Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

                                                                                                                      

 

 

 

 

 

           

  2022           02            15                                        2022/ШЦТ/216

           

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Даваахүү,   

шүүгдэгч М.Ө нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт М-ийн Ө-д холбогдох эрүүгийн 2206 00000 0107 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

0

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Ө нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** ХХК-ийн салбар болох ** дугаар салбарт эрхлэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох энгийн болон евро түлш, тосны төлбөр тооцоо, орлого болох нийт 11.614.285.4 төгрөгийг хувьдаа завшиж, ** ХХК-д нийт 11.614.285.4 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ө шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “2021 оны 11 сарын 25-28-ны хооронд нийт 2.898485 төгрөг шатахууны 5 өдрийн орлого, мөн дизель түлшний орлогоос 8.715660 төгрөг завшсан байсан. Ингээд нийт 11.614285 төгрөг манай компаний зүгээс тухайн жилд ажилласан ээлжийн амралт, барьцааны мөнгийг хасаад 10.863000 төгрөг хохиролд болгоод тэндээс 5.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо удаахгүй төлнө гэсэн байгаа. 5.863285 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай байгууллагад 2021 оны 1 дгээр сарын 02-ны өдөр Мийн Ө нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорийн урд талд байх ** ХХК-ний 8 дугаар салбарт түгээгчээр ажилд орсон. 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр М.Ө нь албан тушаал дэвшиж тус салбарын эрхлэгч болж ажиллаж эхэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажлаад 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул орлого тушаагаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдөр болохоор амралтын өдөр байсан учраас мөнгө тушаагаагүй.  2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр М.Ө руу ерөнхий нягтлан Б.У залгаад 4 өдрийн орлого тушаа гэж хэлэхэд нь цасаа цэвэрлэж дуусаад орлого тушаана гэж худал хэлээд тушаагаагүй. Тэгээд тухайн өдрөөс хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ажилдаа ирэхгүй алга болсон учраас манай байгууллагын зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө эрхлэгч М.Өыг ажил дээрээ ирэхээс өмнө ** салбар дээр 08:00 цагт ерөнхий нягтлан Б.У, тооцооны нягтлан М.Тнар очиход М.Ө ажилдаа ирээгүй байна гээд намайг Б.У дуудаж илүү түлхүүрийг авч тус салбар дээр очсон. Тэгээд М.Өы 88964262 дугаарт залгахад утсаа авахгүй байсан. тэгээд манай дэд захирал Б.Т ** салбар дээр тооцоо хий гээд манай байгууллагын алба хаагч нар тооцоо хийхэд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энгийн түлшнээс 608 литр зарагдсанаас мэдээ өгөхдөө 408 литр зарагдсан гэж мэдээ өгөөд 200 литр бензиний мөнгө болох 556,000 төгрөг, 2021 оны 11 сарын 03-ны өдөр 589.51 литр энгийн түлш зарснаас 501.05 литр зарсан гэж мэдээ өгөөд 88.46 литр мөнгө болох 245.918.80 төгрөг, 2021 оны 11 сарын 04-ний өдөр 293.9 литр зарсан байхад 262.94 литр зарсан гэж мэдээ өгөөд 30.96 литрийн зөрүү мөнгө болох 86.068.80 төгрөг, 2021 оны 11 сарын 05-ны өдөр 299.22 литр зарснаас 210.19 литр зарсан гэж мэдээ өгөөд 89.03 литрийн 247.503.4 төгрөг, 2021 оны 11 сарын  07-ны өдөр 860.28 литр зарсан байхад 595.28 литр зарсан гэж мэдээ өгөөд 265 литрийн 736.700 төгрөг, 2021 оны 11 сарын 08-ны өдөр 992.3 литр зарсан байхад 607.69 литр зарсан гэж мэдээ өгөөд 384.61 литрийн 1.069.215.8 төгрөг, 2021 оны 11 сарын 09-ний өдөр 598.97 литр зарсан байхад 214.36 литр зарсан гэж мэдээ өгөөд 384.61 литрийн 1.069.215.8 төгрөг, 2021 оны 11 сарын 10-ны өдөр 524.06 литр зарсан байхад 370.22 литрийн мэдээ өгч 153.84 литрийн 427.675.2 төгрөг, 2021 оны 11 сарын 11-ний өдөр 1008.51 литр зарсан байхад 402.75 литр зарсан гэж мэдээ өгөөд 605.76 литрийн 1.684.012.8 төгрөг, 2021 оны 11 сарын 13-ны өдөр 952.72 литр зарсан байхад 721.96 литр зарсан гэж мэдээ өгөөд 230.76 литрийн 641.512.8 төгрөг, 2021 оны 11 сарын 15-ны өдөр 912.72 литр зарсан байхад 624.26 литр  зарсан гэж мэдээ өгөөд 288.46 литрийн 801.918.8 төгрөг, 2021 оны 11 сарын 18-ны өдөр 220.03 литр зарсан байхад 166.08 литр зарсан гэж мэдээ өгөөд 63.95 литрийн 149.981 төгрөг, 2021 оны 11 сарын 19-ний өдөр евро түлш 145.17 литр зарсан байхад 85.96 литр зарсан гэж мэдээ өгөөд 59.21 литрийн 172.893.2 төгрөг, 2021 оны 11 сарын 220-ны өдөр энгийн түлш 622.79 литр зарсан байхад 442.95 литр зарсан гэж мэдээ өгөөд 179.84 литрийн 499.955.2 төгрөг, 2021 оны 11 сарын 24-ний өдөр 279.12 литр евро түлш зарсан байхад 79.12 литр зарсан гэж мэдээ өгөөд 200 литрийн 584.000 төгрөг, 2021 оны 11 сарын 28-ны өдөр 551.73 литр энгийн 92 зарсан байхад 319.18 литр зарсан гэж мэдээ өгөөд 232.55 литрийн 499.982.5 төгрөгийг хувьдаа завшаад нийтдээ 8.215.817.4 төгрөгийг зарсан бензиний орлогоос завшсан байна. ** салбарын эрхлэгч М.Ө нь 2021 оны 11 сарын 25-ны өдрийн орлого 1.361.811.3 төгрөг, 26-ны өдрийн 649.991.4 төгрөг, 27-ны өдрийн 588.389.9 төгрөг, 28-ны өдрийн 600.275.4 төгрөг, мөн тосны 198.000 төгрөг гээд нийтдээ 3.398.468 төгрөг тушаах ёстой байсан боловч тушаалгүй ажилдаа ирэлгүй алга болсон . Ингээд ** салбарын эрхлэгч М.Ө нь 11.614.285.4 төгрөгийг хувьдаа завшсан нь манай байгууллагын дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон. М.Өы 11.614.285.4 төгрөгөөс барьцаа мөнгө болон амралтын мөнгийг хасаад одоо М.Ө манай байгууллагад 10.863.000 төгрөгийн тооцоо төлбөртэй байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дугаар хуудас),

 

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дэд захирал Б.Тын нэр дээр байдаг манай байгууллагын ашигладаг Хаан банкны ******** дугаарын дансанд 5.000.000 төгрөг **** гэсэн утгатай шилжүүлсэн. Одоо 5.863.000 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),

 

Шүүгдэгч М.Өы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орлого болох 1.361.811 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орлого болох 649.990 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орлого болох 588.389 төгрөг,  2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орлого болох 100.292 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд дизель түлшнээс 2 тонн 995 литрийн 8.215.817 төгрөг, АИ-92 бензиний 232.55 литрийн 499.982 төгрөгийн орлогыг би төв рүүгээ зарагдаагүй мэтээр мэдээ өгч 8.715.799 төгрөгийг өөртөө авч үлдсэн. Ингээд 4 өдрийн орлого болон түлш бензинээс би өөртөө 11.614.285 төгрөгийг хувьдаа ашигласан байсныг манай компани мэдэж миний барьцаа 350.000, ээлжийн амралтын 401.000 төгрөгийг миний хувьдаа ашигласан байгууллагын мөнгө болох 11.614.285 төгрөгөөс хасаж 10.863.000 төгрөгийн үлдэгдэл гарч тооцоо нийлсэн акт үйлдсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хаан банкны ******** дугаарын данснаас 5.000.000 төгрөгийг ** ХХК-н хаан банкны ******** дугаарын дансанд шилжүүлсэн. Одоо 5.863.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),

 

“****” ХХК-ний Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

“****” ХХК-ний тооцоо нийлсэн акт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

Баянзүрх ШТС-ын эрхлэгч Өы 2021 оны 1 сараас 11 сар хүртэлх цалингийн жагсаалт (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

Шатахууны тооцоо (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

** ХХК-ний 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 80 дугаартай тушаалууд (хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас),

** ХХК-ний 2021 оны 11 сарын шатахууны тооцоо (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),

Хаан банкны Депозит дансын дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 101 дүгээр хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дугаар хуудас),

Оршин суугаа хаягийн тодорхойлолт, лавлагаа (хавтаст хэргийн 96, 99 дүгээр хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дугаар хуудас) зэргийг судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** ХХК-ийн салбар болох ** дугаар салбарт эрхлэгчээр ажиллаж байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох энгийн болон евро түлш, тосны төлбөр тооцоо, орлого болох нийт 11.614.285.4 төгрөгийг хувьдаа завшиж, ** ХХК-д нийт 11.614.285.4 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Ө нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч М.Ө нь ** ХХК-ны 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-ын эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох болох энгийн болон евро түлш, тосны төлбөр тооцоо, орлогыг хувьдаа завшин 11.614.285.4 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан.

 

Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” гэж өмчлөгч, эзэмшигчээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хэлэх ба “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

 

Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч М.Ө нь ** ХХК-ны ШТС-ын эрхлэгчийн албан тушаалд ажиллаж байхдаа энгийн болон евро түлш, тосны төлбөр тооцоо, орлогыг хувьдаа авч захиран зарцуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад “"үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба ** ХХК-ний тооцоо нийлсэн актаар 11.614.146.40 төгрөгийн хохирол учруулсан нь бусдын өмчлөх эрхэд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч М.Ө нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихгэмт хэргийн шинжтэй үйлдлүүд үйлдсэн байгаа нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаа үйлдсэн байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Өы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших,гэмт хэргийг “үлэмж хэмжээний хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой хохирол төлбөр талаар тохиролцсон, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнөгэж тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Шүүгдэгч М.Ө нь ** ХХК-нд учруулсан 11.614.285.4 төгрөгийн хохирлоос 5.751.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 5.863.285 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Өыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулж, М.Ө уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч М.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Өыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар М.Ө нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч М.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Мийн Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Өыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч М.Өд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Ө нь тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өаас 5.863.285 төгрөгийг гаргуулан хохирогчид олгосугай.

 

6. Шүүгдэгч М.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ