Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0465

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0465

Улаанбаатар хот

 

 

 

 

                                “Б” ХХК-ийн

                         нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

Хэргийн оролцогчид

Нэхэмжлэгч “Б” ХХК,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага:  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 128/ШШ2024/0284 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е,

Хэргийн индекс: 128/2023/0832/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас шүүхэд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт "Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санддавхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” -аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 128/ШШ2024/0284 дүгээр шийдвэрээр “Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1,29.10, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныгтус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Байгаль орчин,аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр "Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалын "Б" ХХК-д холбогдох хэсэг болох тушаалын хавсралт"Богдхан уулын Дархан цаазат газрын ойн санд давхцалтай хэсгийг цуцлах нэгж талбарын жагсаалт"-ын 8 дугаарт бичигдсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хангаж, Байгаль орчин,аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

Шүүхээс бодит нөхцөл байдал, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн оролцогчдод бий болсон нөхцөл байдлыг бүрэн дүүрэн шийдвэрлэж чадаагүй,

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийсэн буюу ойн тухай хуулийн 29.1.0 дахь заалт нь “хориглосон объектыг ойн сан бүхий газарт байрлуулсан” байх урьдчилсан нөхцөлтэй. Энэ хүрээнд хуульд заасан зөвхөн хориглосон объект байрлуулсан аж ахуй нэгжүүдийн газар эзэмших эрхийг цуцалсан байхад шүүх ойн сан бүхий газартай давхцалтай гэж захиргааны актыг эрх хэмжээгээ хэтрүүлж зөвтгөж дүгнэсэн нь буруу,

Шүүх маргаан бүхий актын үндэслэлийг огт шалгаагүй бөгөөд харин анхнаасаа энэхүү газарт газар олгосон нь буруу хэмээн газар олгосон захирамжийг дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт болсон

Хариуцагчаас ойн сан бүхий газрын хэмжээг шинэчилснээс хамаарч давхцал үүссэн байх боломжтой талаар дурдсан боловч шүүх энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй. Иймд шийдвэрийг хэсэгчлэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэнэ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулгаар гомдол гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалтай холбогдуулан шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу, Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/346 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдоос гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

4. Тухайн маргааны хувьд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар,

4.1. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-т заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн VII хурлын шийдвэрийн дагуу “Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай” гэсэн үндэслэлээр “Б” ХХК-ийн ашиглах эрх бүхий Жаргалантын аманд байрлах 29.813 м.кв газраас 15,733 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан.

Улмаар  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/357 дугаар тушаалаар Богдхан уулсын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсээс нэхэмжлэгчид олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр тул … тухайн аж ахуйн нэгжийн 29.814 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосугай хэмээн шийдвэрлэсэн.

4.2. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дээрх тушаалуудыг эс зөвшөөрч “Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-т заасан хориглосон объект байрлуулаагүй”, “нэхэмжлэгчид олгосон тус газар нь ойн сан бүхий газартай давхцалтай байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй”, “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд ойн сан бүхий газрын хэмжээ тогтмол өөрчлөгдөж байдаг... ойн сан бүхий газрын хэмжээг шинэчилснээс хамаарч давхцал үүссэн байх боломжтой”, маргаан бүхий тушаалд “газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, объект байрлуулаагүй тул цуцлах үндэслэл бүрдсэн талаар дүгнэсэн байдаг ... нь захиргааны актын үндэслэлтэйгээ шууд зөрчилдөж байгааг шүүх хянан шалгаагүй” гэсэн агуулгаар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/299 дүгээр тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 568 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн VII хурлын шийдвэрийн дагуу “Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай” гэсэн үндэслэлээр гарсан.

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/357 дугаар тушаал  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн  Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл”-ээр гарсан. Мөн нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/346 дугаар тушаалтай холбогдуулан шүүхэд хандан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн агуулгаар тус тус маргасан.

            5. Тус үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүх, маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/299, А/357 дугаар тушаалын үндэслэл болсон гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/151 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн VII хурлын шийдвэр болон 2023 оны А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн XI хурлын шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар аваагүй,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “сайдын 2023 оны А/346 тушаалыг цахим сайтад байршуулсан” байсан гэх үйл баримтыг шалгаж тодруулаагүй.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ..“хариуцагч нь анхнаасаа тусгай хамгаалалттай газрын барилгабайгууламж барих, аливаа объект байрлуулах боломжгүй ойн сан бүхий газарт хэсэгчлэн давхцуулж нэхэмжлэгч компанид аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох орон байрны зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Ойн тухай хуульд нийцэхгүй байх ба уг алдаагаа залруулж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхээс ойн сан бүхий газартай давхцсан 15733 м.кв талбайг хэсэгчлэн хүчингүй болгож, 14080 м.кв газрыг үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцэх бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашигсонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй” хэмээн дүгнэсэн байх боловч ямар баримтад  тулгуурлан ийнхүү дүгнэсэн нь тодорхойгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ойн сан бүхий газрын хэмжээ жил бүр өөрчлөгдөх боломжтой” хэмээн тайлбарлан маргаж байхад тухайн үндэслэлийг тодруулахтай холбоотой ажиллагаа хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг бүхэлд нь хянан, нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

6. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 128/ШШ2024/0284 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

     

 

                  ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

                  ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ

 

                             ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА