Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Н.Тогтохжаргал нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Тогтохжаргалд холбогдох эрүүгийн 2215002100200 дугаартай, 163/2022/0209/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Шалбаг овогт Надмидын Тогтохжаргал, Увс аймаг, Тариалан суманд 1999 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Халиун, Ханхар чингэл гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 23 настай, эрэгтэй, РД: ОМ99081114.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Тогтохжаргал нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган аймаг, Орхон сумын 2 дугаар багийн Өлийн даваа гэх газарт 88-08 ОРА улсын дугаартай Hyundai Sonata 6 загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Өсөхжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2215002100200 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Тогтохжаргал нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Өлийн даваа гэх газарт 88-08 ОРА улсын дугаартай Hyundai Sonata 6 загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Өсөхжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тогтохжаргалын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Өлийн даваа гэх газарт болсон байв. ...Мөнгөлөг саарал өнгийн 88-08 ОРА улсын дугаартай, Sonata 6 загварын тээврийн хэрэгсэл рүү чигэлсэн Өлийн даваа гэх нэртэй уулын зүүн талд огцом налуу хэсэгт хөрсөн дээр тээврийн хэрэгслийн мөр байх ба уг мөрнөөс үргэлжилэн тээврийн хэрэгсэл хүртэл 11 ширхэг газрын хөрсийг зулгарсан мөрнүүдтэй байв. ...Уг хэрэг учрал болсон гэх газар болон ойр орчим нь сул хайргатай хөрстэй ногоон өнгийн ургамалтай зүлэгтэй байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-9 дэх тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: Уг тээврийн хэрэгсэл нь 88-08 ОРА улсын дугаартай Sonata 6 загварын тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн урд салхины шил бутарч хагарсан, урд копуд, баруун зүүн карлон, дээвэр, баруун зүүн хаалга нь хонхойж хэлбэр дүрсээ алдсан байв. Мөн урд талын  их гэрэл сууриараа хагарч үгүй болсон. Урд талын гупер салж унасан. Хойд дугай хийгүй, зүүн хойд талын гэрэл хагарсан, баруун урд хаалганы шил хагарсан байх ба хар өнгийн салонтой хүрэн шаргал өнгийн бүрээстэй, зөв талдаа жолооны хүрдтэй байв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Отгонбаярын өгсөн: Хэрэг болох өдрийн урд өдөр 19 цагийн орчимд манайд Өсөхжаргалын найз Тогтохжаргал, Төрболд нар Sonata 6 загварын тээврийн хэрэгслийг уначихсан ирсэн. Өсөхжаргалыг тугал хашилцаад өг гэж хэлээд дагуулаад аваад явсан. Түүнээс хойш огт холбоо барихгүй байж байгаад маргааш өглөө үүрээр осол гарсан байна гэж манай том хүүхэд хэлсэн. Өлийн даваа руу очтол осолд орчихсон цагдаа нар ирээд хэмжилт хийгээд дуусчихсан байсан. Уг ослоос болж манай хүү Өсөхжаргалын бие их тааруу болж, ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт 15 хоног ухаангүй байсан. Улмаар ухаан орсон бөгөөд одоогийн байдлаар өөрийн гэсэн ухаангүй юм ярьж хэлж чадахгүй, хэвтрийн байдалд зүүн гар нь хөдөлнө, бусад эрхтнүүд хөдлөхгүй байгаа. ...Одоогоор биеийн байдал нь хүн түшээд муухан ганц нэг алхаж байгаа. Мөн аав, ээж гэж ганц нэг үг хэлж байгаа. Түүнээс бүтэн өгүүлбэрээр хэлж ярьж чадахгүй байгаа. Мөн оюун ухааны хувьд эрүүл эсэх нь тодорхойгүй байгаа. Мөн урьд өмнө болсон явдлын талаар санаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. ...Осолд анх орсноос хойш Орхон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. ...Дээрх эд зүйлсээс баримттайгаар 2.659.380 төгрөг болсон. Баримтгүйгээр рентгенд 120.000 төгрөгөөр 2 удаа харуулсан, нийт 240.000 төгрөг. Ингээд нийт 2.899.380 төгрөг болж байгаагаас Тогтохжаргалын аав, ээж нар нь 120.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд 2.779.380 төгрөг нэхэмжилж байна. Үүний дараа Улаанбаатар хот руу Өсөхжаргалыг эмчилгээнд авч явахад зарцуулсан эм тариа, үзлэг оношилгоо, шинжилгээний хөлс, вагоны хөлс зэргийг тооцож үзэхэд баримттай нь 1.247.050 төгрөг болж байна. Харин баримтгүй Улаанбаатар хотод бариа хийлгэсэн нэг бариа хийлгэхэд 60.000 төгрөг байсан ба 14 хоног бариа хийлгэхэд 840.000 төгрөг болсон. Мөн Улсын 3 дугаар эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эмнэлэгт ор хоногийн мөнгө гэж 500.000 төгрөг төлсөн. Ингээд Улаанбаатар хотод нийт 2.587.050 төгрөгийг зарцуулсан байна. Өмнөх нэхэмжилж байсан мөнгөн дүнтэй нийлээд 5.366.430 төгрөг болж байна. Үүнээс Тогтохжаргалын ээж Нарантуяа нь Улаанбаатар хотод хамт байх үедээ 1.500.000 төгрөгийг дансаар өгсөн. Ингээд 3.866.430 төгрөгийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 22 дахь тал/,

5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Төрболдын өгсөн: 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би Орхон аймаг, Баян-Өндөр сум, Их залуу баг, Шандын 16-9А тоотод байрлах гэртээ байхад манай 10 жилийн ангийн хүүхэд Тогтохжаргал над руу залгаад хөдөө байдаг манай гэрт хамт хэд хонох уу? гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэр өдрийн 17 цагийн орчим Тогтохжаргал намайг аваад өөр нэг манай ангийн хүүхэд болох Өсөхжаргалыг гэрээс нь аваад Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багт Тогтохжаргалын хөдөө гэрт нь ирсэн. ...Тэгээд өглөө үүр цайх арай болоогүй байхад Тогтохжаргал намайг сэргээгээд явах юм уу? андаа гэхээр нь би Өсөхжаргалыг гэрт нь хүргэж өгөх гэж байна гэж бодоод машиных нь арын суудал дээр суугаад унтаад өгсөн. Машин нэлээн явж байгаад Тогтохжаргал чангаар ээ пизда гэж хэлээд орилсон. Тэр үед би юу болов гээд сэрээд харахад машин хажуу талаараа хөмрөөд эргэлдсэн. Тэрнээс хойш би гэнэт сэрээд харахад машин доошоо хөмрөөд харчихсан байдалтай онхолдсон байхаар нь газтай машин дэлбэрчих байх гэж бодоод цонхыг хагалах гэж үзээд болохгүй байхаар нь баруун хойд талын хаалгыг нь бариулаас нь татаад үзэхэд жоохон завсар гарч онгойсон. Би тэр хэсгээр мөлхөөд гарахад Тогтохжаргал хажуу талаас гараад ирсэн. Бид 2 Өсөхжаргалыг яасан бол гэж бодоод харахад машины хажуу талд гараад хэвтэж байсан. Тогтохжаргал бид хоёр Өсөхжаргалыг сэрэхгүй ухаангүй байхаар нь доошлуулаад хэвтүүлээд эмнэлэг дуудъя гэсэн. Сүлжээ хайгаад Орхон аймаг руу яриад 1 цаг 30 орчим минутын дараа Орхон аймгийн эмч нар ирээд Өсөхжаргалыг аваад Орхон аймаг руу явсан. Тухайн тээврийн хэрэгслийг Тогтохжаргал жолоодож явсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сугарсүрэнгийн өгсөн: ...Тэгээд би унтаж амарч байх үед шөнийн 03 цагийн орчимд Тогтохжаргал утсаар залгаад машинтайгаа явж байгаад осолд орчихлоо яах вэ?, Өсөхжаргал ухаангүй хэвтээд байна. Төрболд бид хоёр гайгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би пиво уучихсан ганцаараа яаж явж чаддаг юм бэ?, чи гялс түргэн тусламж дуудаач гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

7. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 237 дугаартай: Н.Тогтохжаргал /ОМ99081114/-ын биеэс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

8. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 88 дугаартай: О.Өсөхжаргалын биед тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Цаг хугацааны хувьд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой. Хүнд зэргийн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хуйханд зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. гэх дүгнэлт /хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

9. Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 14 дугаартай: Жолооч Н.Тогтохжаргал /ОМ99081114/ нь цагдаагийн газрын хайлт мэдээллийн санд жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Жолооч Н.Тогтохжаргал /ОМ99081114/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна; 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ. гэх магадлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/,

10. Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Тогтохжаргалын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ дүү Отгонжаргалын хамтаар байж байсан. Тэгээд тухайн өдөр өөрийн найз Төрболдыг 17 цагийн үед Орхон аймгийн наад талаас аавын эзэмшлийн Sonata 6 загварын тээврийн хэрэгслийг жолоодож очиж авсан. Улмаар бид гурав манайд ирээд мал ахуйгаа янзлаад Өсөхжаргал, Төрболд бид гурав Орхон аймгийн төвд байх Сугарсүрэн гэх найзынд очсон. ...Өсөхжаргал, Төрболд нарыг дагуулаад шөнийн 02 цагийн орчимд хөдөлсөн. Улмаар Өсөхжаргалын гэрийнх нь гадаа ирэхэд машинаас буухгүй гээд байхаар нь цааш жаахан явж байгаад зогсъё гэж бодоод явж байтал улмаар зүүрмэглээд унтчихсан байсан. Нэг сэртэл замаас гараад уулын уруу уруудаж байсан. Улмаар осол болсон. Тухайн үед Өсөхжаргал урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан. Осол болсны дараа цонхны харалдаа машины гадна талд хэвтэж байсан. Харин Төрболд бид хоёр машиндаа байсан. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үүрээр 04 цагийн орчимд осол гарсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр, гэрч Б.Төрболд, А.Сугарсүрэн нарын өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Тогтохжаргалын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Н.Тогтохжаргал нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Өлийн даваа гэх газарт 88-08 ОРА улсын дугаартай Hyundai Sonata 6 загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.б, 3.7.а, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж шороон замаар явж байгаад ертөнцийн зүгээр зүүн урд зүгт уулын энгэр хэсэгт унаж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Өсөхжаргалын биед тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Өсөхжаргалын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд тээврийн хэрэгсэл тэнцвэрээ алдаж эргэлдэх үед хатуу зүйл мөргөж гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Н.Тогтохжаргалын замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Тогтохжаргал жолоодож хөдөлгөөн хийсэн, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Н.Тогтохжаргал нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Шалбаг овогт Надмидын Тогтохжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Тогтохжаргалын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч О.Өсөхжаргалын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд 5.366.430 төгрөгийн хохирол нэхэмжилж хавтаст хэргийн 187-211 дэх талд хохирлын баримтыг ирүүлжээ.

Шүүгдэгч Н.Тогтохжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид 5.420.000 төгрөгийг төлсөн байна.

Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Отгонбаярт шүүх хуралдааны товыг мэдэхэд “за ойлголоо, хөдөө ажил ихтэй байх тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, цаашид гарах эмчилгээний төлбөр, хохирлыг нэхэмжилнэ. Одоо болтол хүүгийн маань биеийн байдал сайжраагүй байгаа” гэсэн байна.

Иймд шүүгдэгч Н.Тогтохжаргалыг хэрэгт хавсаргасан баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Тогтохжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Н.Тогтохжаргалын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Тогтохжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 95-98 дахь талуудад авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн газрын цахим хайлтын системийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Тогтохжаргал нь Увс аймаг, Тариалан суманд 1999 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Булган аймаг, Орхон сум, 2 дугаар баг, Ханхар чингэл гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Тогтохжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4/113 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Тогтохжаргалын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Н.Тогтохжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил, 2 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон түүний хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Тогтохжаргал нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шалбаг овогт Надмидын Тогтохжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Тогтохжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Тогтохжаргалд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, түүнчлэн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Тогтохжаргалд сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Тогтохжаргал нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тогтохжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.Тогтохжаргалаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ОТГОНБААТАР