| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0198/Э |
| Дугаар | 771 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 771
Б.Ө, Ж.Г, Б.О, Г.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Б.Мэргэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, шүүгдэгч Г.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ө, Ж.Г, Б.О, Г.Г нарт холбогдох 1809 0060 40262 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Л овгийн Б-ийн Ө, 1988 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт .................... аймгийн ............... сум, ,.................. гудамжны .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух,
Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;
2. Х овгийн Ж-ийн Г, 1980 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ................ аймгийн .............. суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “.......................” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................... дүүргийн .... дүгээр хороо, Бага тойруу гудамж, .... дүгээр байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................дүүргийн .... дугаар хороо, .................... хотхоны ................. дүгээр байрны ............... тоотод оршин суух;
3. ................ овгийн Б-ын О, 1977 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ................ аймгийн ................... суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.....................” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ......................... дүүргийн ... дугаар хороо, ................... хорооллын ............ дугаар байрны .......... тоотод оршин суух бүртгэлтэй,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсгүүдэд зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар зарлигаар 3 жилийн хорих ялыг эдлэхээс уучлал үзүүлэн чөлөөлсөн,
Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 62 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
4. Б овгийн Г-ийн Г, 1976 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “.................” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................дүүргийн .......... дугаар хороо, .......... хотхоны .... дүгээр байрны ............ тоотод оршин суух бүртгэлтэй,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн;
Б.Ө нь Б.О, Ж.Г нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧОКО” нэртэй бааран дотор иргэн Г.Г-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Б.О нь Б.Ө, Ж.Г нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧОКО” нэртэй бааран дотор иргэн Г.Г-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа болон хөлөөрөө цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Ж.Г нь Б.О, Б.Ө нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧОКО” нэртэй бааран дотор иргэн Г.Г-тай маргалдаж, түүний нүүрэн тус газар гар болон хөлөөрөө тус тус цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах үед Г.Г-ийг тэвэрч 2 гарын болон биеийн хөдөлгөөнийг хязгаарлах замаар дэмжлэг үзүүлсэн,
Г.Гнь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мэдүүлэг авах 106 тоот өрөөнд хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус өгсөн тогтвортой, агуулгын зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой зааж, хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдсон “Надад учруулсан гэмтлийг С, Ө, О, Г нар учруулсан. Г-ийн хувьд намайг хаалгаар гаргаагүй, гар барьж намайг зодуулсан. Б.О намайг маш олон удаа цохисон” гэсэн мэдүүлгээ үгүйсгэж, “С цохиод л надад учирсан гэмтлийг учруулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ө, Ж.Г, Б.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л овогт Б-ийн Ө, Г овогт Б-ын О, Х овогт Ж-ийн Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б овогт Г-ийн Г-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Ө, Ж.Г, Б.О нарыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Б.Ө, Б.О, Ж.Г нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хасч, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 4 сарын хугацаагаар нийтийн албанд ажиллах эрх хассан ялын хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “ ...Улсын яллагч намайг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус өгсөн тогтвортой, агуулгын зөрүүгүй, эх сурвалжаа тодорхой заасан “надад учруулсан гэмтлийг С, Ө, О, Г нар учруулсан” гэсэн мэдүүлгээ 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “С л цохиод надад гэмтлийг учруулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн байсан. ...Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн, гэмтлийн улмаас миний бие мартаж санадаг болсон тухай мэдүүлэг болгондоо хэлж байсан, харин ч бусдыг гүтгэхгүй, гэмтлийг учруулсан этгээдийг яг нэрлэн заасан мэдүүлгийг өгсөн байхад намайг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үнэн мөнийг олохгүйгээр яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж, надад эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаан дээр Б.Ө нь гэм буруу дээрээ маргаагүй, өөрөө гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан болохоор хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж үзээд 80 гаруй сая төгрөгийг хохиролд төлсөн. Анхан шатны шүүх Б.Ө-ыг гэм буруутайд тооцож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Үүнтэй санал нэг байна. Хорих ялын доод хэмжээг 6 сараас дээш, дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн зохицуулахыг тусгаж өгөөгүй. Прокуророос шүүгдэгч Б.Ө-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн заалт нь 6 сараас дээш 3 жил хүртэл хорих ялтай зүйл байдаг. Эрүүгийн хуульд уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан зохицуулалт байхгүй. Үүнийг хууль боловсруулсан хүмүүс нь хугацаа зааж өгөөгүй, тусгаагүй илэрхий алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.
Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хугацааны алинд нь ч хамаарахгүй байгаа. Хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байдал үүсээд байгаа тул зарчмаа баримтлаад шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зөв гэдэг үндэслэл гаргаж байна. Шүүгдэгч Б.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй” гэв.
Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Г.Г-аас 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус тус мэдүүлэг авахад мөрдөгчөөс хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох эрхийг нь танилцуулж, гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан байдаг. Үүний дараа 5 сард мэдүүлэг өгөхдөө эрс өөр мэдүүлэг өгч мөрдөн байцаалтад саад учруулж, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хохирогч Г.Г нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэх дүгнэлт гарсан байгаа. Мөн тухайн хэрэг учрал болсон өдөр хамт байсан хохирогч Г.Г-ийн дүү нь мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр баримтаас үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчөөгүй. Прокуророос хэргийг зөв зүйлчилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.
Өмгөөлөгч Б.Мэргэний тайлбарт хариу тайлбар хэлэхэд, прокуророос эсэргүүцэл бичих ёстой байсан болов уу, учир нь хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан Улсын дээд шүүхээс чиглэл ирсэн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зөрүүтэй байгаа ойлголтыг 5 жилээр нь тооцно гэсэн чиглэл ирсэн байдаг. Тэрийг би өнөөдөр хуралдаанд бэлдэж ирсэнгүй. Миний санаж байгаагаар тийм чиглэл ирсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ө, Б.О, Ж.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө, Б.О, Ж.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заатыг буруу тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээг “зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангиллын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн хэргийн ангилалд хамаарах боловч хууль тогтоогч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлийг тодорхойлохдоо гэмт хэргийн ангилалд тулгуурлаж бус харин тодорхой ялын дээд хэмжээгээр хязгаар тогтоож хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцохоор зохицуулсан бөгөөд гэмт хэргийн ангиллыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа тооцох талаар ямар нэгэн хэм хэмжээг хуульчлан тогтоогоогүй, хамаарагдахгүй байхад шүүх Эрүүгийн хуульд байхгүй үндэслэл зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг шүүгдэгч нарт ашигтайгаар тайлбарлах үндэслэлд хамаарахгүй байна. Энэ үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын ..., дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заасан бөгөөд харин мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялын хэмжээг 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар тогтоожээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулж болох хорих ялын дээд хэмжээг 3 жилээр тогтоосон бөгөөд тухайн зүйлд заасан 3 жилийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон хугацаанд хамааруулан авч үзэж, хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг хамгаалах Эрүүгийн хуулийн зорилгод нийцэж байна.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Г.Г-ийн биед зүүн хамрын нум хэсгийн хугарал, зүүн нүдний ухархай ясны доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зовхи, уруулд сорви, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн 376 тоот дүгнэлт гарсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ц.Нандинцэцэг “...зүүн хамрын нум хэсгийн хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархай ясны доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зовхи, уруулд сорви, 1 шүдний эмтрэл зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж мэдүүлжээ.
Дээрх шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмчийн мэдүүлгийг шинжлэн судлахад Г.Г-ийн биед учирсан хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд хэн, хэний үйлдлээс болж учирсан, өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийвчлан шалгаж дүгнэлт хийх нь шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг тогтооход ач холбогдолтой бөгөөд үүний дараа гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байх боловч тэдний үйлдлийн дараалал, цаг хугацааг хохирогчид учирсан гэмтэлтэй хамааралтай буюу шалтгаант холбоотой байдалтай холбон дүгнэлт хийлгүйгээр шууд хүндэвтэр гэмтлийг бүлэглэн учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл, хохирогчид учруулсан хүндэвтэр гэмтэл хэдэн удаагийн ямар хүчний үйлчлэлээр үүсэх, мөн хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтлүүд нь хэдэн удаагийн ямар хүчний үйлчлэлээр үүссэн болохыг тогтоож, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтлийг хэн учруулсан, ямар зэргийн гэмтлийг нь учруулсан үйлдэлдээ бүлэглэн оролцсон болохыг тогтоосны дараа хэргийг зүйлчлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ө, Ж.Г, Б.О, Г.Г нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хохирогч, шүүгдэгч Г.Г-ийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ө, Ж.Г, Б.О, Г.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2.Хэргийг прокурорт очих хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гаргуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ