Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1366

 

 

 

 

 

 

 

 

           2022      9           20                                           2022/ШЦТ/1366

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Н-ийн Нд холбогдох 2206 02563 2518 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

0

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Н нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Чтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний биед доод уруулын салст, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун гарын 5-р хурууны хумсны хугарал, цус хуралт, өвчүү, зүүн өвдөгт зулгаралт, баруун гарын 3, 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Б.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчим өөрийн танил эгч болон найзууд болох Э, О, Н  нартай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулзаад Чулуутын гүүрэн дээр очиж 4 ширхэг 2,5 литрийн савлагаатай пиво уусан ба бид нараас Н машин жолоодож байсан болохоор уг пивоноос уугаагүй. Би болон Э, О эгч нар машины гадна суугаад пиво ууж байхад Н “Явцгаая, машин сууцгаа” гэхээр нь би машинд орж суухад Н намайг “Та нар удаан орж ирлээ” гэж загнасан ба би “Э эгч, О эгч нар хэлээч, би машинд чинь ороод ирсэн байгаа биздээ” гэж хэлсэн. Гэтэл буцаад явж байх замд Н намайг алнаа чамайг, талбайтай газар очиж байгаад гэх мэтээр орилоод байсан ба Ургах наран хорооллын ойролцоо очиход Н уулзвараар хойд зүг рүү эргэж зогсоод машины хойно сууж байсан над дээр ирж хаалга онгойлгоо над руу дайрсан. Энэ үед миний баруун гарыг мушгиж дараад эвгүй болгочихсон. Тэгэхээр нь Т эгч машинаас буугаад Ныг салгах гэсэн боловч Н над дээр хүрч ирээд намайг машинаас үсдэж буулгаж газарт унагасан. Намайг зодуулж байхад Т эгч тэр хоёрыг надаас салгасан ба би босон гүйгээд ойролцоо байсан машин дээр очоод жолооч залуугаас нь тусламж гуйсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч машинд нь суучхаад Ныг хойноос нь толгой руу нь цохиж, “Чи юун сүртэй юм, ямбий сэгийн машин уначхаад” гэх мэтээр доромжлоод байсан. Ч “Бууя, хэрэв буулгахгүй бол үсэрлээ” гэж хэлээд хаалгыг онгойлгосон ба Нын замын хажуу руу гарч зогсон Чыг буучих гэж хэлсэн. Ч Нын машинаас буучхаад цонхнууд руу нь гараараа хүчтэй цохиод байсан ба Н аргаа бараад машинаасаа бууж Чтай барьцалдаж авсан. Тэгэхээр нь Туул бид 2 машинаас буугаад тэр 2 дээр очиж би дундуур нь орж салгах гэтэл Ч намайг түлхэж унагаасан ба Н, Ч нар дээр, доороо ээлжилж орцгоож, нэг, нэгнийгээ үсдээд байсан. Би тус өдөр Чын биед огт гар хүрч, цохиж зодоогүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

 

Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хамт ажилладаг О болон түүний найз гэх Ч, О-ын дүү Н, О-ын нөхөр А нарын хамтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр очиж 4 ширхэг 2,5 литрийн савлагаатай пивыг О, Ч бид 3 хувааж уусан. Тэгээд би машинд орж сууснаасаа хойш юу ч санахгүй тасарчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

 

Гэрч Н.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Би эхнэрээ хүлээгээд зогсож байхад 3 эмэгтэй хүн бууж ирсэн... газарт өнхрөлдөөд байсан. Энэ үед газарт хэвтээд зодуулж байсан эмэгтэй босож ирээд миний машин дээр гүйгээд ирсэн ба араас нь түүнийг зодохоор гүйж ирсэн 2 эмэгтэйг би түлхэж салгасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7682 дугаар: “...Б.Чын биед доод уруулсын салст, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун гарын 5-р хурууны хумсны хугарал, цус хуралт, өвчүү, зүүн өвдөгт зулгаралт, баруун гарын 3, 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өөрийн төрсөн эгч Н.О, хүргэн ах А болон танил эгч Т нартай уулзаад байж байтал түүний найз Ч гэх эмэгтэй бид 4 дээр ирээд бид 5 Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр очсон. Тэнд очсоны дараа О, Т, Ч нар пиво ууцгаагаад байсан ба буцаад явж байхад Ч машин дотор намайг машины сэг унасан, нөхөргүй хүүхэн гэх мэтээр хэл амаар доромжлон, мөн миний машинаас бууж үсрэх гэж оролдоод байхаар нь би замын хажуу руу шахаж зогссон. Гэтэл Б.Ч хойд суудал дээрээс миний толгой руу гараасаа 1 удаа цохиод авахаар нь би машинаасаа буусан ба энэ үед Ч мөн адил буугаад ирсэн. Тэгээд бид 2 хоорондоо бие биеийнхээ үсийг зулгааж, нэг нэгнийгээ 2-3 удаа цохилцсон бөгөөд энэ үед О эгч гарч ирэн бид 2-ыг салгасан. Үүний дараа Б.Ч бид нарын ойролцоо зогсож байсан машины залуу дээр гүйж очсон бөгөөд удалгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 39 дүгээр “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаар “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол, (хавтаст хэргийн 71-72, 73-74 дүгээр хуудас),

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 75, 76, 77, 78 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

           

Улсын яллагч “...Шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Н нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Н.Н нь хохирогч Б.Чтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож гэмтэл учруулсан байна.

 

Хохирогч Б.Чд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7682 дугаардоод уруулсын салст, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун гарын 5-р хурууны хумсны хугарал, цус хуралт, өвчүү, зүүн өвдөгт зулгаралт, баруун гарын 3, 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Н.Н нь хохирогч Б.Чын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.Чд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 05 дугээр сарын 30-ны өдрийн 7682 дугаар дүгнэлтээр “биед “доод уруулсын салст, баруун гуя, зүүн өвдөгт цус хуралт, баруун гарын 5-р хурууны хумсны хугарал, цус хуралт, өвчүү, зүүн өвдөгт зулгаралт, баруун гарын 3, 4, 5-р хурууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Н нь хохирогч Б.Чын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Н.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд “...Миний бие Батбаатар овогтой Ч нь иргэн Наранцэцэг овогтой Нд ямар нэгэн хүсэлт болон гомдол санал байхгүй болно” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Нийг энэ бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Н.Н нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овогт Н-ийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ