Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/328

 

 

 

 

 

 

 

 

     2022        03           04                                          2022/ШЦТ/328

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Түмэннаст даргалж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Л.Галав,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч-ийн Э-дд холбогдох эрүүгийн 2106 04219 0362 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                       

0

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 4 дүгээр хэсэг ** дугаар гудамжны ** тоот гэртээ нөхөр Ч.Нг орныхоо урд хэвтэж байхад нь өргөж, хиймэл амьсгаа хийх үедээ гарын байрлалыг буруу, гарыг хийтэй тавьж хиймэл амьсгаа хийсний улмаас Ч.Нгийн цээжинд битүү гэмтэл үүсэж, улмаар уушги гялтангийн шоконд орж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

           

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Монголын шүүхийн тогтолцоонд гомдож байна. Би аавыгаа алдаад хохирогч, харин ээж минь яллагдагч болж байгаад гомдож байгаа. Учир нь аавыг ээж аврах гээд хиймэл амьсгаа хийсэн байдаг. Хүний амь аврах гэж байгаад яллагдагч болж байгаад нь гайхаж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг бага байхын л аав архи уудаг байсан харин сүүлийн 10 гаран жил бол бүүр ихээр уудаг болсон сүүлд Улаанбаатар хотод ирээд ч  бүүр ихээр уудаг байсан ээж өглөө ажилдаа явахаар өдөр гэртээ ганцаараа уудаг, уусан үедээ тамхи татаад шууд байгаа газраа унадаг байсан. Тэгж унахдаа заримдаа биедээ гэмтэл авдаг байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

 

Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай аав зан байдлын хувьд даруу,  төлөв, тийм хүн байсан харин архи согтууруулах ундааг бол тэтгэвэрт гарснаас хойш ихээр хэрэглээд байхаар нь 2020 онд архинаас гаргах спираль тавиулаад түүнээс хойш уух нь арай гайгүй болж байгаад 2020 оны сүүлээр буцаад ууж эхэлсэн манай аав архи уухдаа багадаа л гэхэд 7-10 хоног гэртээ ганцаараа уудаг, уусан үедээ тамхи татаад шууд сууж байгаа газраа, эсвэл зогсож байгаад шууд унадаг өвчтэй байсан сүүлд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай аав ганцаараа гэртээ архи уугаад хашаандаа унасан байхад нь манай том хүү Төгөлдөр манай ээжтэй дамжилж гэрт оруулсан гэж байсан намайг очиход аавын зүүн нүдний доор шалбарсан байсан ер нь манай аав бол өдөр бол хэдэн ч удаа хамаагүй уначихдаг байсан. Өнөөдөр 21 цагийн үед манай ээж над руу залгаад аав хэд хоног уугаад хордлогод орчхож гэртээ дээшээ хараад уначихсан байсан байна ээж нь өргөж дийлэхгүй байна. Хүрээд ирэхдээ хордлого тайлах дусал байвал аваад ир маргааш аавд нь хийж өгнө гэхээр нь би замаараа дуслын аваад аавын гэрт ирэхэд аав гэртээ газар дээшээ хараад унтаж байгаад сэрэхэд ээж юм уух уу? гэхэд аав тэгье гэхэд ээж ширээн дээр байсан шилтэй рашаанаас  балгуулахад аав буцаж хэвтээд бөөлжөөд жоохон эвгүй байхаар нь ээж намайг түргэн дууд гэхээр нь би дуудаж түргэний эмч 40-50 минутын дараа ирээд үзэхэд өнгөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

 

Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай талийгаач эцэг ер нь бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тасраад өөрийн мэдэлгүй унаж бэртээд байдаг учраас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь манай ээж ажилдаа явахдаа гаднаас нь цоожилдог. Талийгаачийг архи уусан үед нь хүн харж байхгүй бол унаж бэртээд байдаг. Миний мэдэхээр нүүрэнд үүссэн шархыг 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хашаан дотроо архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ээжийн хамт байж байгаад жорлон орж бие засах гэж явж байгаад амбаарын завсраар унасан гэж манай ээж Ч.Э надад фейсбүүк чатаар зургийг нь дараад явуулсан.  Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр манай ээж Ч.Эгийн гэрт байж байхад ээж өмдөө солих гэж байхад нь харахад гуяны орчим хөхөрсөн байхаар нь асуухад талийгаач эцэгтэй чинь галын хажуу талын түлээ нүүрсний төмөр хайрцаг руу хамт орооцолдож унасан гэж хэлсэн. Энэ намар байх 2021 оны 07 дугаар сард байх одоо амьдарч байгаа хашаанд байх байшингийн шатнаас унаж хавиргаа хугалж байсан. Талийгаач архи уусан үедээ тамхи татаж сууж байгаад гэнэт хашаа ч хамаагүй унаж байхын би олон удаа харж байсан. Миний бодлоор талийгаач өөрөө унаад биедээ гэмтэл авсан байх.

Манай ээж Ч.Э анагаахын багш мэргэжилтэй хүн болохоор талийгаачийн цээжинд массаж хийсэн гэж хэлсэн.”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

 

Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэрт ороход аав орныхоо урд талд газар хэвтэж байсан, дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн байсан ба аав амаа ангайгаад юм ууя гээд байгаа юм шиг дуугараад байхаар нь ээж миний авчирсан рашаанаас уулгахад хоолойгоо зайлж байгаа юм шиг болоод залги гэхээр залгичаад байсан. хэсэг хэвтэж байснаа хоёр тийшээ хөрвөөж байгаад баруун тал руугаа хараад бөөлжсөн, ээж бөөлжсөнийг нь цэвэрлээд хүрэн өнгөөр бөөлжсөн байна, 10 хоног уусан аргагүй, цөсөөрөө бөөлжсөн юм байхдаа гээд яриад байж байсан. Би ээж Этай хэсэг юм яриад сууж байхад ээж дахин аав дээр очиж харснаа намайг хурдан түргэн дуудаарай аав чинь зүрхний цохилт мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд ээж аавын цээжин дээр хоёр гараараа дараад хиймэл амьсгал хийгээд байсан. би түргэн тусламж руу 2 ч удаа залгасан, тэгээд хэсэг хугацааны араа түр амс хийгээд байж байтал би аавынхаа гарыг барихад бүлээхэн байгаа юм шиг санагдсан. Тэгээд гар нь бүлээхэн байна гэхэд ээж аавыг амьсгалаад байгаа юм биш үү гээд дахиад цээжин дээр нь хүчтэй дараад хиймэл амьсгал хийсэн, тэр үед цээжин дээр дарах үед хөндий сонсогдож байсан ба нэг сонин чимээ гараад амьсгалаад байгаа ч юм шиг хүнгэнэж дуугараад байсан. Гэхдээ тэр бол амьсгалж байгаа хэлбэр бол биш байсан байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

 

Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэв талийгаачид зүрхний шууд бус иллэг хийсэн тохиолдолд хавирга, өвчүү хугарах боломжтой байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

 

Шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Н нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гэрийн баруун талын орны хажууд хэвтээд ухаангүй болчихсон байхаар нь хиймэл амьсгаа хийж  цээжин дээр нь зүрхэнд иллэг хийхдээ буруу хийж нөхрийнхөө цээж өвчүү хавиргыг гэмтээж амь насанд нь хүрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2457 дугаартай:

“1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хоёр талын олон хавирганы дан ба давхар хугаралууд, өвчүү ясны хөндлөн хугарал, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх сул цус /200мл/, өрц болон голтын цус хуралт, дагзны хуйх, нүүр, цээж, хэвлий, дээд, доод мөчдөд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой үхэлд хүргэсэн болно.

3. Талийгаачид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаачийн цусанд 2,8 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

5. Талийгаач нь АВ /IV/-р бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас уушиг гялтангийн шоконд орж нас баржээ.

7. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Эмчилгээ хийгдсэн тухай эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 77-86 дугаар хуудас),

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас),  

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас),

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 96 дугаар хуудас),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),

Анагаах ухааны их сургуулийн диплом (хавтаст хэргийн 102 дугаар хуудас),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 104 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 4 дүгээр хэсэг ** дугаар гудамжны ** тоот гэртээ нөхөр Ч.Нг орныхоо урд хэвтэж байхад нь өргөж, хиймэл амьсгаа хийх үедээ гарын байрлалыг буруу, гарыг хийтэй тавьж хиймэл амьсгаа хийсний улмаас Ч.Нгийн цээжинд битүү гэмтэл үүсэж, улмаар уушги гялтангийн шоконд орж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.Э нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           

Шүүгдэгч Ч.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 4 дүгээр хэсэг ** дугаар гудамжны ** тоот гэртээ нөхөр Ч.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн орныхоо урд хэвтэж байхад нь өргөж, хиймэл амьсгаа хийж, энэ үед нөхөр Ч.Н нь нас барсан байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2457 дугаартай дүгнэлтээр талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хоёр талын олон хавирганы дан ба давхар хугаралууд, өвчүү ясны хөндлөн хугарал, хугарал орчмын гялтан болон булчинд цус хуралт уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх сул цус /200мл/, өрц болон голтын цус хуралт, дагзны хуйх, нүүр, цээж, хэвлий, дээд, доод мөчдөд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдож, талийгаач нь цээжний битүү гэмтлийн улмаас уушиг гялтангийн шоконд орж нас баржээ.

 

Амь хохирогч Ч.Нг нас барах үед шүүгдэгчээс гадна түүний хүүхэд гэрч Н.У байсан байх бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгч буюу эх Ч.Э нь зүрхний цохилт мэдэгдэхгүй байна гэж Ч.Нгийн цээжин дээр хоёр гараараа хүчтэй дараад удаа дараа хиймэл амьсгал хийсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй байх бөгөөд  гарын байрлалыг буруу, гарыг хийтэй тавьж хиймэл амьсгаа хийсний улмаас Ч.Нгийн цээжинд битүү гэмтэл үүсэж, улмаар уушги гялтангийн шоконд орж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол…” гэж заасан. 

 

Шүүгдэгч Ч.Э нь хүний их эмч мэргэжилтэй, эмчээр ажилладаг байх бөгөөд нөхөр болох амь хохирогч Ч.Нд хиймэл амьсгаа буруу хийвэл гэмтэл учруулах, амь насыг нь хохироох боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандаж үйлдсэний улмаас Ч.Нгийн амь нас хохирсон байх тул

гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Эгийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ч.Нгийн амь насаар хохирсон байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн болгоомжгүй, хайхрамжгүй хандсан үйлдэл, хохирогчийн амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.У шүүгдэгч Ч.Эгаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулж, Ч.Э нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ч.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Э-д тэнсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тогтоолын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     М.ТҮМЭННАСТ