Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0490

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би П.С-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: П овогтой С нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно. Учир нь миний бие Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1998-2002 онд банк зээлийн эдийн засагч санхүүч мэргэжлээр суралцаж төгсөж 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0202745 дугаартай дипломыг хуулийн дагуу авсан болохоо иргэний шүүхээр тогтоолгосон. Иймд ажилдаа буцаан томилогдох тушаал гарсан тул дээр хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэж Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болохоо илэрхийлжээ.

. ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах..., мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч П.С******* нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч П.С нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.С-гаас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б/310 дугаарт тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажил албан тушаал болох гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэндйн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ