| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2022/1153/Э/220/2022/0829 |
| Дугаар | 2022/ШЦТ/1272 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1272
2022 8 02 1172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч М.Оюунбат,
хохирогч Ч.Г
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
**дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т холбогдох эрүүгийн 2206 00000 2267 дугаар хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Т, 19** оны 12 дугаар сарын 02-ны өдөр **аймгийн ** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эхнэр, хүүхдийн хамт **дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 15 дугаар гудамжны 1190 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ***дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Тнь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 02 цагийн үед **дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 52/3 дугаар байрны 104 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Г-ийг “хэрүүл өдлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ч.Г-ийн биед нь халдаж зодсоны улмаас баруун хацар, зүүн шанаа, доод уруулд цус хуралт, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн тохой үенд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
**дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Ч.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 6 дугаар сарын 6-ны шөнө 22 цаг өнгөрч байхад хадам ахындаа очсонТ машиндаа 3 пиво уучихаад ороод ирье гэж хэлсэн. Би архи ууж идэхэд нь дургүй. Нэг пиво байсан чинь тэрийг ууна гэхээр нь яах гээд байгаа юм гэсэн. Би оройтчихоор нь залгатал найзындаа байна гэсэн. Хэрүүл өдөхөөр нь маргааш яръя гэж хэлсэн. Намайг алгадаж, үсдэж, цохисон.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 02 цаг 28 минутад нөхөртэйгөө мессенжерээр залгаж ярьсан. Тэгээд Улаанхуаранд явж байна гэж хэлэхээр нь загнасан чинь маргаан үүссэн. Тэгээд нөхөр “чи өөрөө эхэлсэн шүү” гэж хэлэхээр нь “би эхэлсэн, тэгээд чи яахын” гэсэн чинь “очоод хараарай” гэсэн. Тэгээд ахын гэрт согтуу орж ирчихээд “одоо хэл” гээд хөл рүү 3 удаа гараараа цохисон. Тэгээд би тайвшруулах гэж байтал хүүхдийн ванн өшиглөөд байсан. Тэгэхээр нь би хүүхдээ нөхөртөө тэврүүлтэл надтай маргалдаж байгаад миний толгойн зүүн хэсэгт гараараа 4-5 удаа цохиод, үснээс 2 удаа зулгааж, хоолой боож, давсаг руу 1 удаа, хөл рүү 2 удаа өшиглөсөн. Тэр үед манай нөхөр хүүхдээ тэвэрчихсэн байсан. ...тэгээд дараа нь гараа зангидаж байгаад миний толгойн зүүн хэсэгт нэг удаа цохисон. Манай нөхрийн ах зодооныг салгаад цааш нь авч явсан. Өмнө нь намайг зодож байгаагүй, анх удаа зодож байна. Бас өөрийгөө ална гээд хутга бариад байсныг нь нөхрийн ах бид хоёр салгасан бөгөөд хутгыг нь далд хийсэн ба нэг харахад гуяндаа зүссэн шархтай байсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8206 дугаар: “Ч.Т-ийн биед баруун хацар, зүүн шанаа, доод уруулд цус хуралт, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн тохойн үенд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 20-21 дэх тал/
Иргэн Ч.Г-өөс цагдаагийн байгууллагад гаргасан “нөхөртөө зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,
/хавтаст хэргийн 5 дахь тал/
Аюулын зэргийн үнэлгээ “Өндөр” гарсан тухай тэмдэглэл,
/хавтаст хэргийн 8 дахь тал/
Яллагдагч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх лавлагаа,
/хавтаст хэргийн 31 дэх тал/
Яллагдагч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой эхнэр хүүхдүүдийн хамт **дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах Б гэрт очихоор явсан. Тэгээд тэнд очоод эхнэр Ганчөдөр, хүүхэд 2-оо түрүүлээд орж бай гэж хэлээд. Би өөрөө 3 ширхэг пиво аваад машиндаа ганцаараа уучихаад ахындаа орсон. Ахын гэрт орчихоод буцаж гарч ирээд Улаанхуарангийн “Си Юу” дэлгүүр ороод хэдэн пиво уугаад найзыгаа пиво уух уу гэсэн чинь уухгүй гэхээр нь буцаж ахын гадаа ирээд, машиндаа нэг шил пиво уугаад сууж байгаад эхнэр Ч.Г чатлаад, тэгээд хэрүүлийн чанартай зүйл болж, 01 цаг өнгөрч байхад ахынд ороод эхнэртэйгээ нэлээн маргалдаад эхнэрийн хацар руу нь 2-3 удаа алгадсан, өөр бусад зүйлийг тодорхой санахгүй байна. Би нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь хөлнөөс цус гараад ариун цэврийн өрөө рүү орж угаачихаад гараад ирсэн чинь, 2 цагдаа ирчихсэн байсан. Би эхнэрээ гараараа алгадсан, үснээс нь зулгаасан. Өөр бусад зүйлийг нь санахгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 02 цагийн үед **дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны 52/3 дугаар байрны 104 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Г“хэрүүл өдлөө” гэх шалтгаанаар маргалдаж улмаар Ч.Т-ийн биед нь халдаж зодсоны улмаас баруун хацар, зүүн шанаа, доод уруулд цус хуралт, зүүн доод 3 дугаар шүдний эмтрэл, баруун бугалга, баруун шуунд цус хуралт, баруун шуунд зулгаралт, цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн тохой үенд зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн “2022 оны 6 дугаар сарын 6-ны шөнө 22 цаг өнгөрч байхад хадам ахындаа очсонТ машиндаа 3 пиво уучхаад ороод ирье гэж хэлсэн. Би архи ууж идэхэд нь дургүй. Нэг пиво байсан чинь тэрийг ууна гэхээр нь яах гээд байгаа юм гэсэн. Би оройтчихоор нь залгатал найзындаа байна гэсэн. Хэрүүл өдөхөөр нь маргааш яръя гэж хэлсэн. Намайг алгадаж, үсдэж, цохисон.” гэх, хохирогч Ч.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд нөхөр “чи өөрөө эхэлсэн шүү” гэж хэлэхээр нь “би эхэлсэн, тэгээд чи яахын” гэсэн чинь “очоод хараарай” гэсэн. Тэгээд ахын гэрт согтуу орж ирчихээд “одоо хэл” гээд хөл рүү 3 удаа гараараа цохисон. Тэгээд би тайвшруулах гэж байтал хүүхдийн ванн өшиглөөд байсан. Тэгэхээр нь би хүүхдээ нөхөртөө тэврүүлтэл надтай маргалдаж байгаад миний толгойн зүүн хэсэгт гараараа 4-5 удаа цохиод, үснээс 2 удаа зулгааж, хоолой боож, давсаг руу 1 удаа, хөл рүү 2 удаа өшиглөсөн. Тэр үед манай нөхөр хүүхдээ тэвэрчихсэн байсан. ...тэгээд дараа нь гараа зангидаж байгаад миний толгойн зүүн хэсэгт нэг удаа цохисон. Манай нөхрийн ах зодооныг салгаад цааш нь авч явсан. Өмнө нь намайг зодож байгаагүй, анх удаа зодож байна. Бас өөрийгөө ална гээд хутга бариад байсныг нь нөхрийн ах бид хоёр салгасан бөгөөд хутгыг нь далд хийсэн ба нэг харахад гуяндаа зүссэн шархтай байсан.” гэх /хх12-13/,
Яллагдагч Б.Тмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 06 дугаар сарын 05-ны орой эхнэр хүүхдүүдийн хамт **дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах Б гэрт очихоор явсан. ...Би өөрөө 3 ширхэг пиво аваад машиндаа ганцаараа уучихаад ахындаа орсон. Ахын гэрт орчихоод буцаж гарч ирээд Улаанхуарангийн “Си Юу” дэлгүүр ороод хэдэн пиво уугаад найзыгаа пиво уух уу гэсэн чинь уухгүй гэхээр нь буцаж ахын гадаа ирээд, машиндаа нэг шил пиво уугаад сууж байгаад эхнэр Ч.Г чатлаад, тэгээд хэрүүлийн чанартай зүйл болж, 01 цаг өнгөрч байхад ахынд ороод эхнэртэйгээ нэлээн маргалдаад эхнэрийн хацар руу нь 2-3 удаа алгадсан, өөр бусад зүйлийг тодорхой санахгүй байна. Би нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь хөлнөөс цус гараад ариун цэврийн өрөө рүү орж угаачихаад гараад ирсэн чинь, 2 цагдаа ирчихсэн байсан. Би эхнэрээ гараараа алгадсан, үснээс нь зулгаасан. Өөр бусад зүйлийг нь санахгүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх /хх28/ мэдүүлгүүд, иргэн Ч.Г-өөс цагдаагийн байгууллагад гаргасан “нөхөртөө зодуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, /хх5/, аюулын зэргийн үнэлгээ “Өндөр” гарсан тухай тэмдэглэл, /хх8/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8206 дугаар дүгнэлт /хх20-21/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
**дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд Б.Тхолбогдох хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн хохирогч Ч.Т-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Тсанаатай гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Т “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ггэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд прокурорын байгууллагад “Надад ямар нэгэн мөнгө төгрөг болон гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Б.Тхүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Б.Т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Тцалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор 600.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ