Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1381

 

 

 

 

 

 

 

 

 

 

        2022       9           26                                         2022/ШЦТ/1381

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ч.Батзориг,

шүүгдэгч/хохирогч Э.О,

шүүгдэгч/хохирогч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Э-ийн О, Б овогт Б-ийн Х нарт холбогдох 2206 01964 1697 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           

0

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Х нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоот Э.Огийн гэрт 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.Отэй үл ялиг зүйлээс болж маргаан үүсгэж, зүүн талын шанаа хэсэгт 1 удаа, баруун талын хавирга руу нэг удаа тус тус цохиж, газар мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Э.О нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоот өөрийн гэртээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Хтай үл ялиг зүйлээс болж маргаан үүсгэж, сандлаар толгой хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Э.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Хохирогчийн хувиар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Хохирогчийн хувиар гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

            Хохирогч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн орой гэрт очиход манайд Х, С, Г нар байсан ба Г манай орон дээр сууж байсан. Тэр үед би уурлаад “чи миний орноос бос” гэж хэлсэн. Г босоод өөр газарт суусан. Х нэлээд согтуу байсан ба надад “чамайг дүү төрөл садан чинь тоохгүй. Гудамд архи ууж явж байхад хувцсыг чинь угаагаад, хоолыг нь бэлдээд өгдөг ийм хүн олдохгүй шүү, энэ хүний буяныг дааж амьдар" гэх мэтээр над руу дайрч эхэлсэн. Тэр үед С түүнд “эд нарын хоорондын асуудал чамд ямар хамаатай юм вэ, чи зүгээр суухгүй юм уу“ гэж хэлснээс болоод Х, С хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн үед би тэр хоёрт “та нарын хэрэлдэх газар чинь энэ биш шүү, манайхаас зайлаарай” гэж хэлэхэд Х сууж байсан газраасаа босож ирээд намайг нэг удаа цохисон. Харин би сууж байсан сандлаа аваад түүний толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон үед Х намайг барьж газарт унагааж аваад миний толгойг хэд хэдэн удаа газар мөргүүлээд гараараа баруун талын хавирга руу нэг удаа хүчтэй цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

 

Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О согтуу ирчхээд үүдэнд байгаа хүмүүстэй маргалдаж байсан. О явган хүрч ирээд орон дээр сууж байсан Нтэй маргалдаж, хэрэлдэж эхэлсэн. Тэр үед би Од хандаж “чамайг ах дүү төрөл садан чинь тоохгүй, гудамд архи ууж явж байхад хувцсыг чинь угаагаад, хоолыг нь бэлдээд өгдөг ийм хүн олдохгүй шүү, энэ хүний буяныг дааж амьдар” гэж хэлсэн чинь О над руу хутга бариад ирсэн чинь П хутгыг нь салгаж авсан. Тэгээд тайвшруулаад сууж байсан чинь О жижиг модон сандал аваад миний толгой руу цохих уед миний толгойноос цус гарсан. Тэр үед би уурандаа түүнийг барьж аваад газарт унагааж, хүзүүнээс нь барьж байгаад толгойг нь хоёр удаа шал руу цохисон. ...Би тухайн үед хэд хоног эм авч уусан. Мөн толгойдоо боолт хийлгэсэн. Энэ тухай ямар нэгэн баримт цуглуулаагүй. Шаардлагатай юм бол би тухайн баримтуудыг гаргаж өгч болно. ...Э.О өөрөө түрүүлж намайг сандлаар цохих үед би түүний биед халдсан. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бид нар Пын гэрт очоод сууж байх үед араас О явган явж ирээд ороод ирсэн. Тэр үед Г орон дээр нь сууж байсан болохоор О Г руу дайрч “чи миний орноос бос гэж уурлаж, агсамнах үед нь Х Ог загнаж хэрүүл маргаан гарсан. Тэр үед О заазуур аваад ирсэн үед П булааж авсан. Дараа нь О нэг сандал аваад Хын толгойн тус газраас нэг удаа цохих үед Х Ог газарт унагааж аваад толгойгоор нь газар мөргүүлж байх үед бид нар салгаж авсан. Өөрөөр хэлбэл Х, О нар архи ууж сууж байгаад үл ялимгүй зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан нь үнэн болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

 

Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х С-тай нэг хэрэлдэж байснаа болиод Ог хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ асуудлаас болж Х, О хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Миний бие тухайн үед хоол ундаа бэлдээд явж байсан болохоор сайн анзаарч хараагүй ба би нэг харахад Х Ог газарт унагааж аваад, хүзүүнээс нь барьж байгаад толгойгоор нь шал мөргүүлээд байсан. Тэгж байхад О ухаан алдсан байсан тул би цагдаад дуудлага өгсөн болно. Эхлээд О бид нарын араас ирж намайг хардаж хэрүүл маргаан гаргасан. Дараа нь Х Стай хэрэлдэж байснаа шууд Ог янз бүрээр хэл амаар доромжилж эхэлсэн. Энэ асуудлаас болж О, Х хоёр хоорондоо зодолдсон. Тэр өдөр энэ хоёроос өөр архи ууж согтсон хүн байхгүй. Бид нар урьд өмнө хэд хэдэн удаа хамт явж байсан. Гэхдээ нэг ч удаа ийм асуудал гарч байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 11 -ний өдрийн 5457 дугаар: “... ДҮГНЭЛТ Б.Хын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33 дугаар хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 404 дугаар: “... ДҮГНЭЛТ Э.Огийн биед эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн булангийн зөрөөгүй хугарал, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хацар шанаад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал үрэлцэх, шүргэлцэх механизмаар, эрүүний зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүний зүүн булчингийн хугарал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал нь дангаараа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр, зүүн хөмсөг, зүүн хацрын төвгөр, зүүн шанаад зулгаралт зэрэгт хамаарна." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 146, 147, 148, 149, 150, 151 дүгээр хуудас), 

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

                       

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69, 70 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76, 82 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...Шүүгдэгч Б.Х нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоот Э.Огийн гэрт 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Э.Отэй үл ялиг зүйлээс болж маргаан үүсгэж, зүүн талын шанаа хэсэгт 1 удаа, баруун талын хавирга руу нэг удаа тус тус цохиж, газар мөргүүлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг, шүүгдэгч Э.О нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоот өөрийн гэртээ 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Б.Хтай үл ялиг зүйлээс болж маргаан үүсгэж, сандлаар толгой хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ” гэмт хэрэгт тус тус холбогджээ....” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Э.О, Б.Хишигбаатар нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоот Б.Х, Э.О нар нь үл ялиг зүйлээс болж хоорондоо маргаан үүсгэж,  улмаар шүүгдэгч Б.Х нь Э.Огийн зүүн талын шанаа хэсэгт 1 удаа, баруун талын хавирга руу нэг удаа тус тус цохиж, газар мөргүүлж, шүүгдэгч Э.О нь Б.Хыг сандлаар толгой хэсэгт нь нэг удаа цохиж бие биедээ харилцан гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Э.Од Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 404 дүгээр дүгнэлтээр “доод эрүүний зүүн бугалгын зөрүүгүй хугарал, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг хацар, шанаанд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт,

Хохирогч Б.Хт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5457 дугаар дүгнэлтээр “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт тус тус гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Б.Х, Э.О нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Х, Э.О нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Э.Од Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 404 дүгээр дүгнэлтээр “доод эрүүний зүүн бугалгын зөрүүгүй хугарал, эрүүний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг хацар, шанаанд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,

Хохирогч Б.Хт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5457 дугаар дүгнэлтээр “зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж тус тус үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Х нь хохирогч Э.Огийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой,

шүүгдэгч Э.О нь Б.Хын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.О нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.Х, Э.О нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэдгээрийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг танилцуулж, шүүгдэгч нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Х, Э.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.

 

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Х, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Э-ийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х, Э.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ