| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2022/0293/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/379 |
| Огноо | 2022-03-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/379
2022 03 14 2022/ШЦТ/379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч А.Амарсанаа,
шүүгдэгч Г.И нарыг оролцуулан тус шүүхийн “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай Б овогт Г-ын Ид холбогдох эрүүгийн 2120000412113 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
0
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.И нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” авто засварын газарт 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж Д.Лгийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг шунахайн сэдэлтээр, нууцаар, хууль бусаар авч 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, урьдчилсан хэлэлцүүлгээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Г.И шүүхийн хэлэлцүүлэгт: “03 сарын 25-нд прокурортой уулзах гээд хот орж ирэхдээ замын машинд сууж ирсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн товчоо нь дээрээс намайг карантинтай байна, машин аваад явчих буцаад орох юм бол гаргахгүй гээд машин өгөөд явуулсан. Тэгээд машиныг нь авчраад хүн рүү ярихад хүн утсаа аваагүй. 2-3 цагийн үед машинаа авна гэж надад хэлсэн байсан. Машиныг нь унаж яваад прокурортой уулзчихаад буцаад явах замдаа машиныхан янданг зарсан. Тэгж явах замдаа утсаа алдсан байхад над руу мессеж бичээд уулзъя гэсэн байсан. Маргааш нөгөөдөр нь би утсаа сэргээгээд харчихаад яръж чадаагүй. Сая тэгээд гарч ирчихээд ийм асуудалтай байсан гэсэн. Урьд авсан өмгөөлөгч Өршөөлийн хуульд хамрагдан гэж явуулаад байсан. 12 сарын сүүлээр байцаагч дуудаад ийм хэрэг чинь байна гэсэн. Одоо бол хохирлоо төлчихсөн байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад ****ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэл байдаг. Энэ тээврийн хэрэгсэл нь 2010 онд үйлвэрлэгдсэн, 2020 оны 05 дугаар сард Монгол улсад импортлогдсон тээврийн хэрэгсэл байсаныг 13,500,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг тээврийн хэрэгсэл нь чек нь асаад байсан учир Улаанбаатар хотод оношлуулахаар урдаас орж ирсэн улсын дугаар аваагүй тээврийн хэрэгсэлд ачуулж явуулсан юм. Тэр машины жолоочийн кабинд явсан “Ж” гэх нэртэй залуу нь миний машиныг Улаанбаатар хотод 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр очиход нь асаагаад унаад явсан байсан. ******** дугаартай том тэрэгний жолооч нь надад Ж гэгчийн ********. ******** дугаарыг өгсөн. Том тэрэгний жолоочид хотод авах найзынхаа утсыг өгсөн байсан утасруу залгаад Ж нь миний машиныг аваачиж өгсөн байсан. Манай найз ченж дээр очоод машиныг маань үзүүлэхэд нүүрсэн янданг нь аваад хятад яндан гагнасан байна гэж надад хэлсэн. Тэр даруй Ж гэгч рүү залгахад утсаа салгаад алга болсон. Өнөөдрийг хүртэл утас нь холбогдохгүй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Замын-Үүдийнхэн Алтан гарт сонька гэж дууддаг. Хот хооронд Алпард маркийн тээврийн хэрэгслээр хүн тээвэр хийдэг залуу байдаг. Жолооч нар Жг машиндаа суулгах дургүй хүний машинд суухаараа заавал машинаас нь ямар нэг зүйл хулгайлчихаад байдаг гэж ярьдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 23-ны орой 18-19 цагийн орчимд “Бүрд” ачаа тээврийн зогсоол дээр ****ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг урдаас орж ирж улсын дугаар аваагүй байсан барьж явсан ачааны тээврийн хэрэгсэлд ачсан. Энэ тээврийн хэрэгслийг ачих зарыг найз А.С Замын-Үүд фэйсбүүк групп дээр машин ачуулна гэсэн зар байхаар нь олоод холбогдсон юм. Бид нар ачуулсан өдрөө Замын-Үүд суманд хоноод 2021 оны 03 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд Улаанбаатарлуу явсан. Миний машинд Г.И гэх Замын-Үүд сумын иргэн хот руу явах гэсэн юм гээд дайгдаж суусан. Бид нар урдаас оруулж ирсэн 2 ачааны тээврийн хэрэгслээ эзэнд нь Улаанбаатар хотын наана Төв аймгийн 4-р зөрлөг дээр машиныг нь хүлээлгэж өгөхдөө ачаатай байсан ****ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг буулгаж үлдээхдээ тосч авах хүн болох ******** дугаартай хүнтэй А.С 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 13 минутанд машинаа 4-р Зөрлөгөөс ирээд аваарай гэж залгуулсан өдөр авы гэсэн. Тэгээд Г.И хот руу орох юм чинь гээд хүлээж авах хүн нь зөвшөөрсөн тул Улаанбаатар хот руу И ****ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бариад явсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 23-ний орой 18-19 цагийн орчимд “Бүрд” ачаа тээврийн зогсоол дээр ****ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн ТЭЗВриЙН хэрэгслийг өөртэйгөө хамт явсан Бын барьж явсан урдаас орж ирж улсын дугаар аваагүй байсан тээврийн хэрэгсэлд ачуулсан. Би бас улсын дугаар аваагүй ачааны тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Надтай яагаад холбоо барьж машин ачуулсан бэ? гэхээр би Замын-Үүд фэйсбүүк групп дээр машин ачуулна гэсэн зар байхаар нь холбогдсон юм. Бид нар ачуулсан өдрөө Замын-Үүд суманд хоноод 2021 оны 03 дугаар сарын 24-ний орой 20 цагийн орчимд Улаанбаатарлуу явсан. Бын машинд Г.И гэх Замын-Үүд сумын иргэн хотруу явах гэсэн юм гээд дайгдаж суусан. Бид нар урдаас оруулж ирсэн 2 ачааны тээврийн хэрэгслээ эзэнд нь Улаанбаатар хотын наана Төв аймгийн 4-р зөрлөг дээр машиныг нь хүлээлгэж өгөхдөө ачаатай байсан ****ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг буулгаж үлдээхдээ тосч авах хүн болох ******** дугаартай хүнтэй 2021 оны 03 дугаар сарын 25- ны өдрийн 08 цаг 13 минутанд машинаа 4-р Зөрлөгөөс ирээд аваарай гэхэд өдөр авы гэсэн. Тэгэхээр нь би одоо буцах гэж байгаа учир одоо авах хэрэгтэй гэсэн, энд кабинд сууж ирсэн хотруу орох 1 хүн байна энэ хүнд өгөөд явуулчихуу гэхэд за утсыг нь мессежээр явуулчих гээд зөвшөөрсөн. Улаанбаатар хотруу И ****ДГА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бариад явсан юм. Намайг буцаад Замын-Үүдрүү явж байхад 13 цаг 07 минутанд ******** дугаартай хүн надруу залгаад машин Игаас хүлээж авчихлаа тэгтэл машины нүүрсэн янданг шинэ яндангаар сольж тавьсан байна гэсэн. Тэгэхээр нь би мэдэх юм байхгүй Итай яриарай, машин хүлээлгэж өгөөд би буцсан надад мэдэх юм байхгүй гэсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.И мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 25-ний өдөр Замынүүдээс Улаанбаатар хот орохоор замын унаанд сууж ирсэн тэгээд 2021 оны 03 дугаар сарын 26-ний өглөө 08 цагт 4 дүгээр зөрлөг ирээд буух гэтэл миний сууж ирсэн машины жолооч С гэх хүн намайг ачиж ирсэн Т.Приус маркийн ****ДГА улсын дугаартай машиныг чи унаад эзэнд нь хүргээд өг гэхээр нь би авахгүй гэсэн чинь гуйгаад байхаар нь унаад явсан Улаанбаатар хот орох үед чинь машины эзэн тосоод авчихна гэсэн.тэгээд би унаад Баянгол дүүргийн прокурор дээр очоод тэндээс гараад Да хүрээ захаас машины сэлбэг авах гээд очих гээд явж байх үед замд нэг танихгүй эрэгтэй хүн rap өргөсөн тэр хүнийг суулгаад Да хүрээ ороод тэр хүн миний гар утсаар нэг залгий гээд нэг хүнтэй холбогдоод миний гар утсыг буцааж өгөөд машинаас буугаад явсан тэр хүнээс мөнгө төгрөг аваагүй дөхөөд буучий гэсэн тэгээд би цааш ганцаараа явж байтал миний гар утас руу нэг хүн залгаад саяны хүн байна уу чи унаж яваа машиныхаа нүүрсэн янданг өгөх юм уу ямарч нөлөө байхгүй минийх биш гэсэн чинь зүгээр ямарч нөлөө байхгүй гэхээр нь Баянзүрх дүүргийн Да захын хойд талд засварын газар байсан.Тэндээ нүүрсэн яндангаа солиулж энгийн яндан тавиулаад нөгөө хүнээс 1.400.000 сая төгрөг ******** дугаарын Хаан банкны дансаар аваад хүний Т.Приус маркийн ****ДГА улсын дугаартай машиныг унаад явж байтал машины эзэн өдөр 12 цагийн үед залгаад миний машиныг Багшийн дээдийн хажуу талд нэг газар тавиад үлдээчих гэсэн би Багшийн дээдийн хажуу талд нэг зоогийн газар машины түлхүүрийг үлдэзгээд яваад өгсөн.Би машины эзний гар утасны дугаарыг санахгүй байна ******** дугаар байсан байх би энэ мөнгийг өмгөөлөгчийн хөлсөнд өгсөн тухайн үед Баянгол дүүрэг дээр дээрмийн хэрэг дээр шалгагдаж байгаад 2021 оны 04 дүгээр сарын 06- ний өдөр таслагдсан 2 жил 1 cap авсан. Сая энэ оны 07 дугаар сарын 09 дүгээр сард өршөөлөөр суллагдсан.Хөдөлгөөн хязгаарлах бугуйвчаар ял сольсон одоо Шүүхийн шийдвэрийн хяналтад байгаа. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хавтас хэргийн 1 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хавтас хэргийн 2, 6 дугаар хуудас/
Хэргийн харьяалал тогтоолгох тухай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4/358 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Хэрэг буцаан хүргүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4/3970 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 15 дугаар хуудас/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 5/03 дугаартай Хэргийг харьяалалын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хавтас хэргийн 16-17 дугаар хуудас/
Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 63 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /хавтас хэргийн 68-70 дугаар хуудас/
Г.Игийн депозит дансны хуулга /хавтас хэргийн 82 дугаар хуудас/
Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11ж/464 дугаартай албан бичиг /хавтас хэргийн 164 дүгээр хуудас/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн 251 дугаартай Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай /хавтас хэргийн 165-166 дугаар хуудас/
Хохирол барагдуулсан баримт /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 86 дугаар хуудас/,
Шийтгэх тогтоол, захирамжийн хуулбар /хавтас хэргийн 90-98 дугаар хуудас/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 99 дүгээр хуудас/
Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 100 дугаар хуудас/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/
Гэрлэсний бүртгэлгүй лавлаа /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Г.И Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Хүрээ авто засварын газарт 2021 оны 03 сарын 25-ны өдөр бусдын эд хөрөнгө гэдийг мэдсээр байж иргэн Лгийн эзэмшлийн Т.Приус загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг шунахайн сэдэлтээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шатанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, үнэлгээний тайлан зэргээс хангалттай нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Үйл баримтын талаарх дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.И нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр оношлогоонд оруулах зорилгоор Замын-Үүдээс тээвэрлүүлэн явуулсан Д.Лгийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 4 дүгээр Зөрлөг гэх газраас Улаанбаатар хот руу хүргэж өгөхөөр жолоодон явсан ба улмаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” авто засварын газарт тус тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг зарсан үйл баримт тогтоогдож байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1,530,000 төгрөгийн хохирол гарсан ба 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Д.Лд 1,530,000 төгрөгийг хүлээлгэн өгчээ. /хавтаст хэргийн 63, 111 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.
Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба шүүгдэгч Г.И нь хохирогч Д.Лгийн эзэмшлийн машины нүүрсэн янданг авч явсан байх бөгөөд уг хохирлын үнэлгээ 1,530,000 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.И нь хохирогчийн эзэмшлийн машины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Г.И нь хохирогчид учруулсан хохирол болох 1,530,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Г.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг танилцуулж, Г.И нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Г.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-н өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж,
7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,
12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаарлагыг хангасан байна...” гэж,
4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Г.И нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.И нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1,530,000 төгрөгийг төлсөн байна.
Иймд шүүгдэгч Г.И нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч хуулийн холбогдох шаардлагуудыг хангаж байх тул түүнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг, мөн хугацаагаар буюу 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солиж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.И нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 27 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.
Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооноос гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Иг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Ид оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг, мөн хугацаагаар буюу 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооноос гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Ид зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ