Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1295

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2022         9            06                                     2022/ШЦТ/1295

 

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч/хохирогч Ц.Ю, Д.О нарын оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О, Ц.Ю нарт холбогдох эрүүгийн 2106 03602 1579 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                   

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ю нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 15 дугаар гудамжинд иргэн Д.О, Э.Бнартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Д.О-н хэвлий тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийн баруун дотор хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Э.Б-н хэвлий тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн дор хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.О нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 15 дугаар гудамжинд иргэн Ц.Ю той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хөлөн тус газар нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн гуянд сорви гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ю шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Хэргийн үйл баримтын талаар

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн: “Хэрэг болсон гэх газар гэх газар нь ... байв. Уг газарт байршил тогтоогч ашиглахад N47555562, E107081983 гэж зааж байсныг үзлэгийн тэмдэглэлд тусган үзлэгийг цааш хашаан гадна тал Баяндөхөмийн 15 дугаар гудамжинд хийхээр тогтов. Тус Баяндөхөмийн 14-08 тоот хашааны үүднээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 40м зайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон шороо байснаас шинжээч мэргэжилтэн тусгай уутанд дээж авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Хутга байгаа гэх газрыг Д.О-р заалгахад уг хутганы ажлын хэсэг нь 10 см, ажлын хэсгийн өргөн нь 1,7 см, бариул хэсгийн урт 10 см, нийт 20 см урттай шар өнгийн бариултай ажлын хэсэг цус мэт хүрэл улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хутга байсныг шинжээч мэргэжилтэн 3 гэсэн тоот дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авч үзлэгийн тэмдэглэлд тусгав. Үзлэгийг цааш хүн хутгалуулсан гэх хашааны гадна талд хийхэд хэрэгт ач холбогдолтой өөр ул мөр, эд зүйл илрээгүй тул хашаан дотор орж хийхээр тогтов. Хашаан дотор орж үзлэгийг хийхэд хашааны зүүн хойд буланд урагш харуулан барьсан улаан өнгийн дээвэртэй, урагш харсан 3 ширхэг вакум цонхтой, улаан өнгийн тоосгон 1 давхар байшин байв. Уг байшингийн үүднээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 5,5м зайд хүн хутгалуулсан гэх хэрэгт ач холбогдолтой ул мөр байхгүй газрыг шинжээч мэргэжилтэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийн тэмдэглэлд тусгуулан үзлэгийг тус улаан тоосгон байшинд хийхэд уг байшин нь 1 өрөөний зохион байгууллалтай, эд зүйлс эмх цэгцгүй, хэрэгт ач холбогдолтой ул мөр эд зүйл илрээгүй тул үзлэгийг дуусгаж үзлэгт оролцогч нараас үзлэгтэй холбоотой санал хүсэлт байгаа эсэх талаар асуухад байхгүй гэснээр үзлэгийг 13 цаг 10 минутад дуусгаж оролцогч нарт танилцуулав. Үзлэгт явцад Nikon-3400 маркийн аппратаар 19 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв. ... Ажлийн хэсэг нь 10х1,7 см, бариул хэсэг нь 10 см урт шаргал өнгийн хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөрснөөс дээж авсан. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-17 дугаар хуудас),

 

Хохирогч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед би найз О-н гэрт очиход О, Э нар байж байсан...тэгээд бид нар О-с холгүй байдаг Б-н гэрт нь очоод айраг ууж байтал Ю гэдэг хүн О-тай гэнэт муудалцаад эхэлсэн. Тэгээд тэр 2 гадаа үүдэнд гараад Ю гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд О-н хэвлий хэсэгт нь 1 удаа зүссэн. Тэгэхээр нь би очоод болиултал Ю миний хэвлий хэсэгт тухайн хутгаараа мөн 1 удаа зүссэн. Тэгээд бид нар гадаа гудамжинд гараад О, Ю 2 дахин муудалцаж байгаад О, Ю-н халааснаас хутгыг нь аваад Ю-н баруун гуя хэсэгт нь 1 удаа хутгаар зүссэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

 

Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэртээ, найз Б, Э нарын хамт байж байтал манай танил ах нар болох Ю, Баттэгш нар 08 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирсэн. Тэгээд бид нар бөөндөө юм ярьж сууж байгаад гадаа гараад дэлгүүр ороод 0.75 литрийн Хараа архи 2 ширхгийг аваад бөөндөө Бахынд очиж ууцгаасан. 11 цагийн үед дуусгаад Б бид 2 ажилтай, явлаа гэж хэлтэл Ю ах бид хоёрыг "дахиад архи ууя" гэж хэлэхээр нь би "үгүй" гээд Ю-той муудалцаад байж байтал Ю халааснаасаа хутга гаргаж ирээд миний хэвлийн баруун хэсэг рүү 1 удаа хутгаараа хатгасан. Тэгтэл босож ирээд Ю-г "та яаж байгаа юм бэ" гэж хэлээд болиулах гэтэл Ю Б-н гэдэс хэсэг рүү нь бас хутгаар хатгачих шиг болсон. Тэгээд бид нар гадаа гараад би Ю ахыг "та яагаад намайг хутгалж байгаа юм бэ" гэж хэлтэл над руу дахиад хутгаа бариад дайрахаар нь би хутгыг нь булааж аваад Ю ахын гуя руу нь хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

 

Хохирогч Ц.Юийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би найз Баттэгшийн гэрт буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн задгай тоотод байж байтал Баттэгш гаднаас Отгонбат болон Отгонбатын найз Базардарь нартай орж ирсэн...тэгээд бид нар хамт суугаад 2 шил 0.75 литрийн архи, 20 орчим литр айраг ууцгаасан. Тэгтэл 11 цагийн үед Отгонбат нөгөө хамт ирсэн найз Базардарьтайгаа нийлээд Баттэгшийн гар утсыг нь авах гээд байхаар нь би "та 2 одоо болиоч хамтдаа архи дарс уучхаад" гэж хэлтэл Базардарь нь "танд ерөөсөө ямар ч хамаа байхгүй" гэж хэлээд над руу мод чулуу бариад дайраад байхаар нь би өөрийн загасанд явах хэрэгсэлтэй, үүрч явсан цүнхнээсээ шар өнгийн иштэй хутга гаргаж ирээд Отгонбатын хэвлий хэсэг рүү нь 1 удаа, Базардарийнх нь мөн хэвлий хэсэгт нь 1 удаа хатгасан. Тэгтэл Отгонбат тухайн хутгыг надаас булааж аваад миний зүүн гуяны хэсэгт 1 удаа хатгасан. Тэгээд би ухаан алдчихсан байсан ба нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэгт байж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

 

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...09 цагийн орчим О-н гэрт Ю-той хамт очиход Э, О, Б нар байхаар нь манайд очиж айраг уу гэж хэлээд бид 5 манайд ирж 20 литр айраг ууж суугаад байж байтал Б, О хоёр миний гар утсыг булааж авах гээд байхаар нь өгөхгүй гээд байж байтал гэрийн үүдэнд байсан О, Б нарыг түрийндээ байсан хутгыг гаргаж ирээд нэг нэг удаа хатгах шиг болсон. Ингээд би Б-г гэрт авч ороод гэдсийг нь боох гэж байтал Ю-г би хутгалчихлаа гээд О орж ирэхээр нь очоод хартал хөл, гутлын түрий хэсэг нь цус болчихсон байхаар нь гэрт нь оруулж ирээд өмдийг нь тайлтал гуя хэсэгт нь нэг удаа хутгалсан байсан... О, Б нар миний гар утсыг булааж авах гээд байсан учир Ю намайг өмөөрч босож ирээд хутгаар хутгалчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

 

Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би аав Б-н хамт айлд барилгын засал чимэглэлийн ажил хийж байхад 11 цагийн үед гудамд тавьсан машинаас юм авах гээд гартал согтуу хүмүүс машины ойролцоо муудалцаад байсан. Тэгтэл саарал өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, саарал малгайтай эрэгтэй хүн бор өнгийн цамцтай хүний цамцны халааснаас хутга аваад өөрийн нь зүүн хөл рүү нь хутгалсан. Тэгэхлээр нь би ажил байгаа хашаандаа ороод гэрийн эздэд хэлэхэд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хашаанд ажил хийж байхад "чи эхлээд миний гэдэс рүү хутгалсан, хохь чинь" гээд хэрэлдээд дээшээ өгсөөд 1 айл руу орсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9425 дугаар: “... ДҮГНЭЛТ Д.О-ын хэвлийн баруун дор хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9424 дугаар: “...ДҮГНЭЛТ Э.Б-д хэвлийн зүүн дор хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4330 дугаар: “...ДҮГНЭЛТ Ц.Ю-ийн биед зүүн гуянд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ц.Ю-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...Отгонбат нөгөө хамт ирсэн найз Б-тайгаа нийлээд Б-н гар утсыг нь авах гээд байхаар нь би "та 2 болиоч хамтдаа архи дарс уучхаад" гэж хэлтэл Б нь "танд ерөөсөө ямар ч хамаа байхгүй" гэж хэлээд над руу мод чулуу бариад дайраад байхаар нь би өөрийн загасанд явах хэрэгсэлтэй, үүрч явсан цүнхнээсээ шар өнгийн иштэй хутга гаргаж ирээд О-н хэвлий хэсэг рүү нь 1 удаа, Б-н мөн хэвлий хэсэгт нь 1 удаа хатгасан. Тэгтэл О тухайн хутгыг надаас булааж аваад миний зүүн гуяны хэсэгт 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "...би Юахыг "та яагаад намайг хутгалж байгаа юм бэ" гэж хэлтэл над руу дахиад хутга бариад дайрахаар нь би хутгыг нь булааж аваад Ю ахын гуя руу хатгасан.. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас),

 

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 90 дүгээр хуудас),

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

                                   

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

           

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 108, 109 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтас хэргийн 104, 105 дугаар хуудас),

Шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтас хэргийн 115-116, 118-120 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ц.Ю нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Д.Онь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Баяндөхөмийн 15 дугаар гудамжинд Ц.Ю, Д.О, Э.Б нар нь хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хоорондоо маргалдаж, Ц.Ю нь Д.О, Э.Б нарын хэвлий тус газар нь тус тус хутгаар хатгаж гэмтэл,

Д.О нь Ц.Ю-ийн хөлөн тус газар нь хутгаар хатгаж бие биедээ харилцан гэмтэл учруулсан байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9424 дугаар дүгнэлтээр Э.Б-н биед “хэвлийн зүүн дор хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9425 дугаар дүгнэлтээр Д.О ын биед “хэвлийн баруун дор хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4330 дугаар дүгнэлтээр Ц.Ю ийн биед “зүүн гуянд сорви” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Ю ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Ю нь Д.О, Э.Б нарын нарын хэвлий тус газар нь тус тус хутгаар хатгах, Д.О нь Ц.Ю ийн хөлөн тус газар нь хутгаар хатгах зэргээр эрүүл мэндэд нь тус тус халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9424 дугаар дүгнэлтээр Э.Б-н биед “хэвлийн зүүн дор хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9425 дугаар дүгнэлтээр Д.О ын биед “хэвлийн баруун дор хатгагдаж зүсэгдсэн шарх” гэмтэл,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4330 дугаар дүгнэлтээр Ц.Ю ийн биед “зүүн гуянд сорви” гэмтэл тус тус тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Ю нь Д.О, Э.Б нарын, шүүгдэгч Д.О нь Ц.Ю ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай санаатай үйлдэл, тэдгээрт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ц.Ю нь хохирогч Д.О, Э.Б нарын эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ю ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүний” эсрэг үйлдсэн гэм буруутайд,   

шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

 

охирогч Э.Б нар нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, Д.О нь гомдол, саналгүй гэсэн байх тул Ц.Юийг бусдад төлөх төлбөргүй,

мөн Ц.Ю нь Д.О-д гомдол, саналгүй гэсэн байх тул Д.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

           

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                       

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч Ц.Ю, Д.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Ю ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч Ц.Ю, Д.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан байдал, хооронд эвлэрсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Юид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Ю, Д.О нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 20 см урттай, ажлын хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 10 см урттай шар өнгийн бариултай, үзүүр хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ю, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Ю, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Ю-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хоёр, түүнээс олон хүний” эсрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

            2. Шүүгдэгч Ц.Ю-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Д.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Ю, Д.О нар нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 20 см урттай, ажлын хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 10 см урттай шар өнгийн бариултай, үзүүр хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт

 

5.Шүүгдэгч Ц.Ю, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ю, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ