Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж,

 

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр,

Улсын яллагч: Ц.Уртнасан,

Шүүгдэгч: С.Бат-Очир, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сэр-Одын Бат-Очирт холбогдох эрүүгийн 201625021863 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                   

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, иргэний үнэмлэхийн хаягаар Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баруун Баян-Уулын 5-р гудамны 18 тоот /одоо Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 9 тоот түр оршин суух/ хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НБ62102218, Боржигон овогт Сэр-Одын Бат-Очир.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.Бат-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны гадна тус дипломат байгууллагын хамгаалалтын хэлтсийн харуул, цагдаагийн дэд ахлагч А.Одхүүг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж төрийн албан хаагчийн баруун гарын сарвуунд шарх, зулгаралт, баруун гарын алганд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Бат-Очир мэдүүлэхдээ: “…Би тэр өдөр гаднаас оруулж ирсэн машинаа янзлаад байж байсан чинь цагдаа ирээд намайг бичиг баримтаа шалгуул гэсэн. Тэгэхээр нь би чи хэн бэ гэхэд цагдаа байна гэж хэлсэн. Чамд намайг шалгах эрх байхгүй гэж хэлэхэд станцаараа цагдаа дуудсан тэгэж байхдаа хамгаалалтын цагдаа байна гэхэд нь л мэдсэн. Тэгээд намайг хорино, халдлагын ажиглалт хийсэн гэж хэлсэн. Уг нь миний хүүхэд шиг л хүүхэд байсан. Би гэрлүүгээ орж цай уух гэж байсан. Угаасаа машины бичиг баримт гэрт байсан. Гэтэл орцны хаалга хаах гэж байхад өөрийнхөө гарыг шалбалсан байсан. Би тэгээд гэртээ ороод байж байтал цагдаа нар ирсэн. Би бичиг баримтаа аваад гарч ийм юм болсон гэдгийг хэлээд цагдаагийн хэлтэс рүү явсан. Түүнээс хойш 2 сарын дараа над руу утасдаад эрүүгийн хэрэг үүссэн гэж хэлсэн. Үүнээс хойш намайг 2 удаа л байцаасан. Өөр ямар ч ажиллагаа хийгээгүй …”

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Одхүү /хх-ийн 10/, гэрч С.Бат-Эрдэнэ /хх-ийн 11-12/, гэрч Б.Очирбат /хх-ийн 13-14/, яллагдагч Б.Бямбацогт /хх-ийн 23-24/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹9185 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, шүүгдэгч С.Бат-Очирын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч С.Бат-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны гадна тус дипломат байгууллагын хамгаалалтын хэлтсийн харуул, цагдаагийн дэд ахлагч А.Одхүүг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж,  түүний баруун гарын сарвуунд шарх, зулгаралт, баруун гарын алганд цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч А.Одхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 09-19 цаг хүртэл Бүгд Найрамдах Энэтхэг Улсын элчин сайдын яамны гадна хамгаалалтанд ажиллаж байх үед шаргал өнгийн Транзит маркийн номер дугааргүй авто машин элчин сайдын яамны хойд талын зогсоолд зогсож байсан. Дотор нь жолоочийн суудалд нэг эрэгтэй хүн сууж байсан. Элчин сайдын яамны ойролцоо байгаа авто машиныг шалгах үүрэгтэй байдаг юм. Учир нь дотор нь гэмт хэргийн холбогдолтой зүйлс тэсэрч дэлбэрэх бодис явж байгаа эсэхийг шалгадаг юм. Тэгээд явж өөрийгөө танилцуулаад “тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бичиг баримтаа шалгуулна уу” гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн “чи яасан гэж шалгаж байгаа юм бэ? намайг шалгах эрх чамд байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ бүс бол Энэтхэг улсын элчин сайдын яам байрладаг. Би гадна хамгаалалтыг хариуцаж үүрэг гүйцэтгэж байна” гэж хэлсэн. Тэгээд би 102-т залгаж замын цагдаад мэдэгдсэн, тэгтэл нөгөө хүн наашаа буугаад зугтах гэхээр нь та замын цагдаа иртэл түр хүлээж бай гэсэн. Миний бичиг баримт гэрт байгаа гээд явах гээд эсэргүүцээд байсан. Тэгэхээр нь хашаад зогстол миний хоолойг боох гэж оролдсон. Би гарыг нь тавиулах гэж ноцолдсон. Тэгтэл миний баруун гарын сарвууны хэсгийг хумсаараа чимхэж зулгаасан. Мөн орц руу зугтаахдаа миний гарыг хаалганд хавчуулсан. Тэгээд цаашаа гүйгээд гэрлүүгээ орчихсон. Би замын цагдаа ирэхээр нь нөгөө хүний орсон 09 тоот хаалгыг тогшоод орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/;

Гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний дүү багадаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн, Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар анги төгссөн. Тэгээд мал дээр гарсан. 2008 онд Унгар улс руу гэр бүлээрээ явж одоог хүртэл амьдарч байна. Зан чанарын хувьд шударга зантай уур уцаар багатай архи дарс уудаггүй, хүн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч Б.Очирбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би түүнийг 1984 оноос хойш мэднэ. Бид оюутан байхдаа Батсүмбэрийн сангийн аж ахуйд танилцаж байсан юм. … ирснээс нь хойш бид 2 нэлээн хэд уулзсан. Бат-Очир нь ер нь огцом ууртай, энгийн үедээ бол гайгүй зантай, хүнд тусархуу зантай, архи дарс огт хэрэглэдэггүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

           Яллагдагч С.Бат-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би Одхүү гэдэг цагдаагийн албан хаагчийг бичиг баримтаа үзүүл гэхээр нь чи ямар үндэслэлээр шалгадаг юм гээд маргалдсан. Тэр хүн дүрэмт хувцастайгаа байсан. Би цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, хүч хэрэглэн эсэргүүцсэнээ хүлээж байна…” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Шүүгдэгч С.Бат-Очирын буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Одхүүгийн биед “…баруун гарын сарвуунд шарх, зулгаралт, баруун гарын алганд цус хуралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл…” учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ¹9185 дугаартай дүгнэлт, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул С.Бат-Очирыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж  байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч С.Бат-Очирт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний гадна дээрх нөхцөл байдлуудад үндэслэн түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй, хохирогч А.Одхүү нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдвал зохино.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сэр-Одын Бат-Очирыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж  байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Очирыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар С.Бат-Очирт оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан С.Бат-Очир нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бат-Очирт шүүхээс оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бат-Очирт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР