Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1341

 

 

 

 

 

 

 

      2022          9           14                                         2022/ШЦТ/1341

           

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн 2206 02963 2337 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны шөнийн 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Х.Б-н нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед өшиглөх, цохих зэргээр халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн зодооныг салгаж байсан иргэн Х.Бу-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар   

 

Хохирогч Х.Бу-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 04 цагийн үед манай эгч Х.Б-н гэрийн гадаа эгч, эгчийн хамтран амьдрагч Ц.Б бид 3 0,75 литрийн хар экс нэртэй архи 2 шил хувааж уусан. Тэгээд байж байсан чинь эгч Ц.Б 2 хоорондоо маргалдаад байсан. Тэгээд эгчийг 1 удаа цохихоор нь миний уур хүрээд маргалдсан чинь миний нүүр, ам руу хэд хэдэн удаа цохиод авсан чинь дээд талын 2 үүдэн шүд унасан. Миний уруул хавдсан, 2 ширхэг дээд талын үүдэн шүд унасан байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

 

Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 ны 06 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад орой 23 цаг болж байх үед миний төрсөн дүү Б орж ирсэн. Надтай хамт ажилд явахаар ирсэн юм... манай дүү Б ирэхдээ нэг том пиво авч ирсэн. Тэгээд Б-тай хувааж ууж дуусаад Бл дахин нэг том авсан. тэгээд дараа нь Дахиад нэг шил архи авч ирж уусан... архи ууж байгаад Бл намайг үгээр идээд хардаад муудалцаж намайг зодсон. Тэгтэл манай дүү Б эгчийг нь зодлоо гэж уурлаад голоор нь ороход манай дүүг мөн цохиод 2 шүд хугарсан байна... манай дүү эгчийг зодоод байхаар зүгээр байж чадалгүй голоор ороод өөрөө зодуулчихсан... би нүүр лүү цохиулчихаад доошоо сууж байсан болохоор хараагүй... миний 2 нүд хавдаж хөхөрсөн. Хамар мөн хөндүүртэй байна, ар дагз руугаа өвдөж байна." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

 

Хохирогч Х.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “..Б-н машиныг засах талаар өдөр манай хашаанд хоёр хүн орж үзсэн талаар Б бид хоёр ярьж байсан чинь Бл хардаад ямар хүн орж ирж машин үздэг юм бэ, хэнийг авч ирж машин үзүүлдэг юм бэ хэл чи гээд миний хажуу талаас зүүн гарын бугалга хэсэгт гараараа нэг удаа цохиод хэл амаар доромжилсон. Тэр үед Б уурлаад чи яахаараа миний эгчид гар хурдэг юм бэ гээд маргалдсан. Бл машинаас буугаад машины хойд талын хаалгыг онгойлгоод Б-г санамсаргүй байхад нь цохих шиг болсон. Тэр үед нь би урд талд сууж байсан, ард тэр хоёр түжигнэлдээд байхаар нь яах гээд байгаа юм бэ гээд машинаас буух гэж байх үед Бл миний нүүрэн тус газар хамрын голд нэг удаа гараараа цохичхоод цагдаа дуудаарай гээд орилсон чинь Бл хашааны хаалгаар гараад зугтаачихсан. Б тэр үед 2 шүд хугарчихлаа гээд амнаас нь цус гарсан байдалтай унасан шүдээ машин дотор хайгаад байж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8455 дугаар: “... 1. Х.Бу-н биед баруун үүдэн дээд 1-р шүд, зүүн үүдэн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зуйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24, 25 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8460 дугаар: “... 1.5. Х.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зуйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгуй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27, 28 дугаар хуудас),

 

             Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оноос өдийг хүртэл Ба гэдэг хүнтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 7 дугаар гудамж 19 тоотод хамтран амьдарч эхэлсэн. 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр би гэртээ хамтран амьдрагч Ба, түүний хүүхдүүд 3 хүүхэд болон түүний дүү Бу нар байсан. 21 цагийн орчим Б өмнөх өдөр нь уучихсан чинь шартаад байна гэж хэлээд дэлгүүрээс 1 том сав үнээ гэж нэрлэдэг Нийслэл нэртэй пиво авч ирээд Ба, Б бид гурав хувааж ууцгаасан. Тэрний дараа Ба Б-г архинд гаргаж 1 шил 0,5 литрийн хараа нэртэй архи авч ирүүлсэн. Тэгээд тэр архиа бид гурав хувааж уусан. 00 цагийн орчим Б дахин гарч 1 шил 0,75 литрийн архи авч ирсэн. Бид гурав нөгөө архиа Б-н хашаанд байсан машинд орж уухаар болсон. Би Б-н машины жолоочийн суудал дээр суусан. Харин Б арын сандал дээр ороо засаад сууцгаасан. Би архи ууж байж байгаад тасарчихсан байсан. Б-н машин дотор суучихсан маргалдаад хэрэлдээд байснаа санаж байна. Тэгээд машинаас буугаад Б-г машины хойд талд сууж байхад нь нэг удаа шүд хэсэгт нь гараараа цохиж байснаа санаж байна. Би Б-г цохичихоод буцаад машины урд сууж байсан Ба-н нүд хэсэгт нь гараараа нэг удаа цохисон... Би Х.Б болон түүний төрсөн дүү Х.Б нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Б-н данс руу захирал Н-н данснаас 6 дугаар сарын дундуур байхаа өдрийг нь санахгүй байна. 500,000 төгрөг хийсэн... харин Баэд би өөрийн зээлээр худалдаж авсан приус-20 маркийн тээврийн хэрэгслээ өгсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74, 75 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудас),

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст Х.Бээс хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

Х.Бу-н 5952180878 тоот дансанд 500.000 төгрөгийг шилжүүлсэн гэх баримт (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

           

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                       

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

                       

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “...Шүүгдэгч Ц.Б нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны шөнийн 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 7 дугаар гудамжны 19 тоот хашаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Х.Б-н нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед өшиглөх, цохих зэргээр халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн зодооныг салгаж байсан иргэн Х.Бу-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

             

            Үйл баримтын талаарх дүгнэлт

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

2022 оны 6 дугаар сарын 07-ны шөнийн 04 цагийн үед Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хамтран амьдрагч Х.Б-н нүүрэн тус газарт гараараа цохих, түүний биед өшиглөх, улмаар зодооныг салгаж байсан иргэн Х.Бу-н нүүрэн тус газар нь гараараа цохиж Х.Б, Х.Бу нарт гэмтэл учруулсан байна.

 

Ц.Б, Х.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар хамтран амьдрагч нар, мөн Х.Б-н дүү нь Х.Бу болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8455 дугаар дүгнэлтээр Х.Бу-д “баруун үүдэн дээд 1-р шүд, зүүн үүдэн дээд 1-р шүдний булгарал” гэмтэл,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8460 дугаар дүгнэлтээр Х.Б-д “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

           

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8-д “хоёр, түүнээс олон хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж заасан байдаг.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг, “хоёр, түүнээс олон хүнийг” гэж нэг цаг хугацаа орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг тус тус ойлгодог.

 

Шүүгдэгч Ц.Б нь гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох хамтран амьдрагч Х.Б, түүний дүү хохирогч Х.Бу нарын эрүүл мэндэд халдаж хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 8455 дугаар дүгнэлтээр Х.Бу-д“баруун үүдэн дээд 1-р шүд, зүүн үүдэн дээд 1-р шүдний булгарал” гэмтэл,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8460 дугаар дүгнэлтээр Х.Б-д “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун болон зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн нүдний зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч нарын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

           

Иймд шүүгдэгч Ц.Б ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хоёр хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг  гарах болсон шалтгаан нь гэр бүл, төрөл садангийн ахуйн архидалтаас болж гарсан байна.

                       

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

            Шүүгдэгч Ц.Б нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч Х.Б, Х.Бу нар мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол нэхэмжлээгүй байх ба Ц.Б нь Х.Бу-д 500.000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

 

Хохирогч Х.Б, Х.Бу нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Ц.Б-с холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

           

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх дүгнэлтийг гаргасан.

                                   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан.

 

Шүүгдэгч Ц.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогчид Х.Бу-д 500.000 төгрөгийг төлсөн, барилга дээр ажилладаг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

           

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Х.Бу-д 500.000 төгрөгийг төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

 

5. Хохирогч Х.Б, Х.Бу нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Ц.Б-аас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                            М.ТҮМЭННАСТ