Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1322

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2022      9           09                                             2022/ШЦТ/1322

                                             

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Д.Б,

шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн У.Б, Г.Ч нарт холбогдох 2206 01809 2532 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

             

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” нүдний эмнэлгийн эмч нарын өрөөнд болон эмнэлгийн гадна тус эмнэлгийн эмч У.Б тай маргалдаж улмаар, харилцан зодолдсоны улмаас У.Б ын биед зүүн гайморын хөндийн гадна хана, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг орчимд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, шанаа, хамар, хүзүү, зүүн, баруун тохой, шуу, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч У.Б нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” нүдний эмнэлгийн эмч нарын өрөөнд болон эмнэлгийн гадна тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Г.Ч той маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас Г.Ч ийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний цөгц хэсгийн эмтэрэл, мөн баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, У.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Г.Ч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эмч нарын өрөөнд манай 4 эмч баяр тэмдэглээд виски ууж байсан. Тэгээд би эмч нарын ажлыг сайжруулах талаар ярилцаж байхад У.Б нь намайг пизда гэж хэлээд, тэгээд маргалдаад бид хоёр тулж зогссон. Тэгээд У.Б нь намайг эхлээд миний баруун нүд, хамар орчимд нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэгээд бид хоёр барилцаж аваад би У.Быг доош нь цохих гэж байхад эмч нар орж ирж салгасан. Тэгээд гарч учраа олъё гээд У.Б бид хоёр эмнэлгийн гадна үүдэнд зодолдсон. Бид хоёр харилцан хоёр талаасаа зодолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 423 дугаар: “...Г.Ч ийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний цөгц хэсгийн эмтэрэл гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн баруун дээд доод зовхи, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун хацарт цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Г.Ч нь #12 # 11 шүднүүдийн гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022.03.18-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),

 

Хохирогч У.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр бид хоёр эмч нарын маргалдаж заамдалцсан. Тэгээд бид хоёр толгойгоороо мөргөлдсөн. Гадаа байхдаа захирал Г.Ч луу цохихоор гараа савсан. Оносон эсэхийг мэдэхгүй байна, захирал Г.Ч нь эмнэлгийн гадна намайг нэлээн олон удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4506 дугаар: “...У.Б  ын биед зүүн гайморын хөндийн гадна хана, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг орчимд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хамар, хүзүү, зүүн, баруун тохой, шуу, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

 

Гэрч Н.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах С эмнэлэгт харуулаар ажилладаг бөгөөд тухайн өдөр 24 цагийн ээлжид гараад өдөр эмэгтэй эмч нар цэргийн баяр гээд эмч нарын өрөөнд хүлээж аваад байж байгаад 16 цагт тараад өрөөнд зарим эмч нар үлдээд би доор байхад нэг эмэгтэй эмч дээшээ гараад ир гээд 3 давхарт гээд эмч нарын өрөөнд ороход Б-г дарга Ч буйдан дээр дараад байж байсан. Би та хоёр болиоч битгий зодолдоод бай гэж хэлээд даргын хөлөөс татахад та нарт хамаа байхгүй би өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Даргын нэг нүд нь хавдсан байсан аль нүдийг нь санахгүй байна. Б гайгүй харагдсан. Тэгээд би доошоо буусан байхад араас тэр хоёр гарч ирээд гадаа гараад тэр хоёр өрөлт аваад зодолдоод эхэлсэн. Ч дарга Б-г цохиод газар унагаад ноцолдоод байсан. Би буцаад нэг давхар луу ороход араас Б дарга хоёр орж ирээд хоёр давхрын 00-ын өрөө орохоор явсан. Быг хаалгаар орж ирэхэд нүүр хувцас нь нилээн цус болсон байсан. 00-ын өрөөнөөс гарч ирээд Б нэг давхарт суугаад дарга 3 давхарт байж байгаад гараад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

 

Гэрч Э.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах С нүдний эмнэлэгт ажил дээрээ байж байгаад орой ажлын цаг тараад цэргийн баяр тул ажлын эрэгтэй хүмүүс торт задалъя гээд эмч нарын өрөөнд ажилчид захирлыг сувилагч нарын багтай хуралтай байсан тул захирлыг Б эмч, Б, Д эмч аж ахуйч гэх мэт хүмүүс хүлээж байсан. Тэгээд зарим хүмүүс захирлыг ирэхгүй болохоор яваад өгсөн. Эмч нарын өрөөнд Б, Д, Б эмч нар үлдээд захирал хурлаас гарч ирээд сувилагч нар мөн гарч ирээд бөөндөө сувилагч нартаа тоорт өгөөд нэг шил виски гаргасан байсан бөгөөд захирлыг ирэхэд вискиний талаас дээгүүр виска үлдсэн байсан. Тэгээд сувилагч нар захиралд амсуулаад тэгээд сувилагч нар яваад өгсөн. Тэгээд Б эмч Ч захирал Б, Д эмч бид нар үлдээд юм ярьж сууж байсан бөгөөд би ажлаа хийхээр гарч яваад 30 минутын дараа ирэхэд захирал Ч, Б эмч хоёр хоорондоо маргаад Ч захирал чи юу гээд байгаа юм, дарга цэргээ мэдэхгүй гээд Б эмч сувилагч нарынхаа ачаалал ямар их байгааг мэдэхгүй байна, чи нэг хүнд үзлэг хийж үзээгүй, нэг хүн эмчилж үзээгүй гэж маргаад захирал сонгосон ажил чинь та нар муусайн эмч нар өөдөөс дандаа тэнгэрийн амьтан юм шиг гэж хоорондоо маргаад Б эмч захирлыг хүмүүсийг үг хэлүүлэхгүй дуугай бай гэж хэлдэг гэж маргасан. Тэгээд захирал Б, Д эмч бид гурвыг гар гээд хаалгаа хаасан. Тэгээд хэрэлдээд маргалдаад үлдсэн бөгөөд дахин маргаж байгаад түжигнээд зодоон хийж байгаа чимээ гараад ороход Б эмч сандалтай хойшоо унаад дээр нь захирал байсан. Тэгээд буйдан руу заамдалцаад буйдан руу очоод Б эмч доор нь захирал дээр нь байсан. Манай хүний нөөц Бү Д эмч бид гурав захирлыг гар цээжнээс нь татаад дийлээгүй бөгөөд эмнэгийн байгууллагад зодоон хийж болохгүй дээр хүмүүс хэвтэж байгаа ядаж гар гэж бид нар хэлээд тэр хоёр гадаа гарсан Ч захирал Б эмч хоёр шатаар буугаад бид 4 өрөөний гэрэл унтраагаад лифтнээс буугаад гадуур хувцас солих өрөө ороод хувцсаа өмсөөд гарахад эмнэлгийн үүдний хаалга дээр Б эмч доошоо хараад тохойгоороо газар тулаад нүүр нь их хэмжээний цус болсон байсан. Ч захирлын хамраас цус гарсан байсан бөгөөд эмнэлэг рүү буцаж орсон. Би гаднаас гэртээ харихаар явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

 

Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр цэргийн баярын өдөр байсан бөгөөд эмнэлгийн ажилчдаараа торт задлаад, нэг шил виски задалж тойруулаад сувилагч болон бусад ажилчид яваад захирал Ч, Б эмч, би, Д эмч нар эмч нарын өрөөнд үлдээд хоорондоо юм ярьж эхэлсэн бөгөөд захирал эмч мэргэжлийг дорд үзсэн та нарын хийж байгаа сүртэй юм гэж юм байдаг юм. Хүний юм хийдгүй юм шиг гэж эмч нарыг доромжилсон яриа өрнөөд Б эмч эмчийн мэргэжлийг ингэж хэлж болохгүй өдөржин хүнтэй харьцдаг мэргэжил гэж хэлэхэд захирал чи олон хүн хариуцаж үзсэн юм уу, чи миний ажлыг хийж үзсэн юм уу гэж уурлаад маргаан болсон. Захирал архи уухаараа хүн юм хэлүүлдэггүй өөрөө л хамаг юм аа хэлдэг бөгөөд Б эмч чи хүний амыг дандаа хорьдог гэж хэлсэн. Ч эмч, Д бид хоёрыг гаргаад тэр хоёр өрөөнд үлдээд би хүний нөөц Бү, Д эмч, С эмч лифтний хажууд хүлээгээд зогсож байсан чинь 10 орчим минутын дараа түжигнэж байгаа чимээ гараад бид нар өрөөнд ороход тэр хоёр цаад талын жижиг өрөө лүү заамдалцаад орсон би жирэмсэн тул хол өрөөний буланд байсан. Арын жижиг өрөөнд улаан буйдан байдаг бөгөөд шилэн хаалгаар нь харахад захирал Ч Б эмчийг багалзуурдаад дээр нь гарсан байдалтай байсан. Тэгээд С Д хоёрыг салгаж чадахгүй харуулыг дууд мөн 00-ын цаас намайг аваад ир гэж С хэлээд би харуул дуудаад 00-ын цаас авч ирж С- д өгсөн. Тэгээд харуул настай ах салгаж чадаагүй бөгөөд тэр хоёр арай гэж салаад эмч нарын өрөөнд орж ирээд байж байгаад гадаа гарахаар буусан би хувцсаа солиод гадаа гарахад Б эмч газар цементэн шалан дээр унаад босож ирээд нүдээ дараад эмнэлэг рүү Б эмч орох гэхэд хаачих гээд байгаа юм гээд хаалгаар орох үед нь араас нь гараараа нүүр лүү нь урдаас нь цохисон мөн толгойн дагз хэсэгт 2 удаа хүчтэй цохиод оруулахгүй байсан. Б эмч хоёр давхрын 00-ын өрөө лүү ороход захирал дагаж ороод хүн оруулахгүй гээд хаалга түгжээд гаднаас нь сонсоход Ч захирал Б эмчийг цохиод байгаа дуу чимээ сонсогдсон Б эмч болиоч гэж хэлж байгаа нь сонсогдсон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Хохирол барагдуулсан тухай гар бичмэл (хавтаст хэргийн 117, 118 дугаар хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 124, 125, 126, 127-128, 129 дүгээр хуудас), 

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

                       

“С хараа” ХХК-ийн ажлын тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87, 98 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 89, 101 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95, 102 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

           

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...Шүүгдэгч Г.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” нүдний эмнэлгийн эмч нарын өрөөнд болон эмнэлгийн гадна тус эмнэлгийн эмч У.Б тай маргалдаж улмаар, харилцан зодолдсоны улмаас У.Б ын биед зүүн гайморын хөндийн гадна хана, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг орчимд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, шанаа, хамар, хүзүү, зүүн, баруун тохой, шуу, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн шүүгдэгч У.Б нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” нүдний эмнэлгийн эмч нарын өрөөнд болон эмнэлгийн гадна тус эмнэлгийн гүйцэтгэх захирал Г.Ч той маргалдаж, улмаар харилцан зодолдсоны улмаас Г.Ч ийн биед хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний цөгц хэсгийн эмтэрэл, мөн баруун хацарт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С” нүдний эмнэлгийн эмч нарын өрөөнд болон эмнэлгийн гадна Г.Ч, У.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биедээ гэмтэл учруулсан байна.

           

Хохирогч У.Б  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4506 дугаар дүгнэлтээр “зүүн гайморын хөндийн гадна хана, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг орчимд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хамар, хүзүү, зүүн, баруун тохой, шуу, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт,

Хохирогч Г.Ч т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 423 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний цөгц хэсгийн эмтэрэл” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт тус тус гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Ч ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, У.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

                       

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Г.Ч, У.Б нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч Г.Ч, У.Б нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч У.Б  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4506 дугаар дүгнэлтээр “зүүн гайморын хөндийн гадна хана, зүүн нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, зүүн хөмсөг орчимд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, шанаа, хамар, хүзүү, зүүн, баруун тохой, шуу, баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал”  гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан,

Хохирогч Г.Ч т Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 423 дугаар дүгнэлтээр “хамар ясны хугарал, баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд үүдэн баруун 1, зүүн 1-р шүдний цөгц хэсгийн эмтэрэл ”гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж тус тус үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Ч нь хохирогч У.Б ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой,

шүүгдэгч У.Б нь Г.Ч ийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч У.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч У.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Хохирогч У.Б нь төлбөрт 2.344.000 төгрөгийг авсан, хохирогч Г.Ч нь төлбөрт 600.000 төгрөгийг тус тус авсан болохыг дурдав.

                                                   

Мөн хохирогч Г.Ч, У.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Г.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял  оногдуулах саналыг танилцуулж, шүүгдэгч нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Г.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Г.Ч, У.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

           

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч, У.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Г.Ч, У.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч У.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Ч, У.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч, У.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч У 2.344.000 төгрөгийг, хохирогч Г.Чт 600.000 төгрөгийг тус тус өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч, У.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ