Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1365

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2022      9           20                                            2022/ШЦТ/1365

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Мын Өд холбогдох 2206 03010 2577 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

0

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Ө нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, **** дугаар гудамжны **** тоот хашааны дэргэд хохирогч Э.Этэй газар эзэмших эрхтэй холбогдуулан маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

            Хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... 2019 оны 4 сард Ө нь эхнэрийнхээ нар дээр манай газрыг эзэмшиж авах хүсэлтээ Баянзүрх дүүргийн газрын албанд гаргачихсан байсан. Харин манайх тухайн газрыг эзэмших хүсэлтээ сарын дараа өгсөн. Тэгсэн чинь тухайн үедээ газрын албанаас түрүүлж хүсэлтээ өгсөнд нь гэрчилгээ гаргана гээд тэдний талд гэрчилгээ гаргачихсан. Тэгэхээр нь манай захиргааны хэргийн шүүхэд манай газарт амьдардаггүй байж амьдардаг гээд гэрчилгээ гаргаад авчихсан байна гэсэн өргөдөл гаргасны дагуу 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр захиргааны хэргийн шүүгч туслах, жолоочтойгоо манай газар дээр ирээд үзлэг хийж дуусаад машиндаа суугаад яг хөдөлж байхад Ө урдаас нь машинтайгаа тулж орж ирээд нилээд ууртай намайг чи шүүхээр яваад яасан ичдэггүй пизда вэ гэж хэлсэн. Тэгээд Ө шуугчтай юм ярих гээд байсан чинь шүүгч Өыг та энэ хэрэгт хамааралгүй хүн байна гээд хашаанаас гаргачихсан. Гарсных нь дараа Өы эхнэр Гэрэлмаатай ярих юмаа ярьж дуусгачхаад шуугч хөдлөөд явсны яг дараа нь Ө хашааны гадаа миний өөдөөс харж байгаад баруун гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохиход эхнэр нь Өыг авч яваад манай эхнэр бас намайг аваад орсон. Ө миний өөдөөс харж баруун гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Тэрний дараагаар зодоон үргэлжлээгүй. Хоёр тийш болоод явцгаасан. Би тэр хүний биед халдаагүй." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9035 дугаар: “...1.Э.Эгийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн бах боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

 

Гэрч С.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр болон Э нар надаас жаахан зайтай юм яриад зогсож байсан. Юу ярьж байсныг нь би мэдээгүй. Тэгсэн чинь л Э чи намайг цохичихлоо гээд чанга дуугарахаар нь би алхаад очиход тэр хоёр өөд өөдөөсөө харчихсан зогсож байсан. Цаанаас нь Эгийн эхнэр нь ирээд цагдаа дуудъя гээд Эг аваад явчихсан. Бид нар бас машиндаа суугаад явцгаасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

 

Шүүгдэгч М.Өы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Э шаралхсан уг тухайн үед надад хэлснээс болоод миний баруун мөрөн дээр тогших үед нь би гараа хойш нь савсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 45, 65, 66, 67 дугаар хуудас), 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...Шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч М.Ө нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, **** дугаар гудамжны **** тоот хашааны дэргэд хохирогч Э.Этэй газар эзэмших эрхтэй холбогдуулан маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Э.Эд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9035 дугаар дүгнэлтээр “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нудний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч М.Ө нь хохирогч Э.Эгийн эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Э.Эд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 9035 дугаар дүгнэлтээр “баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт” гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

                                     

Шүүгдэгч М.Ө нь хохирогч Э.Эгийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Хохирогч Э.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд “ ... нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтдээ дурдсан байх тул шүүгдэгч М.Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, М.Ө уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч М.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдоогүй 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргав.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Мын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ө  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдоогүй 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ