Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 00038

 

Д.Ө-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02350 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ө-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК, Д.О нарт холбогдох

“С” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А, түүний өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийг 2004 онд Д.А 41 хувь, би 59 хувийн хувьцаатай үүсгэн байгуулсан. Өөрөө гүйцэтгэх захирал нь байж 2009 онд иргэн Д.О-д өөрийн эзэмшиж байсан хувийн хувьцааны 35 хувийг шилжүүлсэн. Хувьцаа шилжүүлснээс төлбөр аваагүй. 2009 онд иргэн Д.А-г гүйцэтгэх захирлаар томилсон. 2012, 2013 оноос хойш компанийн үйл ажиллагаа тогтвортой байсан. Би Польш улсаас захиалга авдаг байсан компанийн и-мэйл хаягийн эрхийг өөрсдөө захиалга хийх санал тавьж авсан. Хувьцаа эзэмшигчийн хувьд ногдол ашиг авах бүх зүйлийг хаасан. Миний Худалдаа хөгжлийн банкны дансанд шаардагддаг байсан тамгыг булааж авсан. Компанийн бүх үйл ажиллагаанд оролцуулахаа больж, хувьцаа эзэмшигчийн хувьд компаний тайлантай танилцах гэхээр хурлаа хийдэггүй, миний саналыг хүлээж авдаггүй. Тийм учраас би компанийн хэвийн үйл ажиллагаатай танилцахад шаардлага хангаагүй тул Мэргэжил хяналтын байгууллагаар шалгуулахад зөрчилтэй нь тогтоогдож торгууль, акт тавигдсан. Дараа нь Гаалийн байгууллагаар шалгуулахад 2014-2016 оны хооронд 95 000 000 төгрөгиин барааг улсын хилээр гаалийн байгууллагад мэдэгдэхгүйгээр импортлогдсон нь тогтоогдож 18 000 000 төгрөгийн торгууль, нөхөн торгууль тавигдсан. Компанийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр татан буулгасныг мэдсэн. Миний эрх зөрчигдөж байгааг шүүх эцэслэн тогтоогоогүй байхад компанийг татан буулгасан нь нотлогдоно. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлын талаар надад мэдэгдээгүй. “С” ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2 хувьцаа эзэмшигч нь хурал хийгээд компанийг татан буулгасан байна. Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал Д.О хувьцаа эзэмшигч 3 этгээдэд хурлын зар мэдэгдэх үүрэг хүлээсэн. “С” ХХК-иас Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасны дагуу хурлын тов гарснаас хойш 5 хоногийн дотор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигч нарт зар хүргэх үүрэгтэй. Үүний дагуу сонинд зар тавьж хувьцаа эзэмшигч нарт хурлын зар хүргээгүй, мэдээлээгүй. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ө-ийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуралд оролцох боломжоор хангаагүй, хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлүүлээгүй. Иймд “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ө, Д.О, Д.А нар эгч дүүс бөгөөд “С” ХХК-д ажиллаж байсан. Д.Ө хувьцаагаа сайн дураар шилжүүлж өгсөн. 2004-2013 он хүртэл Д.Ө өөрөө компаний санхүүгийн тайлан гаргаж бүх үйл ажиллагааг удирдан ажиллаж байсан. 2014 оноос хойш эгч, дүүс тодорхой шалтгааны улмаас таарамжгүй болж мөнгө нэхэж дарамталж байсан. Өөрөө компанийн үйл ажиллагааг хийхээ больсон. Ногдол ашиг авч байгаагүй гэж байгаа ч 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 7 дугаар сарын дотор нийт 79 828 000 төгрөгийг Д.Ө компаниас авсан. Нэхэмжлэгч Д.Ө компанийг дангаар эзэмшиж, ашиглах эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гааль, Мэргэжил хяналтын газраар шалгуулж, торгууль, татварын акт төлсөн баримтууд байгаа. Иймд компаний хэвийн үйл ажиллагаа доголдож татан буулгасан.

Хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Ө ирдэггүй, эрхээ хэрэгжүүлдэггүй. 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ээлжит бус хурал дээр компанийг татан буулгах асуудал яригдана гэж мэдэгдсэн. Тухайн үед ээжийндээ байсан. Өөрийнхөө амьдарч байсан байрыг барьцаанд тавьж, хураагдсан. Ээлжит бус хурал хийх гээд очиход өмгөөлөгчтэй ярилцана, хуралд оролцохгүй гээд хурлыг хаяаад явсан. Хурал тухайн байранд үргэлжилж компанийг татан буулгах талаар яригдсан. Компанийн дүрмийн 7.1 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлнэ. Компанийн дүрмийн 6.1 дэх хэсэгт Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаад шийдсэн. Компанийн дүрмийн 10.1, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар татан буулгах комисс томилоод татан буулгасныг бүртгүүлсэн. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй гэж тайлбарладаг. Удаа дараа хурал болж байсан ч Д.Ө ирдэггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр тул хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал Д.О шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Д.Ө-т мэдэгдээгүй гэх асуудал байхгүй. 2013-2014 оны бүх тайлан Д.Ө-т байгаа. Компанийг татан буулгахдаа дүрэм журмын дагуу татварт өр төлбөрөө шийдээд, улсын бүртгэлээс авах ёстой бүх баримт бичгээ авсан. Д.Ө-ийг хохироосон зүйлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оноос Д.Ө бид хоёр нийлж компани байгуулж үйл ажиллагаа эхлүүлсэн. Д.Ө нь би ганцаараа үйл ажиллагааг эхлүүлж, хоёр эгчийгээ өрөвдөж компанидаа оруулсан гэдэг. Үнэндээ анх би Орос улс руу Д.Ө-ийг наймаандаа дагуулж явдаг байсан. Сүүлдээ албан ёсоор бараа оруулдаг болж хувь хувийнхаа барааг нийлүүлдэг болсон. 2008 он хүртэл үйл ажиллагаа хэвийн явж байна. 2008 оноос хойш Д.Ө ногоон хоолтон болоод Шанха гэдэг шашинд орж түүнээс хойш үйлийн үрээ хуваая гээд мөнгө нэхдэг болсон. Бид боломжоороо мөнгө өгдөг байсан. 2014 он хүртэл бүх санхүүгийн үйл ажиллагааг хариуцдаг байсан. Компанийн ногдол ашгийг хуваана гэж бүх мөнгө аваад дуусгасан. Тайлангаа гарга гэхээр 2 000 000 төгрөг өг тэгвэл гаргая гэдэг. 2013 он хүртэлх бүх тайлан өөрт нь байгаа, баримтуудыг гаргаж өгдөггүй. Энэ маргаанаас өмнө албан ёсоор хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээгүй. Д.Ө-ийг хохироосон зүйлгүй. Компанийг удаа дараа шалгалтаар оруулж үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон. Ээлжит бус хурал хийе гэж мэдэгдэхэд ”за би бодъё” гээд алга болсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаад компани татан буулгах зараа хийсэн. Компаний бүх мөнгийг авчихаад хууль бусаар компанийг татан буулгасан нь үндэслэлгүй байна гэжээ.

Шүүх: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т зааснаар “С” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай компанийг татан буулгах тухай шийдвэрийг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Д.А, Д.О, Д.Ө нар 2006 онд “С” ХХК-ийг үүсгэн байгуулж, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлсэн. Д.Ө “С” ХХК-ийн 24 хувийн, Д.А 41 хувийн, Д.О 35 хувийг тус тус эзэмшиж байсан. Нэхэмжлэгч Д.Ө “С” ХХК-ийг дангаар эзэмшиж ашиглах эрхтэй болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргаж З шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Д.Ө Татвар, Гааль, Мэргэжлийн хяналтын газарт хандан компанид шалгалт оруулж их хэмжээний торгууль тавьсныг төлсөн. Мөн компанийн гүйцэтгэх захирал Д.О хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулж, “С” ХХК-ийг татан буулгах шийдвэр гаргаж, улсын бүртгэлээс хасагдсан юм. Бид “С” ХХК-ийн дүрмийн 6.2, Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд заасныг үндэслэн хувьцаа эззмшигчдийн хурал хуралдуулах гүйцэтгэх захирлын шийдвэр, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гарч, 5 хоногийн дотор хурлын зар хүргэж, 2-оос доошгүй олон нийтийн өдөр тутмын хэвлэлд хувьцаа эзэмшигчдийн хурлын зар тавьсан болно. Хувьцаа эзэмшигчдийн хурлыг 76 хувийн ирцтэй татан буулгах шийдвэр гаргасан. Харин “С” ХХК-ийн дүрэмд хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг тусгайлан мэдэгдэх талаар нарийвчилсан заалт байхгүй тул гүйцэтгэх захирал Компанийн тухай хуульд заасны дагуу хурал зарласан болно. Тус компаний үйл ажиллагаа доголдож, татан буугдах нь тодорхой болсон тул хуулийн дагуу хурлаа зарлаж, хүчин төгөлдөр ирцтэй хийсэн хуралд Д.Ө оролцоогүй шалтгаанаар хүчин төгөлдөр бусд тооцсон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр хуулиар тогтоосон хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, чадамжийг дордуулсан учраас хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Ө хариуцагч “С” ХХК, Д.О нарт холбогдуулан “С” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Ө, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А нар 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “С” ХХК-ийг байгуулж, нэхэмжлэгч Д.Ө компанийн 59 хувь, Д.А 41 хувийг эзэмшиж байсан ба 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдөр компанийн дүрмэндээ өөрчлөлт оруулснаар Д.Ө 24 хувь, Д.А 41 хувь, Д.О 35 хувийн хувьцааг тус тус эзэмших болсон үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.

Харин “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 44 дүгээр шийдвэрээр “2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өөрийн байранд хуралдуулах”-аар  шийдвэрлэсний дагуу компанийн хувьцаа эзэмшигч Д.А, Д.О нар хувьцаа эзэмшигч Д.Ө-ийг оролцуулалгүйгээр 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай “Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр”-ээр “С” ХХК-ийг татан буулгасныг нэхэмжлэгч буюу хувьцаа эзэмшигч Д.Ө хурлын зарыг мэдэгдээгүй гэж маргасан.

Компанийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэх эсхүл шүүхийн шийдвэрээр хуульд заасан үндэслэлээр татан буулгах боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр татан буугдаж байгаа тохиолдолд компанийн гүйцэтгэх удирдлага компанийг татан буулгах комисс томилох, татан буулгах хугацаа, журам, зээлдүүлэгчдийн нэхэмжлэлийг барагдуулсны дараа компанид үлдэж эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчдэд хуваарилах журам зэргийг тусгасан татан буулгах төслийг хувь хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлүүлэхээр Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3 дахь хэсэгт заасан зохицуулсан байна. 

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.О нь татан буулгах комиссыг зохих журмаар томилоогүй, компанийн хөрөнгийг хувь нийлүүлэгчдэд хуваариласан зэрэг хуульд заасан гүйцэтгэх удирлагын үүргийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О үүргээ биелүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч Д.О болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А нар нь хувьцаа эзэмшигч нарт мэдэгдлийг хувьцаа эзэмшигч тус бүрт зохих ёсоор хүргэснээр хуралдааныг явуулах учиртай байв. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болох хурлын товыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу өдөр тутмын сонингоор зарласан байгаа боловч 3 хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид тухайлан мэдэгдсэн байх шаардлагатай. Энэ нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Ийм учраас компанийн хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч Д.Ө-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар санал өгөх эрх зөрчигдсөн байх тул “Сантаун трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг зохих журмын дагуу мэдэгдсэн гэх тайлбар, татгалзлаа хариуцагч Д.О болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2017/02350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

                                                                                                       Д.БАЙГАЛМАА