Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0427

 

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0427

Улаанбаатар хот

 

                   

 

 

                          “Б*** музей” ТБ, АБ, УТҮГ-ын

                            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Б*** музей” ТБ, АБ, УТҮГ

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “В***” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/903 дугаар “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” захирамжийн “В***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0987 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А***,

гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.М***, С.Э***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э***

Хэргийн индекс: 128/2021/0646/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б*** музей” ТБ, АБ, УТҮГ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/903 дугаар “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” захирамжийн “В***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0987 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33.1.1, 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б*** музей” ТБ, АГ, УТҮГ-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” А/903 дугаар захирамжийн “В***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1.1. Газрын эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон тул “В***” ХХК газар эзэмших эрхгүй,

3.1.2. Өмнөх маргаан бүхий газрын эзэмших эрхтэй холбоотой “В***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд болох “Б*** музей” ТБ, АБ, УТҮГ-ын эрх зөрчигдөөд эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй байхад нэхэмжлэгч, хариуцагч эвлэрлийн гэрээ байгуулж, шүүх хууль бусаар баталсан,

3.1.3. Хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/296 тоот захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй,

3.1.4. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор “Б*** музей” ТБ, АБ, УТҮГ-ын хамгаалалтын зурвас 5.7 га байхаар баталсан,

3.1.5. Б*** музейн хамгаалалтын зурвас 5.7 га газрыг кадастрын зурагтай давхцаж байгааг төрийн байгууллагаас 3 удаагийн албан бичиг, хавсаргасан зургийн хамт нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх зэрэг үндэслэлээр тус тус тайлбарлаж байна.

4. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

                                                   ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, 

3.1.Нэхэмжлэгч  “Б*** музей” ТБ, АБ, УТҮГ нь 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар, 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар, 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар албан бичгүүдээр тус тус нийслэлийн Газрын албанд, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 40 дүгээр албан бичгээр нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсийг тогтоосон хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож өгөх хүсэлтийг гаргаж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 746 дугаар захирамжаар “Сан хөмрөгийн барилгын зориулалтаар 540 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжаар “Б*** музей”-н зориулалтаар 33.890 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэж, 000438547 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

3.2. Маргаан бүхий газрын тухайд:

3.2.1 Б*** музейн хойд талд байрлах газрыг анх Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот байгуулалт инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтнүүдийн зөвшөөрөл, Захирагчийн ажлын албаны Хотын ерөнхий архитектор, ХБИБ хэлтсийн даргын 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2/1165 дугаар албан бичгээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/270 тоот албан бичгийг үндэслэн боловсруулагдаж батлагдсан Чингисийн өргөн чөлөөний тохижилтын зураг төслийн дагуу Б*** музейн хойд талд 1,6 га талбайг бүрэн тохижуулах”-ыг “В***” ХХК-д зөвшөөрсөн.

3.2.2. Б*** музейн /хуучин нэрээр/ захирлын 1999 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр “Тус музейн хойд талбай буюу хуучин эвдэрхий усан оргилууртай хэсэгт “В***” компани хотын ерөнхий архитекторын албаны зөвшөөрлийн дагуу нийслэлийн 360 жилийн ойд зориулж үйлчилгээний төв барьж байгуулж, тохижуулах төлөвлөгөөтэй байгааг манай музейн зүгээс дэмжиж байна” гэх агуулга бүхий албан бичгийг Хан-Уул дүүргийн захиргаанд хүргүүлж байсан.

3.2.3. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 96 дугаар тогтоолоор нийслэлийн Засаг даргаас 2001 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1650 дугаар албан бичгээр хүргүүлсэн “...Б*** музейн хамгаалалтын бүсийг хойш нь сунгаж Чингисийн өргөн чөлөөний авто зам хүртэл 80-100 метр зурвасаар нэмэгдүүлж, 5.7 га болгох” гэсэн саналыг үндэслэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б*** ногоон ордны хамгаалалтын бүсийг 5,7 га” хэмжээгээр тогтоож, хавсралтаар талбайн хэмжээ (325м х 210м), хил заагийг харуулсан зургийг баталсан. 

Үүний дараа, Б*** музейн захирлын 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дүгээр албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газарт хандан “Б*** музейн хамгаалалтын бүсэд баригдаж байгаа “В***” ХХК-ийн үндэсний хөгжмийн болон Ази, Европ хөгжмийн зэмсгийн үйлдвэрийн барилга нь түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын тухай Засгийн газрын тогтоол гарахаас өмнө Улаанбаатар хот байгуулалт, газрын харилцааны албаны зөвшөөрлөөр ажлаа эхэлж нэгэнт дуусах шатандаа ороод байгаа юм байна. Тиймээс цаашид хууль зүйн орчин, тохижилт, хамгаалалтын талаар манай байгууллагатай ажлаа уялдуулан үндэсний хэв загвараар баригдаж байгаа тул БХОМ-ийн хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц сөрөг үр дагавар гарахгүй байх гэж үзэж байна” гэх агуулга бүхий албан бичгийг тус тус хүргүүлж,

Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2002 онд 3/43 дугаар “Албан даалгавар”-аар гуравдагч этгээдэд “Барилга байгууламжийг зураг төсвийн дагуу барьж дуусгах, дутуу баригдсан хашааны өнгө үзэмжийг сайжруулж, орчны тохижилтыг бүрэн хийж дуусгах” үүргийг “В***” ХХК-д өгч байсан.

3.2.4. Гуравдагч этгээд “В***” ХХК нь тухайн газарт “хөгжмийн зэмсгийн үйлдвэр”-ийн зориулалт бүхий 864 м.кв талбайтай, 2 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьж, 2002 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан дуусаагүй хоёр барилгадаа өмчлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргаснаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас “А” объектыг 2206004515 дугаар улсын бүртгэлд бүртгэн 0051187 дугаартай гэрчилгээг, “Б” объектыг 2206004516 дугаар улсын бүртгэлд бүртгэн 0051188 дугаартай гэрчилгээг тус тус олгосон.

3.2.5. Нийслэлийн Газрын албанаас 2003 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/325 дугаар албан бичгээр “В***” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Б*** 2 ордон музейн ар талд хөгжийн зэмсгийн үйлдвэрлэл худалдаа явуулахаар газар эзэмших зөвшөөрөл хүссэний дагуу материалыг судалж үзээд Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газрын техникийн зөвлөл, мэргэжлийн комиссын хурлаар хэлэлцэн газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн тул одоо Нийслэлийн засаг даргын захирамж гаргахаар хүлээгдэж байгаа нь үнэн болно” гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг гаргаж байсан.

3.3. Хан-Уул дүүргийн Газрын албанаас “В***” ХХК-д холбогдуулан “Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт “А***” ХХК-ийн зүүн талд газар эзэмшүүлэх, барилга байгууламж барих талаар ямар нэгэн захирамж шийдвэргүйгээр өөрсдийн дураар нэг давхар 2 ширхэг тоосгон барилга барьсан юм. Иймд “В***” ХХК-ийн хууль зөрчиж, өөрсдийн дураар барьсан барилгыг буулгаж, газар чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд хандан гаргасан бөгөөд “В***” ХХК-иас “...тухайн газарт орчны тохижилт хийж, зам талбай шинээр тавьж, шинэ төмөр хашаа барьж хашсан зэргээр гаргасан зардал, компанид учирсан хохирол болох 1.255.890.481 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газрын албанаас гаргуулах” сөрөг нэхэмжлэл гарган маргасныг

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 513 дугаар захирамжаар “Хан-Уул дүүргийн Газрын алба нь газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, “В***” ХХК нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Б*** музейн хойд талд байрлах 1,6 га газрыг ашиглаж эхэлсэн цагаас хойш хууль тогтоомжоор тогтоосон тарифын дагуу газрын төлбөрийг нөхөн төлөх, газар эзэмших захирамж гарсны дараа ажил эхлэх зөвшөөрлийг албан ёсоор авч, барилгын ажлыг үргэлжлүүлэх, 1.255.890.481 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээсээ бүрэн татгалзах, Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг олгохоор тус тус зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна” гэж  шийдвэрлэсэн.

3.4. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 279 дүгээр захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороо, Б*** музейн хойно байрлах нэгж талбарын 8007/0144 дугаар бүхий 16000 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар “В***” ХХК-д 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 0203206 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсныг

нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/492 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 513 дугаар захирамж, нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б*** музейн хойно байрлах 1,6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, иж бүрэн тохижилт хийх зориулалтаар “В***” ХХК-д 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг баталгаажуулж, 0293455 газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон ба нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/920 дугаар захирамжаар “В***” ХХК-ийн үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай 16000 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан.

3.5. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжаар “В***” ХХК-д Б*** музейн хойд талд байрлах 16000 м.кв газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн нь Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолыг зөрчсөн бөгөөд тус компани түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын хамгаалалтын бүсэд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2, 45 дугаар зүйлийн 45.3.1, 45.3.3, 45.3.7-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, мөн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Захирамжийн хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/441 дүгээр захирамжаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/920 дугаар захирамжийн 37 дахь хэсгийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн.

3.6. “В***” ХХК-иас энэхүү шийдвэрүүдийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/441 дүгээр захирамжийн нэхэмжлэгчийн эзэмшил газрын 9406 м.кв талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “В***” ХХК-ийн 9406 м.кв талбайтай эзэмшил газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож буюу нэхэмжлэгчийн 9406 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн Засаг дарга болон “В***” ХХК нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/09 тоот эвлэрлийн гэрээг байгуулсан” гэж, энэхүү тодруулсан шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлж байгаагаа илэрхийлсэн тул тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй” болгосон.

3.7. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/296 дугаар захирамжаар “нийслэлийн Засаг дарга болон “В***” ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/09 дүгээр эвлэрлийн гэрээнд заасны дагуу газар эзэмших эрхийг сэргээн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулж, “В***” ХХК-д 9406 м.кв газрыг Монголчуудын уламжлалт буддын шашны сүмийн цогцолбор, бүх нийтэд зориулсан түүх соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” 903 дугаар захирамжаар “цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээ” болгон зориулалтыг өөрчилж, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.  

3.8. Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан бичгүүдээр Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор Б*** Ногоон ордны хамгаалалтын бүсийг 5.7 га байхаар тогтоосон боловч хил заагийг тодорхойлсон солбицлыг тогтоогоогүй. 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2013 оны 8/4243 дугаар албан бичгээр тухайн тогтоолын хавсралт зураг дахь газарт 2013 оны байдлаар “В***” ХХК  Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15.993 м.кв, “Н***” 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м.кв, “И*** центр” ХХК 2011 оны 539 дүгээр захирамжаар 1319 м.кв, 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м.кв газрыг тус тус эзэмшиж байсан.

Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны архивын мэдээлэлд тухайн Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүсийг тогтоосон Б*** музейн газар нь анх нэгж талбарын 18642308604810 дугаар бүхий 51.669 м.кв талбайгаар эзэмших эрхээр бүртгэгдэж,

2012 оны 02 дугаар сарын архивын мэдээлэлд дээрх 18642308604810 нэгж талбарын дугаар бүхий газар нь хуваагдан, нэгж талбарын 18642308600770 дугаар бүхий 28.131 м.кв талбай нь Б*** музейн нэр дээр эзэмших эрхээр, нэгж талбарын 18642308500911 дугаар бүхий 1322 м.кв талбайтайгаар нь “И*** центр” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхээр, нэгж талбарын 1864308612926 дугаар бүхий 21.578 м.кв талбайтайгаар эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй тус тус бүртгэгдсэн.

Улмаар 2012 оны 7 дугаар сарын архивын мэдээлэлд нэгж талбарын 1864308612926 дугаар бүхий 16.000 м.кв талбайтайгаар “В***” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхээр бүртгэгдсэн.

2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18642308600770 дугаар бүхий 28.131 м.кв талбайтай газрын хэмжээ өөрчлөгдөн нэгж талбарын 18642308615772 дугаар бүхий 33.890 м.кв болж Б*** музейн нэр дээр эзэмших эрхээр бүртгэгдсэн.

Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 134 дүгээр тушаалаар “Нэгж талбар дугаарлах журам” батлагдсанаар нэгж талбарын 18642308615772 дугаар нь 1780700217 дугаар болж, 33.863 м.кв талбайтайгаар Б*** музейн нэр дээр эзэмших эрхээр, нэгж талбарын 18642308612926 дугаар нь 1780700184 дугаар бүхий 15.987 м.кв талбайтайгаар “В***” ХХК-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр тус тус бүртгэгдэж, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нэгж талбарын 1780700184 дугаар “В***” ХХК-ийн газрын хэмжээ болон нэгж талбарын дугаар 1780700215 дугаар болж 9407 м.кв хэмжээтэйгээр бүртгэгдсэн болох нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

4. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/903 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус үндэслэн “Газар эзэмших эрхийн зориулалт, хаяг өөрчлөх тухай” гэх нэр бүхий, агуулга нь нэр бүхий 7 иргэн, аж ахуй нэгж, түүний дотор “В***” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн А/296 дугаар захирамжийн “В***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, зориулалтыг “цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээ” болгон өөрчилсөн байх бөгөөд

нэхэмжлэгч талаас “...нийслэлийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/439 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “В***” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 78 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан тул нэхэмжлэгчийн хамгаалалтын бүс бүхий 16000 м.кв газрыг “В***” ХХК чөлөөлөх нь хэмээн ойлгож байтал тус хэрэгт “В***” ХХК болон хариуцагч нийслэлийн Засаг дарга нар эвлэрлийн гэрээ байгуулж, 16000 м.кв газраас 9406 м.кв газрын эзэмшигчээр “В***” ХХК-ийг тогтоож, цаашлаад маргаан бүхий захирамжийг гаргасан нь хууль бус, “В***” ХХК нь “...тусгай хамгаалалтын зурвас зөрчиж, музейн хамгаалалтын хойд хашаанд тулгаж модыг зөвшөөрөлгүй шилжүүлсэн .. олон жил болоход үндэс нь хашааг нураах эрсдэлтэй ... цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн газраа машины төлбөртэй зогсоол ажиллуулж байгаа, ... цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулаагүй...” гэж,

хариуцагчаас “... Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу “В***” ХХК нь хүчин төгөлдөр эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмшиж байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрыг хууль дүрмийн дагуу чөлөөлөх боломжгүй” гэж,

гуравдагч этгээдээс “В***” ХХК-ийн эзэмшиж буй газар нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай ямар нэгэн давхцалгүй ... “В***” ХХК-ийн барьсан 2 ширхэг 1 давхар байшин нь Засгийн газрын тогтоол гарахаас өмнө баригдсан ... мод бутыг шилжүүлж суулгаагүй, тохижилтын хүрээнд бид өөрсдөө тарьсан... шилжүүлэх боломжтой” гэж тус тус тайлбарлан маргажээ.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.4-т “захиргааны байгууллагаас гаргах нэхэмжлэлийн хувьд ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн”, 106 дугаар зүйлийн 106.3.9-т “захиргааны байгууллагын гаргасан нэхэмжлэлийн хувьд хууль зөрчигдсөн болон нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн нь тогтоогдвол хүчингүй болгох”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.6-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх;”, 21.2.3-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих;”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж,

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга соёлын өвийг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 16.1.1-т “соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж, Засгийн газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;”, 16.1.6-д “соёлын өвд эрсдэл учруулахуйц аливаа үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасны дагуу арга хэмжээ авах”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Соёлын өвийг хамгаалах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, энэ хуулиар үүрэг хүлээсэн байгууллага, эрх бүхий этгээд хариуцна”, 37.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга хот, суурин газарт орших түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр барих барилга байгууламжид өндрийн хязгаар тогтооно. Өндрийн хязгаар тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална”,  38 дугаар зүйлийн 38.1-т “Соёлын өвд хохирол учруулж болзошгүй дараах үйл ажиллагааг хориглоно:”, 38.1.1-т “түүх, соёлын дурсгалт газар түүний орчны бүсэд дэд бүтцийн барилга байгууламж барих, уул уурхай, газар тариалан эрхлэх, үйлдвэрлэл явуулах;”, 38.1.2-т “палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгох;”, 38.1.3-т “хуульд зааснаас бусад тохиолдолд нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг өмчлөгчийн шийдвэргүйгээр өөр байгууллага, орчинд шилжүүлэн хадгалах, зөөж тээвэрлэх, хөдөлгөх;”, 38.1.4-т “улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд зар сурталчилгааны самбар, бичиг хадах, анхны хэлбэр төрх, хийц, бүтээцийг өөрчлөх”, 38.2-т “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдийн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.6, 6.7-д заасан судалгааг урьдчилан гүйцэтгэсэн ажлын дүгнэлтээр соёлын өвд эрсдэл учирч болзошгүй байгаа нь тогтоогдсон бол аж ахуйн үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно”, 38.3-т “Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож, энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 38.1-д зааснаас гадна доор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 43.1.1-т “онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд нисэх онгоц буулгах”, 43.1.2-т “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах”, 43.1.3-т “мод, элс, хайрга, чулуу авах зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 43.1.4-т “хот суурин, цахилгаан станц байгуулах;”, 43.1.5-д “тэсэлгээ хийх”, 43.1.6-д “шинээр барилга байгууламж барих”, 45 дугаар зүйлийн 45.5-д “Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд байгаа үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах зорилгоор түүний эх төрх, бүрэн бүтэн байдалд нь хохирол учруулахгүй байх хэлбэрээр шинээр барилга байгууламж барьж, судалгаа, сурталчилгааны зориулалтаар ашиглаж болно” хэмээн тус тус заасан.

6. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “Б*** музей” ТБ, АБ, УТҮГ нь “...маргаан бүхий захиргааны акт нь хууль тогтоомжийг зөрчсөн” хэмээн маргаж байх боловч нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/903 дугаар захирамж нь гуравдагч этгээд “В***” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2020 оны А/296 дугаар захирамжаар эзэмших эрх олгосон газрын зориулалтыг өөрчилсөн агуулгатай байна.

Нэхэмжлэгчээс тухайн нийслэлийн Засаг даргын А/296 дугаар захирамжтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй.

Хариуцагчаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “В***” ХХК-ийн эзэмшиж буй газрын зориулалтыг “цэцэрлэгт хүрээлэн, сүм хийдийн үйл ажиллагаа, үйлчилгээ” өөрчилсөн байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “...Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх, дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байх, мөн барилга байгууламж нэмж барихгүй байхаар шийдвэрлэснийг гуравдагч этгээд зөрчөөгүй, ... “В***” ХХК нь 1998 онд тухайн эд хөрөнгийг барих зөвшөөрлийг авч байсан нь дэглэм тогтоохоос өмнө эхэлсэн талаар, одоогийн байдлаар уг газарт цэцэрлэгт хүрээлэн, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн зэргээр газраа зориулалтын дагуу эзэмшсэн нь Газрын тухай хуулийг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, Соёлын өвийн хамгаалах тухай хуульд заасан соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий этгээд болох нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...тусгай хамгаалалтын зурвас зөрчиж, музейн хамгаалалтын хойд хашаанд тулгаж модыг зөвшөөрөлгүй шилжүүлсэн”, “.. олон жил болоход үндэс нь хашааг нураах эрсдэлтэй”, “... цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн газраа машины төлбөртэй зогсоол ажиллуулж байгаа”, “... цэцэрлэгт хүрээлэнгээ байгуулаагүй...” зэрэг үндэслэлээр нэхэмжлэгчийг чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2023/0987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                    ШҮҮГЧ                                                  З.ГАНЗОРИГ

                    ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ

                               ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА