Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 134

 

                                                                                                                                                                                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж,

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор: Н.Булганчимэг

Нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг,

Шүүгдэгч Э.Батчулуун, түүний өмгөөлөгч: Х.Саранчимэг нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000793 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 32 дугаар гудамж, 359 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧД84110233, Боржигин овогт Энхболдын Батчулуун.

 

            Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Батчулуун нь 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-ний шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Их тойруугийн замд Хьюндай Соната-5 маркийн 36-75 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “…Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна…” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота Спасио маркийн 43-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэний нэхэмжлэгч С.Хандсүрэнд 1.685.000 төгрөгийн шууд 1.900.000 төгрөгийн нийт хохирол учруулан мөн дүрмийн 2.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ ...эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Батчулуун мэдүүлэхдээ: Тухайн үед даатгал хийлгээгүй байсан. Сандарсандаа ослын газрыг орхиж явсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.Хандсүрэн /хх-ийн 18-19/, гэрч Р.Энхболд /хх-ийн 26-27/, яллагдагч Э.Батчулуун /хх-ийн 64-66/ нарын мэдүүлэг, Хос Стандарт ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 36, 37/, Техникийн шинжээчийн ¹536 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Э.Батчулууны урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх лавлагаа /хх-ийн 81/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Батчулуун нь 2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-ны шилжих шөнө 00 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Их тойруугийн замд Хьюндай Соната-5 маркийн 36-75 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас Тоёота Спасио маркийн 43-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж иргэний нэхэмжлэгч С.Хандсүрэнд нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулан мөн дүрмийн 2.5, 6.3-т заасан заалтыг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

   Гэрч Р.Энхболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "...2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд би эхнэр С.Хандсүрэнгийн хөх өнгийн Тоёота Спасио маркийн 43-44 УНК улсын дугаартай автомашиныг жолоодон хотын төвөөр халтуур хийгээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын хойноос орж ирдэг уулзвараас Сансар луу зүүн гар тийшээгээ эргэх гэрлэн дохиотой уулзвар дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд улаан гэрэл асчихсан байхаар нь нүүрний эгнээнд зогсож байх үед араас цагаан саарал өнгийн Хьюндай Соната 5 маркийн улсын дугаарыг нь анзаараагүй автомашин мөргөж, улмаар эсрэг урсгалд орж зогссон. Тэгээд тэр үедээ бага зэрэг шоконд ороод зогсож байтал миний зүүн гар талаар араас мөргөсөн автомашин нь орж ирж зогсоод жолооч нь бууж ирэхээр нь би чи яаж байна гэж хэлсэн чинь дуугарахгүй эргэж машиндаа суугаад яваад өгсөн. Тэгэхээр нь би машинаасаа буух гэсэн боловч жолооч талын хаалга гацаад онгойхгүй байхаар нь нилээн ноцолдож байгаад машинаасаа буусан чинь нөгөө машин хөдлөөд яваад өгсөн байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 99661073 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирж хэмжилт хэргийн газрын үзлэг хийгээд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Иргэний нэхэмжлэгч С.Хандсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад манай нөхөр Р.Энхболд нь над руу утсаар холбогдож 100 айлын гэрлэн дохиотой уулзвар дээр машин араас мөргөөд зугтаачихлаа гэж ярьсан. Тэгэхээр нь би гэрээсээ такси бариад ослын газарт очтол манай нөхөр машин дотроо ганцаараа сандарчихсан байсан ба цагдаа нь хэмжилт хэргийн газар үзлэг хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19/,

 

Хос Стандарт ХХК-ны автомашины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан: “...Тоёота Спасио маркийн 43-44 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.685.000 төгрөгийн шууд 1.900.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” /хх-ийн 36, 37/,

 

Яллагдагч Э.Батчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны орой 23 цаг 30 минутын орчимд …100-н айлын гэрлэн дохиотой уулзварын замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр ойролцоогоор 40 орчим км/ц-ийн хурдтай явж байтал 2 дугаар эгнээнд явж байсан Тоёота Спасио маркийн автомашин нь Спасио маркийн автомашин нь 3 дугаар эгнээ рүү шилжин орж уулзварын шар гэрэл ассан чинь шууд зогссон. Тэгээд би тормозоо гишгэсэн боловч амжилгүй тухайн машины араас очиж мөргөж зогсонгуутаа нөгөө машин руу очиж жолоочид нь “яагаад шууд зогсчихвоо явчихгүй дээ” гэж хэлсэн чинь тэр хүн юм дуугарахгүй байхаар нь эргэж машиндаа суугаад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/,

 

Шүүгдэгч Э.Батчулуун нь Хьюндай Соната 5 маркийн 36-75 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Э.Батчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна", 2.5 "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ ...эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тоёота Спасио маркийн 43-44 УНК улсын дугаартай автомашины жолооч Э.Батчулуун нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна…” гэх Техникийн шинжээчийн 536 дугаартай дүгнэлт  /хх-ийн 48-49/, хэргийн газарт үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдалд хийсэн схем зураг /хх-ийн 3-7/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/ болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Э.Батчулууныг зам тээврийн  осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хорих  ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид Э.Батчулуунд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэний гадна дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.Хандсүрэн нь шүүгдэгчээс хохирлын мөнгөө хүлээн авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хавсаргаж, Э.Батчулууны жолоочийн үнэмлэхийг хавсаргаж ирүүлээгүй болохыг тэмдэглэвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 бугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Шүүгдэгч Боржигин овогт Энхболдын Батчулууныг зам тээврийн  осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батчулууныг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батчулуунд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Батчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батчулуунд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР