Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 796

 

Б.Б-ид холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогч Ц.Энхсайхан,

шүүгдэгч Б.Б-,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Ц.Энхсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.Б-ид холбогдох эрүүгийн 1811021950748 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол овгийн Б.Б-, 1977 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 1, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхсайханы толгойн тус газарт төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Б.Б-ийн цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялаас нь хасаж /2х15=30/ 30 хоногоор тооцож, түүний нийт эдлэх ял болох 420.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Б-оос 139.800 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Энхсайханд олгож, хохирогч Ц.Энхсайхан нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг нийт 120 см урттай хар өнгийн хашааны төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Б.Б-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.Энхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би энэ хүнд цохиулснаас хойш ойр ойрхон татаж унадаг болсон. Ажил хөдөлмөр эрхэлж чадахаа больсон. Байнгын эмчийн хяналтанд байгаа. Эрүүл мэндтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхад хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж зааснаар зүйлчилснийг эс зөвшөөрч байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч нь сүүлийн шүүх хуралдаанд оролцоогүй. Урьд нь хохирол төлбөр төлөх зорилгоор түүний утасны дугаар луу удаа дараа холбогдсон боловч өөрөө надтай яриагүй. Анхан шатны шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон бөгөөд хохирогч нь согтуурсан байдалтай, эсхүл хүнд зодуулсан байдалтай ирдэг байсан. Хэрэг гарсан цаг хугацаанд би хохирогчийн нуруу болон толгойн тус газарт нэг нэг удаа цохисон. Хохирогчийн давж заалдсан гомдлыг эс зөвшөөрч байна...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, 3 удаагийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон. Эхний удаад хийсэн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл, хоёр дахь удаагийн шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн гэмтэл учирсан гэж тус тус тогтоосон бол гурав дахь удаагийн бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоож, шинжээч эмчээс тайлбар мэдүүлэг авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан гэж үзэж байна. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хэргийг зөв зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймээс хохирогчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Б-ид холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Б- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Энхсайханы толгойн тус газарт төмрөөр цохисны улмаас эрүүл мэндэд нь “хуйханд шарх, баруун даланд цус хуралт, баруун өвдөг, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч Ц.Энхсайхан нь “...би харих гээд зам дагуу явж байтал нэг хүн шууд толгой руу цохиод авсан. Тэгээд би “Яаж байнаа” гэсэн чинь “Чи намайг нийлж зодох гэлээ” гээд над руу дайраад байсан ба тухайн үед миний толгойноос цус гараад ухаан алдаад унах шиг болсон...” /хх-ийн 12/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- шүүгдэгч Б.Б-ийн “...тухайн үед би халамцуу явж байсан. Намайг зам хөндлөн гарч явах үед 50 орчим насны эгч мөн адил зам гарах гээд халамцуу явж байсан. Би тэр эгчийг сугадаад зам хөндлөн гарч явах үед өөдөөс нөхөр нь гэх хүн нэг найзтайгаа ирж байсан. Үүнээс үүдэлтэйгээр тухайн үед зодоон болсон. Миний чихний хэнгэргийг хага цохихоор нь уурлаж, шаралхсандаа газраас төмөр авч, адилхан хувцастай хүнийг цохисон...” /хх-ийн 193-194/ гэсэн мэдүүлэг,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээч нарын дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан 9416, 313 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 22, 138-140/, уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар өгсөн шинжээч эмч С.Чулуунсүхийн мэдүүлэг /хх-ийн 162/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хохирогч Ц.Энхсайхан давж заалдсан гомдолдоо “...миний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхад хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж зааснаар зүйлчилснийг эс зөвшөөрч байна...” хэмээн маргажээ.

            Хэргийн материалыг судлахад, хэрэг учрал болсноос хойш 2 хоногийн дараа буюу 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хохирогч Ц.Энхсайханы биед хийсэн үзлэгийн үр дүнг үндэслэн Шүүх эмнэлгийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9416 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22/ гарсан байх бөгөөд уг дүгнэлтээр түүний биед “хуйханд шарх, баруун даланд цус хуралт, баруун өвдөг, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон.

            Хохирогч Ц.Энхсайхан нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд “толгойндоо гэмтэл авснаас хойш унаж татдаг болсон” талаараа /хх-ийн 75/ мэдүүлж, өөрийн биед үүссэн гэмтэлтэй холбоотой хийгдсэн шинжилгээний баримтууд /хх-ийн 60-61/-ыг гаргаж өгсөн бөгөөд шүүх эдгээрийг үндэслэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар шийдвэрлэжээ.

Улмаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1121 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн толгойн компьютер томографийн шинжилгээнд илэрсэн зүүн зулайд тархины эдийн гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлт, зүүн талын хацар ясны нумын цөмөрсөн хугарал нь 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө зодуулснаас болж үүссэн байх боломжтой. Зулайн хуйхны шарх, зүүн зулайн тархины эдийн гэмтлийн дараах уйланхайт өөрчлөлт, зүүн хацар ясны хугарал, даланд цус хуралт, баруун өвдөг, зүүн тохойд зулгарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хүнд зэргийн гэмтэл...” /хх-ийн 87/ болохыг тогтоосон.

Дээрх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй гарсан тул аль нь үндэслэлтэй эсэхийг тогтоох зорилгоор шүүх 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт дахин гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 313 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 138-140/ гарсан ба уг дүгнэлтэд “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн компьютер томографийн шинжилгээгээр илэрсэн зүүн зулайн тархины эд дэх уйланхайт өөрчлөлт хэзээ, ямар шалтгаанаар үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болно. Мөн компьютер томографиар зүүн хацар ясны нумын цөмөрсөн хуучин хугарал тогтоогдсон ба энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хацар ясны нумын цөмөрсөн хуучин хугарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн байх боломжтой байна. Зүүн талын хацар ясны нумын цөмөрсөн хугарал гэмтэл нь толгойн тус газарт төмрөөр цохих үед үүсэх боломжгүй, зүүн хацарт мохоо зүйлийн шууд үйлчлэлээр үүсэх боломжтой. Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 9416 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1121 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна...” хэмээн тодорхой тусгажээ.

             Энэхүү дүгнэлтийг гаргасан шинжээч нар тухайн асуудлаар мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нар байх бөгөөд шинжилгээ хийлгэх явцад хууль сануулсан, тэд гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байна.

            Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Энхсайханы эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон 313 дугаартай шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч С.Чулуунсүх мөрдөн байцаалтын явцад үндэслэл бүхий тайлбар, мэдүүлгийг өгсөн тул тухайн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэв.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний урьд баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /2х15=30/ эдлэх ялаас нь хасаж /450-30=420/, нийт эдлэх ялыг дөрвөн зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 420.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын нэгжтэй дүйцүүлэхдээ 30 хоногоор тооцсон нь буруу болсныг дурьдах нь зүйтэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Ц.Энхсайханы гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд зөв тооцож, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг тус тус тогтоосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б.Б-ид холбогдох дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Б.Б-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан хохирогч Ц.Энхсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Монгол овгийн Бямбын Б-ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Хохирогч Ц.Энхсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.ОЮУНЧУЛУУН

                                   ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                   ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН