Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2023/0406/З |
Дугаар | 221/МА2024/0466 |
Огноо | 2024-07-09 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0466
2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2024/0466 | Улаанбаатар хот |
Б.О, Д.Т, Д.А,
М.П нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О, Д.Т, Д.А, М.П нар,
Хариуцагч нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: “М ц” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/695 дугаар захирамжийн “М ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0357 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н***,
Хэргийн индекс: 128/2023/0406/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.О, Д.Т, Д.А, М.П нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/695 дугаар захирамжийн “М ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр
сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0357 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл, ийн 33.1.2, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О, Д.Т, М.П, Д.А нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/695 дугаар захирамжийн “М ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1.1. Гуравдагч этгээд архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 701 дүгээр байрны авто зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн тохижилт хийх талбай дээр 702, 703 дугаартай үргэлжилсэн нэг орон сууцыг шахаж барьсан учир оршин суугчид стандарт бус орчинд амьдарч байна,
3.1.2. Стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулаагүй, ногоон байгууламжгүй байдлыг нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар өгснийг үнэлээгүй, нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хангаагүй, хэрэгсэхгүй болгож, мэтгэлцэх боломжийг хангаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан,
3.1.3. Батлагдан Архитектур төлөвлөлтийн даалгавраас өөрөөр барилгын загвар зураг батлуулсан байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн,
3.1.4. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна,
3.1.5 Маргаан бүхий газар бусдын эзэмшлийн цахилгааны шугам бүхий газарт давхацсан, хариуцагчийн төлөөлөгч нар шаардлагатай баримтуудыг шүүхэд ирүүлээгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх зэрэг үндэслэлээр тус тус тайлбарлаж, гомдол гаргасан байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/695 дугаар захирамжаар нэр бүхий 69 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсний дотор гуравдагч этгээд “М ц” ХХК-ийн эзэмшил бүхий Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 4894 м.кв талбайтай “үйлчилгээтэй, орон сууц”-ны зориулалттай газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан.
4. Нэхэмжлэгч нар нь “М ц” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 701, 702, 703 дугаар байрны оршин суугчид байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...оршин суугчдын ая тухтай оршин суух нөхцөл боломжийг хангаагүй, ... хүүхдийн тоглоомын талбай байгуулах, анх төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу барилгын орчны
тохижилт хийгээгүй” гэх зэрэг үндэслэлээр тайлбарлан маргасан.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.4-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах захиргааны байгууллага, албан тушаалтныг болон хууль бус гэж үзэж буй захиргааны шийдвэр, үйл ажиллагааг өөрөө тодорхойлох бөгөөд тус шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй.
6. Тухайн тохиолдолд маргаан бүхий акт нь гуравдагч этгээд болох “М ц” ХХК-ийн эзэмшил бүхий газрын “эзэмших эрхийг сунгасан” агуулгатай байх бөгөөд газар эзэмших эрхийг сунгах шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийслэлийн газрын алба нь энэ хуулийн 23.3-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ” гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд шийдвэрлэх ба мөн хуулийн 37 дугаар зүйлд заасан баримтыг үндэслэхээр хуульчилсан.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, гуравдагч этгээд “М ц” ХХК нь анх нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 26 хороонд 2404 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Улмаар нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/530 дугаар захирамжаар газрын хэмжээг 4902 м.кв /136007/0125-18645309953653/ болгон нэмэгдүүлсэн.
“М ц” ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “Газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлт”-ийг хуульд заасан холбогдох баримтын хамт гаргасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас дүгнэлт гаргасныг үндэслэн хариуцагч нийслэлийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн А/695 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрх /1331600217/-ийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгч талын маргаж буй үндэслэлээр маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.
8. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг” гэж зааснаар “М ц” ХХК нь “үйлчилгээтэй орон сууц”-ны зориулалтаар олгосон газарт үйлчилгээ бүхий дээрээ орон сууцтай барилга барихаар төлөвлөсөн нь хуульд заасан зориулалтыг зөрчсөн хэрэг гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэл болох “...оршин суугчдын ая тухтай оршин суух нөхцөл боломжийг хангаагүй, ... хүүхдийн тоглоомын талбай байгуулах, анх төлөвлөсөн төлөвлөлтийн дагуу барилгын орчны тохижилт хийгээгүй” гэх асуудал нь гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сунгасан захирамжийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
9. Түүнчлэн нэхэмжлэгч нараас “...орон сууцны хороолол барьсан этгээд тухайн газар дээрээ 60 хувийг барилгажуулаад, барилгажуулахдаа барилгаас гадна, явган хүний зам талбай, авто машины зогсоол орсон байдаг. Үлдсэн 40 хувь дээр ногоон байгууламж болон хүүхдийн тоглоомын талбай барих ёстой...” хэмээн маргаж байх боловч тухайн газрын батлагдсан хэсэгчилсэн төлөвлөлт, архитектур төлөвлөлтийн даалгавартай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн дүгнэлтийг өгч, хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
Харин шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт бичилтийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0357 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “31 дүгээр зүйл, ийн 33.1.2,” гэснийг “33 дугаар зүйлийн 33.1.2,” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА