Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1135

 

  2022         07         26                                        2022/ШЦТ/1135

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Хатанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал, 

улсын яллагч М.Ариунцэцэг,

иргэдийн төлөөлөгч М.Эрдэнэтогтох,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Э,

хохирогчийн өмгөөлөгч У.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт хэрэгт холбогдуулан Х овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2206 00000 0465 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Х овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аялгуу” гэх караокены гадна хохирогч А.М-ийг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай ашиглан, цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 7-8 дугаар хавирганы завсраар зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа, зүүн уушгины авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

- Хохирогч А.М-н “ ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед өөрийн найз Энхээгийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” гэх караокед ороод нэг нэг шил пиво уусан. ... гараад тамхи татаад зогсож байхад манай найз Эба нэг залуутай юм яриад байх шиг байсан. Тэр залуу нь намайг хутгалсан залуутай хамт явж байсан байх намайг хутгалсан залуу ирээд намайг татаад ойртоод гараа ойртуулах шиг болсон би тухайн үед нь анзаараагүй тэгтэл манай найз наад залуу чинь хутгатай байсан шүү чамайг хутгалаагүй биз гэхээр нь хартал хувцас норсон байсан. Сөхөөд хартал зүүн талын хавирга орчмын хэсгээс цус олгойдоод гарч байсан. Намайг хутгалсан залуу намайг буцаж цохих гээд дайраад байсан бас зугатаасан зугатаах үед нь манай найз бид хоёр зууралдаж, караокены хүмүүс тусалж тухайн хүнийг барьж авсан. ... надад үнэхээр хэцүү гомдолтой байна. Тухайн хүнтэй маргалдсан, муудалцсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

- Гэрч М.Г-н “ ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цаг 10 минутын орчим би өөрийн ажилладаг Аялгуу нийтийн караокены текен дээр хяналтын камераа хараад сууж байсан. Манай караокены үүдний харалдаа автомашины зогсоол дээр үл таних 2 залуу хоорондоо маргалдсан байдалтай байсан ба маргаан болж байсан газраас баруун урд зүгт үл таних хоёр залуу зогсож байсан. Баруун урд талд нь зогсож байсан үл таних 2 залуугийн нэг нь маргалдаж байсан. ... маргааныг салгаж байсан бор өнгийн ноосон малгайтай хар өнгийн цамцтай байсан залуугийн цээжний зүүн хэсэгт 1 удаа цохисон үйлдэл хийсэн. Тэгтэл цохиулсан залуу нь баруун гараараа цээжнийхээ зүүн хэсгийг дараад хойш ухраад цамцаа сөхөж хараад байсан. Тэгтэл эрээн хантаазтай залуу нь баруун урд талд зогсож байсан үл таних нэг залууд хар өнгийн хутга өгөөд ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйгээд араас нь маргааныг салгаж байсан үл таних залуу хамт гүйсэн ба хутга бариад үлдсэн залуу нь хутгаа эвхэх гэж байгаад камераас гараад явчихсан. Би караокеноос гараад үүдэнд зогсож байсан хүмүүст хэлэхэд зугатаасан залуугийн араас нь очиж барьж авсан. ... маргалдаж байхад эрээн өнгийн хантаазтай залуу нь баруун гараараа өмднийхөө баруун талын халааснаас ямар нэг зүйл гаргаж ирээд үл таних залуугийн цээжний зүүн хэсэгт 1 удаа цохих үйлдэл хийсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

- Гэрч С.Б-н “ ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед би ажлын дүү болох Отгонбаяртай “Сансар” зочид буудлын урд машиндаа сууж байтал, манай дүү гэнэт тэнд хүн хутгалуулчихлаа шдээ гэж хэлсэн би хаана юу болов гээд санаа зовоод машинаасаа гарч Аялгуу караокены өмнө очоод харсан чинь 170 см орчим өндөртэй, саарал малгайтай цамцтай залуу хутгалуулчихсан, зүүн талын суганы доод хэсгээс цус гарсан байдалтай байсан. Хутгалсан гэх залуу нь урагшаа камел баарны зүгт чиглээд алхаж байсан. Тухайн залуу нь алаг куртектэй, улаан, цагаан, хар өнгийн судалтай хантаазтай 170 см орчим өндөртэй махлагдуу биеийн галбиртай 35-40 орчим насны залуу байсан. ... хутгалсан залуу нь газарт уначихсан байхаар нь би гартаа хутгатай байж магадгүй гэж бодоод араас нь очоод куртикээр нь толгойг нь дарж бүтээгээд өвдөглөөд цагдаагийн алба хаагчид ирэхийг нь хүлээж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1626 дугаартай “ ... 1.4. А.М-ийн биед цээжний зүүн талд 7-8 дугаар хавирганы завсраар зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа, зүүн уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 6-7 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналын дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хохирол төлбөр төлсөн баримт 62, дугаарлагдаагүй хохирогчийн хүсэлт, шинээр гаргаж өгсөн 6 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:  

- Хохирогч А.М-ийн “... надад учирсан хохирлыг  ******* нь өөрийн буруугаа хүлээж, уучлал гуйж нийт 5.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан. Бидэнд өс хонзонгийн өр авлагын асуудал байхгүй болно. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гаргах гомдол саналгүй болно. Цаашид *******-д хуулийн хөнгөн хариуцлага ногдуулж өгөхийг хүсье” гэсэн хүсэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

- Хохирогч А.М-ийн “... шүүгдэгч *******-аас нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн барагдсан, гомдол саналгүй... *******-д хөнгөн ял шийтгэл оноож өгөхийг хүсье” гэсэн хүсэлт /хх-ийн дугаар хуудас/,

- Шүүх хуралдаан дээр шинээр гаргаж 6 хуудас баримт /шүүгдэгч *******-тын өвчний түүхтэй холбоотой баримтууд/ зэрэг болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч О.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аялгуу” гэх караокены гадна хохирогч А.М-ийг шалтгаангүйгээр  цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 7-8 дугаар хавирганы завсраар зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа, зүүн уушгины авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

- Хохирогч А.М-ийн “ ... намайг хутгалсан залуу ирээд намайг татаад ойртоод гараа ойртуулах шиг болсон би тухайн үед нь анзаараагүй тэгтэл манай найз наад залуу чинь хутгатай байсан шүү чамайг хутгалаагүй биз гэхээр нь хартал хувцас норсон байсан. Сөхөөд хартал зүүн талын хавирга орчмын хэсгээс цус олгойдоод гарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 дүгээр хуудас/,

- Гэрч М.Г-ын “ ... маргааныг салгаж байсан бор өнгийн ноосон малгайтай хар өнгийн цамцтай байсан залуугийн цээжний зүүн хэсэгт 1 удаа цохисон үйлдэл хийсэн. Тэгтэл цохиулсан залуу нь баруун гараараа цээжнийхээ зүүн хэсгийг дараад хойш ухраад цамцаа сөхөж хараад байсан. Тэгтэл эрээн хантаазтай залуу нь баруун урд талд зогсож байсан үл таних нэг залууд хар өнгийн хутга өгөөд ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйгээд араас нь маргааныг салгаж байсан үл таних залуу хамт гүйсэн ба хутга бариад үлдсэн залуу нь хутгаа эвхэх гэж байгаад камераас гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

- Гэрч С.Б-ын “ ... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед би ажлын дүү болох Отгонбаяртай “Сансар” зочид буудлын урд машиндаа сууж байтал, манай дүү гэнэт тэнд хүн хутгалуулчихлаа шдээ гэж хэлсэн би хаана юу болов гээд санаа зовоод машинаасаа гарч Аялгуу караокены өмнө очоод харсан чинь 170 см орчим өндөртэй, саарал малгайтай цамцтай залуу хутгалуулчихсан, зүүн талын суганы доод хэсгээс цус гарсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1626 дугаартай “ ... 1.4. А.М-ийн биед цээжний зүүн талд 7-8 дугаар хавирганы завсраар зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа, зүүн уушгины авчилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 6-7 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлээ хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг ухамсарлан мэдсээр байж хүсэж хийсэн, энэ үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэх гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.    

******* нь хүний эрүүл мэндэд хутга хэрэглэн халдаж хүнд хохирол санаатай учруулсан тул зэвсэг хэрэглэсэн үндэслэлээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Улсын яллагч М.Ариунцэцэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: шүүгдэгч   ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Аялгуу” гэх караокены гадна хохирогч А.М-ийг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай ашиглан, цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 7-8 дугаар хавирганы завсраар зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа, зүүн уушгины авчилт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3 дахь хэсэгт “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт гаргах” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заажээ.

 

Иргэдийн төлөөлөгч М.Эрдэнэтогтохоос шүүгдэгч *******-ыг гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******-ын өмгөөлөгч Ч.Э гаргасан дүгнэлтдээ: Хэргийн хүрээнд миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд эрүүл мэндийг хэвийн байдалд оруулах шаардлагатай арга хэмжээг авсан. Эмнэлгээс гарсных нь дараа 5.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн, одоогоор гарах эмчилгээний зардал байхгүй байна гэж хэлсэн. 2 хоногийн хугацаа аваад хохирлыг өгсөн ба хохирогч төлбөрийг хүлээж авч гарын үсэг зурсан. Шүүгдэгч маань гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч болон түүний найзын үйлдэл нөлөөлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т заасан нөхцөл байдлыг андуурсан байна. Гэмт хэрэг гарах шалтгаан бол найзуудын зүй бус үйлдэл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Эв найрамдалтай харилцаа тодорхойгүй. Өөрийн хүч чадалд найдсан, зохисгүй харьцсан байдал нөлөөлсөн гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч У.Х гаргасан дүгнэлтдээ: Хохирогч А.М хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй гэсэн учраас тусгайлан гаргах саналгүй байна гэв.

            Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч ******* гэм хорын хохиролд 5.500.000 төгрөг төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хохирогч А.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ улсын яллагчаас шүүгдэгч *******-д 6 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 6.7 дугаар 1.4-т зааснаар 3/2-с багагүй ял шийтгэл оногдуулж өгөөч. Шүүгдэгч *******-ын эрүүл мэндэд анагаах ухааны заалттай нөхцөл байдал үүссэн. Цаашдаа мэс засал хийлгэж шүүх хуралдааныг хүндэтгэж дараа нь гар хөлийн асуудлаа шийдвэрлэх боломжтой, хууль дээдэлж байгаа 6.7-1.4-т зааснаар 3/2-с бага буюу 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү. Хувийн байдлын хувьд өмнө ял шийтгэгдэж байсан хэдий ч настай ээж нь байгаа, сэтгэл санааны хувьд таагүй байдалтай байна. Хамт амьдарч байсан эхнэр нь салчихсан. Цаашдынх нь хувь заяаг шийдэж байгаа учраас ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хохирогч мөн хамгийн хөнгөн ял шийтгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасанг харгалзан үзнэ үү гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой бөгөөд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзээд өмгөөлөгчийн саналыг хүлээн авах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай хүнд гэмт хэрэгт хамаарна. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутга хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн байдал, хор уршгийн шинж чанар, настай ээжтэйгээ хамт амьдардаг, биеийн байдал зэргийг харгалзан *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан *******-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч А.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх ба шүүгдэгч ******* нь хохирогчид 5.500.000 төгрөгийг хохиролд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн материалд хавсаргах, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт *******-г зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******-ыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Хохирогч А.М нь цаашид гэм хорын хохиролоо Иргэний хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн материалд хавсаргах, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

           8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ

                                           ШҮҮГЧИД                                  Г.ХАТАНЦЭЦЭГ

                                                                                                Э.ЧИНГИС