Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 795

 

Э.Т-т холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

хохирогч Б.Д-ий өмгөөлөгч Ж.Энхтуяа,

шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Т-т холбогдох эрүүгийн 1810009110520 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Э.Т-, 1992 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 1, Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэгт түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй,

            Э.Т- нь Хан-Уул дүүргийн ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Б.Д-тэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед “Би баяр наадамд дургүй гэж хэлээд байхад чи бэр гуйх ёстой гэж шаардсаар байгаад гэрт баяр наадам хийлээ, үүнээс чинь болоод аав архи уучихлаа, одоо аавын эрүүл мэнд нь муудна” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний хацар луу нь алгадах, багалзуурдах, баруун шанаа орчим нь гараараа цохих зэргээр зодсон,

            2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Битгий давраад байгаарай” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэх, хацар луу нь алгадах зэргээр зодсон,

            2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 20 цагийн үед “Давраад байгаарай, аятайхан байгаарай, чи хов зөөдөггүй юу” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, компьютер томографийн зураг 6 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Д-д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Д- нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо, өмгөөлөгч П.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлолгүйгээр Э.Т-ыг дээрх гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

2. Хохирогчийн биед үүссэн гэмтэлтэй холбоотой хийгдсэн шинжилгээнүүдийн зөрүүтэй, хэд хэдэн удаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд ач холбогдолтой бус байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт нь баримт нотолгоонд тулгуурласан, эргэлзээгүй, шинжлэх ухааны арга зүйн хүрээнд хийх хуулийн шаардлагыг зөрчиж 1-5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй нийт 9 шинжээчийн 3 удаагийн дүгнэлт нь өөр хоорондоо болон хэрэгт авагдсан эмнэл зүйн баримтаар илт зөрүүтэй үндэслэлгүй гарсан байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй. Мөн зөрүүтэй дүгнэлтүүдийн нэгийг нотлох баримтаар үнэлэхдээ бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй, гэмт хэрэг гарсан цаг хугацааг хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Учир нь Э.Т-ыг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэмт хэргийг хохирогч хэрэгт өмнө нь өгсөн өөрийн мэдүүлгээс, мөн гэрчүүдийн мэдүүлгээс ноцтой зөрүүтэй өгч, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бус 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр болсон асуудлыг 22-ны өдөр гэж өгснөө тайлбарлахдаа “ингэж маргалдсанаас хойш охиноо авч, Э.Т-аас тусдаа, өөрийнхөө аав ээж дээр 2017 оны 4 дүгээр сараас амьдраад, 2017 оны 10 дугаар сард эвлэрч эргээд нийлсэн” гэсэн мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ “2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоон шийдвэрлэв” гэж хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт авагдаагүй цаг хугацаанд тулгуурлан гэм буруутайд тооцжээ. Шүүгдэгч Э.Т-, хохирогч Б.Д- нар 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш одоог хүртэл эвлэрч эргэн нийлж амьдраагүй ба шүүгчийн дүгнэлт хийснээр гэмт хэрэг үйлдсэн хугацааг хохирогч Б.Д-ий мэдүүлэгт үндэслэн тогтоовол “2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр” байх юм. Гэтэл шүүгч уг хугацааг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэж тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй үйл баримт, нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байна.

4. Э.Т- нь яллах дүгнэлтийг гардан авч хэрэг нь прокуророос шүүхэд шилжин ирснээс хойш 7 хоногийн дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүгч яллагдагч Э.Т- болон түүний өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжоор яллагдагч түүний өмгөөлөгчийг хангаагүй. Өөрөөр хэлбэл гэм буруу дээрээ маргаж буй яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хуульд заасан эрхээр хангаагүй.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Э.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчтэйгээ байр суурь нэг байна. Б.Д-ий хийж байгаа энэ үйлдэл дараа нь хүүхдийн асрамж тогтоолгоход миний эсрэг ашиглагдана гэж ойлгосон...” гэв.

Хохирогч Б.Д-ий өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч П.Одонтунгалагийн давж заалдах гомдолд дурьдсан асуудалтай санал нийлэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд шүүгдэгч Э.Т-ын эрхийг бүрэн хангасан байдаг. Шинжээчийн дүгнэлтүүдийн тухайд эхний дүгнэлтээр “хамар ясны хугарал” гэж тогтоосон бол дараагийн дүгнэлтээр “хамрын яс мурийсан” гэж зөрүүтэй гарсан. Харин бусад үндсэн гэмтлүүд буюу хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогдсон. Мөн хэрэг гарсны маргааш хохирогч өөрийн биед учирсан гэмтлийн гадна байдлыг гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргасан. Шинжээч Чулуунсүх нь Шүүх эмнэлгийн ганц нарийн мэргэшсэн эмч. Тухайн томографийн зургийг Чулуунсүх эмчээр уншуулсан талаар шинжээч эмчийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг хангалттай тогтоосон. Хохирогчийн зүгээс цаг хугацааг андуурч хэлснээ шүүхийн хэлэлцүүлэгт залруулж хэлсэн байдаг. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Нэг бол өөрөө өвдөөд эсхүл өмгөөлөгч нь өвдөөд цаг хугацааг хожиж, улмаар эрүүгийн хариуцлагаас мултарсан. Энэ асуудалд манай үйлчлүүлэгч маш их гомдолтой байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Удаа дараагийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. Иймд шүүгдэгч Э.Т-ыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болсон...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Э.Т- нь Хан-Уул дүүргийн ... 504 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Д-тэй 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 22 цагийн үед “би баяр наадамд дургүй гэж хэлээд байхад чи бэр гуйх ёстой гэж шаардсаар байгаад гэрт баяр наадам хийлээ, үүнээс чинь болоод аав архи уучихлаа, одоо аавын эрүүл мэнд нь муудна” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хацар луу нь алгадах, багалзуурдах, баруун шанаа орчим нь гараараа цохих зэргээр зодсон,

2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “битгий давраад байгаарай” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэх, хацар луу нь алгадах зэргээр зодсон,

мөн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 20 цагийн үед “давраад байгаарай, аятайхан байгаарай, чи хов зөөдөггүй юу” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүнийг хацар луу нь алгадах, толгой руу нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал” бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Б.Д- нь “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр буюу бэр гуйх ёслол болсон орой Т- надад анх удаагаа гар хүрсэн. 22 цагийн үед Т- нь “би баяр наадамд дургүй гэж хэлээд байхад чи бэр гуйх ёстой гэж шаардсаар байгаад гэрт баяр наадам хийлээ, үүнээс чинь болоод аав архи уучихлаа, одоо аавын эрүүл мэнд нь муудна” гэж уурлаад миний хоёр хөлнөөс чирч унтлагын өрөө лүү оруулаад, намайг ор луу шидэж, миний дээр гарч хацар луу хэд хэдэн удаа алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд түүний хүзүү орчим нь цохиж, маажихад намайг багалзуурдаад, баруун шанаа руу гараа атгаж байгаад цохиж унагаасан... 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад явсан. Т- над руу мессеж бичээд байхаар нь би гэртээ ирэхэд “битгий давраад бай” гэж хэлээд миний толгой руу гараараа түлхээд, хацар луу алгадсан... 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 20 цаг өнгөрч байхад Т-ыг гэртээ ирэхээр нь түүнтэй ярилцах гэтэл миний урдаас уурлаж, намайг зодож эхэлсэн. Би Т-т “танай ээж манай аав руу ярьсан байна, хүүхдийн маань асрагч чамд таалагдахгүй бол энэ асуудлыг чи бид хоёр хоорондоо ярилцаж байгаад сольж болно шүү дээ” гэхэд “давраад байгаарай, аятайхан байгаарай, чи хов зөөдөггүй юу” гээд миний хоёр хацар луу ээлжлэн алгадаж, толгойн орой дээр болон дагз руу гараа атгаж байгаад цохисон...” /1хх-ийн 11-14, 3хх-ийн 61-63/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Ч.Баатарсүрэнгийн “...2017 оны 11 дүгээр сард гэртээ хүүхдээ авч ирэхдээ “Т- намайг зодож, хоолой боосон” гэж хэлж байсан. Тухайн үед Д-ий нүүрний баруун хэсэг нь хавдаж хөхрөөд, баруун нүд нь тагларч хавдаад хөхөрсөн байсан. Уг нь тэр өдөр Т-ын гэр бүлийнхэн Д-ийг бэр гуйсан юм... 2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой 21 цагийн үед охин Д- над руу уйлсан байдалтай ярьсан. Би Т-ын гэрт очсон... охин, зээ хоёроо аваад гарах гэтэл Т- Д-ий зүүн шанаа руу нь гараараа 1 удаа цохисон...” /1хх-ийн 17-18, 2хх-ийн 175-176/,

- гэрч С.Долгионы “...2017 оны 11 дүгээр сард Д-ийг бэр гуйх ёслол хийсний маргааш нь түүний хоёр гар, гуя, цээж, хүзүү нь улайж хөхөрсөн байдалтай, нэлээн уйлсан бололтой манай гэрт орж ирсэн... 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Д- гэртээ ирэхдээ “Т- надтай маргалдаад, намайг алгадаж зодсон” гэж ярьсан... 2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой 21 цагийн үед Д- аав руугаа яриад “Т- намайг зодоод байна, та хүрээд ирээч” гэж дуудсан. Ингээд манай нөхөр Баатарсүрэн гэр лүү нь яваад ... 01 цагийн үед Д-ий хамтаар ирсэн. Тухайн үед Д-ий зүүн хацар, шанаа орчим нь хөхөрч хавдаад, зүүн нүдний алим нь цус хураад, хамар нь хавдчихсан, толгойны дагз хэсэгт нь булдруу үүссэн, ар нуруу, хоёр гар нь хөхөрчихсөн байдалтай байхаар нь юу болсон тухай асуухад “Т-тай маргалдтал тэр намайг зодчихлоо” гэж хэлсэн...” /1хх-ийн 21-23, 2хх-ийн 173-174/,  

- гэрч С.Батцэцэгийн “...2017 оны 11 дүгээр сард нэг өглөө ажилдаа очтол Д- эгчийн баруун гарын сарвууны ар хэсэг, бугуй нь нэлээн том газар хөхрөөд, бага зэрэг хавдчихсан, тэрээр урт хоолойтой цамц өмссөн, цамцны зах дээгүүр нь хүзүү нь базуулсан ч юмуу, чимхүүлсэн ч юм шиг улайж, хөхөрсөн ором гарсан байсан... 2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой 18 цаг хүртэл гадуур явж байгаад Эмма, Д- эгчтэй хамт гэр лүү нь орчихоод явсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед, Д- эгч над руу яриад “өчигдөр намайг Т- зодчихлоо, би эмнэлгээр явж байна” гэж хэлсэн. Үүнээс хойш 3-4 хоногийн дараа Д- эгч над руу Фэйсбүүкээр нүд, нүүр нь хөхөрч хавдсан зургаа явуулсан...” /1хх-ийн 24-25/,

- гэрч Нуриза Саниагийн “...2017 оны 11 дүгээр сард бэр гуйх ёслол болсон өдрийн орой Т-, Д- нар маргалдсан...” /1хх-ийн 26-30/,

- гэрч Ц.Сарнайгийн “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Т-ын гэр бүлийнхэн Д-ийг бэр гуйсан. Маргааш нь Баатарсүрэн ахынд очтол Д-ий хоёр гар, хүзүү нь хөхөрсөн харагдаж байсан. Түүнээс юу болсон тухай асуухад “Т- надад уураа гаргаад зодчихлоо” гэж хэлсэн... 2018 оны 3 дугаар сарын 20-ны үеэр Д-тэй уулзахад түүний хүзүү нь эргэн тойрондоо цус хурчихсан байсан... 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Д- над руу ярьснаа “өчигдөр Т- намайг зодоод, аав намайг очиж авсан, эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь машин барих хүн байдаггүй хүрээд ирээч” гэж дуудсан. Ингээд тухайн өдрөө Д-тэй уулзахад түүний баруун шанаа, хавирга орчим нь хавдаж, хөхрөөд, хамар нь далийж хавдсан байсан...” /1хх-ийн 31-32/,

- гэрч Н.Намууны “...2017 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Д-тэй уулзахад түүний хүзүү нь эргэн тойрондоо цус хуралт нь эдгэж байгаа байдалтай, шарласан харагдаж байсан. Тэгэхээр нь юу болсон тухай асуухад “бэр гуйсан орой Т- намайг ор луу түлхэж, гараараа хоолой боож цохисон” гэж хэлсэн... 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Д- надад “Т- надтай маргалдаад, намайг тэнэг мангараар нь дуудаж гоочилж байгаад түлхэж унагаагаад толгой руу хуруугаараа чичээд байна” гэж ярьж байсан... 2018 оны 4 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Д- манай гэрт ганцаараа орж ирсэн. Тухайн үед түүний баруун шанаа нь хавдаж, хөхрөөд хамар нь далийгаад, нүүр нь ерөнхийдөө нэлээн хавдартай байсан. Би юу болсон тухай асуухад “өчигдөр Т- надтай хэрэлдэж байгаад намайг зодохоор нь аавыг дуудсан” гэж хэлсэн...” /1хх-ийн 63-64/,

- гэрч Б.Дэлгэрзаяагийн “...Д- нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өглөө 10 цаг 26 минутад ирж үзүүлсэн нь манай эмнэлгийн цахим бүртгэлд бүртгэгдсэн байна. Тухайн өдөр Д- гэх хүнд үзлэг хийхэд түүний баруун нүд, хамар нь хавдсан, дарахад эмзэглэлтэй, хөхөрсөн байдалтай байсан...” /1хх-ийн 113-115/,

- гэрч С.Дэлгэрэхийн “...уг өвчтний шинжилгээ нь толгойн компьютер томограф байсан тул толгойн горимоор хийгдсэн байна. Хийгдсэн шинжилгээний дүгнэлтэд тархины эдэд гэмтэл, цус хуралтгүй, гавал ясанд хугарал, цууралгүй гэсэн байна. Шинжилгээг дахин харахад хугарал тодорхойлогдохгүй байгаа нь хийгдсэн шинжилгээний горимтой холбоотой байх боломжтой гэж үзэж байна...” /2хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд,

- аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-ийн 42-44, 2хх-ийн 89-92/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /2хх-ийн 81-83/, гэрч С.Батцэцэг болон хохирогч Б.Д- нарын хоорондоо харилцсан цахилгаан холбооны зурвас /2хх-ийн 46-51/, хохирогч Б.Д-ий гэрэл зураг, компьютер томографийн оношлогоо, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 71-76, 231-234, 2хх-ийн 38/, “ЭМЖЖ” эмнэлгээс гаргаж өгсөн баримтууд /1хх-ийн 122-124/, амбулаториор үйлчлүүлэгчийн картын хуулбар /1хх-ийн 126-129/, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээч нарын дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан 4747, 1282, 226 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 37, 2хх-ийн 34-35, 146-148/, уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар өгсөн шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /1хх-ийн 116-117/ зэргээр давхар нотлогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих асуудлууд бүрэн гүйцэд нотлогдоогүй, өөрөөр хэлбэл 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, хохирогчийн биед үүссэн гэмтэлтэй холбоотой хийгдсэн шинжилгээнүүд, хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй гарсан, анхан шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дараа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргаж, яллагдагч болон түүний өмгөөлөгчийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангаагүй...” хэмээн гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар маргажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа тухай бүр нь хууль сануулсан байх боловч гэмт хэрэг гарснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрснөөс тухайн үйл явдал яг хэзээ болсон талаар өөр өөр цаг хугацааг мэдүүлсэн байна.

Харин хохирогч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэж буруу мэдүүлсэн байна. Тухайн үед би хямралтай байсан. Надад таагүй сэтгэгдэл төрсөн тул би 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад явсан. Т- над руу мессеж бичээд байхаар нь би гэртээ ирэхэд “Битгий давраад бай” гэж хэлээд миний гарнаас мушгиад, багалзуурдсан...” /3хх-ийн 58/ гэж мэдүүлсэн ба түүний энэхүү мэдүүлгийг тодруулах зорилгоор шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Таныг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр цохиод байна уу, 3 дугаар сарын 31-ний өдөр цохиод байна уу” гэж асуухад “Би он, сар, өдрөө андуурсан байна. Т- 3 дугаар сарын 31-ний өдөр надад гэмтэл учруулсан” гэж /3хх-ийн 61/, шүүгчээс “Хэдэн сарын хэдний өдрийг 3 дугаар сарын 22-ны өдөр гэж андуурч мэдүүлсэн бэ” гэхэд “2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг андуурсан” /3хх-ийн 63/ гэж тус тус хариулжээ.

            Дээрх мэдүүлгийг үндэслэн гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэмээн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах аргагүй бөгөөд энэ нь хэрэгт цугларсан гэрч С.Долгион, Ц.Сарнай, Н.Намуун нарын өгсөн мэдүүлгүүдтэй агуулгын хувьд зөрчилдөхгүй байна.

            Хохирогч Б.Д-ий биед хийсэн үзлэгийн үр дүн, компьютер томографийн шинжилгээ, эмнэлгээс ирүүлсэн бусад баримтуудад үндэслэн Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4747 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 37/ гарсан байх бөгөөд уг дүгнэлтээр түүний биед “тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын ясны хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон.

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад, шүүгдэгчийн зүгээс нэмэлт шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж, үүнийг тухай бүр нь ханган шийдвэрлэж байсан бөгөөд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1282 дугаартай дүгнэлт /2хх-ийн 34-35/-ээр 4747 дугаартай  шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна гээд Б.Д-ий биед “баруун нүдний доод зовхи, баруун хацарт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон бол 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт /2хх-ийн 146-148/-ээр 4747 дугаартай шинжээчийн дүгнэлт мөн тухайн үедээ үндэслэлтэй байна гээд Б.Д-ий биед “тархи доргилт, баруун нүдний доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий гэмтэл учирсан нь тус тусдаа болон бүхэлдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болохыг тодорхой тусгажээ.

             Эдгээр дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нар тухайн асуудлаар мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нар байх бөгөөд шинжилгээ хийлгэх явцад хууль сануулсан, тэд гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байна.

             Өөрөөр хэлбэл, Б.Д-ий эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон удаа дараагийн шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтын явцад үндэслэл бүхий тайлбар, мэдүүлгийг өгсөн тул дээрх дүгнэлтийг үнэн зөв гэж үзэв.

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудаас үзэхэд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг гаргах эрх хэмжээтэй байна.

            Прокуророос Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан нь дээрх хуулийн шаардлагад харшлаагүйг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог.  

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл  шүүгдэгч Э.Т-ын үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймээс шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.”, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг тус тус тогтоосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Э.Т-т холбогдох дээрх гэмт хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Дээрх байдлыг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Э.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                                        

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ОЮУНЧУЛУУН

                                  ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН