухай “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 491 638,71 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 29 491 638,71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д буцаан олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 801 000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5 360 246 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн буюу хүсэл зоригоо илэрхийлэгчийн шаардлага, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “В” ХХК хариуцагчийн хэрэгцээ шаардлагад дөрөөлөн хуурч мэхэлж өөрт ашигтай гэрээг байгуулан ашиг олсон. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус: Зохигчид 6 гэрээний 9 тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүхэд гаргасан 2017.06/068 дугаар нэхэмжлэлийн шаардлагад гэрээ тус бүрийн төлбөр тооцоо, алданги, хугацааг тодорхойлон зааж нэхэмжилээгүй. Тухайлбал RP015/08-07UB гэрээгээр хэдэн төгрөгийн алданги, хэдэн төгрөгийн төлбөр нэхэмжилсэн нь тодорхойгүй. Эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй: Гэрээний нэр "Тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах” гэрээ, түрээсийн төлбөр гэх төлбөр нь оног төхөөрөмжийн өнөөдрийн зах зээлийн үнээс хасагдах төлбөр буюу хариуцагчид урьдчилгаа төлбөр гэж ойлгуулан түүнийгээ хүлээн зөвшөөрсөөр байхад гэрээний худалдах гэснийг дүгнэлгүй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээ гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэл болж чадаагүй.

Гэрээнүүдийн хугацааг анхаараагүй: RPO15/02-02UB тоот гэрээний хугацаа дуусаагуй байхад техникийг буцааж татан авч гэрээний үүргийг шаардсан байхад шүүх шийдвэрлэсэн. Алданги тооцох, төлбөр нэхэмжилэх шаардах эрх үүссэн эсэх нь эргэлзээтэй. Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар зөвлөмжид дурдсанаар гэрээ цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно гэжээ. Нэхэмжлэгч “В” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тоног төхөөрөмжийг хариуцагчийн эзэмшил, ашиглалтаас авсан үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь манай компанитай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан учир үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 3 911 158 495,29 төгрөг, алданги 1 955 579 247,65 төгрөг, нийт 5 866 737 742,94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний дагуу төлсөн 1 898 816 267 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Талуудын хооронд “Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээ”-г /6ш/ 2015 оны 02 дугаар сарын 12, 5 дугаар сарын 01, 8 дугаар сарын 21-ний /2 ш/ гэрээг 1 жилийн хугацаатай, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 27-ний өдрийг хүртэл, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл  хугацаатай байгуулж, өөрөө буулгагч машин, экскаватор, өөрөө буулгагч машин, гинжит экскаватор зэрэг 9 ширхэг техник, тоног төхөөрөмжийг түрээслэгч “Б” ХХК-ийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн болох нь тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах худалдан авах гэрээ, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн болон шалгах хуудас зэрэг нотлох баримтаар тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй. /1 хав 17-101/

Тоног төхөөрөмж түрээсээс худалдах гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В” ХХК нь дээрхи тоног төхөөрөмжийг худалдан авах нөхцөлтэйгээр түрээслүүлэх, түрээслэгч тоног төхөөрөмжийг худалдан авах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд төлсөн түрээсийн төлбөрийг тоног төхөөрөмжийг худалдах үнээс хасч тооцох, хариуцагч “Б” ХХК нь түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгчид бичгээр мэдэгдсэний үндсэн дээр тоног төхөрөөмжийг худалдан авах гэрээний дагуу шууд худалдан авах, эсхүл лизингийн гэрээнд заасан нөхцлийн дагуу худалдан авах эрхтэй бөгөөд түрээслүүлэгчийн тогтоосон зах зээлийн үнээр түрээсийн тоног төхөөрөмж худалдах үнийг тооцон, худалдах үнээс хасч тооцохоор тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл, бие даасан хуулийн этгээдүүд тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд чөлөөт байдлын зарчмын хүрээнд байгуулсан, уг гэрээний нөхцлөөр тодорхой сар бүрийн түрээсийн төлбөр төлөх, энэ түрээсийн төлбөрүүдийг төлж дуусгасан тодорхой нөхцөлд түүнийг буцаан худалдан авах боломж нөхцлийг тохиролцсон нь хэрэгт авагдсан тоног төхөөрөмж түрээсээ худалдах гэрээ, харилцан ойлголцлын санамж бичгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд талуудын хооронд худалдах худалдан авах буюу зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.  

Дээрх түрээсийн гэрээнүүдийн нөхцөл хэрэгжиж байгаад тодорхой болзол хангагдсан тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний нөхцөл үйлчлэх агуулгатай буюу Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээний шинжийг агуулах боловч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэлгүй дуусгавар болсон учир талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Б” ХХК-тай тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээ байгуулахдаа төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан “Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч нь тоног төхөөрөмж түрээслэн авсны төлбөрт 1 898 816 267 төгрөгийг төлж, өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсан тоног төхөөрөмжийг ашиглан үр шимийг хүртсэн тул уг төлбөрийг түрээслүүлэгч “В” ХХК-иас буцаан гаргуулах үндэслэлгүй юм. Иймд хариуцагч “Б” ХХК-иас тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлон түрээсийн төлбөр төлөхөөр тохиролцсон боловч түрээсийн төлбөрийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлэн эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх гэрээгээр тохиролцсон нөхцөл биелэгдээгүй тул тогтоосон хуваарийг зөрчсөнтэй холбогдуулан тоног төхөөрөмжийг буцаан татсан үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч “Б” ХХК гэрээний хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжийг хураан авсан гэж тайлбарлаж байх боловч тухайн үед 2017 оны 3 дугаар сарын 24-ний байдлаар тоног төхөөрөмж түрээсээс худалдах 6 гэрээнээс 2015 оны 02 дугаар сарын 12, 5 дугаар сарын 01, 8 дугаар сарын 21-нд байгуулагдсан /2ш/ гэрээний  хугацаа дууссан байсан бөгөөд нэхэмжлэгч “В” ХХК нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар 2015 оны 5 дугаар сарын 27, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан 2 гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээслэсэн хугацаанд төлбөл зохих төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Талууд “Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээ”-ний 7.4-т “төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас 3 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй дүнгээс 0.5 хувьтай тэнцэх алдангийг хоног тутамд төлөх”-өөр харилцан тохиролцсон нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн зохицуулалтад нийцсэн болон нэхэмжлэгч тал алдангийг гүйцэтгээгүй түрээсийн төлбөрийн 50 хувиар хязгаарлан тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4. 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан түрээсийн төлбөрийг төлөх тухай хуваарь, нэхэмжлэгч байгууллагын санал хүргүүлэх албан тоот / 1 хх 114-133/, хариуцагч байгууллагын тооцооны үлдэгдэл баталгаажуулах тухай албан тоотууд явуулж байсан байдал /1 хх 135-144/, харилцан албан бичиг бичигдсэн нэхэмжлэхийг хариуцагч байгууллагын эрх бүхий этгээд хүлээж авсан нэхэмжлэхүүд зэрэг эдгээр баримтуудаас тооцож үзвэл түрээсийн төлбөр төлөх хугацаанд хамааруулсан алдангийн тооцоо үндэслэлтэй. 

Хариуцагч талаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл, алдангийн тооцоололыг зөвшөөрөхгүй гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/02503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 073 232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

             

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                     ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                                                       Д.БАЙГАЛМАА