Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0428

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0428

Улаанбаатар хот

 

 

 “Ю****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч улсын байцаагч Л.А***, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***,

Нэхэмжлэгч: “Ю****” ХХК

Хариуцагч: Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А***,

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Ю****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А***гийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0274 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С***, хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э***,

Хэргийн индекс: 128/2024/0151/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ю****” ХХК нь Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А*** нарт холбогдуулан “Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Ю****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А***гийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0274 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.2.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю****” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А***гийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын хавсралтын “Ю****” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж маргасан. Үүнд:

3.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт нь мөн хуулийн 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд” гэж цаг хугацааны хязгаартай зохицуулснаас ялгаатай байгаа нь тендерт ирүүлсэн баримт бичгийн зөрчлийг тогтооход хугацаа хамаарахгүй байх хууль тогтоогчийн хүсэлт зориг юм,

3.2 Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр хуралдааны тэмдэглэлд “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрсдэлд суурилан зайлшгүй тохиолдолд” хийх агуулга байх бөгөөд худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хяналт шалгалтын зорилго шинж чанар нь хүн амын эрүүл мэнд, барилга байгууламжийн чанар аюулгүй байдалтай шууд холбогддоггүй тул Засгийн газраас Ковид-19 цар тахлын дараах нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн бодлогын хүрээнд хяналт шалгалт хийх боломжгүй байсан,

3.3 Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд эрх бүхий байгууллагаас өгсөн чиглэл, зааварчилгааны дагуу тус яам хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон ба гол төлөв төрийн байгууллагад бараа нийлүүлж, ажил, үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон “Ковид-19-ийн хууль”-ийн үзэл баримтлал, зарчимтай нийцэхгүй тул улсын ерөнхий байцаагч уг хугацаанд удирдамж гаргаагүй,

3.4 Нэхэмжлэгчээс улсын байцаагчийн удирдамжтай маргаагүй бөгөөд удирдамжийн дагуу улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн үндэслэлийг удирдамж гарсан хугацаагаар буруутгах үндэслэлгүй,

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                            

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, түүнд холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг ханган, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/921 дүгээр албан бичгээр Сангийн яаманд хандан, нэхэмжлэгч “Ю****” ХХК-ийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2020 онд зарласан ХУДХААА/202001030 дугаар “Таксины зогсоол байгуулах /10 дугаар хороо/ ажил”-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо Х*** банкны 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 142/1385 дугаар хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өргүй тухай тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Үнэлгээний хорооны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай хуралдааны тэмдэглэл, Х*** банкны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 73/723, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 142/1385 болон 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/1385 дугаар албан бичгийн хамт хүргүүлсэн.

3.2. Энэ дагуу Сангийн яамнаас 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 03 дугаар Худалдан авах ажиллагааныулсын ерөнхий байцаагчийн “Хяналт шалгалт хийх” удирдамжийн батлагдан, хариуцагч улсын байцаагчаас хяналт шалгалтын ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр “Хяналт шалгалтын тухай” улсын байцаагчийн дүгнэлтээр нэхэмжлэгч хуулийн этгээдийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн болохыг тогтоож”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг үндэслэн “тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлэх”-ээр шийдвэрлэсэн.

Улмаар Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын 1 дэх заалтаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулах этгээдийн жагсаалтын 50-д “Ю****” ХХК-ийг илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн үндэслэлээр орсон.

3.3. Улсын байцаагчийн болон Сангийн сайдын дээрх дүгнэлт, тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “улсын байцаагч нь хуульд заасан хугацаанд хяналт шалгалтыг эхлүүлээгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн дүгнэлт  гаргасан”, “зөрчил гарснаас хойш 3 жил 12 хоногийн дараа Сангийн сайдын 2023 оны 213 дугаар тушаал гаргасан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

4. Маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, … хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, 521 дугаар зүйлийн 521.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: … 521.2.1 дэх заалтад энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” хэмээн,

Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ” хэмээн зааж, 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 001/ХТ2024/0057 дугаар тогтоолд “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.3-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм болон тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Засгийн газар батална” гэж зааснаар Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ыг баталсан, уг журмын 2.1-д “тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, ... илт худал худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно” гэж заасан байх бөгөөд энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 57 дугаар тогтоолд “илт худал мэдээлэл бүхий баримт ирүүлсэн хугацааг тооцохдоо Үнэлгээний хорооноос баримт бичгийг хянан үзсэн үеэс буюу захиргааны байгууллага илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг мэдсэн ... өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар тооцож … тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргах байна” хэмээн тайлбарласан.

5. Тухайн тохиолдолд, анхан шатны шүүх “...шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгээгүй боловч хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч дүгнэлт гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасныг баримтлаагүй ... улсын байцаагч нь хуульд заасан хугацаанд хяналт шалгалтыг эхлүүлээгүй Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн дүгнэлт гаргасан байх тул уг дүгнэлтийг үндэслэж буюу зөрчил гарснаас хойш 3 жил 12 хоногийн дараа гарсан Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 312 дугаар тушаалын хавсралтын “Ю****” ХХК-д холбогдох хэсэг нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т заасныг зөрчсөн тул мөн хууль бус” гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь “Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан ХУДХААА/202001030 дугаартай “Таксины зогсоол байгуулах /10-р хороо/ ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохдоо Х*** банкны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 142/1385 тоот албан бичгийн огноог 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болгож зассан гэх үйл баримтыг Үнэлгээний хороо 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн болох нь тус хорооны мөн өдрийн 01 дугаар хуралдаанаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “...лавлагааг ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зөрчил гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч улсын байцаагчаас Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны “Хяналт шалгалт хийх тухай” 03 дугаартай удирдамжийн дагуу хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтын ажиллагааг явуулан, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 104 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтийг гарган нэхэмжлэгч хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 521 дугаар зүйлийн 521.2.1-д заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь хууль болон журмын зохицуулалтад нийцсэн байна.

8. Мөн,  Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөх журмын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж заасанчлан хариуцагч Сангийн сайд нь улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дүгээр дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу журамд заасан хугацааг 3 хоногоор хэтрүүлэн Сангийн сайдын 213 дугаар тушаалыг гарган  нэхэмжлэгч “Ю****” ХХК-ийг тендерт оролцох эрхээ Х***уулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн байх хэдий ч тухайн шийдвэр нь Үнэлгээний хорооноос баримт бичгийг хянан үзсэн үеэс буюу захиргааны байгууллага илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг мэдсэн өдрөөс хойш 3 жилийн хугацааны дотор гаргасан байх тул хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0274 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 14 дүгээр зүйлийн 14.1.6, 52 дугаар зүйлийн 52.1.14-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Ю****” ХХК-иас Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын “Ю****” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А***гийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 104 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧ                                                       З.ГАНЗОРИГ

 

 

                            ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА