Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 123/ШШ2021/0012

 

 

 

 

2021 оны 05 сарын 19 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2021/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын ЗдТг,

Хариуцагч: Төв аймгийн Сх, аасхш уб Ч.Ц холбогдох,

Гуравдагч этгээд: Г.М,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Сх, аасхш уб Ч.Ц-ийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33-06-249 дугаартай акт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амартүвшин, хариуцагч Ч.Цагаан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын Дээд Шүүхийн 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг хүлээж энэ үүргээ биелүүлэхдээ Төсвийн тухай хуулийг зөрчөөгүй батлагдсан эх үүсвэрийн дагуу цалинг нөхөн олгосон. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цэлмэг нь Төрийн албаны тухай хууль, журмыг зөрчиж сонгон шалгаруулалтгүй хууль бусаар томилогдон ажиллаж байсан байна гэдэг хууль зүйн дүгнэлт өгөөд цалин хөлс олговрыг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр олгосон цалин хөлсөнд акт тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн нэг дэх заалтад Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадралаар нөхөн төлүүлэн, төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэж, хоёр дахь заалтаар хугацаа тогтоон дансанд оруулахыг Г.Батжаргал, Н.Цанлигсүрэн, С.Намшир нарт актаар хариуцуулав гэсэн нь улсын байцаагч эрх мэдлээ хэтрүүлсэн хуульд заагдаагүй үндэслэлээр акт тавьсан гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 498.5 дахь заалтыг Улсын Дээд Шүүхээс гэм буруутай этгээдийн өмнөөс төр, аж ахуйн нэгж, байгууллага гэм хорын хохирлыг хариуцан арилгасан бол өөрт учирсан хохирлыг шаардан гаргуулах эрхтэй гэж хууль тогтоосон байна. Хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг холбогдох аж ахуйн нэгж байгууллага, шүүхэд гаргана гэж тайлбарласан. Тэгэхээр гэм хорын хохирлыг хариуцан арилгах гэм буруутай этгээдийг нотлон тогтоосон байхыг шаардаж, тогтоосны дараа гэм хорын хохирлыг зөвхөн холбогдох байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхээр байна. Захиргааны хэргийн шүүхийн гурван шатны шийдвэрээр Засаг дарга Г.Мөнхбадрал гэм буруутай гэж тооцоогүй, П.Цэлмэгийн цалинг нөхөн төлөхийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн. Энэ нөхцөл байдал нь буруутай этгээдийг нотлон тогтоогоогүй, тогтоосны дараа байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад улсын байцаагч өөрөө тогтоон, 6 сарын хугацаа заан бусдаар төлүүлэхээр биелэгдэх боломжгүй акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33-06-249 дугаартай акт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Цагаан болон Төв аймгийн Санхүү хяналт, аудитын албаны дарга Б.Саруул шүүхэд гаргасан тайлбартаа: Санхүү хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Цагаан нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 33-06-249 тоот Төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай актыг дараах хууль, дүрэм, албан шаардлагын үндэслэл бичсэн болно. Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, 103.2 дахь хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж тус тус заасан. Төв аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТӨА-2019/212/СТА-ТШЗ-54/92 тоот албан шаардлага зэргийг тус тус үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8 дахь хэсэгт Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж, 10.12 дахь хэсэгт Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 10.12.2 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх; гэж, Дотоод аудитын дүрмийн 7.5 дахь хэсэгт Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалтгааныг тэмдэглэл, санхүү, төсөв нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн болно гэжээ.

 

Хариуцагч Ч.Цагаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны Санхүү хяналт аудитын албаны удирдамжийн дагуу Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт шалгалт явуулсан шалгалтын явцад төсөвт учирсан хохирлыг Мөнхбадрал дарга ажиллаж байх үед П.Цэлмэгийг ажлаас халсан нь үндэсгүй гэж төрөөс нөхөн цалин олгосон байсан. Төрд хохирол учирсан байна гэж үзээд холбогдох хуулийг заалтыг үндэслээд акт тогтоосон. Ахлах байцаагчийн хамт гарын үсэг зурсан байгаа. Мөнхбадрал даргад мэдэгдээд танилцуулж, гарын үсэг зуруулах ёстой байсан боловч тэгж чадаагүй орхигдуулсан гэв.

 

Гуравдагч этгээд Г.Мөнхбадрал шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитыг албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33-06-249 дугаартай акт хууль бус болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний хувьд тухайн үед Зуунмод сумын Засаг даргаар ажиллаж байсан. Одоо Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байна. Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цэлмэгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор шийдвэрлэгдсэн. Түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Түүний Засаг даргын тамгын газраас олгосон Төв аймгийн Санхүү хяналт, аудитын албаны улсын байцаагч Зуунмод сумын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 33-06-249 дугаартай акт гаргасан. Актад Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадралаар төлүүлэхээр шийдвэрлэхдээ надаас тайлбар авалгүй 6 сарын дотор төлүүлэхийг Засаг даргын тамгын газрын дарга, нягтлан нарт даалгасан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэрээр төлбөрийг Засаг даргын тамгын газраар төлүүлэхээр шийдвэрлэсэн, Г.Мөнхбадралын буруутай үйлдэл үйл ажиллагаа гэдгийг тогтоогоогүй, Тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулиар Албан тушаалтнаар төлүүлэх эрх зүйн үндэслэл байгаагүй, Үнэхээр би төлөх хууль зүйн үндэслэлтэй юм бол надад тайлбар гаргах, буруугүй гэдгээ нотлох, эргэн төлөх боломжит хугацаа, цалингийн эх үүсвэр зэргийг харгалзан надаар төлүүлэх актыг надад холбогдуулан гаргах ёстой байсан гэж үзнэ гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын байцаагчийн акт нь гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн байна гэж үзээд дараах үндэслэлүүд гаргаж байна. Нэгдүгээрт, тухай актыг Тамгын газрын дарга, нягтлан нарт даалгасан байдаг. 1 дэх заалтаар Мөнхбадралаас хохирол гаргуулахаар заасан. 2 дахь заалтаараа 2021 оны 6 сард багтаан дансанд оруулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Энэ нь гуравдагч этгээдэд мэдэгдэхгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдүүдэд даалгасан нь хууль бус акт гэж үзэж байна. Хоёрдугаарт актыг гаргахдаа хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн эрх хэмжээний акт биш байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт нь ерөнхий улсын байцаагч нь 10.12.2 дахь заалт нь улсын байцаагчийн эрх хэмжээний биш гэдэг нь харагдах болно. Мөн нэг удирдлага болгосон заалт нь Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь заалт нь арай өөр утга агуулга бүхий заалт байна. Ийм учраас акт гаргах эрх бүхий албан тушаалтан биш гэх үндэслэлээр акт нь хууль бус гэж үзэх үндэстэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 40.2 дахь хэсгийг хангасан байх ёстой. Маргаан бүхий захиргааны акт нь мөн хуулийн 40.3 дахь Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж зааснаар, 40.4 дэх хэсэгт зааснаар Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэх заалтыг хангаагүй гэж үзэж байна. Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн. Тухайлбал шийдвэр гаргах ажиллагаа 13 дугаар зүйлд заасан оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйл нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйл оролцогчийг сонгох, 27 дугаар зүйл сонсох ажиллагаа явуулах талаар зөрчиж зөрчилтэй акт гаргасан. Хариуцагчийн тайлбартай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 103.1, 103.2 дахь заалтыг удирдлага болгон Засаг даргын Тамгын газрын дээд шатны байгууллага дотоод аудитын нэгж хохирлыг хариуцна гэж заасан. Захиргааны байгууллага хариуцна гэдэг нь тухай байгууллага хариуцна гэдэг нь харагдаад байна. Улсын байцаагч хариуцахаар заагаагүй байна. Мөн 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4.2.7 дахь заалтад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэсэн заалт байгаа. Мөн хуулийн 35.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн албаны зөвлөл нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй. Төрийн албаны тухай хуулийг удирдлага болгох юм бол Төрийн албаны зөвлөл нь шүүхэд нэхэмжлэл гаргах нь П.Цэлмэгийг ажлаас чөлөөлсөн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албаны тухай хууль батлагдаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн энэ хуулийн 50.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх зохицуулалт 2019 оны 01 дүгээр сард үйлчилж эхэлсэн. Манай үйлчлүүлэгчийн хувьд бол 2017 оны Төрийн албаны тухай хуулиар явах байсан. Төрийн албаны зөвлөл нь шүүхэд нэхэмжлэл гаргах нарийвчилсан хууль зүйн зохицуулалт байхад маргаан бүхий актаар гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт зааснаар төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх улсын байцаагчийн 33-06-249 дугаар хууль бус актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33-06-249 дугаартай акт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтад холбогдуулан үзвэл Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33-06-249 дугаар актаар Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, 103.2 дахь хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж тус тус заасныг, мөн Төв аймгийн төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТӨА-2019/212/СТА-ТШЗ-54/92 тоот албан шаардлага зэргийг үндэслэн төсөвт учирсан хохирол болох 7,711,740 төгрөгийг Тав аймгийн Зуунмод сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадралаар нөхөн төлүүлэн, төсвийн орлогод оруулж, төлбөрийн 7,711,740 төгрөгийг 2021 оны 06 дугаар сард багтаан төлүүлэхийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Батжаргал, Санхүүгийн албаны дарга Н.Цанлигсүрэн, ахлах нягтлан бодогч С.Намшир нарт хариуцуулан захиргааны акт гаргажээ.[1]

Үүнд нэхэмжлэгчээс ...Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар нь Улсын Дээд Шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг хүлээж, энэ үүргээ биелүүлэхдээ Төсвийн тухай хуулийг зөрчөөгүй батлагдсан эх үүсвэрийн дагуу цалинг нөхөн олгосон. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрээр Засаг дарга Г.Мөнхбадрал гэм буруутай гэж тооцоогүй, П.Цэлмэгийн цалинг нөхөн төлөхийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн болно гэж,

хариуцагчаас ...Санхүү хяналт шалгалтын улсын байцаагч нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 33-06-249 тоот Төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай актыг Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан ...гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж, Захиргааны ерөнхий хуулийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, 103.2 дахь хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж тус тус заасан. Төв аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ТӨА-2019/212/СТА-ТШЗ-54/92 тоот албан шаардлага зэргийг тус тус үндэслэн бичсэн, актад улсын байцаагч, ахлах байцаагч гарын үсэг зурсан гэж,

гуравдагч этгээдээс ...хууль болон холбогдох дүрэмд зааснаар эрх олгогдоогүй этгээд акт гаргасан, акт чиглэсэн этгээдийн оролцоог хангаагүй, актаар хариуцах этгээдээс өөр этгээдүүдэд хариуцуулан гаргасан, эрх нь хөндөгдөх этгээдэд мэдэгдээгүй акт гаргасан... гэж тус тус үндэслэл гарган маргаж байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33-06-249 дугаартай актаар төлбөр төлөх үүрэг хүлээж буй этгээд нь Г.Мөнхбадрал болсон байх бөгөөд тус актаар эрх нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, гомдол гаргах эрхийн харилцаанд оролцуулаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн Мөнхбадрал даргад хэлж байсан, харин албан ёсоор мэдэгдэж, гарын үсэг зуруулаагүй орхигдуулсан байна гэсэн тайлбараар нотлогдож байгаагаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчим, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж ... захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн ...этгээдийг ойлгоно, 13.3-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болшгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэснийг зөрчиж, улмаар дээрх хуулийн 15 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцогчийн эрхийг хангаагүй хууль бус акт болсон нь тогтоогдож байна.

Харин шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Төрийн хяналт шалгалт тухай хууль 10 дугаар зүйлд Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.12.2 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж улсын ахлах байцаагчийн эрх хэмжээг тодорхойлсонд холбогдуулан дүгнэвэл маргаан бүхий актыг улсын байцаагч гаргасан нь шийдвэрлэсэн агуулгаараа хуулиар олгогдсон эрх хэмжээгүй этгээдээс гаргасан захиргааны акт буюу илт хууль бус акт гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохоор байна.

Иймд хариуцагчийн гаргасан 2020 оны 33-06-249 дугаартай акт нэхэмжлэгчид шууд чиглээгүй гарч гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буюу гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 15 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 33-06-249 дугаартай актыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг орон нутгийн орлогот оруулсугай.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 


[1] 1-р хавтаст хэргийн 4-6-р хуудас