| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 187/2019/0366/Э |
| Дугаар | 798 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 798
М.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Нарангэрэл,
шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг,
хохирогч Э.Болор-Уянгын өмгөөлөгч О.Булган,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 19100 0000 0017 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн М-ын У, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерьер дизайнер мэргэжилтэй, “..................” захад “................” нэртэй цайны газар ажиллуулдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ............................ дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбай гудамжны ....................... байрны ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ................. дүүргийн .... дугаар хороо, ....................... гудамжны ........................ хотхоны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;
М.У нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” хотхоны ............. дүгээр байрны ..... тоотод 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Э.Болор-Уянгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Болор-Уянгыг байнга зодсон, дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан буюу 2018 оны 8 дугаар сард Тэрэлж дэх амралтын газарт хохирогч Э.Болор-Уянгатай маргалдан орон дээр дарж хоолойг боосон, 2018 оны 9 дүгээр сард дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдан өөрийн хүү У.Цэнгүүний эд зүйл болон хувцсыг орцонд гаргасан, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Э.Болор-Уянгыг гэрээсээ хөөж, түүний биед халдсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөнгө авсан байна гэх шалтгаанаар маргалдаж хохирогч Э.Болор-Уянгын биед халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт М-ын У-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, М.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.У-д энэ хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Уаас гэм хорын хохиролд 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Хан-
Уул дүүргийн ... дугаар хороо, ................... хотхоны ......... дугаар байрны ........ тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Эрдэний Болор-Уянгад /РД:................./ олгож, сэтгэл санааны хохиролд 20.0 сая /хорин сая/ төгрөг гаргуулна гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, М.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүнд энэ тогтоолоор оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт М.У нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Болор-Уянга нь сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 20.0 сая төгрөгийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие эхнэр Э.Болор-Уянгад хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Харин түүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхнэр Э.Болор-Уянга нь намайг болон миний ээж, гэр бүлийг хэлэх хэлэхгүй үгээр маш их доромжилдог. Бид хоёр муудалцдаг боловч би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болон 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Э.Болор-Уянгын нүүр лүү алгадсан, өөрөөр зодож цохиогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж, хүчирхийлэл үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Анхан шатны шүүхээс М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ зүйлчлэл дээр ял шийтгэл оногдуулсанд маргахгүй, гомдол гаргаагүй болно. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн талаар шүүгдэгч М.У нь 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Болор-Уянгыг байнга зодсон, тодруулбал: 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Тэрэлж дэх амралтын газарт хохирогч Э.Болор-Уянгатай маргалдаж орон дээр дарж хоолойг нь боож халдашгүй байдалд нь халдсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тухайн үед Тэрэлжид хамт явсан Нарангэрэл, Мөнхбат, Янжиндулам, Алтангэрэл нар мэдүүлэхдээ М.У буюу Э.Болор-Уянга нарын хооронд ямар нэгэн зодоон болсон буюу Э.Болор-Уянгын бие, хүзүүнд ямар нэгэн зүйл харагдаагүй. Маргааш өглөө нь тэд нар инээж хөхрөөд байж байсан талаараа мэдүүлдэг. 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн өөр нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Хавтаст хэрэгт хохирогчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд болсон 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр гаргасан хүсэлтэндээ 2018 оны 10 дугаар сарын 14, 11 дүгээр сарын 14-нд зодсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл болгон өөрчлүүлэх хүсэлт гаргадаг. Уг хүсэлтэндээ 2018 оны 8 дугаар сард болсон зүйлийн талаар огт дурдаагүй. Хавтаст хэрэгт фото зураг буюу нотлох баримтууд байдаг. Миний үйлчлүүлэгч 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогчид гар хүрээгүй муудалцсан талаар мэдүүлдэг. М.У нь хавтаст хэрэгт өгсөн анхны мэдүүлэг, яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээ тогтвортой мэдүүлдэг. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болсон үйл явдлын талаар хохирогчийн зүгээс фото зураг гаргаж өгсөн байдаг. Хавтас хэргийн 46 дугаар хуудсанд фото зургийг нотлох баримтаар гаргаж өглөө гэж бичсэн боловч мөрдөн байцаагч 8 ширхэг фото зураг авлаа гэх тэмдэглэл үйлдсэн байсан. Тухайн 8 ширхэг зураг нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болсон үйл явдал гэдгийг хэрхэн нотолж байгаа нь тодорхойгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид “байнга” зодсон байхаар хуульчлагдсан бөгөөд “байнга” гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь тоогоор буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш удаа үргэлжлэн үйлдэгдэх, эсхүл удаан хугацаагаар хохирогчид бие махбодын болон хэвшмэл тогтмол байх шинжийг ойлгоно. Шүүгдэгч М.У тухайн мөчид гэмт хэрэг үйлдэхдээ гэр бүлийнхээ хүнийг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэхээсээ илүүтэйгээр тухайн цаг мөчид ээжийг нь “янхан шиг ээжтэйгээ адилхан хүнтэй суу, чи бол хойд аавын бутач хүүхэд, мөн хойд аавын шавхрууг идэж өссөн хүүхэд” гэж зүй бус хэллэгээр доромжилсны улмаас маргаж өөрийн эрхэмлэж хүндэлж байдаг эрхэм зүйлд нь халдсаны улмаас өөрийн бухимдлаа барьж чадаагүй болчимгүй үйлдлээрээ бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий хүнээ үл ялиг зүйлээр шалтаглан байнга удаа дараа зодох гэсэн санаа зорилго байгаагүй.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялтан М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Э.Болор-Уянгын өмгөөлөгч О.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэрэг болох үед М.У, Э.Болор-Уянга нар хоёулаа байсан. М.У нь 2018 оны 8 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хохирогч Э.Болор-Уянгыг гэр бүлийн хүчирхийлэлд автуулж байсан. М.У нь Э.Болор-Уянгыг байнга зайл гэж хөөдөг байсан. Шүүгдэгч М.У нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ Э.Болор-Уянгыг унтахгүй болохоор нь тэврээд өрөөнд оруулсан, уг хэрэгтэй холбоотой зураг байдаг боловч Э.Болор-Уянга уг зургийг өгөөгүй байсан. Энэ талаар хохирогч надад тухайн үед хэлээгүй. Харин хэргийг прокурорт буцаах үед зургийн талаар хэлсэн. Мөн хэрүүл маргаан байнга болох үед Э.Болор-Уянга шүүгдэгчийн эцэг, эхийг дууддаг байсан. Хохирогч нь М.Уын ээжийг элдэв хэл амаар доромжилж, ёс бус үг хэллэг хэрэглэх хүн биш. Шүүгдэгч нь хохирогчид бие махбодь болон сэтгэл санааны хохирол учруулсан. Хавтаст хэрэгт гаргаж өгсөн фото зураг нь хохирогч тухайн үеийг бэхжүүлж авсан зураг. Хэрэв зургийг бэхжүүлж аваагүй байсан бол уг хэрэг нотлогдохгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учир шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Н.Нарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн харилцаатай хүний сэтгэл санаанд эдийн засгийн дарамт учруулах, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл мөн гэж тодорхойлсон байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг нь уг үйлдлийн улмаас ямар нэгэн хор хохирол учруулсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг.
М.У нь уг гэмт хэргийг 2018 оны 8 дугаар сар, 10 дугаар сарын 14, 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд М.У, Э.Болор-Уянга нар хоёулаа байсан. 2018 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн үйлдэлд хохирогч Э.Болор-Уянгын ээж Юмжирмаагийн өгсөн мэдүүлэгт гэрт нь очоод зургийг нь үзэж байхад зодуулсан зураг байсан. Ямар учиртай зураг болох талаар асуухад М.У намайг зодсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг байгаа. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөнгө авлаа гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдаг.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОЙХ нь:
Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
М.У нь Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “............” хотхоны .... дүгээр байрны ... тоот орон сууцыг түрээслэн амьдарч байхдаа 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Э.Болор-Уянгыг зодож, түүний биед “...зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 8 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрүүдийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Э.Болор-Уянгыг байнга буюу 2018 оны 8 дугаар сард Тэрэлж дэх амралтын газарт түүнтэй маргалдан орон дээр дарж хоолойг боосон, 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Э.Болор-Уянгыг гэрээсээ хөөж, түүний биед халдсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөнгө авсан байна гэх шалтгаанаар маргалдаж Э.Болор-Уянгын биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Э.Болор-Уянгын “...би У-д “чи болиоч” гэхэд шууд миний үснээс зулгааж чирээд унтлагын өрөөнөөс гаргаснаа, намайг үсдэж дарж байгаад нүүрний зүүн хэсэгт гараа атгаж байгаад 3 удаа цохисон. Эхний цохилтонд нь миний ухаан манарсан, дараагийн 2 цохилтонд зүүн нүд рүү шингэн зүйл урсаж орж ирээд, нүд юм харж болохгүй байсан. ...2018 оны 8 дугаар сард Тэрэлж дэх амралтын газарт бид хоёр маргалдахад орон дээр миний хоолойг боож унагасан. Энэ асуудлыг харсан хүн байхгүй. Тухайн үед хүзүүний урд хэсэгт хумсны толион чинээ цус хурсан байсан.
2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн .... дүгээр хороо, “...............” хотхоны ..... дүгээр байрны ... тоот дахь гэртээ байхад У “чи намайг унтаж байхад хүүхэд албаар уйлуулж сэрээлээ” гэж уурлаад, намайг гэрээс хөөгөөд, миний хоёр гарын бугалганаас татаж, газар шидэж унагаасан. Мөн гэрээс гаргах гэж хоёр гарнаас татаж чирэхээр нь би гарахгүй гэж ноцолдсон. Тэр үед хөл, гар хөхөрч зулгарсан. Би ээж рүүгээ ярих гэхэд У нь ягаан өнгийн, Самсунг Эс-8 маркийн гар утсыг шал руу 2 удаа шидэхэд утас голоороо тахийгаад, урд дэлгэц болон хойд талын дэлгэц хагарсан. Мөн унтлагын өрөөний хаалганы бариулыг салгаж байгаад бариулаар цөм цохисон. Намайг унтлагын өрөөнд хориод, гарч ирэхээр “зайл” гэж хөөгөөд, энэ асуудал өдөржингөө үргэлжилсэн.
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр У “халаасанд байсан мөнгийг авчихлаа” гэж уурлаад, миний хувцаснуудыг шкафнаас гаргаж шидээд, намайг 2 удаа чанга алгадахад би ухаан алдсан юм шиг байна лээ. Нэг сэрэхэд У хүүдээ бантан хийж өгөөд байж байхаар нь би цагдаад дуудлага өгөөд ээж, аавд нь хэлсэн. Цагдаа нар ирээд Уыг аваад явахад түүний аав, ээж нь “хүүдээ хэлж ойлгуулъя, ухааруулъя” гээд гуйгаад байхаар нь “гомдолгүй” гэж хэлж, цагдаагийн байгууллагаас Уыг 100.000 төгрөгөөр торгосон.” /хх 9-11/,
гэрч Т.Мөнхбатын “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Болор-Уянга манай эхнэр Нарангэрэл рүү яриад “танай хүү намайг зодож, хөмсөг сэтэлчихээд зугтаачихлаа” гэхээр нь би эхнэрийнхээ хамт очиход Болор-Уянгын зүүн хөмсөгний дээд хэсэг 2-3 газарт зүсэгдсэн мэт шархтай болоод цус гарсан байдалтай байсан. Мөн цагдаа ирсэн байсан ба эхнэр бид хоёр Болор-Уянгаас юу болсон тухай асуухад “намайг унтаж байхад У татаж босгоод цохичихоод гараад явсан” гэж хэлсэн. ...” /хх 16-17/,
гэрч Ц.Нарангэрэлийн “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Болор-Уянга 95-тай танихгүй дугаараас миний 99081159 дугаарын утас руу залгаж “танай хүү намайг зодоод, хөмсөг сэтэлчихлээ, гаднаас орж ирэнгүүтээ үсдэж чирээд, дэвсэлсэн” гэхээр нь “ээж нь одоо очлоо” гэж хэлээд, нөхөр Мөнхбатын хамт очиход цагдаа нар ирчихсэн байсан. Болор-Уянгын зүүн хөмсөгний дээд хэсэг 2-3 газарт зүсэгдсэн юм шиг шархтай болоод цус гарсан байсан. ...” /хх 18-19/,
гэрч Р.Юмжирмаагийн “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед нэг танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь утсаа авахад Болор-Уянга “ээжээ У намайг зодчихлоо” гэсэн. Би гэрээсээ гараад ................... дүүргийн ... дүгээр хороо, “..............” хотхоны .... дүгээр байрны ... тоот дахь Болор-Уянга, У нарын хамтран амьдарч байгаа байранд очиход 2 цагдаа ирчихсэн, мөн Уын аав Мөнхбат, ээж Нарангэрэл, Дэмбэрэл болон өөр танихгүй эрэгтэй хүн ирсэн байсан. Харин Болор-Уянгын зүүн хөмсөг орчмоос цус урссан байсан. ...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Болор-Уянгын гэрт гар утсыг нь хараад байж байхад түүний өвдөг, хөл энд тэндээ нилээн хөхөрсөн зураг байхаар нь “юу болсон юм бэ, яахаараа чиний хөл хөхөрдөг юм бэ” гэхэд “У намайг зодсон” гэж хэлсэн. Тухайн үед У гэртээ байсан болохоор би түүнтэй ярилцах гээд “чи яагаад миний охиныг зодож байгаа юм бэ” гэхэд өөр өрөөнд ороод хаалга түгжчихсэн. Би эцэг, эхийг нь дуудаж, болсон асуудлын талаар хэлэхэд тэд надаас уучлалт гуйгаад өнгөрсөн.
Түүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Болор-Уянгын гэрт очиход гэрийнх нь хаалганы бариулыг хугалаад, цөмлөөд өшиглөсөн, жижиг сэтгүүлийн ширээг нь голоор нь хуваачихсан, Болор-Уянгын Самсунг Эс-8 маркийн гар утас нь эвдэрчихсэн байсан. Тухайн үед Болор-Уянгаас юу болсон тухай асуухад тэрээр “У уурлаад, хамаг юмаа эвдсэн, намайг цагдаад дуудлага өгөх гэхэд миний гар утсыг эвдэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд, бас ээж, аавыг нь дуудсан. Цагдаа нар ирээд Уыг 100.000 төгрөгөөр торгоод явсан, хадмууд таньд “битгий хэл” гэхээр нь би хэлээгүй юм гэсэн.
2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би Болор-Уянгын гар утсыг харж байгаад зурагнаас нь У гэрийнхээ эд зүйлийг эвдэж сүйтгэсэн өдөр Болор-Уянгыг алгадаж, Болор-Уянгын хавдаж хөхөрснийг мэдсэн. ...” /хх 20-21/,
гэрч Д.Болормаагийн “2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, “...................” хотхоны .... дүгээр байрны ... тоот дахь гэртээ байж байхад хүн хаалга тогшсон. Хаалганы дурангаар харахад саарал өнгийн майк, хар өнгийн турсиктэй 20 гаран насны эмэгтэй зогсож байхаар нь хаалгаа нээхэд тэр эмэгтэй хүний зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гараад хацраа дагаад урссан, хөл нүцгэн байдалтай байсан. Би тэр эмэгтэй хүнээс “яасан бэ, юу болсон бэ” гэхэд “манай нөхөр согтуу орж ирээд хэрүүл хийгээд, би одоо хүүхдээ авмаар байна. Манайх 5 тоотод амьдардаг” гэж хэлсэн. ...” /хх 56-58/,
гэрч Э.Болдхуягийн “...гэртээ байж байхад хаалгыг хэн нэгэн хүчтэй цохисоноо чимээгүй болсон. 5 орчим минутын дараа дахин цохихоор нь хаалгаа нээхэд майк, турсиктэй, 20 орчим насны эмэгтэй хөл нүцгэн, нүүрний зүүн хэсэг нь цусаар будагдсан, зүүн хөмсөг орчимд нь язарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “манай нөхөр намайг зодоод алах гээд байна. Би хүүхдээ авмаар байна, надад туслаач” гэхээр нь би гэртээ орж хувцсаа өмсөөд гараад ирэхэд 6 тоот айлын эмэгтэй хаалгаа нээчихсэн, шагайгаад зогсож байсан. ...” /хх 59-61/,
шинжээч эмч Б.Ганзоригийн “...Э.Болор-Уянгын биед учирсан зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 96-97/ гэх мэдүүлгүүд,
хүний биед үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 47-51/,
гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх 93-95/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Э.Болор-Уянгын биед зүүн хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуу, гуя, зүүн өвдөгт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг У болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн 537 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмчийн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргүүдийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
М.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ял тус тус оногдуулж, ялуудыг тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл ямар тохиолдолд гэмт хэрэг болох талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл нь байнгын шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардаагүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд М.У нь 2018 оны 8 дугаар сард Тэрэлж дэх амралтын газарт Э.Болор-Уянгыг “...хүүхдээ тэврээд хүн бужигнасан газар очих гэлээ...” гэснээс болж маргалдаж, орон дээр дарж хоолойг боосон,
2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Э.Болор-Уянгыг “...хүүхэд уйлуулж, унтуулж амраасангүй...” гэж гэрээсээ хөөж, түлхэх, гар утсыг нь шидэх, хаалганы бариулыг салгаж байгаад хаалга цөм цохих зэргээр догшин авирласан,
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “...мөнгө авлаа...” гэж тус тус Э.Болор-Уянгад уурлаж, маргалдаж, цохиж, алгадаж байгаа үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон нь байнгын шинжтэй үйлдсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо тухайн хүний үйлдэл “... байнга...”-ын шинжтэй байхыг онцолжээ. Энэ зүйлд заасан “байнга” гэсэн шинж нь хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдлүүдийн тоо болон давтамжаар тодорхойлогдох бөгөөд тэдгээрийн алинд нь ч эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх учиртай.
М.Уын дээрх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үйлдэлд нь Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуульд зааснаар 100000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
Түүнчлэн хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, 2018 оны 10 дуаар сарын 14, 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд шүүгдэгч М.Уын үйлдлийн улмаас хохирогчийн биед үүссэн хөхрөлт, зулгаралтыг харуулсан гэрэл зургууд түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед зулгаралт, хөхрөлт учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн М.Уын дээрх үйлдлүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй болно.
Иймд М.Уын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Харин анхан шатны шүүх М.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах заалтыг орхигдуулсан байх тул шийтгэл тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүх, гэм хорын хохиролд 2300000 төгрөг гаргуулж хохирогч Э.Болор-Уянгад олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч М.У 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хохирол төлж баримтыг шүүхэд гаргаж өгснийг магадлалд дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.У болон түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.У-д мэдэгдсүгэй”,
“Шүүгдэгч М.У гэм хорын хохиролд 2300000 төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ