Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 123/ШШ2021/0025

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 10 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2021/0025

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Р” ХХК

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Р” ХХК холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“Р” ХХК-ийн захирал Ш.Ушүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Төв аймгийн С сумын Засаг дарга Э нь 2018 оны 04-р сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамжаараа Р ХХК-ийн эзэмшлийн 74 га газрыг хүчингүй болгожээ. Манай компанийн газрын төлбөрөө цаг тухайд нь төлж ирсэн. Уг газар дээр зориулалтын дагуу сургуулийн цогцолбор барьж эхлэх гэсэн боловч төсөл хэрэгжих газрууд маань Хөшгийн хөндийн Олон улсын онгоцны буудлын тусгай зориулалтын газартай давхацсан гэсэн шалтгаанаар кадастрын зургийг удаа дараа өөрчилж байсан. 2018 оны 04-р сарын 19-ний өдөр С сумын Засаг дарга захирамж гаргасныг бидэнд мэдэгдээгүй учир бид аймгийн Засаг даргад хандаж хариу авсан. Иймд манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамжийн Р ХХК-д холбогдох хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..“Р” ХХК-ийн зүгээс газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 тоот захирамж Захиргааны ерөнхий хууль зөрчиж гарсан гэх байр суурьтай байна. Хэрэв эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн хуулийн этгээд байвал захирамж шийдвэр гаргахаасаа өмнө урьдчилан мэдэгдэж, танилцуулж, оролцох оролцоог нь хангах, санал авах, сонсгол явуулах гэх мэт хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр, урьдчилан мэдэгдэхгүйгээр шууд эрх ашгийг нь хөндөж гаргасан захирамж гэж үзэж байна. Засгийн газрын 2 тогтоолоор давхцалтай байсан ч гэсэн энэ талаар мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулж саналыг нь авч шийдвэр гаргасан бол хуулийн дагуу болох байсан гэж үзэж байна. Мөн 74 га газрыг бүхэлд нь эзэмших эрхийг нь цуцалсан ба давхцалтай хэсгийг оруулж, давхцаагүй хэсгийг үлдээх боломжтой байсан гэж үзэж байна. Эдгээр зүйлийг зөрчиж гарсан учир “Р” ХХК-ийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн байна. “Р” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчиж гарсан гэдэг. “Р” ХХК нь тухай бүр газрын төлбөрөө төлж байсныг гэрчлэх баримтууд нь хэрэгт авагдсан. Мөн газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэх заалт нь “Р” ХХК-тай давхцахгүй байна. Тус компани нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглаагүй юм. Уг газар дээр сургуулийн цогцолбор барих төсөл хэрэгжүүлэх гэсэн боловч газрын кадастр ойлгомжгүй болж, хэд хэдэн удаа өөрчилсөн гэх шалтгааны улмаас уг төсөл хэрэгжээгүй. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байгаа тул Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг манай компанийн хувьд зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд уг захиргааны актын “Р” ХХК-д холбогдох хэсэгт гарсан захирамж нь хууль зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Р” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болно. Тус сумын нутаг дэвсгэрт байрлах Хөшигтийн хөндий гэдэг газарт байрлах 75 га газрыг сургуулийн цогцолбор барих зориулалтаар Засаг даргын 2008 оны А/165 дугаар захирамжаар эзэмшүүлсэн. Уг газраа авахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтын дагуу төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар аваагүй анхнаасаа хууль бус олголт хийгдсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн. Мөн энэ газар нь Олон улсын Нисэх онгоцны буудлын 12084.9 га газрыг Газрын тухай хуулийн 16.1.13, Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан. 2008 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдэх хуудсыг тус компанийн менежер Мөнхсайханд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан баталгаажуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 43.6-д зааснаар Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно гэсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын   21-ний өдрийн Зууны мэдээ сонины №232 дугаарт зарлан мэдээлсэн болно.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Р” ХХК-ийн газар нь Засгийн газрын улсын тусгай хэрэгцээнд авсан газрын байршилтай давхцалтай гэх үндэслэлээр тус захирамжийг гаргасан. Мөн 2017 оноос эхлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн уг газар эзэмших эрх цуцлагдах талаар мэдэгдлийг “Р” ХХК-ийн менежер н.Мөнхсайхан гэх хүнд мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27, 28 дугаар зүйлүүдэд заасан эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд байвал сонсох ажиллагаа явуулсан. 20 буюу түүнээс дээш этгээд байвал нийтэд хүртээмжтэй байдлаар буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэнэ гэж заасны дагуу “Зууны мэдээ” сонины 2017 оны 242 дугаартай хэвлэлд нийтэлсэн байдаг. Мөн эрх ашиг нь хөндөгдөж этгээдийн эрхийг нь хангаж сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Газрын төлбөр төлөөгүй гэх заалтын хувьд 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/165 дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн ба энэ үеэс эхлэн газрын төлбөрөө хуульд заасны дагуу төлөх эрх газар эзэмшигчид үүссэн. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын төлбөрийн хяналтын байцаагч н.Бадамгаравын шүүхэд гаргаж өгсөн албан бичгээр “Р” ХХК нь газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэж хавсралт баримтын хамт ирүүлсэн байдаг. Газрыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тус газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн хувьд анх тус газрыг сургуулийн цогцолбор барихаар авсан ба уг төслийг сумын захиргаанд хүлээлгэн өгсөн эсэх тодорхойгүй, сумын Тамгын газрын бүх бичиг баримтыг шалгаад уг төслийг ирүүлээгүй байна гэх албан бичгийг С сумын Тамгын газраас ирүүлсэн байгаа. Өмнөх хуралдаан дээр 2016 оны огноотой сургуулийн төслийг ирүүлсэн ба уг төсөл мараалын элэгдэл, дарагдалтад орсон байх ёстой гэж бодож байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь Газрын тухай хуульд зааснаар байгалийн давагдашгүй хүчин зүйл, бусдын хууль бус үйлдлээс шалтгаалах нөхцөл байдлыг заасан буюу газар эзэмшигчээс шалтгаалахгүй нөхцөл байдлыг заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргаж байна..” гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 “Р” ХХК нь “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн С сумын нутаг дэвсгэр Хөшгийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор авсан 12000 га газартай давхцалтай, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад дурьдсан үндэслэлээр захирамжийн 3 дахь заалтад заасан ...нэхэмжлэгч “Р” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[1].

Төв аймгийн С сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар захирамжаар уг маргаан бүхий газрыг “Р” ХХК-д тус сумын 4-р багийн нутаг Өндөр довын урд сургуулийн цогцолбор байгуулах зориулалтаар 75 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна[2].

Нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй үндэслэл тус бүрийг авч үзвэл:

1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг газрыг 2008 оноос 2018 он хүртэл 10 жилийн хугацаанд эзэмшиж байжээ. Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн захирал Ш.Уранчимэг тухайн газрыг эзэмшиж байх хугацаанд уг газар дээр зориулалтын дагуу сургуулийн цогцолбор барьж эхлэх гэсэн боловч төсөл хэрэгжих газрууд маань Хөшгийн хөндийд Олон улсын онгоцны буудлын тусгай зориулалтын газартай давхацсан гэсэн шалтгаанаар кадастрын зургийг удаа дараа өөрчилж байсан  гэж нэхэмжлэлдээ дурдаж ирүүлсэн байна. Гэвч Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07/441 дугаар “Р” ХХК-ийн С сумын Эрдэнэ-Уул 4-р багийн нутаг дэвсгэрт эзэмшиж байсан 74 га газар нь ланд менежер кадастрын мэдээллийн санд 4109042827 нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн байдаг. Тус компанийн эзэмшиж байсан газрын кадастрын байршил өөрчилж байгаагүй болохыг тодорхойлов” гэх албан бичгийг ирүүлсэн байна.[3]

Иймд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу маргааны бүхий газрыг ашиглаагүй болох нь тогтоогдож байна.

2.Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газартай “Р- ХХК-ийн эзэмшлийн 75 га газар давхцалтай гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тогтоолоор Төв аймгийн С сумын Хөшгийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг”-ийг өөрчилж тогтоосон байна. Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн эзэмшлийн 75 га газар нь тусгай хэрэгцээний газартай давхацсан болох нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 07/320[4] тоот албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд мөн газрын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07/415[5] дугаар албан бичгээр “..”Р” ХХК-ийн нэр дээр CCLIS буюу газрын кадастрын хуучин мэдээллийн санд эзэмших эрхээр бүртгэгдсэн 18642286620401 нэгж талбарын дугаартай 74 га  газар нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай 47.4 га газар нь давхцалтай байна” гэх лавлагааг ирүүлжээ.

Иймд “Р” ХХК-ийн эзэмшлийн 75 га газар  нь улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай байна.

 “Р” ХХК нь хариуцагчийг газар эзэмших эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч “Зууны мэдээ” сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд[6] газар эзэмших захирамж хүчингүй болгож байгаа талаар мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж зааснаар сонсох ажиллагаа хийсэн байна. Мөн Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох талаар менежер Э.Мөнхсайханд өгсөн нь сонсох ажиллагаа хийсэн гэдэг нь нотлогдож байна.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасны дагуу захирамжаа мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч тухайн захиргааны актад гомдол гаргах эрхээ эдэлжээ. Иймд Захиргааны актыг гарахаас өмнө болон гарсны дараа мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

3. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” заалтыг үндэслэсэн байдаг.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.3 дахь заалтад “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасны дагуу газар эзэмшигч газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч “Р” ХХК нь 2008 онд газар эзэмшсэн бөгөөд 2008-2013 онд газрын төлбөрийг төлөөлгүй бөгөөд газрын төлбөрөө 2013-2018 он хүртэл төлж байсан болох нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Газрын төлбөр, татвар үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Бадамгаравын тодорхойлолтоор[7] нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч “Р” ХХК-ийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч “Р” ХХК н 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/35 дугаар албан бичгээр газар эзэмших хүсэлтийг Төв аймгийн С сумын Засаг даргад хүргүүлсэн байна. Тус хүсэлтэд сургуулийн цогцолбор баримт төслийг хавсаргасан хэмээн дурджээ.[8]

Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 03/128 дугаар албан бичгээр “Р” ХХК-ийн гаргасан өгсөн төсөл гэх баримт нь манай байгууллага бүртгэж хүлээн авч байгаагүй болно гэх лавлагааг ирүүлсэн байна.[9]

Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг удаа дараа шаардсан боловч нэхэмжлэгч “Р” ХХК-иас ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэсэн хуулийн дагуу үндэслэлтэй гарсан захиргааны акт байх тул “Р” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-ийн Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн “Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 7-8 хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 9  хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 100-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 62-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 97-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 57-59 хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 64-65 хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 31-р хуудас

[9] 1-р хавтаст хэргийн 99-р хуудас