Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар  2022/ШЦТ/1340

 

                                                                                                                      

 

 

 

 

 

           

  2022           9            14                                        2022/ШЦТ/1340

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Ш.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш.А д холбогдох эрүүгийн 2206 02147 2498 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.А нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энэрэл хотхоны 24А байранд үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрийн “туслах менежер”-ийн албан тушаалд ажиллаж байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 05-наас 06-ны өдрүүдэд тус дэлгүүрийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 634.500 төгрөгийн орлого, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн орлого 307.750 төгрөгийн орлого болох нийт 1.235.500 төгрөгийн орлогыг банкинд тушаахгүйгээр өөрийн эзэмшлийн банкны ******** тоот дансанд байршуулан захиран зарцуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 1.235.500 төгрөгийн орлогыг завшиж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ш.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Энэрэл хотхоны 24А байрны 0325 нэртэй ажил дээр очиход манай дэлгүүрийн ажилтан Ш.А нь ээлжид гараад шөнө 00 цагт буух ёстой байтал ажил дээр хоносон гээд байж байсан. Тэгээд би Ш.Аас асуудал гарсан уу, хэлэх зүйл байна уу гэсэн чинь нэг асуудал байна. Би 2022 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдийн орлого болох 1.235.500 төгрөгийг авч ашигласан гэж хэлсэн, тэгээд яагаад гэж асуухад Хятад данстай тухайн дансыг идэвхтэй байлгах ёстой тэгээд тухайн дансандаа хийсэн гэж байсан, тэгээд би чи наад мөнгөө өнөөдөр гэхэд буцааж олж өг гэсэн чинь за хүнээс асуугаад олно гээд тэр өдрөө явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

 

Шүүгдэгч Ш.А-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энэрэл хотхоны 24А байранд үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрийн туслах менежерээр  ажиллаж байх үед надад мөнгөний хэрэг гарсан, мөнгө хэрэгтэй байсан тул 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 634.500 төгрөгийн орлого, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 293.400 төгрөгийн орлого, 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 307.750 төгрөгийн орлого буюу нийт 1.235.500 төгрөгийн байгууллагад орж ирсэн бэлэн мөнгөний орлогыг байгууллагын дансанд болон сейфэнд хийлгүй өөрийн дансанд хийсэн. Ингээд би тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд хэрэглээд дуусгасан. Би тухайн өөрийн буруу үйлдлээ мэдэж байсан ч дараа нь буцаагаад өгнө гэж бодож байсан тул ийм үйлдэл гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас),

 

“Дижитал Концепт” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22/125 дугаартай “Ш.А нь тус компанид “Дэлгүүрийн туслах менежер’’-ээр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн болно” гэх албан бичиг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

“Дижитал Концепт” ХХК-ийн Ш.А тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ********* дугаартай хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас),

Хохирогч А.Б -с гаргаж өгсөн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Энэрэл хотхоны 24А байранд үйл ажиллагаа явуулдаг GS25 дэлгүүрийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 634.500 төгрөгийн орлогын баримт, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 293.400 төгрөгийн орлогын баримт, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 307.750 төгрөгийн орлогын баримт буюу нийт 1.235.500 төгрөгийн орлогын баримтууд (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Ш.А-н эзэмшлийн банкны ********* тоот дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

“Дижитал Концепт” ХХК-ийн Итгэмжлэл (хавтаст хэргийн 20, 21 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

Гэрлэсний бүртэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),

Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэргийг судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “... шүүгдэгч Ш.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Ш.А нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Ш.А нь “Дижитал Концепт” ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, тус өдрөөс эхлэн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны дуусталх хугацаанд “Дижитал Концепт” ХХК-ын GS25 түргэн үйлчилгээний цэгийн салбар 1034-нд туслах менежерээр ажиллаж байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус салбарын орлогыг өөрийн банкин дахь ********* тоот дансанд байршуулан, хувьдаа завшин 1.235.500 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

                                                

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Ш.А нь “Дижитал Концепт” ХХК-ийн GS25 түргэн үйлчилгээний цэгийн салбар 1034-т туслах менежерээр ажиллаж байхдаа 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн орлогыг өөрийн банкны *********  тоот дансандаа байршуулан захиран зарцуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба “Дижитал Концепт” ХХК-ийн GS25 түргэн үйлчилгээний цэгийн салбар 1034-ийн кассын зарлагын баримт, Ш.А-н банкны ********* тоот дансны хуулга зэргээр 1.235.500 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ш.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой хохирол төлбөр талаар тохиролцсон, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнөгэж тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

“Дижитал Концепт” ХХК-д учруулсан 1.235.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ш.А нь 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр, 5 дугаар сарын 05-ны өдрүүдэд нийт 1.235.500 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Ш.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ш.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ш.А уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Ш.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ш.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ш.А нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ