Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1300

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 2022              9           06                                          2022/ШЦТ/1300

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Г.Билгүүн,

хохирогч Ж.Г

иргэний нэхэмжлэгч Б.Х,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д холбогдох эрүүгийн 2206 00000 2407 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үл ажиллагаа явуулдаг “Моб” нэртэй цахим тоглоомын газарт бусдын хариуцуулсан компьютерыг хариуцан цалин авч ажиллаж байхдаа ашиг олох зорилгоор 60 ширхэг график карт, 40 ширхэг рам зэрэг эд зүйлийг хувьдаа завшин бусдад борлуулж хохирогч Ж.Г-д 13.660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа. Надад торгох ялаар шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гомдол, санал байхгүй. Энэ хүн үлдсэн мөнгөө өгчихвөл болно. Хөл хорионы үеэр тоглоомын газар ажиллахгүй байж байгаад 9 сараас тоглоомоо ажиллуулах гэсэн рамнууд байхгүй байгааг мэдсэн. Тэгээд 3 сарын түрээсийн өрөнд орсон. Энэ хүнд мөнгө хэрэг болоод хэдэн тоглоом зарсан. Гэтэл зарсны дараа рам нь байхгүй болсныг мэдсэн. Одоо би 6 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг нь 13.660.000 төгрөг өгөх ёстой байсан. Гэвч надаас 10.000.000 төгрөг өгчихөж болох уу гэж гуйгаад байсан тул би 10.000.000 төгрөг л өгчих гэж хэлсэн.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Г-д мөнгө өгч наймаа хийсэн тул 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. Би тоглоомын газар ажиллуулах гэж байр түрээсэлсэн байсан. Түрээсийн 5 сая төгрөг нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо хурдан барагдуулмаар байна. Би зээл авч үйл ажиллагаа явуулах гэж байсан юм.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баритын талаар

 

            Хохирогч Ж.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 18 хороо кар ваш угаалгын хоёр давхарт байрлах Моб нэртэй PC тоглоомын грыг сарын 3.600.000 төгрөгөөр сар сараар түрээсэлсэн. 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс ковид 19 цар тахал гээд манайх үүд хаалгаа барьсан. Манай PC дотор миний өөрийн 35.000.000 төгрөгөөр авсан 100 ширхэг компьютер байсан. Цар тахлын үеэр хаалгаа барихдаа манайд ажилд орсон Д-д би хариуцаж бай гээд PC тоглоомын газрынхаа түлхүүрийг өгсөн. 2021 оны 10 сард ковид цар тахал дуусч PC тоглоомын газраа ажиллуулахаар болоод нээх гэсэн чинь манай 100 ширхэг компьютерын 60 ширхэг 1 нэг бүрийн үнэ нь 250.000 төгрөгийн үнэтэй 60 ширхэг график карт нийт 15,000,000 төгрөгийн карт байхгүй болсон байсан. Тэгээд би Доос асуусан чинь би таньдаг дүүдээ зарсан гэж надад хэлсэн. Хэдэн төгрөгөөр хэн гэж дүүдээ зарснаа надад хэлээгүй. Би нутгийн дүү болохоор буцаагаад аваад ирэх болов уу гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл надаас тухайн обьектын эзэн нь 2021 оны 11 сараас 2022 оны 03 сар хүртэлх 5 сарын нийт 18.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би түрээс өгөхийн тулд түрээсэлж байсан PC тоглоомын газрынхаа 50 ширхэг компьютерыг Б.Х гэдэг хүнд 2022 оны 04 сард 03-ны өдөр 10 сая төгрөгөөр зарахаар болоод 2 хоногийн дараа ирж авахаар болоод явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа Х гэдэг залуу PC тоглоомын газраас 50 ширхэг компьютер машинтай ирээд ачаад явсан. Тэгээд Х хэд хоногийн дараа надруу залгаад компьютерууд чинь бүгд рамгүй байна гэсэн. Тэгэхээр нь би Д-с утсаар асуухад би аваад зарчихсан юмаа гэж хэлсэн. Хаана зарсан гэдгээ хэлээгүй. Би Х гэдэг хүнээс 10 сая төгрөгөө тухайн үед компьютеруудаа ирж аваад явахад нь аваад түрээсэндээ өгчихсөн. Х Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст надад өргөдөл гаргаж өгсөн байсан, тэр нь мөрдөгч дэслэгч Э дээр шалгагдаж байсан гэсэн яаж шийдэгдсэн эсэхийг нь би мэдээгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

             

            Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сараас хойш facebook-аар зарын дагуу танилцаж би Д.Д-с суурин компьютерийн сэлбэг худалдаж авдаг байсан. Түүнээс өөр ямар нэгэн харилцаа байхгүй. 2021 оноос хойш компьютерийн сэлбэг хааяа авдаг байсан. Яг хэдэн ширхэг сэлбэг авснаа санахгүй. Ихэвчлэн график карт буюу дүрсний карт, рам буюу шуурхай санах ой, компьютерийн дэлгэц гэх мэт зүйлүүдийг ихэвчлэн авдаг байсан. Авахдаа 50.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийн хооронд худалдаа хийдэг байсан. ... би худалдаж аваад ченж нарт зардаг байсан. Бас өөрт байсан компьютерийн сэлбэг хэрэгслүүдтэй нийлүүлж компьютер угсран зардаг байсан. Д нь тухайн үед надад хэлэхдээ Моб гэдэг нэртэй пс тоглоомын газрыг найзтайгаа нийлж худалдаж авсан юм аа. Ковид гарчихаад мөнгөгүй болооод пс тоглоомныхаа зарим нэг зүйлийг зарж байна гэж хэлж зардаг байсан. Би хууль бус гэж ерөөсөө мэдээгүй өөрийнхөө юмыг л зарж байгаа юм байх гэж бодож байсан. Бэлэн мөнгөөр худалдаа хийж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дугаар хуудас),

 

            Иргэний нэхэмжлэгч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 3 дугаар сард пс тоглоомын газарт ашиглаж байсан компьютер зарна гэсэн зарын дагуу Ж.Г гэх залуутай утсаар холбогдож ярьсан. Тухайн үед 50 ширхэг процессор, 25 ширхэг компьютерийн дэлгэц, дагалдах хэрэгсэл, 4 ширхэг ширээ, 50 ширхэг сандалыг 10.000.000 төгрөгт бодож авахаар болоод ярилцаад 3 хоногийн дараа ирж авахаар болоод явсан. 3 хоногийн дараа би портер автомашинтай Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Моб нэртэй пс тоглоомын газар Ж.Г-тэй уулзаад тохирсон ёсоор 10.000.000 төгрөгөө Г-н дансанд Хас банкаар дамжуулан шилжүүлээд 50 процессор, 25 ширхэг компьютерийн дэлгэц, дагалдах хэрэгсэл, 4 ширхэг ширээ, 50 ширхэг сандалыг аваад явсан. Би 2022 оны 5 дугаар сард түрээслэх газраа олоод сарын 2.500.000 төлөхөөр болоод Ж.Г-с авсан компьютерийн хэрэгслүүдээ тавиад үйл ажиллагаа явуулах гэсэн чинь Ж.Г-н надад зарсан компьютерууд нь ашиглах боломжгүй компьютерууд байсан. Компьютеруудаа бүгдийг нь шалгаад үзэхэд рамууд нь байхгүй байна гэсэн чинь мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Тэрнээс хойш би Г-с удаа дараа нэхсэн боловч рам олж өгнө гээд 2 сар болсон. Би 13 дугаар хороололд 2.500.000 түрээслэж байсан газраасаа гарсан. Би 13 хороололд 2.500.000 төгрөгөөр түрээслэж байсан газраасаа гарсан. ... би хоёр сарын түрээсийн нийт 3.000.000 төгрөгийг ******** гэсэн **** банкны дансанд, бэлнээр 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн түрээслэсэн газраасаа би нөгөө ажилладаггүй компьютер техник хэрэгслүүдээ аваад гарсан. Би Г гэж хүнээс өгсөн 5.000.000 төгрөг, компьютер техник хэрэгсэл авсан 10.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

            Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би МОБ пс тоглоомын газарт байх хугацаандаа нийт 60 ширхэг график карт, 40 ширхэг рамыг 2021 оны  01 дүгээр сараас эхлэн facebook хаягаас график карт авна гэсэн зар хайж байгаад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өөрийн ****  банкны ******** гэсэн дансаар болон бэлнээр зарж борлуулсан. График картыг бэлэн мөнгөөр зарж борлуулсан он, сар, өдөр хэн гэдэг хүнд зарснаа бол одоо санахгүй байна. ... би 2022 оны 01 дүгээрсарын 27-ны ъөдөр 10 гаруй ширхэг 8 гэгагийн багтаамжтай 10 орчим рамыг facebook хаягаас зарж байгаал ******** гэсэн данснаас 1.050.000 төгрөг шилжүүлэн авсан. Бусад рамыг нь хэсэг хэсгээр нь бэлэн мөнгөөр нь зарсан. Нэг ширхгийг нь зарахдаа 85.000 төгрөгөөр зарсан. Одоо бол хэнд яаж өгснөө санахгүй байна. ...Би тухайн Моб нэртэй пс-ийн газар ямар нэгэн хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Би тухайн пс тоглоомын газарт админаар ажиллахдаа орлого хэр орж ирэхээс шалтгаалан хувилж цалинжуулахаар Г, Д нартай амаар тохиролцсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),

 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

            Д.Д-н нэр дээрх банкин дахь ********* тоот дансны 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хоорондахь үзлэг хийсэн тэмдэглэл, хуулга (хавтаст хэргийн 31-86 дугаар хуудас),

            Хохирогч Ж.Г-г иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 100 хуудас),

           

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Гэрч Л.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай хүү Д дүү нартаа дэм болох гээд гадуур ажил хийдэг болсон. Хамгийн сүүлд Нисдэг машинд суудлын бүрээс доторлогооны ажил хийж байхад нь Г гэдэг нутгийн залуу ажлаас нь пс ажилуулья гэж гаргаад өөр дээрээ ажилуулсан байна лээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Гэрлэсний бүртэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-ийг гэм буруутайд тооцуулах, түүнээс 9.660.000 төгрөгийг гаргуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Г-тэй “Моб” пс тоглоомын газарт админаар ажиллахаар тохиролцон Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моб” пс тоглоомын газарт 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд админаар ажиллахдаа хохирогч Ж.Г-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох компьютеруудын 60 ширхэг график карт, 40 ширхэг рам зэрэг эд зүйлийг хувьдаа завшин хохирогч Ж.Г-д 13.660.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

           

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилж, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

            Шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Г-тэй “Моб” пс тоглоомын газарт админаар ажиллахаар тохиролцон 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд итгэмжлэн хариуцуулсан компьютеруудын 60 ширхэг график карт, 40 ширхэг рам зэрэг эд зүйлийг завшсан нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

           

Шүүгдэгч Д.Д нь итгэмжлэн хариуцуулсан компьютеруудын 60 ширхэг график карт, 40 ширхэг рамыг бусдад худалдан борлуулж төлбөрийг өөрөө авч завшсан бөгөөд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 13.660.000 төгрөгөөр тогтоогдсон байх ба 4.000.000 төгрөгийг өгсөн талаар хохирогч Ж.Г мэдүүлсэн байх тул уг “Хөрөнгө завших” гэмт хэргээс учирсан хохирлыг 9.660.000 төгрөг гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэн хэмжээний төгрөг, түүнэс дээш хэмжээг” ойлгохоор заасан.  

 

Шүүгдэгч Д.Д нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Г-д 13.660.000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь үлэмж хэмжээнээс буюу 10.000.000 төгрөгөөс дээш хохирол учруулсан байх тул “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Г-н эзэмшлийн компьютеруудын 60 ширхэг график карт, 40 ширхэг рам зэрэг эд зүйлийг хувьдаа завшсан идэвхтэй үйлдэл болон уг үйлдлийн улмаас бусдад учирсан 13.660.000  төгрөгийн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Ийм шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд буюу шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч Ж.Г шүүгдэгчээс үлдсэн хохирол 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-оос, иргэний нэхэмжлэгч Б.Х-оос иргэний хариуцагч буюу хохирогч Ж.Г-с 15.000.000  төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Хэрэгт авагдсан “Дамно” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчид 13.660.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон шүүгдэгч хэн аль нь 4.000.000 төгрөгийн хохирол барагдсан гэж байх тул үлдэх 9.660.000 төгрөгийг шүүгдэгч Д.Доос гаргуулан хохирогч Ж.Г-д олгож шийдвэрлэв.

 

Харин иргэний нэхэмжлэгч Б.Х-оос нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Мөн шүүгдэгч Д.Д-оос хохирол, төлөх төлөхтэй холбогдуулан шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулах тухай хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэв.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас “Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

Шүүгдэгч Д.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирлыг арилгаагүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.  

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

                       

Шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дид оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-оос 9.660.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Гд олгосугай.

 

5. Иргэний нэхэмжлэгч Б.Х-оос нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Д--д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.ТҮМЭННАСТ