Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

     2022        02           17                                          2022/ШЦТ/234

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Н.Ганчимэг,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Ц-ын Ц-д холбогдох эрүүгийн 2206 00000 0164 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                       

0

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, **** хотхоны ** дугаар байрны ** тоотгэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.Аыг хувийн таарамжгүй харилцааны үед маргалдах явцдаа үсдэх, шанаа, нүүр, хамар, толгой мөр хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож улмаар түүний эрүүл мэндэд хамар, нуруу, баруун мөр, зүүн бугалга, баруун шуу, хоёр сарвуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “12 сарын сүүлээр эхнэртэйгээ маргалдаж муудалцсан. 00 цагийн үед маргалдаад хажуу айлын охиныг цагдаа дууд гээд цагдаа ирсэн.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн үед би ажлаа тараад нөхөр Цын гэрт буюу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо **** хотхоны ** дугаар байрны ** тоотод ирэхэд манай нөхөр архи уучихсан согтуу байж байсан. Тэгээд би хоол унд идчихээд байэ байтал манай нөхөр найз нөхдөө яриад, хөдөө гадаа явснаа яриад манай ажлынхныг яриад байхаар нь би “одоо чи унтаа” гэж хэлтэл унтахгүй суугаад байхаар нь би “маргааш эрт ажилтай юм чинь унтъя” гэж хэлээд 00 цаг 30 минутын үед орондоо орж хэвтээд нөхөрт хандаж “би маргааш өглөө эрт ажилтай, 06:30 босож ажилдаа явнаа” гэж хэлтэл манай нөхөр хажуугаар орж ирж хэвтээд надаас хэрүүл гуйгаад янз бүрийн үг хэлээд намайг “өөр хүнтэй болчихсон янхан гичий” гэж доромжилж байгаад миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэж асуутал “ чи надтай унтахгүй байна, чи өөр  хүнтэй болчихсон” гэж уурлаад миний үснээс зулгаагаад, миний баруун талын мөр хэсэг рүү 1 удаа цохихоор нь би “за чи тайвшир” гэж хэлээд цаг хартал шөнө 02 цаг болж байсан. Тэгэхээр нь би нөхөрт хандаж “одоо унтъя, ямар хэцүү юм бэ” гэж хэлтэл манай нөхөр намайг үсдэж аваад миний нүүр, хамар хэсэг рүү 4, 5 удаа цохисон. Тэгтэл миний хамарнаас маш их цус гарахаар нь би “одоо больё, болиочээ, намайг битгий зодоочээ цус гараад байна шдээ” гэж хэлтэл тоохгүй миний толгой хэсэг рүү дахиад хэд хэдэн удаа цохиод, чанга ориллоо гээд хоолойноос багалзуурдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

 

Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Хамар, нуруу, баруун мөр хэсэг рүү цохисны улмаас хөхөрсөн, харин зүүн бугалга, баруун шуу, 2 сарвуунаас чанга базсаны улмаас хөхөрсөн, баруун хацар хэсэгт маажсны улмаас зулгарсан.”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

 

Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2012 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө унтаж байгаад 02 цагийн үед чимээ шуугиан гараад байхаар нь сэртэл тухайн байрны эздүүд хоорондоо хэрэлдэж муудалцсан байдалтай, эхнэр нь “чи намайг цохичихлоо шдээ, гэрлээ асаа” гээд байсан. Тэгээд би өрөөндөө байж байтал тухайн эхнэр гэх эмэгтэй нь манай өрөөнд орж иржжд “түргэн тусламж дуудаад өгөөч” гэж хэлсэн ба би тэр эмэгтэйг харахад нүүр нь нэлэнхийдээ цус болчихсон, хамраас нь цус гарчихсан бололтой байсан. Тэгэхээр нь би  өөрийнхөө 99260285 дугаарын утаснас 103 дугаарын утас руу залгаад “нөхөр нь эхнэрийнхээ нүүр рүү цохичихсон байнаа, цус гараад байна” гэж хэлтэл түргэний дуудлага хүлээн авагч нь “эхлээд цагдаагийн байгууллагад хандаарай” гэж хэлсэн. Тэгээд байж байтал нөхөр Ц нь “би өөрөө цагдаа дуудчихъя” гэж хэлээд цагдаа дуудсан ба удалгүй хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн.”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22ы өдрийн 609 дугаартай:

"1.Б.Аын биед хамар, нуруу, баруун мөр, зүүн бугалга, баруун шуу, хоёр сарвуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...гарнаас нь чанга атгах, нүүр рүү түлхэх, алгадах үйлдэл хийсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6, 41 дүгээр хуудас)

            Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хүсэлтийг  хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, санал (хавтаст хэргийн 52-57 дугаар хуудас)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл (хавтаст хэргийн 30-39 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Ц.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, **** хотхоны ** дугаар байрны ** тоотгэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Б.А-той хувийн таарамжгүй харилцааны үед маргалдах явцдаа үсдэх, шанаа, нүүр, хамар, толгой мөр хэсэг рүү гараараа цохих зэргээр зодож улмаар түүний эрүүл мэндэд хамар, нуруу, баруун мөр, зүүн бугалга, баруун шуу, хоёр сарвуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, **** хотхоны ** дугаар байрны ** тоотгэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Атой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үсдэх, шанаа, нүүр, хамар, толгой хэсэг рүү нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар, нуруу, баруун мөр, зүүн бугалга, баруун шуу, хоёр сарвуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хохирогч Б.Ат Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 609 дугаартай дүгнэлтээр “хамар, нуруу, баруун мөр, зүүн бугалга, баруун шуу, хоёр сарвуунд цус хуралт, баруун хацарт зулгаралтгэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Хохирогч болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар шүүгдэгч Ц.Ц болон хохирогч Б.А нар нь эхнэр, нөхөр болох нь тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч буюу эхнэр Б.Аыг үсдэх, шанаа, нүүр, хамар, толгой хэсэг рүү нь гараараа цохих үйлдлээр эрүүл мэндэд халдаж, түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Б.Ат Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 609 дугаартай дүгнэлтээр “хамар, нуруу, баруун мөр, зүүн бугалга, баруун шуу, хоёр сарвуунд цус хуралт, баруун хацарт зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Б.Аын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг, мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.

           

Шүүгдэгч Ц.Ц нь эхнэр Б.Аын эрүүл мэндэд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус заасан.

 

Хохирогч Б.А нь миний хохирлыг барагдуулсан гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтдээ дурдсан байх тул шүүгдэгч Ц.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулж, Ц.Ц нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Ц.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ц.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Ц-ын Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ