Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1266

 

2022 08 25                                        2022/ШЦТ/1266 -

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж, нарийн бичгийн дарга Д.Амуундарь улсын яллагч Ж.Б /томилолт/ хохирогч Б.М шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн  Т.Д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охин Б.М маргалдан нүүр, цээж хэсэгт гараараа цохисны улмаас хохирогчийн биед тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн зовхи баруун, зүүн хацар, хамрын нуруу, дух, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, нуруу, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр дөрвүүлээ зочид буудал руу орсон. Мөнхдөлгөөн нэлээд согтсон байсан. Би орон дээр унтах гээд хэвтэж байхад Мөнхдөлгөөн миний баруун талд хэвтэж байсан. Намайг бэлгийн харилцаанд оръё гэж хэлэхэд би зөвшөөрөөгүй. М миний дээр гарч ирээд намайг үсэдсэн. М цагдаад мэдүүлэг өгөхдөө өөрийг нь пивотой шилээр цохисон гэж мэдүүлсэн байсан. Гаднаас буудлын ресейпшн хаалга тогшоод манай 2 дүүтэй хамт орж ирэхэд Мөнхдөлгөөн миний үснээс тавьсан. Тэгээд намайг дахиад үсдэхэд манай 2 дүү бичлэг хийсэн. Манай 2 дүү цагдаа байна гэж хэлээд хаалга онгойлгуулсан. Би дүүдээ хувцсаа өгөхөд намайг дахиж үсдэх гэж дайрсан. Би тэгээд буудлаас гараад зугтсан. Би Мөнхдөлгөөнийг цохиж зодсон зүйл байхгүй” гэв. Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр би ажлаасаа тараад явж байхад Д найзтайгаа, манай ажлын охинтой дөрвүүлээ хамт уулзаад архи уусан. Бид нар тэндээс гараад дөрвүүлээ буудал орсон. Д найз нь манай согтуу найзыг аваад өөр өрөөнд орсон. Д групп секс хийе гээд араас нь орох гээд байсан. Дөрвүүлээ бэлгийн харьцаанд оръё гэж хэлсэн. гэхэд би зөвшөөрөөгүй. Д намайг алгадаад би өөрийгөө хамгаалсан. Цагдаа ирэхээс өмнө Д найзтайгаа гараад зугтаасан. Би хохирол төлбөрөө нэхэмжилж байна” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хэргийн үйл баримтын талаар 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6167 дугаартай: “Б.М биед тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, дух, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, нуруу, баруун даланд цус хуралт гэмтэл биед гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-19-20 тал / гэх дүгнэлт зэрэг болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Т.Д 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Nice” нэртэй зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охин Б.М маргалдан нүүр, цээж хэсэгт гараараа цохисны улмаас хохирогчийн биед тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн зовхи баруун, зүүн хацар, хамрын нуруу, дух, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, нуруу, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6167 дугаартай: “Б.М биед тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, дух, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, нуруу, баруун даланд цус хуралт гэмтэл биед гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Т.Д нь уг дүгнэлттэй маргасан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан. Шүүгдэгч Т.Д нь хохирогч Б.М эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч Т.Д нь хохирогч Б.М эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч Т.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Т.Д нь хохирогч Б.М эрүүл мэндэд халдаж зодсон зүйл байхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж, тайлбар мэдүүлэг гаргасан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн хохирогчид хууль сануулж авсан мэдүүлгээр “...Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Найс нэртэй буудалд орж унтахаар болсон, З манай найз болох С нэг өрөөнд би өөрийн найз залуу болох Д нэг өрөөнд орсон. Д намайг өрөөнд оруулчихаад С, З нарын өрөө рүү орсон. Ямар зорилготой орсныг бол мэдэхгүй. Тэгээд би уурлаад найз охинтойгоо явж байж өөр эмэгтэй хүний өрөө рүү орлоо гэсэн чинь намайг зодсон. “...миний биед гэмтэл учирсан, нүд өвдөж байна, зүүн талын хоёр хавирга, бас толгой өвдөж байна /хх-ийн 8 тал/ гэх мэдүүлэг, мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6167 дугаартай: “Б.М биед тархи доргилт, баруун, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн зовхи, баруун, зүүн хацар, хамрын нуруу, дух, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн шуу, цээж, нуруу, баруун даланд цус хуралт гэмтэл биед гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Улсын яллагч: “Шүүгдэгч Т.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Т.Д гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь гэрч хохирогч, мөн шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Шүүх шүүгдэгч Т.Д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500.000 төгрөгөөр торгох ял ял оногдуулж шийдвэрлэв. Бусад асуудал: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Д нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.М нь шүүгдэгч Т.Д гэм хорын хохирол болон ажилгүй байсан хугацааны цалин 509.821 төгрөг нэхэмжилсэн боловч тус байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Харин цээжний болон толгойн зураг авахуулахад зарцуулсан 160000 төгрөгийн баримт гаргаж өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Хохирогч Б.М нь гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си диг хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Т.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Си Диг хэрэгт хавсаргаж,, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Д 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогч Б.М РД: /-д олгуулсугай. 6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ,                 ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА